Ганцхан өдөр халаглаад өнгөрөх биш уяачдаас унаач үрсийнхээ амийг нэхдэг болъё
Жил бүрийн наадам, цагаан сараар "Тод магнай" киног гаргадаг уламжлал телевизүүдэд тогтсон гэж хэлж болно. Гарах бүрт бид шинэ кино үзэж байгаа юм шиг л ахин дахин үздэг. Үзээгүй монгол хүн ч ховор байх. Тод магнай кинонд гардаг унаач охины зураглалыг та одоо санаж байна уу. Хоёр гэзэг нь хийсээд л байн байн эргэж харан ташуураа эргүүлэн “гүүг гүүг” давхих жаахан бор охины дүрс, хүүхдийн гийнгоо морины цолыг цээл дуугаар алсруулан дуудах шуранхай. Харин киноны төгсгөлд олон жил уралдсан хурдан хээр амьсгал татдаг.
Харин одоо дээрх хэсгийг яагаад бичих болсон тухайгаа дурдъя.
Өчигдөр Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд болсон хурдан морины уралдааны үеэр 10 настай унаач охин мориноос унаж амь эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа. Энэ мэдээ нийтэд түгэхтэй зэрэгцэн "Тод манлай" киноны тэрхүү дүрс л бодогдож эхлэв. Балчирхан санагдах тэр охин хурдан морины нуруун дээр салхи татуулан давхиж яваад харамсалтайгаар энджээ. Мөн энэ сарын 15-нд Архангай сумын Булган сумын ойн наадмын бороотой өдөр 14 настай хүү уралдаанд оролцож байхдаа мориноос унаж, амиа алдсан.
Энэ оны эхний хагаст хурдан морь унаж байгаад бэртэж, гэмтлээ даалгүй нас барсан 23 тохиолдол гарсан талаарх нь мэдээлэл наадмын үер нийтлэгдэхэд нэр бүхий хүмүүс наадмын үеэр хоёрхон, энэ чинь он гарсаарх нийт тоо хэмээн "байх ёстой зүйл" мэтээр аашилж байв. Өнөөдөр хурдан морины унаач хүүхэд мориноосоо унаж эндэх нь болж л байдаг хэвийн үзэгдэл мэтээр нийгэм хүлээн авдаг боллоо. Мөнгөтэй, чадалтай нэгнийг цэнгэн баясгахын төлөө бяцхан амь хэдэн арваараа эндэхийг нийгэмд энгийн зүйл мэтээр хүлээн зөвшүүрүүлж чаджээ. Харамсалтай тохиолдол бүрийг нийгмийн сүлжээнд ганцхан хоног халагласан харамссан эможи, сэтгэгдэл дайгаад өнгөрөөх биш бяцхан амь, халуун нулимсаа урсгах ээж, аав, элэг бүтнээ хагасласан гэр бүлийн төлөө амь нэхдэг, ахин амь эрсдэх нөхцөлийг бүрдүүлэхгүй байхын төлөө нэгдэцгээе.
Морио уралдаанаас хасагдахад, байр будлихад бас эндэхэд цөс нь хөөрч, уулгалан дайрч, халаглан чичэрдэг уяачид, морины эзэд УНААЧ ҮРСИЙН эрүүл энх, аюулгүй байдлын төлөө сэтгэлээ чилээж, үүргээ ухамсарладаг бол бид ийм харамсалтай тохиолдлыг олонтаа харахгүй байх болно.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эртнээс ноёд баячуудын бахыг хангаж бусдынхаа өмнө гайхуулахын тулд харц ардын хүүхдүүдээр тоглож ирсэн бүдүүлэг зэрлэг уоамжлалаа халья. 3- хан сая хүнтэй монголд хүүхдийн амь 120 сая хүнтэй японоос хямд байна. Наадмар нэг удаа сум, аймаг, улсын наадмаар уралдуулж байя. Хяналт тавьж хариуцлага тооцоход ч амар. Одоо морь мал мэдэх чүгүй мөнгө ямар аргаар олсон нь тодорхойгүй сүгнүүд моринд орсноос болж хэрүүл хараал, бусдын эрүүл амь насыг үл тоох болж гаргуунд нь гаргаж баына. Парламентаараа сэрвээ ярьж суухаар хүүхдийн амь ярьж суухгүй яав. Өөрсдөө унаад чирэгдэж үхвэл таарна
1