ЭДИЙН ЗАСАГЯрилцлага

Б.Лхагважав: Цалинг бодитоор нэмж, улс төрийн бодлогын хувьд хүнд байдалд байгаагаа дэлхийд зарла

Эдийн засагч Б.Лхагважавтай ярилцлаа.


-ДИЗЕЛИЙН ҮНЭ НЭМЭГДСЭН НЬ МАЛЧДЫН АМЬДРАЛД Л ХҮНД ТУСНА-

-Эдийн засгийн хэтийн төлөвийн талаар сайн амлах эдийн засагч ховор байна. Гэхдээ шалтгааныг л ярьснаас гаргалгаа гаргасан нь ховор байна. Тэгэхээр тантай өнөөдөр гаргалгаа түлхүү ярья гэж бодож байна.

-Тэгье, тэгье.

-Хамгийн ойроос нь эхэлье. Наадмын өмнө “Баярын дараа юмны үнэ өснө” гэсэн яриа л байснаас бодит шалтгаан байгаагүй. Гэтэл баярын дараа үнэхээр юмны үнэ өсчихлөө. Сая дизелийн түлш нэмэгдсэний дараа хүнсний ногооны үнэ огцом өссөн. Үнэхээр үнэ өсөх шалтгаан байсан уу. Хэр бодитой вэ?

-Манай улс нийлүүлэлт орж ирдэг ганц сувагтай, ОХУ гэх. Беларусиар дамжаад жаахан бараа орж ирж байгаа. БНХАУ-ын хил хаалттай. Тиймээс нийлүүлэлтийн доголдол үүснэ. Нийлүүлэлт байхгүй бол үнэ нэмэгдэх нь зүй зохисоороо болж буй процесс. Нэг их гайхаад байх юмгүй.

Бид 1.5 тэрбум ам.долларын шатахуун авч хэрэглэдэг. Гэвч дайны байдлаас болоод, ОХУ-тай харьцаж байсан бүх данс хаагдсан. Европ, Америкийн удаа дараагийн нөлөөгөөр. Өөрөөр хэлбэл, манай улс ОХУ-аас авч хэрэглэсэн шатахууны төлбөрөө гаргаж чадахгүй болсон. Иймд доллароо бэлнээр нь чемоданд хийгээд, хил давуулж байна. Энэ талаар ГХЯ, Засгийн газар ОХУ-тай ярих, цаашлаад дэлхий нийтэд зарлах хэрэгтэй. Бид шатах, тослох материалаа ганцхан ОХУ-аас авдаг. Тиймээс бид нээлттэйгээр нэг банкны сувгаар мөнгөө шилжүүлээд, шатахуунаа авах хэрэгтэй байна гэдгээ. Долларыг нууц байдлаар хил давуулна гэдэг чинь шатахууны үнэ нэмэгдэх шалтгаан болж буй. Бас чемоданд хийгээд хилээр зөөж буй долларын хэмжээг ил болгох хэрэгтэй. Үүнийг нууцалж байгаа нь шатахууны үнэ нэмэгдэж байгаа хоёр дахь шалтгаан гэж харж байгаа.

-Хэдхэн хоногийн өмнө дизель, АИ95-ын үнэ 4000 давсан. Шатахууны ханш ийн нэмэгдсэн нь намрын эдийн засагт хэрхэн нөлөөлөх бол?

-500 мянгаар дизель аваад хадлангаа авчихдаг малчин айл сая төгрөгөөр дизель түлш авах болчхож байгаа юм. Тэгэхээр дизелийн үнэ нэмэгдсэн нь мал, аж ахуй эрхлэж байгаа хүмүүст их хүнд тусаж байгаа. Харин уул уурхайн компаниудад бол нөлөөлөхгүй. Тэртээ тэргүй зэс, алт, төмөр үнэтэй байгаа юм чинь. Гэхдээ дайны нөхцөл байдалтай байгаа ийм цаг үед түүхий эдээр тасрахгүй байх нь хамгийн чухал. Үнэ хоёрдугаар зэргийн асуудал болчхоод байна. Нийлүүлэлт багасах л юм бол эрэлт ихсэж, үнэ нэмэгддэг нь зах зээлийн жам. Лицензийг нь хураагаад, хэн дуртай нь энэ бизнесийг хийдэг болбол өрсөлдөөн үүсэж, үнэ хямдрах бололцоо байгаа.

Төр татвар төлөгчдийн мөнгөнөөс татаас өгч шатахууны үнийг бариулсан. Энэ бол түр зуурын гал унтраах арга л даа.

Энэ оны нэгдүгээр сард 260-иад тэрбум төгрөгийг Төв банкаар дамжуулж, шатах, тослох материалын компаниуд авсан. Ер нь бол шатахуун худалдан борлуулдаг компаниуд татаас авч, хэсэг үнээ барьж байгаад, татаасны мөнгө нь дуусангуут үнээ нэмлээ гэж айлгаж, дахин татаас авдаг болсон. Одоо болно. Сенсац үүсгээд, татвар төлөгчдийн мөнгийг өөрсдөдөө ашигтайгаар авдаг тоглоомоо зогсоох хэрэгтэй. 2-3 сар үнэ бариулахын төлөө татвар төлөгчийн мөнгийг үрснээс зүгээр л үнэтэйгээр нь л заруул, Ерөнхий сайд аа. Айгаад байх юм байхгүй. Чөлөөтэй орхи.

Бас засгийн газар татвар төлөгчийн хэдэн төгрөгөөр компаниудыг аргалж байгаагаа ил тод зарла. Компаниудад татаас өгөхөө зогсоож, үнэтэйгээр нь зараад НӨАТ-аар иргэддээ 100 хувь буцаагаад өгчих. Энэ чинь иргэнд дэмжлэг болно.

-УУЛ УУРХАЙД БОЛОН ЖИРИЙН ИРГЭДИЙН ХЭРЭГЛЭЖ БАЙГАА ШАТАХУУНД ЯЛГАВАРТАЙ ҮНЭ ТОГТООЖ БОЛНО-

-Дизелийн үнийг нэмээд, үнэ тогтворжуулах бодлогоор АИ-92 шатахууны үнийг энэ он дуустал хүчээр барьж буйг та хэр зөв алхам гэж харж байна вэ? Уг нь намрын тариа хураалт, уул уурхайн салбарын идэвхжилийг тооцвол дизелийн үнийг барих нь зүгээр санагдах юм.

-Импортоор авч буй шатахуунуудын 62 хувь нь дизель байдаг. Үүний 90 хувийг Уул уурхайн салбар хэрэглэж байгаа. Харин үлдсэн 10 хувийг нь газар тариалангийн салбар хэрэглэж буй. Орос, Украины нийлүүлэлт зогсоход улаан буудай дэлхийн зах зээл дээр гурав дахин үнэтэй болсон. Улаан буудайгаа гурав дахин өндөр үнээр зарж байгаа учир газар тариалан эрхэлж буй хүмүүст дизелийн 30 хувийн нэмэгдэл асуудал биш. Уул уурхайн салбарынханд ч бас асуудал биш. Харин хадландаа гарах гэж буй малчинд нөлөөлж байгаа. Үүнийг зохицуул гээд бүхэл бүтэн ХХААХҮЯ байгаа.

Том зургаар нь хараад, уул уурхайд хэрэглэж байгаа шатахуун, жирийн иргэдийн хэрэглэж байгаа шатахуунд ялгавартай үнэ тогтоож болно.

Нэмээд хэлэхэд, уул уурхайн компаниуд өөрсдөө шатах, тослох материалынхаа нөөцийг өөрсдөө олж ирдэг, нөөцөлдөг сувгуудаа өөрсдөө хайж олох хэрэгтэй. Ганцхан ОХУ гэлтгүйгээр, БНСУ, БНХАУ-аас авч болно. Яагаад ийм олон сувгийг тэр чадалтай болчихсон компаниудад өөрсдөд нь хариуцуулахгүй байгаа юм бэ.

-Бид энэ хүндрэлтэй байдлаас яавал хохирол багатай гарах вэ. Гадаад хүчин зүйл байгаа ч дотооддоо, биднээс шалтгаалах ямар зүйл байгаа вэ?

-Манайх битгий хэл Герман, Унгар, Европын орнууд намар, өвөл хэцүүднэ. Зарим улс хэмнэлтийн горимд шилжсэн. Бүр зарим нь онцгой байдал зарлачихсан байгаа. Гэтэл монголчууд энэ зун эх орноороо аялж, нөөцийнхөө жаахан шатахууныг шатаалаа. Засаг гэж байвал том утгаараа хэмнэлтийн асуудлыг гаргаж ирэх л ёстой юм, уг нь.

- НӨАТ-ЫН СУГАЛААГ ЗОГСООЖ, ТАТВАРААС "ЗУГТААЛГАВ"-

-Шатахууны үнэ нэмэгдсэний дараах үнийн өсөлт таны амьдралд хэр хүнд тусаж, мэдрэгдэж байна?

-Гэр бүлүүдийн орлого харилцан адилгүй. Хувь хүний, гэр бүлийн санхүү сүүлийн гурван жил эрүүл мэнд рүү маш их урссан. Бас спортын хэрэглэл рүү.

Сая дизелийн үнийг дагаад ногооны үнэ өссөн нь хоёр шалтгаантай. Нөөцгүй учраас. Хоёрдугаарх шалтгаан нь манай засаг төртэй холбоотой. 2020 оны хавар сайн нөөц бүрдүүлж өгөөрэй гэж тариаланчдаар баахан ногоо тариулчхаад, намар нь аваагүй байхгүй юу. Ногоочдыг хуурчихсан байхгүй юу. Өнгөрсөн жил бас сайн тарих хэрэгтэй гэсэн. Тариаланчид тариа сайн тарьсан. Гэтэл тариа хураахын өмнө ОХУ-аас баахан тариа авчраад гурилын үйлдвэрүүдийн нөөцийн сав, агуулахыг нь дүүргэчихсэн. Тэгээд тариаланчид тариагаа авч чадаагүй. Ихэнх нь талбай дээрээ орхисон. Дайны сургаар улаан буудай гурав дахин үнэтэй болонгуут авахгүй гэсэн тариаг сая л авч байгаа байхгүй юу. Тариаланчид өмнөх жилүүдийнх шиг хулхидуулахаас айгаад л тариалалтаа багасгачихсан. Түүнээс биш өдийд шинэ ургацын ногоо гарчихдаг юм. Тариаланчдаар тариулчхаад авдаг л байх хэрэгтэй. Худлаа ярьж, хүн хуурдгаа зогсоо л доо, засгийн газрынхаан.

Бас нөгөөтээгүүр, мах, ногоо үнэтэй зарж байгаа хүмүүс татвар төлж байна уу гэдэг нь өөрөө асуудал. НӨАТ-ын сугалааны маш сайн механизм явж байсныг засгийн газар муйхарлаж байгаад байхгүй болгосон. Адилхан зах зээл дээр төмс, мах, шатахуун, гурил зарж байхад өндөр үнээр зарж байгаа хүнээс улс яагаад татвар авч чадахгүй байгаа юм. Татвар авдаг механизм нь уг нь НӨАТ-ын сугалаа байсан байхгүй юу. Гэтэл НӨАТ-ын сугалааг зогсоочихсон. Одоо НӨАТ-ын бичилт байхгүй болчихсон. Эмнэлгийн салбар НӨАТ-гүй ч гэсэн сугалаанд бүртгэгдээд байсан байхгүй юу. Нэг ёсондоо улс хаана мөнгө урсаж байгааг мэддэг болж эхэлж байсан, НӨАТ-ын сугалааны бүртгэлийн ачаар. Гэвч Ерөнхий сайд маш том мэдээллийн сангаа өөрөө улаан гараараа устгачихлаа. Уг нь бол ажил үйлчилгээг бүртгэх зориулалттай механизм байхгүй юу. Яг үнэндээ татвар ч биш юм байгаа юм. Гэтэл хамгийн гол механизмаасаа сайн дураараа татгалзчихсан.

Бараг "Оюу толгой"-гоос илүү НӨАТ-ын дата маш үнэ цэнтэй Эрдэнэс байхгүй юу. Энэ Эрдэнэс дээр тоглох ёстой хүн нь Ерөнхий сайд юм. Би хэрвээ Ерөнхий сайд байсан бол бүр эсрэгээрээ улам сайн бүртгэлжүүлээд, бараа бүтээгдэхүүнийг өндөр үнээр зарж буй хүмүүсээс өндөр татварыг нь авна. Нийгэм даяараа шударга байя гэвэл бүгдээрээ татвар төлөх ёстой. Тэгж байж энэ улсын нэгдсэн сан бүрдэнэ.

-МУЛГУУ ЗАСАГ, ТӨР ИРГЭДДЭЭ НАЙД, ЭРХ ЧӨЛӨӨГ НЬ ОЛГО-

-Манай улс эдийн засгийн урт хугацааны бодлоготой улс уу?

-Бодлого тодорхойлохын тулд бодлого гэж юмаа мэддэг хүмүүс байх ёстой. “Алсын хараа 2050” гээд цаасан дээр бичсэн юм бий.

Ковид, дайны байдал гээд дэлхий даяараа улс төр, эдийн засаг, нийгмийн загварууд маш хурдан өөрчлөгдөж байна. Энэ өөрчлөлтийг бид шингээж чадахгүй, өөрсдөө өөрчлөгдөж чадахгүй байна. Манай засаг төрийн хийдэг зүйл бол зүгээр л айдсын менежмент бий болгож, нийгмийг айдаст автуулж, түүгээрээ коммунизм байгуулах. Тэд даацтай шийдвэр гаргаж ч чадахгүй байна. Шатах, тослох материалынхаа 1.5 тэрбум ам.долларыг нэг банкаар албан ёсны данс нээлгээд ОХУ руу шилжүүлж чадахгүй байна. Ийм засаг төртэй байж яах юм. Тэгээд нэг хэдэн залуус эрсдэл үүрээд чемодантой доллар бариад хил дээр зогсоож байна. Улс төрийн бодлогын хувьд маш хүнд байдалд байгаагаа дэлхий нийтэд зарлах хэрэгтэй.

Ийм хүнд үед нэгэнтээ мулгуу засаг, төртэй байгаа тохиолдолд иргэддээ найд. Иргэддээ эрх чөлөөг нь олго. Дутагдаад байгаа шатахуун, төмс лууванг чинь авчирч чадах эр зоригтнууд бол зөвхөн сайн менежерүүд. Өнөөдөр хувийн хэвшил нь сайн менежерүүдэд эрх чөлөө өгчих. Тэд хаанаас бол хаанаас юмыг олоод ирнэ. Өнөөдөр бол бид монополь, хэт олигархи системд орчихсон байна, улсаараа. Нэг ёсондоо бол хэдэн томчууд нь засаг төртэй нийлчхээд, татварын мөнгийг яаж хулгайлахаа боддог. Түүнээс биш өсөлт хөгжил авчирдаг тийм менежмент хийж чадахаа байчихсан.

Бид 1990-ээд оноос хойш 32 жилийн хугацаанд 4-5 том хямралыг туулсан. Тэр том хямралыг иргэддээ эрх чөлөө өгч давж байсан.

Жишээ нь: 1990 онд засаг төр ямар ч хангамжаа нийлүүлж чадахаа байгаад, давстай үлдээгээд хаяад явахад Д.Бямбасүрэн гуай гадаад паспорт өгсөн. Үүний ачаар мянга мянган залуус хилийн дээс гарч, бараа, үйлчилгээ, нийлүүлэлтийг тэр аяар нь авчирсан. Дараа нь 1997 оны Азийн хямрал болж байсан. Тэр үед жаахан капиталтай болсон залуучууд тодорхой хэмжээний компаниуд байгуулж, тэр хүчээр л даваад гарсан. Бас 2008-2009, 2013 оны хямралыг давахад өршөөлийн хууль,  татварын багасгал бас нөлөөлсөн. Манай татварын орлого 2016, 2017, 2018, 2019 онд жил бүр 30 хувиар давж биелж байсан. Хямралтай жилүүд мөртлөө. Өмнө нь бүртгэлгүй байсан ажил үйлчилгээ бүгд бүртгэлд ороод, татвар төлөөд явсанд учир нь бий. НӨАТ-ын систем, өршөөлийн хууль хоёр хямралаа даваад ковидын өмнөх арай гайгүй байдал руу аваачсан байхгүй юу.

Ковидын хоёр жилд ч манай бизнесменүүд нийлүүлэлтээ багасгаагүй. Улсаараа олон удаа тэг зогсолт хийсэн. Тэгэхэд гурил, будаа гээд бүгдийг нь хангаж байсан. Харин засаг төр нэг ч удаа баярлалаа гэж хэлээгүй. Яагаад гэвэл тэд бизнес эрхлэхийн жаргал, зовлонг ойлгохгүй байгаа юм. Дайны нөхцөл байдлаас болоод хоёр сараас хойш хүнд байдалд орсон ч үнэтэй ч байсан хамаагүй шатахуун оруулж ирээд, мөнгийг нь хулгайгаар ч хамаагүй гаргаад, залуучууд бас ажлаа хийгээд л байна. Тэгэхээр одоо дахин эрх чөлөө л олго. Болдог бол дахиад өршөөлийн хууль гаргаад, бүх компаниудаа дахин нэг цэгцэл.

-Улсын төсөвт зэсийн үнийг өөдрөг тооцсоноос болж төсвийн орлого тасалдаж магадгүй болсон гэсэн таамаг байна...

-Төсвийн тодотгол гэж нэг үхээнц юм хийгээд, заа бараг хийж чадаагүй. Өмнөх жилээсээ 3 их наядаар давсан илүү зардал суулгачихсан. Нийтийн санхүү буюу улсын төсөв чинь ард түмний мөнгө. Үүнийг шийдвэр гаргадаг улс төрчдөөс хамгаалах ёстой. Харин манай улс төрчид 2013 оноос хойших хямралууд, бий болсон үйл явцыг ойлгохгүйгээр зардлаа л нэмээд байгаа байхгүй юу.

Ковидын үеэр хоёр жил эмч, цагдаа нараас бусад төрийн албан хаагчид ажил хийгээгүй мөртлөө бүтэн цалингаа авсан. Харин хувийн хэвшлүүд хамаг байдгаа бараад, ажилчдынхаа цалинг тавих гэж зовсон.

Одоо бол иргэдийн цалин хөлсийг бодитоор нэмэх хэрэгтэй. Инфляц 16 хувь гэдэг чинь иргэдийн халаасан дахь 100 төгрөгийн 16 нь алга болчихлоо л гэсэн үг. Энэ мөнгийг алга болгохгүйн төлөө төр засаг гэж тусад нь нэг юм байгуулаад байгаа юм. Инфляц чинь нэг төрлийн хулгай л байхгүй юу.

УИХ-д мөнгөний бодлогын онцгой эрхүүд бий. Ийм онцгой үед УИХ-ын чуулган хуралдаж байх ёстой юм л даа.

Ковидын хоёр жилд 4 их наядын алдагдалтай төсөв гарсан. Нийлээд 8 их наяд. Түүнийг хэн ч авч хэлэлцээгүй. Ерөнхий сайдын макро эдийн засаг мэдэхгүйг далимдуулж, үүн дээр тоглолт хийдэг бүхэл бүтэн бүлэгтэй болчихсон доо.

-ХҮНДЭЭ ХӨРӨНГӨ ОРУУЛ. МОНГОЛЫГ ХЭДЭН САЙН МЕНЕЖЕРҮҮД Л “АВАРНА”-

-Уул уурхайн салбараас олж буй орлого, нийгмийн халамжийн зарлага бараг л тэнцүү байна. Бүхэл бүтэн нэг салбарын орлого халамж болж тараагдаж буй нь хэр зохистой вэ?

БАРИМТ, ТАЙЛБАР: Монгол Улсын төсөвт уул уурхайн салбараас 2020 онд 2.7 их наяд, 2021 онд 4.1 их наяд төгрөг төвлөрүүлсэн бол 2022 онд 4.3 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тооцжээ. Харин НДС-гийн зарлага 2021 онд 3.2 их наяд төгрөг байжээ. Дээрх жилүүдэд уул уурхайн салбарын орлого жил бүр хэлбэлзсэн бол НДС-гийн зарлага тогтмол нэмэгдэж ирсэн онцлогтой.

-Энэ бол эрх барьж байгаа хүмүүсийн өөрсдийнх нь толгойны өвчин. Сонгуульд ялахын тулд халамжийг хавтгайруулсан. Тэгсэн мөртлөө одоо буцаагаад халамжаас хөдөлмөр рүү гээд шоу хийгээд байгаа. Яг үнэндээ ажлын байрыг дэмжээгүй.

Ковид эхлэхэд ажлын байраа хадгалсан компаниудад дэмжлэг өгөлгүй нийтэд нь дэмжлэг өгсөн.

Яг өгөх ёстой хүнээ олоогүй. Нэг ёсондоо сүүлийн 4-5 жил засаг төр барьж байгаа хүмүүсийн хийсэн ажлын үр дүн. Тиймээс алдаагаа өөрсдөө засах хэрэгтэй. Хөдөлмөрлөж байгаа, баялаг бүтээж байгаа хүнд баялгийн хуваарилалтаа ахиу өгдөг болох ёстой. Халамж хэмээх “угж”-аас гаргаж чадах эсэх нь хэцүү. 2024 оны сонгуулиа бодоод, дорвитой өөрчлөлт хийхгүй л дээ.

-Эдийн засгаа хэрхэн сэргээж, сэхээн амьдруулах боломж байна вэ. Монгол Улсыг уул уурхай биш мал аж ахуй авч явах өргөн боломж байгааг зарим нэг эдийн засагч онцлон ярьсан байсан л даа. Ер нь монголын эдийн засаг юун дээр тогтвол зүйтэй юм бэ?  

-Солонгорох тусмаа сайн. Уул уурхайн сав газрын тодорхой хувийг бэлнээр зарахаас аргагүй байдалд хүрч байгаа. Мөнгөгүй улс учраас. Тодорхой хэмжээний баялаг зараад мөнгөтэй болсон хүмүүс бол дараагийн шатандаа орох ёстой. Зэс, нефть боловсруулах үйлдвэрээ барь.

Мал ахуй, газар тариалан бол хөрөнгө оруулалт, технологио хүлээж буй Оюутолгой. Өнөөдөр бид 80 сая малаа тараагаад хаячихсан. Социалист нийгмийн үед нэгдэл хөдөлгөөнөөр малын түүхий эдийг цуглуулдаг маш том системтэй байсан. Яг үнэндээ өнөөдрийн 80 сая мал социалист нийгмийн 25 сая малаас ашиггүй байгаа. 25 сая мал нэг дор байвал ашигтай ч байж мэдэх юм. Тиймээс сумын төвүүдийг дулаан болгож, түүхий эдийг цуглуулах хэрэгтэй. Малаас гарч байгаа түүхий эдийг томоор нь нэгтгэж, таваарын бирж рүү гаргах цаг нь болсон. Хөдөө ах ахуйн бирж /ХААБ/ гэж уг нь бий. Яг энэ алхам руугаа явж чадсан уу эсвэл зүгээр нэг хөгжилд саад болсон болсон уу гэдгийг дүгнэх л хэрэгтэй. Анх ямар философиор байгуулсныг ч мэдэхгүй жаахан татаас авч болох салбар гэж ойлгосон хүмүүсээр ХААБ дүүрсэн. Шулуухан хэлэхэд, нам дагасан ямар ч мэдлэг чадваргүй хүмүүс очиж эзэгнээд, нураагаад байна. ХААБ-ийг бол би нурчихсан л гэж харж байгаа.

-Сүүлийн асуултыг танд үлдээе...

-Хүн ам бага, технологи инновацийг ашиглаж чадах юм бол бид дэлхий даяараа шинэ гараанаас гарч байхад 101 биш 50-р байр руу орох бололцоо байгаа байхгүй юу. Тиймээс хүндээ хөрөнгө оруулах хэрэгтэй байна. Өнөөдөр бид сургууль хангалттай их барьсан. Дотор нь ажиллаж байгаа багшид хөрөнгө оруулах хэрэгтэй байна. Багшийг мэдлэгжүүлэх сургалтууд явуулж, техник технологиор хангаж өгөх ёстой. Бас бид эмнэлэг хангалттай олныг барьсан. Дотор нь ажиллаж байгаа эмчид хөрөнгө оруулах хэрэгтэй. Бид нутгийн удирдлагын байшингуудыг их гоё болгосон. Сум болгон гоё хаалга, байшинтай болсон. Харин дотор нь орж байгаа хүндээ ер хөрөнгө оруулаагүй. Бид сүүлийн 30 жил хүндээ хөрөнгө оруулалт хийхээ зогсоочихсон байсан. Хүндээ л хөрөнгө оруулах хэрэгтэй. Уул уурхайгаас гарсан баялгийг хүндээ зарцуулъя.

Монгол хүндээ хөрөнгө оруулж, сайн менежерүүдийг бэлтгэх хэрэгтэй. Ний нуугүй хэлэхэд, манай улсыг хэдэн сайн менежерүүд л “аварна”. Гэтэл энэ менежерүүдийг гаргаж ирэхгүй байна л даа. Төр гэдэг институт руу чадалтай залуусыг оруулах, үүд хаалгыг нээж өгөх хэрэгтэй байна.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-07-22 08:14

Зөв шүү. Иргэд чинь туйлдаж дууслаа шүү.

Зочин
Зочин
2022-07-22 08:50

Үнэнийг мэдэж байгаа бол шударга л хандсан байна.

Зочин
Зочин
2022-07-22 08:50

demjij bna

Зочин
Зочин
2022-07-22 09:01

Лхагважав танхимын дарга байхдаа аж ахуй нэгжүүдээ хамга�##�даг байсан бол танхимын амартүьшин юу ч дууграхгүй байгаа

Зочин
Зочин
2022-07-22 09:55

Ийм хүмүүс засаг төрийг удирдв�##� маш хэрэгтэй байна. Ерөнхий сайд гэдэг хүн маш чадвартай, бас мэдлэгтэй, зөв удирдах туршлагатай

Зочин
Зочин
2022-07-22 11:07
Reply to  Зочин

ЯМАР Ч ЦАГ ҮЕЭ МЭДЭХГҮЙ ШИНЭ СЭРГЭЛТИЙН
БОДЛОГО ЯРЬСАН ТОМ ТОЛГОЙТОЙ НЭГ ХҮҮ.
МЭДЛЭГ БОЛОВСРОЛГҮЙ ЦЭРГИЙН АХ . ХУДЛАА
ЭНД ТЭНД САВЧСАН МЭНГЭТЭЙ МЭНГЭГҮЙ
АЛБАТУУДТАЙ ХӨӨРХИЙ ЯАЖ УЛС ОРНЫ ЭДИЙН
ЗАСАГ ОЙЛГОХ ВЭ... ЗӨВХӨН ИДНЭЭ...

Зочин
Зочин
2022-07-22 10:24

�##�багн туша�##� өгөхгүй болохоор хуцаад эхэлнэ �##�бан туша�##� авхараа дуугай болихдог хоёр нүүртэн шүү

зочин
зочин
2022-07-22 12:23

төрийн бодлого гэж �##�га даа 2050, шинэ сэргэлт ярьсан амьсгаанууд

Зочин
Зочин
2022-07-22 14:40

Энэ хүн бол яригч дарга байсан уу байсан юуч хийгээгүй

мөги
мөги
2022-07-22 15:42

олон улсад хулгайч луйварчидад монгол төр эзлэгдсэн хууль шүүхийнхэн дээрэмчид болсон гэдгээ зарлаж тусламж авмаар бна

Bidon
Bidon
2022-07-22 20:23

Ene toti bas u chaagaad bn

Зочин
Зочин
2022-07-23 06:40

Л.Оюун-Эрдэнэ сайд маань Б.Лхагважавыг өөрийнхөө зөвлөхөөр авч явб�##� ажил нь бүтэмжтэй болно гэж бодох юм. Энэ хүү шударгаар үнэнийг хэлж байна. Дандаа ард түмэнд шударгаар үнэнийг хэлдэг Б.Лхагважавтаа баярл�##�аа. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар энэ ярилцлагыг унших хэрэгтэй юмсан.

Зочин
Зочин
2022-07-23 07:47

Зөв шүү МАШ ЗӨВ. ЕРӨНХИЙ САЙД САЙН ЭДИЙН ЗАСАГЧИДААР БАГ БҮРДҮҮЛЭЭД ДЭРГЭДЭЭЭ АЖИЛЛУУЛААЧЭЭ ЯМАР ХАЧИН СОНИН ЮМ БОЛООД БАЙНАА.

Зочин
Зочин
2022-07-23 08:13

энэ муу донгио хол очиж хуц

Хараал идэг
Хараал идэг
2022-07-23 11:21

Хара�##� идмэр хар Лхагважав чиний тэр муу гайтай НӨАТ чинь ард түмнийг ядууруулахад хамгийн том хувь нэмэр болж байгаа шүү. Урбанектайгаа хара�##� идээсэй, чи.

Хараал идэг
Хараал идэг
2022-07-23 11:21

Харааааааа�##�лл идмэр хар Лхагважав чиний тэр муу гайтай НӨАТ чинь ард түмнийг ядууруулахад хамгийн том хувь нэмэр болж байгаа шүү. Урбанектайгаа харааа�##�л идээсэй, чи.

zochin
zochin
2022-07-23 13:04

Энэ сэтгүүлч чинь миний л мэдэхийн нийгмийн чиглэлээр мэдээ бэлтгэдэг. Эдийн засгийн чиглэлээр ярилцлага авч. Хэр барагтай ЭЗийн сэдвээр ярилцана гэдэг амаргүй. Сайн ярилцлага болж.

Зочин
Зочин
2022-07-23 23:20

Яг АН-ын дээрэмчдийн заавраар ажилладаг нөхөр байгаам

Шударга иргэн
Шударга иргэн
2022-07-24 09:55

Зөөлөн хүчний бодлого яваад байна даа.

Холбоотой мэдээ

Back to top button