Ярилцлага

Монголын Ким Ин Ха буюу Д.БАТТОГТОХ: Эх орон бол миний овог

“Монголоос явах юм сан” гэх мөрөөдөл л цээжиндээ ганзагалж яваа мэтээр залуусыг харах, ойлгох. Ийм л манантай нүдтэй нийгэм... Бидний өнөөдрийн зочин гадагш явж буй залуус цээжиндээ ямархан бодол тээж явдгийг, эх орон гэж тэднийхээр чухам юу болохыг хуваалцах болно. Тэр бол Доржсүрэнгийн Баттогтох. Монголын Ким Ин Ха гэж түүнийг нэрийдэн дуудах нь ч бий. Тэр бол БНСУ-д боловсрол эзэмшиж, хилийн дээс алхахын өмнө “Шилжилт”, "Байрны ах" гэх уран бүтээлд тоглоод амжсан чамгүй авьяаслаг нэгэн.

Энэ бол түүний хэвлэлд өгч буй анхны яриа. Түүнийг өөртөө шинээр нээхийг хүсвэл нааш суугаарай.

Цахим хуудсууд


-ТИЙМ ЭЭ, БИ МОНГОЛЫН КИМ ИН ХА-

-“Гурван марал од” киноны Ким Ин Хатай үнэхээр төстэй юм гээч. Чухам хэзээнээс таныг Монголын Ким Ин Ха гэх болов. Энэ түүхээс ярилцлагаа эхэлье?

-Арван жилийн сурагч байхаас л юм уу даа. Тухайн үед “Гурван марал од”, “Амьдралын ээдрээ” гэх нэрээр, олон ч сувгаар гарсан. Бүр цээжилтэл гарсан. Би ч шимтэн үзэж, Ким Ин Хаг ямар гоё ах вэ гэж бодох болсон. Гэтэл нэг өдөр манай ангийн хүүхэд намайг Ким Ин Хатай адилхан гэж хэлдэг юм байна. Гоё хэмээн харж, биширч явсан хүнтэй нь адилхан гээд хэлчихээр өөрийгөө хүчээр адилтгачихдаг юм шиг ээ.

Ийн явсаар адилхан гэх адилтгал үгтэй их сургуульд суралцахаар БНСУ-д очоод ахиад л таарсан. Ангийнхан хоорондоо хайрлаж, хүндэтгэдэг жүжигчдээ ярьж байх юм. Тойрог хэлбэрээр явсаар эл асуулт нь над дээр ирлээ. Би ч “Танай улсын Ким Ин Ха буюу И Бён Хун жүжигчнийг хүндэлдэг, жүжиглэлтийг нь хардаг” хэмээн хэлж орхив. Ангийнхан хэсэг харж байснаа эндээс нь, тэндээс нь ч харсан адилхан юм байна аа хэмээн Монголын Ким Ин Ха гэх болцгоов. Ийн дуудах нь надад сайхан байсан. Сайн, сайхан хүнтэй харьцуулж, жишиж байхад баярлалгүй яахав. Тэр хүний дайтай өөрийгөө авч явахыг хүснэ, хичээнэ. Тэр ч утгаараа намайг адилтган хэлцгээх үед нь “Тийм ээ, би Монголын Ким Ин Ха” гэж хэлсэн. /инээв/

-Солонгост тээж очсон мөрөөдлийн жагсаалтад тань Ким Ин Хатай уулзах бодол багтсан болов уу гэж бодогдоно. Хүндлэлт жүжигчинтэйгээ уулзаж амжсан уу?

-Уулзчих юм сан гэж ярьдаг, боддог байлаа.  Их сургуулийн нэг ангийн залуутайгаа “Чи бид хоёрын хэн нь Ин Хатай түрүүлж уулзах бол” гэж ярьж байсан сан. Тэр үед манай ангийн залуу “Би Солонгос юм чинь түрүүлж уулзалгүй яахав дээ” гэж билээ. Би их бадрангуй байсан байгаа биз.

-Тэгэхээр тэр залуу танаас түрүүлээд уулзчихсан гэсэн үг үү?

-Бидний хэн ч уулзаагүй байгаа. Тэгэхээр надад түрүүлж уулзах боломж байгаа биз. /инээв/

-АМЖИЛТ БОЛ ХАРИУЦЛАГА-

-Тийм байна. Ер нь ингэхэд та Монголдоо боловсрол эзэмшилгүй яагаад шууд гадагшаа “нисчхэв”.  Бас яагаад суралцах улсаараа БНСУ-ыг сонгов. Кино зах зээл, салбар нь хөгжиж буй гэх утгаар уу эсвэл...?

-Төлбөр санхүүгийн хувьд Японыг бодвол арай хямд санагдсан. Хоёрдугаарт, Солонгос кинонууд монголчуудыг байлдан дагуулж байсан. Одоо ч тэр кино зах зээлийн хувьд дэлхийд том байр суурийг эзэлж байна. Цаашид ч илүү томорно. АНУ, Европын улсуудад ч танигдсан. Түүний нууц нь юу гээч өрсөлдөөн. Хүн өрсөлдөөн дундаас л чанаржиж гардаг юм болов уу.

Надад Солонгосын сургуулиас сурсан юм бий. Гэхдээ тэр нийгмээс сурсан юм нь илүү их. Цаашид мэргэжлээрээ ажиллахад их сургуулиас сурсан юм хэрэг болох ч нийгмээс сурсан юм амжилтын түлхүүр минь болох байх. Өөрийгөө дайчлах, тэмцэх, хариуцлагатай байх гэх мэт. Энэ зарчмуудыг би эрхэмлэдэг. Ер нь бол амжилтад хүрэхийн тулд хариуцлагатай байх хэрэгтэй шдэ, тийм биз дээ.

-Кино зах зээл хөгжсөн улсад сурч, амьдарч байгаагийнх ямар нэгэн уран бүтээлд дүр бүтээх хүсэл зүрхэндээ тээж явсан байх...

-Олны хэсэгт ч юм уу, эсвэл гадаад хүний дүр бүтээх хэд, хэдэн санал ирсэн. Боломж олдоогүй биш олдсон. Харин би өөрийгөө олохоос өмнө уран бүтээлд оролцмооргүй санагдаад, татгалзаж байсан. Монголыг төлөөлж яваа юм байж, өөрийгөө олоогүй үедээ гаднын уран бүтээлд оролцож, том эрсдэлд орох вий гэсэн болгоомж л их хүчтэй нөлөөлсөн юм уу даа.

 -Өөрийгөө олох тухай ярилаа. Та одоо өөрийгөө олсон уу?

-Олоогүй ээ. Гэхдээ хоёр гурван жилийн өмнөхөө бодвол өөр л болсон байх. Хүн байнга өөрийгөө шүүмжилж байж л хөгжинө. Би өөртэйгөө маш их тэмцдэг.

-Өөрийгөө байнга шүүмжлээд л. Ер нь өөртөө таалагддаг хүн байхгүй юм шиг ээ. Гэхдээ бид яг хэнд таалагдах гэж амьдардаг юм бол. Та энэ талаар бодож байсан уу?

-Үнэндээ хүн өөртөө таалагдах хэрэгтэй. Өөрийгөө тодорхой хэмжээнд олчихоор бусдын юу гэх хамаагүй санагддаг юм билээ. Өөрийгөө зах зухаас нь таниад зорилгоо тодорхойлсон тохиолдолд замын дунд явж байгаа сөрөг шүүмжийг алгасаад өнгөрч чаддаг сэтгэлийг дархлаатай болчихдог билээ.

-БОЛОМЖ НЬ БАЙХ ЮМ БОЛ ГАДАГШАА ЯВЖ ҮЗЭЭРЭЙ-

-Төмс, шатахууны үнэ нэмэгдэж, нийгэм жаахан бухимдалтай байх үеэр л Солонгосоос ирэх шиг боллоо. Таны таних Улаанбаатарт чухам юу, юу өөрчлөгдөж?

-Монголд үнэхээр болж бүтэж байгаа юм нэгээхэн ч  үгүй юм шигээр ойлгогдох мэдээллүүд харагддаг. Үүнээс үүдээд гадаадад ажиллаж, амьдарч буй залуус эх орон руугаа очихгүй байх тухай боддог. Гэхдээ яг ирээд харахаар нөхцөл байдал өөр л байдаг. Коронавирусээс болоод дэлхий даяараа  л гурван жил хүнд байдал буй. Тиймээс ганцхан Монголд л юу ч болж бүтэхгүй байгаа юм шигээр ярихаа болих хэрэгтэй.

Сургуулиа төгсөж ирээд би гурван жил эх орондоо ажилласан. Буцаж явчхаад ирэхэд маш олон зүйл өөрчлөгдсөн байна. Түүний нэг нь барилга байгууламж. Олон сайхан барилгатай болсон байна. Залуучуудын сэтгэлгээ гурван жилийн өмнөхөөс маш өөр болсон байна.

-Сэтгэлгээ өөрчлөгдсөн гэдэг нь?

-Би, би гэх эго нь бага ч гэсэн дарагдсан байна. Бас илүү соёлтой болцгоож. Нэгнээ хайрлах нь эрс нэмэгдсэн байна.

-Та өөрөө хэр эго өндөртэй хүн бэ?

-Их том асуулт. Эго байх хэрэгтэй л дээ. Эготой байж хүн илүү их хөгжиж, шинийг эрэлхийлдэг. Өөртөө ч илүү итгэлтэй болдог юм болов уу гэж боддог. Гэхдээ хүн эгогоо хаана гаргах вэ гэдгээ мэддэг байх хэрэгтэй.

-Эго гэж ярихаасаа урьтаад хүн өөрийгөө таних хэрэгтэй болов уу?

-Яг тийм. Өөрийгөө таних их чухал. Залууст хандаж нэг зүйлийг л хэлмээр байна. Гадагшаа гарах юм бол нүд илүү нээгддэг. Залуусыг олноор гадагшаа явж байна гэцгээх юм. Энэ нийгэм таалагдахгүй болоод л тэр шүү дээ. Мэдээж гадагшаа гарч, ажиллаж буй масс бол байгаа. Гэхдээ гадагшаа явж, хөгжингүй орны бүтээн байгуулалт, хөгжил, соёлоос нь суралцаж буй маш олон залуус бий. Тэр залуусын хувьд энэ чинь эх орон нь. Тиймээс тэд ирэхгүй биш ирнэ. Тэд ирсний дараа нөхцөл байдал шал ондоо болно.

Ер нь гадаадад байхдаа хүн өөрөө өөртэйгөө л байдаг. Тэр утгаараа энд байхад бодогдоогүй юмс тэнд бодогдоно. Миний хувьд Монголд байхдаа үндэсний бөхийг нэг их үздэггүй байсан. Одоо бол илүү их үздэг болсон. Цаад утга санааг нь сэхээрч, эх орноо хайрлах өнцгөөс хардаг болсон. Тиймээс залуучууддаа хандаж хэлэхэд боломж нь байх юм бол гадагшаа гараад үзээрэй. Нүд чинь нээгдэнэ. Өөрийгөө танина. Аав, ээж, эх нутгаасаа хол хэн ч чамд туслахгүй. Бүх зүйл өөрийн чинь нуруун дээр ирнэ. Чи сөхөрнө. Гэхдээ л босно. Учир нь өвдөглөсөн хүн маш хүчтэй босдог. Илүү их мэрийдэг.

-Ингээд бодохоор залуус өөрийг нь хэн ч танихгүй газар орон руу өөрийгөө, бүтээхээр түрхэн “зугтаадаг” юм шиг ээ. Гэвч нөгөө талд гадаадад буй хүмүүс л сайн сайхан, баян амьдраад буй мэтээр ойлгодог...

-Яг тэгдэг. Гадагш явсан залуус давхар ажиллана. Хүний арга эвийг олж сурна. Монголд бол хэцүү санагдвал хаяад  явах эрх чөлөө нь байгаа. Гадаадад бол хийхгүй бол унана. Чамаас ажил сайн хийдэг байхыг шаардана. Ганц хатуу зарчим нь л энэ. Тиймдээ ч эх орноосоо хол байгаа үедээ би хэн билээ гэх бодол хүчтэй төрдөг. Энэ бодол хором мөч бүхэнд чи өөрийг чинь эрж хайлгуулна. Үүний ачаар чи хэн болохоо төлөвлөж эхэлнэ. Төлөвлөж сурна.

-ӨЧҮҮХЭН ЦЭГ ГЭДГЭЭ МЭДРЭЭРЭЙ-

-Эх орон гэдэг үг нэлээд их хэлэгдэх шиг боллоо. Таныхаар эх орон гэж юу юм. Дасаж дадсан газрыг эх орон гэх юм уу, эсвэл аав, ээжээс ирсэн илгээмжийг задлахад дотроос нь гарч ирэх аарц... тэр аарцыг найруулж уухад тагнайд амтагдах амт юм уу?

-Эх орны тухай гоё, ганган үгнүүд ямар ч үнэ цэнгүй болчихсон юм шиг санагддаг. Тэдгээр  үгсийг хүмүүс яаж ийж байгаад л олчихдог байхгүй юу.

Эх орон бол би. Гадаадад амьдарч байхад намайг Д.Баттогтох гэж харахгүй. Жүжигчин гэж ч харахгүй. Монгол залуу явж байна даа л гэж харна. Би гаднын ямар ч улсад очоод өөрийгөө танилцуулахдаа монгол л гэнэ. Монгол гэх үгний араас миний нэр орно. Тэгэхээр эх орон гэдэг бол миний овог.

-Гадаадад нэлээд хэдэн жил ажиллаж, амьдарсан гэхэд Монголоороо их сайн ярьж байна. Аялга ч сонсогдсонгүй. Ном их уншиж буйтай холбоотой юу?

-Манай ангид 40 хүүхэд элссэн ч зургаа нь л төгссөн. Анх их сургуульд орчхоод бүх багшаасаа “Би гоё ярьдаг болмоор байна. Яах вэ гэж асуухад” бүгд нэг л хариултыг тоть мэт давтан хэлсэн. “Ном унш”  гэж.  Ямар ном гэдэг асуултад минь тэд “Ялгаж, шилэлгүйгээр бүгдийг нь” гэж байв. Би 2012 оноос хойш эх хэл дээрээ ч, суралцаж буй орныхоо хэлээр ч ном унших болсон. Зарим нэг хүмүүс намайг радио  хөтөлж, ном  уншиж байгаа юм шигээр ярьдаг гэдэг. Энэ бол олон жилийн дасгал сургуулилтын минь үр дүнд бүтсэн зүйл. Тэр ч утгаараа би тууштай байдлыг л их эрхэмлэдэг.

-Унших номуудаа монголоос захиалж авч байна уу. Сонголтоо хэрхэн хийж байна. Илгээмжээр Монголоос ном авахад өртөг нь их өндөр гардаг шүү дээ?

-Монголд шинээр хэвлэгдсэн номуудыг шууд бариад унших боломж нь хомс. Санхүүгийн хувьд ч тэр. Манай аав ээж хоёр намайг сайн дэмждэг, ойлгодог. Тиймээс Монголд гарч буй номуудыг худалдаж аваад, зургийг нь дарж явуулдаг. Чатаар явуулдаг гэсэн үг л дээ. Цахим сүлжээнд идэвхтэй гэж харагдах юм бол ном уншиж байна аа л гэсэн үг шүү. /инээв/

-Аав, ээж, гэр бүлийнхээ хүнийхээ тухай, бага насныхаа тухай яриач гэж хүсэх байна...

-Ээж маань багш, аав маань мужаан мэргэжилтэй. Эхнэр маань БНСУ-д хавдрын эс дээр судалгаа хийж буй. Бид хүүтэй.

Би хорооллын 47-р сургуулийг төгссөн. Хүүхэд байхдаа нэг их дэггүй байгаагүй. Томоотойдуу л  хүүхэд байсан. Миний нэг л юм өөрчлөгдөөгүй. Жүжигчин болно гэсэн мөрөөдөл л өөрчлөгдөөгүй. Сүүлд бас нэг бодол орж ирээд өөрчлөгдөхгүй бат суурьтайгаар жин дараад явж байгаа нь хүн шиг хүн байчих юм сан гэх бодол. Бид хэн ч биш шдэ яг үнэндээ бол, тэр дээрээс харахад. Зүгээр л нэг өчүүхэн цэг. Үүнийгээ л мэдрэх хэрэгтэй. Өчүүхэн цэг гэдгээ мэдчих юм бол нээх хоорондоо муудалцаад  байхгүй.

-Та өөрийн ирээдүйн карьераа хэрхэн төсөөлж байна. Эл асуултаар ярилцлагаа өндөрлөх үү дээ.

-Надад хамгийн их бодогддог зүйл нь өөрийнхөө мэргэжлээр ажиллах. Урлаг бол маш том зэвсэг. Энэ том зэвсгийг гартаа атгадаг хүмүүс нь бид. Би өөрийнхөө ирээдүйн карьерыг Америк, Солонгост гэж бодохгүй байна. Монгол залуучууд руугаа чиглэсэн, уриалан дуудсан, эх орныхоо хөгжилд хамтдаа зүтгэе, босгоё, нэг нэгнийгээ хайрлая, хамтдаа энэ улсаа солонгосын к-поп, Холливудын мундаг уран бүтээлчдийн хэмжээнд хүргэх л миний мөрөөдөл. Ер нь бол би тууштай байдлыг их эрхэмлэдэг. Тууштай л байхыг хүсдэг хүн. Хамтдаа чадна аа.

ЯРИЛЦСАН: Э.БУЛГАН, Х.УМААХАН

ГЭРЭЛ ЗУРАГ, БИЧЛЭГИЙГ: О.УЛСБОЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-01 09:07

Дандаө гоё юм уншуулдагт баярл�##�аа

Зочин
Зочин
2022-08-01 10:03

Тиймээс монгол өөрчлөгдөж байгаа боол болж байгаа та нараас илүү өмөөрч байгаа з�##�уус байна амиа бодоод явсан новшнууд худлаа том яриад яахав дээ

Zochtinzochton
Zochtinzochton
2022-08-01 18:56

Eh oron h huu, sain bn. Eh oron h huu

Энхтуяа
Энхтуяа
2022-08-02 18:01

Хэн гэнээ Ха Ха . Ким

Зочин
Зочин
2022-08-03 19:28

Nohoin porno mn hutsarai

Зочинhub
Зочинhub
2022-08-03 19:28

Dog porn

Холбоотой мэдээ

Back to top button