СПОРТЯРИЛЦЛАГА

Э.Энхбат агсны дүү Э.Энх-Амгалан: Улсын начин болохдоо ахдаа л тэврүүлэхийг маш их хүссэн

Цар тахлын улмаас хоёр жил өнжсөн монгол наадам энэ жил давхар ойтой нижгэр боллоо. Жил жилийн наадмын үндэсний бөхийн барилдаан үзүүштэй сайхан болж өндөрлөдөг. Энэ жилийн наадмын барилдаан бүр л галтай санагдав. Тавын даваанд улсын начин цолтой 17 хүчтэн шинээр төрөн гарч наадамчин олноо цэнгүүлсэн. Тэрхүү начнуудын эгнээнд Улсын начин Э.Энхбат агсны төрсөн дүү Э.Энх-Амгалан жагссан юм.

Цэнгэлдэхийн олон шуугиж, хол ойрын Монгол түмэн ч бахархан шинэ начнаа угтан авсан тэр уур амьсгал юутай хайрлам сайхан, хичнээн гоё вэ! “Ахынхаа цолонд төвөггүйхэн хүрлээ, ижий аавынхаа зовлонг бага ч болов нимгэлсэн байх” хэмээн баярлаж, түүгээр бахархан,  хөнгөн сүүрс алдах олон мянган хүн шинэхэн начиндаа чин сэтгэлийн баяр хүргэж, ерөөл хүсэж байсан тэр цаг үе саяхан. Бид үндэснийхээ их баяр наадамд тав давж Улсын начин цол хүртсэн Э.Энх-Амгалантай хэсэг хугаацаанд ийн ярилцлаа.

-ХҮНИЙ ТӨРСӨН НУТАГ УС ГЭДЭГ ХЭЗЭЭД СЭТГЭЛД АРГАМЖААТАЙ, ХҮРЭЭД ИРЭХЭД БУЦАМГҮЙ ХОРГОДМООР-

-Сайхан наадав уу, та.  Наадмын дараах сонин хачин юу байна?

-Сайхан наадлаа. Та бүхэн сайхан наадав уу. Би нутагтаа явна аа. Булган аймгийн Могод суманд аав ээждээ ирчихсэн байна.

-Танай нутагт зуншлага сайхан байна уу. Удахгүй намар боллоо доо?

-Энэ жил манай нутагт сайхан зун болж байна. Угаас хүний төрсөн нутаг ус гэдэг хэзээд сэтгэлд аргамжаатай, хүрээд ирэхэд буцмааргүй хоргодом тийм л байдаг шүү дээ. Наадмын дараа намар гэж манайхан ярьцгаадаг. Удахгүй тэгээд л намар болох нь ээ.

-Энэ жилийн давхар ой тохиосон онцлогтой улсын наадам болж өнгөрлөө. Энэ өндөр ойгоор та тав давж улсын начин цол хүртлээ шүү дээ?

-Ардын хувьсгалынхаа 100, 101 жилийн энэ их ойн үндэсний баяр наадмаар улсад тав давж начин цолтны эгнээнд багтсандаа баяртай байгаа. Мэдээж сайхан байлгүй яах вэ. Үндэсний бөхийг шимтэн үздэг сонирхдог монгол түмэн, нутаг уснынхан маань ч их баяр хүргэсэн, хүч урам хайрласан.

-АХДАА Л ТЭВРҮҮЛЭХИЙГ МАШ ИХ ХҮССЭН-

-Улсын начин цолтон болно гэдэг мэдээж олон жилийн хөдөлмөр, тууштай бэлтгэл сургуулилтын үр дүн, шагнал шүү дээ. Тав давсны дараа танд юу бодогдож байв?

-Тэгэлгүй яах вэ. Хамгийн эхэнд тэнгэрт байгаа ах минь бодогдсон. Би өмнө нь ингэж боддог байсан юм. Бөхчүүд улсын цолонд хүрээд хайртай хүмүүсдээ хамгийн түрүүнд  тэврүүлж харагддаг тэр дүр зураг шиг л өөрийгөө бас төсөөлж явсан. Гэвч надад тийм хувь тохиосонгүй дээ. Ахдаа л тэврүүлэхийг маш их хүссэн. Дотор хүнд хэцүү байсан шүү. Өөрийгөө их ч барьсан.

-Бүх л наадмаар ахтайгаа хамт нааддаг байсан байх. Танд хүнд байгааг ойлгож байна?

-Манайх хөдөөний айл л даа. Бид саяхныг хүртэл эхээс дөрвүүлээ байлаа. Харин одоо ах минь алга. Бид айлын хоёрхон эрэгтэй хүүхэд  байсан юм. Хэн хэндээ хань, найз нөхөр нь болдог байв. Би гэдэг хүн аав ээжийн гэрээс гараад ахынхаа гар дээр ирж байлаа. 2009 онд ерөнхий боловсролын сургуулиа төгсөж ирээд 2015 он хүртэл ахтайгаа хамт амьдарсан. Өмнө нь бодоход их урт хугацаа юм шиг санагддаг байсан ч одоо их л богино байсан шиг чамламаар санагдах болсон.

 -Бөхийн спортыг сонирхон хичээллэхэд ах тань их нөлөө үзүүлжээ дээ, танд?

-Тэгж хэлж болно. Бид хоёр долоон насны зөрүүтэй. Намайг ухаан орсон цагаас л ахыг маань бөх болно гэж хүмүүс их ярьдаг, бас өвөө минь “миний хүү бөх болно доо” гэж үргэлж хэлдэг байсныг би тод санадаг юм. Би ч ялгаагүй дээ. Ахыгаа дагаад л бөх болох хүсэл эрмэлзлэлтэй болсон. 2009 оны намраас эхлээд гурван жилийн турш жүдо бөхөөр хичээллээд 2012 оноос хойш үндэсний бөхөөр барилдах болсон. Тэр цагаас хойш ахтайгаа бэлтгэлээ хийж, барилдаж, ноцолдож, хамтдаа наадамд зодоглож үргэлж л цугтаа явдаг байлаа. Харин энэ жилийн наадам баяр, гуниг хосолсон нэг тиймхэн, хаанаас ч юм чимээ горьдсон, харуулдсан аястай л өнгөрлөө дөө.

-ААВ, ЭЭЖИЙН МААНЬ СЭТГЭЛ САНАА НЭГ Л ТОГТОЖ ӨГӨХГҮЙ ЯНЗТАЙ, ҮЙМРЭЭД-

-Таныг ахынхаа цолонд хүрлээ хэмээн олон түмэн өөрөөс тань дутуугүй баярлаж байгаа харагдсан. Амьдралд ийм хүмүүс байгаа нь сайхан шүү. Аав, ээж нь хэрхэн хүлээж авсан бэ?

-Аав ээж маань баярлалгүй яах вэ. Бараг ахдаа тэврүүлсэн шиг л болсон. Тэдний минь сэтгэл санаа нэг л тогтож өгөхгүй янзтай, үймрээд. Арга ч үгүй биз дээ. Юм юм л бодогдож байгаа. Би хавар, намартаа аав ээждээ туслаад ирэн очин байдаг. Аль болох л ойр байхыг хичээж байна даа.

-Танайх хотод байдаг айл уу?

-Тийм ээ. Манайх гэр бүлээрээ Улаанбаатар хотод байдаг. Эхнэр, хоёр хүүхдийнхээ хамт амьдардаг.

-БӨХ БАЙНА ГЭДЭГ УНАХ, ДАВАХДАА БҮХ УТГА УЧИР НЬ ОРШИЖ БАЙДАГ ЮМ БИШ-

-Аав, ээжийн тань талд барилддаг байсан хүмүүс бий юу?

-Би сайн тодорхой хэлж мэдэхгүй юм. Гэхдээ алсуураа Монгол Улсын арслан Азжаргал гэж хүнтэй хамаатан байж магадгүй гэж сонссон юм байна. Ээжийн талд бол манай ээжийн үеэл аймгийн заан Батсуурь гэж хүн байсан. Одоо аймгийн арслан Хишигдаваа гэж хүн бий. Аавын талд гэвэл одоо барилдаж байгаа залуучууд гэвэл аймгийн арслан Намнансүрэн, Намнан-Эрдэнэ хоёр маань байна даа.

-Сүүлийн асуулт, бид энэ цаг үед бөх хүний жудгийн тухай их ярьж, шүүмжлэх болж. Бөхчүүдтэй холбоотой асуудал маргаан ч тасрахгүй юм. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Нэг талаараа хүсэж, дурлаж байж энэ спортоор хичээллэж байгаа. Нөгөө талаас маш их эрчим, тууштай байдал, хүч хөдөлмөр, цаг хугацааг зориулдаг. Цаашлаад үндэсний гэсэн тододголтой бидний эв санаа, өв соёл, түүх, үнэ цэн, нэгдмэл байдлыг агуулдаг учир алдаа гаргах эрхгүй л бодогддог. Яах ч аргагүй олон хүн харж байдаг. Тийм болохоор бөх байна гэдэг унах, давахдаа бүх утга учир нь оршиж байдаг юм биш. Хүмүүжил, төлөвшил, тэсвэр тэвчээр, хувь хүний барил гээд олон үнэт зүйлийг аргагүй шаарддаг. Энэ бүхэнд бүдрээд байвал хэцүү.

-Ярилцсанд баярлалаа.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-07-28 08:09

ээжийн чинь т####д аймгийн заан Батсуурь гэж сайхан бөх байсан бүүр ойрхон хамаатан шүү

Зочин
Зочин
2022-07-28 10:01

Энэ бөхчүүд улс оронд яг ямар хэрэгтэй юм болоо Хүн дарамтлана архи ууна нэгнийгээ зодож ####на яана даа монгол улс

Сайхан
Сайхан
2022-07-28 15:01

Э.Энх-Амг####ан дүүдээ начин болсонд нь гэр бүлээрээ маш их т####архаж байна. Аав, ээжийгээ сайн х####амжилж байгаарай. Спортын дэвжээнд амжилт гаргаж чадвар сайтай тамирчин болохыг хүсэн ерөөе. Амжилт хүсье

Зочинжирард
Зочинжирард
2022-07-28 19:57

Сайн сайханыг ерөөе. Улсын цолтой бөх тасрахгүй Аав Ээжид нь баяр хүргье.
Зурагтаар сэтгэл догдлон харж самсаа шархирч суув шүү.
Амжилт хүсье

Зочин
Зочин
2022-07-29 12:11

Энэ бааснууд хэнд хэрэгтэй юм баахан хорчин пялдага юмнууд

Холбоотой мэдээ

Back to top button
5
0
Would love your thoughts, please comment.x
()
x