Энэ удаагийн “Үйлдвэрлэгч”-ээр спорт хувцасны “Monline” үйлдвэрийг онцолж байна. Арав дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй тус компани өнгөрсөн хугацаанд 21 аймагт салбараа нээж, нийслэлд найман үйлдвэрийг “бойжуулж” бүгдээрээ нийлэн спорт хувцасны зах зээлийн 60 хувийг дотоодоосоо хангаж байна.
Үйлдвэрийн эзэн А.Чимэд-Очир 21 аймгийнхаа салбар болон өөрсдийнх нь хүсэлтээр бүх арга технологио зааж өгч байгуулсан найман үйлдвэрээс нэг ч төгрөгний хувь, ашиг авдаггүй. Учир нь тэр би биш бид бүгдээрээ хөгжих ёстой гэсэн зарчимтай хүн. Биднийг очиход эднийх British School of Ulaanbaatar сургуулийн захиалгын хувцсыг үйлдвэрлээд дуусч байв. Манайх 8-11 сард захиалга ихтэй байдаг учраас ажилчдаа ингээд сар амраадаг гэсээр угтсан юм. “Monline” сүлжээ үйлдвэрийн захирал А.Чимэд-Очиртой ярилцлаа.
Брэндийн нэр: "MONLINE"
Үүсгэн байгуулагч: А.Чимэд-очир
Үүсгэн байгуулсан он: 2012 он
Сошиал хуудас: https://www.monline.mn/
Холбогдох утасны дугаар: 70111054
-21 АЙМАГТ ӨӨРӨӨ УРИАЛЖ САЛБАРАА БАЙГУУЛСАН, ХЭНЭЭС НЬ Ч, НЭГ Ч ТӨГРӨГИЙН АШИГ АВДАГГҮЙ-
-Таныг их олон салбарт хүч үзсэн бизнесмэн гэсэн. Спорт хувцас үйлдвэрлэх салбар руу хэрхэн оров?
-Эгүүр.мн сайтын хамт олондоо үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжин ажиллаж байгаад баярлалаа. Би зураач, нягтлан бодогч мэргэжилтэй. Монгол улс зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш 14 төрлийн бизнес эрхэлж үзсэн байдаг. Мэдээллийн технологи, ББСБ, аялал жуулчлал, барилга за бүр өлөнгийн үйлдвэр хүртэл ажиллуулж байлаа. 2009 оноос үндэсний үйлдвэрлэл эрхэлж үзье гэж бодсон. Багаасаа хувцас эсгэж, оёх дуртай, дээрээс нь спортоор хичээллэдэг сонирхол маань намайг ийшээ түлхсэн байх. Бид нар “Нарантуул” зах дээрээс нэг футболка авч, дээр нь хэвлэсэн тоо наагаад тэмцээнд ордог байлаа. Тэгвэл энэ бүхнийг цогцоор нь яагаад үйлдвэрлэж болохгүй гэж гэсэн бодол удаан тээсэн. Олон төрлийн бизнес хийж байсан туршлага дээрээ үндэслээд судалгаа маш сайн хийсэн. Тэр ч бүү хэл 2009 оноос спорт руу орж бодибилдингээр хичээллэн, тамирчдад ойртож, спортын бүх төрлийн хувцас, тамирчдын биеийн онцлогийг судалсан. Ингээд 2012 онд төлөвлөгөөний дагуу үүд хаалгаа нээж, сарын дотор эхлүүлсэн зардлаа нөхөж байлаа. Үнэхээр том зах зээлийг мэдэрч орсон байсан.
-Өрсөлдөгч байсан уу?
-Монголын зах зээлд хэнд ч өрсөлдөгч байхгүй гэж би боддог. Монголчууд өөрсдөө л нэгнийгээ өрсөлдөгч гэж хараад байдаг болохоос биш бид аль ч салбарт өрсөлдөх бус харин нэгдэх шаардлагатай. Би үйлдвэрээ байгуулаад хэсэгхэн хугацаанд ажиллаад ямар том тогоотой хоол вэ гэдгийг мэдэрсэн. Би тэндээс идлээ, идлээ гэхэд нэг л том аяга хангалттай биз дээ. Тийм учраас бусадтай хуваалцахыг хүссэн. Өөрийн хобби, хүсэл сонирхлоороо орлогын хязгаараа тогтоогоод, үлдсэн зах зээлээ бусдад боломж олгохоор шийдсэн. Дандаа мөнгө, дандаа амжилтын төлөө явахад утгагүй. Миний хамт олон ч гэсэн ажил нь цагтаа тарж, бусад цагаа гэр бүл, үр хүүхэдтэйгээ дурсамж бүтээж, аз жаргалтай амьдрах ёстой. Ингээд ах нь үйлдвэрийн хүчин чадал, 15 ажилтандаа тооцож, орлогодоо хязгаарлалт тогтоосон. Хэчнээн ч хүн ирээд хэдэн ч төгрөг илүү төлье гэсэн би ажилчдаа хонуулж ажиллуулахыг хүсдэггүй учраас бид зах зээлийн гурван хувийг л аваад 97 хувийг нь буцааж байлаа.
-Үйлдвэрийн хүчин чадлаа яагаад нэмж болохгүй гэж...?
-Болно. Гэвч би хүсээгүй. Гэхдээ тэр 97 хувь Нарантуул, Хархорин явж, монголдоо хөрөнгө оруулья гэсэн сайхан сэтгэлтэй хүмүүсийн мөнгийг урагшаа зах зээлд алдаж байгаа нь харамсалтай санагдаад болдоггүй ээ. Би чинь монгол улсын иргэн, улсынхаа зардлаар сургууль соёл төгссөн, эргээд эх орондоо үүрэг, хариуцлагатай байх ёстой гэдэг санаашрал намайг ээрээд л байсан. Тэгээд энэ том тогоотой хоолоо бусадтайгаа хуваалцья гэдэг үүднээс 21 аймаг руу урилга явуулсан. Бид та нар үнэ төлбөргүй сургалт өгье, арга технологийг нь заагаад өгье гээд. Энэ 21 салбарыг би мундагтаа очоод байгуулсан юм биш, зар тавихаар аймгийн сул зогссон, ажил багатай үйлдвэрүүд босоод ирсэн. Миний зүгээс “Monline” брэндийн нэрээ, арга технологи, бүх стандартаа үнэ төлбөргүй өгч, франчайз гэрээ хийж, үр ашигтай ажиллахад нэг ч төгрөгийн ашиг авахгүй, зах зээлээ хувааж идье гээд салбаруудаа байгуулсан.
-Нэг ч төгрөгийн ашиг авахгүйгээр үү?
-Тийм ээ. Одоо ч би нэг ч төгрөг авдаггүй. Эерэг сэтгэл гэж нэг юм байна ш тээ. Манайхан хөгжье гээд уриалаад байдаг ч итгэл, сэтгэл, зүтгэл байдаггүй болохоор хий хоосон лоозон барьчихсан улсууд л яваа. Гэтэл жирийн нэг оёдолчин залуу жаахан сэтгэл гаргах төдийд 21 аймагт үйлдвэр хөгжиж чадаж байна шүү дээ. Бид ингэж ажилласнаар зах зээлийн 60 хувийг бариад авсан. Гэвч манай үйлдвэрийн ажил дундраагүй, яг л хэвээрээ байсан, бид дангаараа одоо 40 хувийг хангаж байгаа. Дээрээс нь Улаанбаатарт манай салбар бус, гэхдээ энэ төрлийн бизнес эрхлэх долоон газрыг байгуулалцсан. Огт танихгүй хүн танайхтай адилхан юм хиймээр байна гэхэд т нэг ч зүйл нуухгүйгээр зааж өгсөн. Нэг ч төгрөг авахгүйгээр эсгүүр, оёдол, арга барилаа зааж өгөөд одоо 7-8 сайхан үйлдвэр ажиллаж байна. Бид нар хоорондоо сайхан харилцаатай. Үүсгэн байгуулж, үүд хаалгаа нээхэд нь сайхан сэтгэлээрээ хандсан болохоор тэд нар ч эргээд маш сайхан ханддаг. Манай будаг дуусчихлаа гээд залгахад хэн нь ч аваарай л гэнэ. Салбарууд маань байгуулагдаад 5-8 жил боллоо. Тэд нар маань өр зээлнээсээ гараад, зарим нь хотод хүүхдэдээ байр авч өгч байна. Энэ бүхэнд миний оролцоо байхгүй, жаахан л сэтгэл гаргасан байхгүй юу. Би ганц, хоёр жил болоод салбаруудаа нэг тойрдог. Нэг аймгийнхан дараагийн аймгийн зах хүртэл гаргаж өгөөд, нөгөө хэд нь цаанаас нь угтаад найр, наадам шиг юм болно. Би тийм хүндлэл хүсээгүй, тэд нарын ажил амжилттай сайхан яваад л талархаж байгаа хэрэг.
Тэгэхээр жаахан эерэг сэтгэл улс орныг, үндэсний үйлдвэрийг хөгжүүлж болохоор харагдаж байгаа биз. 21 аймгийн салбар яг манай стандарт болон нэрээр үйлдвэрлэдэг.
-“ADIDAS”, “NIKE”-ИЙН МАТЕРИАЛАА АВДАГ ҮЙЛДВЭРИЙН АЛБАН ЁСНЫ ТҮНШ БОЛЖ ЧАДСАН-
-“Monline” брэндийн стандарт, онцлог давуу тал...?
-Брэнд гэдэг бол чанар. Материал, эсгүүр, оёдол, хүний биед тааламжтай байдал, элдэв харшил, хоргүй, будаг нь хуурахгүй гээд маш олон чанарыг мөрдөж явдаг. Гар бөмбөг, сагс, шатар, шүүгчдийн хувцас гээд бүгдийг нь спорт холбоодын дүрэм журамтай нийцүүлнэ. Дэлхийд алдартай “Adidas”, “Nike” брэндийн материалаа авдаг үйлдвэрийн албан ёсны түнш болж чадсан нь бидний том амжилт. 40 тонны чингэлгээр татахад 700 боодол даавуу ирдэг болохоор материалын хомстолд ордоггүй. Даавууны зориулалт, чанар, өнгөний сонголт нь хүний хүслийг биелүүлэх бүрэн боломжтой. Манай оёдолчид гадаадад энэ чиглэлээр ажиллаж байсан мэргэжлийн хүмүүс.
-Спорт хувцасны онцлогийн тухайд?
-Морин спорт, гольф, шатар зэрэг төрөлд даавуун материал зохимжтой. Харин бусад төрөлд нано технологи бүхий амьсгалдаг, нордоггүй, хурдан хатдаг, халуун, дулаанаа барьдаг материал тохиромжтой. Монголчууд хөвөн даавуун хувцас хамгийн сайн гэж ойлгодог. Спортын хувцаст хөвөн даавуу огт тохиромжгүй, хөдөлгөөнд саад учруулна, хөлсийг шууд өөртөө шингээж дарайна гэх мэт сөрөг талтай. Одоо технологи хөгжөөд материалууд дөрвөн тийшээ сунадаг болсон учраас биеийн галбир, булчин гээд төрлөөсөө хамаарсан биеийн онцлогуудад тааруулан үйлдвэрлэх боломжтой болсон.
-“Adidas”, “Nike” брэндтэй чанарын хувьд адилхан гэж ойлгож болох уу?
-Мэдээж адилхан, ялгаатай тал гэвэл манайх хамаагүй хямд. Учир нь дэлхийн брэндүүд дэлхийн ододтой зар сурталчилгаандаа хамтран ажиллаж, маркетингдаа маш их мөнгө зарцуулдаг. Тэд бид нар шиг нэг өмдийг 55 мянга, цамцыг 65 мянгаар гаргах боломжтой. Гэхдээ одуудад төлсөн маркетингийн зардлаа бүтээгдэхүүндээ шингээгээд 450-700 мянган төгрөгийн үнэтэй байна. Бид нарт энэ төрлийн зардал гардаггүй учраас боломжийн үнээр гардаг. Ялгаа нь ерөөсөө л энэ.
-Танайх хэн нэгэн одыг нүүр царайгаа болгож байв уу?
-Үгүй. Харин манай одууд өөрсдөө манайхаар хувцас хийлгэлээ гээд бичсэн байдаг. Монголын бүх тамирчид манайхаас хувцсаа авдаг. МУГТ М.Анхцэцэг бүр анхнаасаа л үйлчлүүлсэн. Сая дэлхийн аваргаас чихэр бариад ирсэн. Тамирчин хүнд биед тааламжтай хувцас гэдэг маш чухал. Нөгөө талаас дэлхийн дэвжээн дээр монгол хувцсаа өмсөөд төрийн дууллаа сонсоно гэдэг бахархал.
-Манай алдартнууд танайхаар үйлчлүүлнэ биз?
-Багийн спорт бол ойлгомжтой, бүгд ирнэ. Бөхчүүд ирдэг. Эрхэмбаяр аварга, дархан аварга Өсөхбаяр, гарьд Ганбаатар, харцага Амартүвшин, сумо Батбаяр, дээрээс УИХ-ын гишүүд ирнэ. Гишүүдэд манайх очиж хэмжээ авдаггүй ээ, өөрсдөө ирж үйлчлүүлээрэй гэж хэлдэг. Ямар гоё үйлдвэр манайд байдаг юм бэ гээд сэтгэл ханамжтай үйлчлүүлээд гарна. Гадаадад амьдарч байгаа монголчуудаас захиалга их ирдэг. Сардаа 2-3 орноос захиалгатай л байдаг. Манайх тендэр, ЖДҮ энэ тэрд огт ордоггүй. Тендэрт орооч гэхээр нь үнэ интернэтэд бий, тэндээс ав гэдэг.
-Олимпийн хувцас дээр танайх орсон байсан?
-Манайх олимпийн хувцас хийх тендэр, шалгаруулалтад оролцоогүй. “Мишээл амазонка” хийх эрхийг нь авсан, гоё ч загварууд гаргасан байсан. Тэд зөвхөн биеийн тамирын хувцсыг манайхаар хийлгэхээр санал тавьсан боловч бид маш их захиалгатай байсан учраас хийж амжаагүй. Сүүлд нь шатрын холбооны хувцсыг тэр загвараар нь хийж өгсөн.
-Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн хувцсыг үйлдвэрлэдэг юм байна. Олон сургуультай хамтран ажиллаж байна уу?
-Долоон сургуультай хамтран ажиллаад найман жил болж байна. Өөр хамтран ажиллах хүсэлтэй сургууль олон байдаг ч хүмүүсээ ядраамааргүй байгаа болохоор энэ хүчин чадлаа хангалттай гэж үздэг. Бүх ажлыг бид хамж аваад яахав, бусдадаа боломж олгоё. Эцэг, эхчүүд манай хүүхэд гурван жил өмслөө, өнгөө алдсангүй, будаг нь хуураагүй. Зарим нь хүүхэд маань том болоод одоо өвөө нь өмсөж байна гэж хүртэл ярьдаг. Тэгээд аав, ээжүүд гэр бүлдээ, ажлаараа ирж хийлгэнэ. Сүүлийн үед ургийн баярынхаа хувцсыг хийлгэдэг болж байна. Зар сурталчилгаа маркетинг хийдэггүй ч ингэж бусдын итгэлийг хүлээж байгаа нь бид нарт аз жаргал, эрч хүч бэлэглэдэг.
-ЖИЛ БҮР ЗАХЫН ХОРООЛЫН 400-500 ХҮҮХДЭД БИЕИЙН ТАМИРЫН ХУВЦАС ХИЙЖ ӨГДӨГ-
-Таны энэ их элбэг дэлбэг сэтгэл, эерэг хандлага хаанаас суусан бэ?
-Миний аав, ээж хоёр химич мэргэжилтэй, шинжлэх ухааны салбарын хүмүүс байсан. Бид эцэг, эхээс наймуулаа. Ганц талх ч байсан хувааж иддэг амьдралд өссөн, хоёрдугаарт би дэлхийн 48 орноор аялсан. Бусад улс орны хөгжлийн нууц би биш бид гэдгийг ойлгосон. Бие биенээ хүлээн зөвшөөрч чаддаг, бусдын давуу талыг өөртөө тусгаж авдаг, хэн нэгний амжилтад алга ташдаг байх нь сайхан чанар. Манайд АИХ-ын депутат байсан хүн ч байна. Энэ компаниас дөрвөн хүн тэтгэврээ өндөр тогтоолгоод гарлаа. Энэ мэтээр яривал энэ ажил бид нарт аз жаргал, баяр баясал, сайхан бүхнийг авч ирж гайхамшигтай дурсамж бүтээж байна. Энэ бол миний хүсэл мөрөөдөл, бас зорилго юм.
-Та хэн нэгэнд зориулан хувцас урлаж өгч байв уу?
-Манай компани нийгмийн хариуцлагын хүрээнд жил болгон 15-20 сая төгрөгийг хандив, тусламжид төсөвлөн сайн үйлс хийж ирсэн. Эхний жилүүдээ эргээд харахад эрүүл саруул, ажилгүй, зорилгогүй хүмүүст зориулсан байдаг. Зарим нь бүр юм нэхэх, сүүлдээ яагаад удаад байна гэх мэт хандлага гаргасан. Тийм учраас зөвхөн хүүхдэд туслахаар шийдэж, жил бүр захын хорооллын 400-500 хүүхдэд биеийн тамирын хувцас хийж өгдөг болсон. Цар тахлын жилүүдэд сургууль ажиллаагүй учраас төсөвлөсөн мөнгөө ОБЕГ-т өгчихсөн. Энэ жилээс хүүхдүүддээ хувцсыг нь хийж өгнөө. Өрх толгойлсон найман аавд цагаан сараар дээл, бүс, малгай, гутал, хөөрөг, даалин бэлдэж өгч, тэднийгээ энд ирээд хувцас хунараа өмсөж, үзэж баярлаж байхыг харахад их сайхан байсан.
-Та энэ хүртэл маш их зүйлийг хийж бүтээжээ. Өөрийнхөө бүтээсэн баялгийг хэрхэн дүгнэдэг вэ?
-Бизнесийн олон салбарт ажиллаж байхдаа өөрийнхөө түүхийг бүтээж, залууст загас барих аргыг зааж ирснээ баялаг гэж харж болно. Би тийм баян хүн биш шүү дээ. Таны өмнө нэг футболкатой, бомбер өмдтэй, хүүгийнхээ голсон кетийг өмсчихсөн хүн сууж байна. Харин би аз жаргалтай сайхан амьдарч, чадаж байна. Мөнгөний төлөө гүйж охин, хүү хоёрынхоо хүсэл мөрөөдөл, хүмүүжил, эхнэрийнхээ амьдралын аз жаргалыг үгүй хийсэнгүй, эрүүл мэндээ баллачихсангүй, ажилчдадаа ажилдаа дуртай сэтгэл дүүрэн амьдруулж, энэ бүхнээ балансаад яваа нь миний баялаг.
-Таны хүүгээ спортод хөтөлж, хоёулаа нэг жил фауэрлифтингийн аварга болсон тухай түүх сошиэлд бүүм болсон. Тэр тухай ярьж өгөөч?
-Би өөрөө 15 жил бодибилдингээр хичээллэж байна. Гурван жилийн өмнөөс хүүгээ жин нэмээд байхаар нь дагуулаад фауэрлифтингээр хичээллэж, өөр өөрсдийнхөө төрлөөр улсын аварга, би спортын мастер болсон. Хүүгийнхээ амьдралд сайхан дурсамж бүтээсэн нь миний хувьд амжилт байлаа.
-Сүүлийн асуултыг танд үлдээе. Бусдад хандаж хэлэх мессэж байгаа болов уу гэж бодсон учраас...?
-Хүний амьдрал их богинохон. Хүүхэд нас, зарим нь том хүн болж чадалгүй 20-30 жил нь явчихна. Санаа байвч сачий нь хүрэхээ байх өтөл нас 10-30 жил. Тэгэхээр яг хийж бүтээх, гэр бүл, эх орныхоо өмнө хүлээх үүрэг, хариуцлага, аав ээжийнхээ ачийг хариулах, үр хүүхэд ирээдүй хойчоо бэлдэх гээд бүхий хөдөлгөөнтэй амьдрал гучхан жил. Үүнийхээ 3/1-ийг шөнө унтаж өнгөрүүлнэ гээд бод доо. Бидэнд дараагийн амьдрал гэж байхгүй, үр хүүхдийн минь амьдрал л үлдэх тул биднээс их зүйл шалтгаална. Хөгширсөн хойноо үр хүүхдэдээ төвөг удахгүйн тулд эрүүл байх хэрэгтэй. Спортоор хичээллэж, элдэв муу зуршлаасаа салж, эдийн шунал, илүүдлийн хэнээ, хар амиа бодсон зан төлөвөө засья. Түүний оронд бүх балансаа алийг нь ч орхигдуулахгүй амьдралаа авч явах нь бидний үндсэн үүрэг юм. Хүн аз жаргалтай дурсамж дүүрэн харамсахгүй амьдрах гэж л ирдэг болохоос баян болох гэж, хэн нэгнээс илүү байх гэж ирээгүй. Бид нар өргөн уудам хавтгай газар гуравхан саяулаа амьдарч байна. 76-гаасаа, ерөнхийлөгчөөсөө эхлээд Дорж, Дондогоо хүртэл хандлагаа өөрчилмөөр байна. Авахын дон, өсөхийн өлөнгөө арилгаж бүгдээрээ багаараа ажиллая. Эх орондоо хоноцын сэтгэлээр битгий бүү ханд, үр хүүхэд ирээдүй хойчдоо иргэнээ дээдэлсэн ажиллаж, амьдрах бүрэн боломжтой эрүүл нийгмийг өвлүүлж үлдээе.
-Ярилцсанд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Овоо доо
Ийм л хүмүүс олон болчихвол монгол хөгжинө.
Olon saixan sanaa onoo sedej olon xumuust ajliin baiar sanal bolgoj busadtai baigaa zuilee xuvaaltsaj sursan egel daruuxan saixan amidarch baigaa engiin negen zaluu baina daa Ajil uilsed ni amjilt xusie
Shal hudlaa amitan. Social deer soliorood l bdg neg l ih sain hunii durd jujiglesen gegeersen amitan
Атаархагчидаа гэж..
Нөгөө 76 маань ийм бодолтой байв�##� улс зөв хөгжих байх
Ямар сайхан сэтгэл вэ, Олон хүний өмнөөс энэ үйлдвэрлэгчидэээ баярл�##�аааа
Авахын дон, өсөхийн өлөнгөө арилгаж бүгдээрээ багаараа ажиллая гэж сайхан хэлжэээ.
21 аймагруу урилга явуулж үнэ төлбөргүй сург�##�т зохион байгуулж бусадтай хува�##�цаж байгаа нь үнэхээр их та�##�агдав. Мундаг удирдлагатай хамт олон юмааааа илүү том амжилт хүсий
Үлгэр жишэээ аваасай бусад хүмүүүс тэр тусмааа манай улс төрчид
Гайх�##�тай сайхан юмаааа. Үнэхээр бахархмааар