Нийгмийн

Дуглас Паал: Хэрвээ хоорондоо дайтвал Япон Хятадыг ялна

АНУ-ын Тагнуулын төв газрын агент асан, өдгөө Олон улсын харилцааны Карнегийн сангийн дэд ерөнхийлөгч бөгөөд Азийн хөтөлбөрийг удирддаг  Дуглас Паалын ярилцлагыг хүргэж байна.

Энэ хүн 2002-2006 онд Тайвань дахь Америкийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан бөгөөд 1986-1993 онд Ерөнхийлөгч Рейган, Жорж Х.В.Буш нарын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд Азийн асуудал эрхэлсэн захирал, ахлах захирал, Ерөнхийлөгчийн тусгай туслахаар ажиллаж байсан, манай тивийн асуудлыг хамгийн сайн мэддэг хүн юм.  

ХЭРВЭЭ ЯГ ОДОО ЯПОН ХЯТАД ХОЁР ДАЙТВАЛ ЯПОНЫ ФЛОТ ӨРСӨЛДӨГЧӨӨ ЯЛНА

-Та БНХАУ-ыг олон жил су­далж байгаа. Иргэд нь бараг бүгд дугуй унаж, сохор зоосны тө­лөө ажилладаг энэ улс АНУ-ын бол­зошгүй өрсөлдөгч байж чадах уу?

-Тэд аль хэдийнэ “Дугуйтай хүмүүсийн улс” байхаа болиод бүс нутгийн том тоглогч болсон. Дэлхийн тэргүүлэгч эрх ашиг гэж хэлэхэд бас арай эртэднэ. Вашингтонтой эн зэрэгцэхийн тулд тэд өндөр эрчимтэйгээр дахиад 30 жил хөгжих шаардлагатай. Гэхдээ тэр хугацаанд АНУ байрандаа зогсоод байхгүй нь мэдээж. Нэгдсэн улсын боломжийг олон удаа үнэлэлгүй орхиж байсан. Бидэнд эдийн засгийн болоод нийгмийн бодит бэрхшээл байгаа нь үнэн. Гэхдээ үүнээс болоод үнэлэмжийг орхигдуулж болохгүй. Бээжин АНУ-ын боломжийг хамгийн бодитойгоор үнэлж байгаа. Тийм ч учраас Вашинг­тонтой аль болох эвтэй байхыг хичээж байна.    

БНХАУ-ын хүч чадал, бололцооны та­лаар ярихдаа зөвхөн АНУ-тай бус Японтой ч харьцуулах ёстой. Манай Карнегийн сангаас 2030 онд бүс нутагт хүчний харьцаа ямар байхыг төсөөлсөн ном гаргасан. Түүнд хэрвээ БНХАУ-ын эдийн засаг энэ эрчээрээ өсч, Японых удаашралтай хэвээрээ байсан тохиолдолд 2030 онд хоёр улсын боломж тэнцэнэ гэсэн байгаа. Хэрвээ яг одоо Сенкаку арлаас болоод ч юм уу дайтлаа гэхэд Японы флот өрсөлдөгчөө ялна. Яг л 1895 онд Симоносекийн буланд Хятадын флотыг бут ниргэсэн шигээ.

-Хятадууд зөөгч  хөлөг онгоц угсардаг болсон. Энэ нь  тэдэнд  давуу  тал  авчрахгүй юу?

-Нэмэр болох нь мэдээж. Гэхдээ хөлөг онгоц барина, тэрийг ур чадвартайгаар ашиглана гэдэг хоёр өөр зүйл. Хятадад шилдэг далайчид, шилдэг нисгэгчид байлаа гэж бодсон ч техник технологи өндөр хөгжсөн орнуудтай эн зэрэгцэхийн тулд дахиад олон жил хэрэгтэй болно.

ЭДИЙН ЗАСГИЙН НЯГТ ХАРИЛЦААТАЙ ОРНУУД Ч ДАЙТАЖ БОЛНО

-Хоёр орны хоорондын бараа эргэлт маш их байгаа. Энэ байдал Вашингтон, Бээжинг шууд сөр­гөл­дөхөөс зайлсхийх шалтгаан болж чадах уу. Эдийн засгийн нягт холбоо­той улсууд хоорондоо дайтаж байсан жишээ олон бий. Та юу гэж бодож байна вэ. Цөмийн зэвсэг мэдээж, шууд дайтахаас зайлс­хийх нэг шалтгаан мөн. Гэх­дээ итгэлцлийн буюу эчнээ дайн явагдаж мэдэх юм даа, тийм ээ?

-Эдийн засгийн харилцаа хол­боогоо эвдэж, шууд зэвсэгт тэмцэлд хүрнэ гэдэг маш хэцүү. 

Том Фридман (“The New York Times”-ын тоймч) үүнийг “McDonald’s-ын салбар ажил­лаж байгаа хоёр улс хэзээ ч хоо­рондоо дайтахгүй” гэж маш оновч­той хэлсэн байдаг. Гэхдээ түүний буруу. Буруу гэдэг нь өнгөрсөн зуунд л батлагдчихсан. Тэр үед манай санг үүсгэн байгуулагч Эндрю Карнеги зэрэг олон америкчууд төмөр зам тавьж, чийдэн үйлдвэрлэж, улс орноо цахилгаанжуулж байлаа.

Дайтах ямар ч завгүй харагдаж байсан ч удалгүй Дэлхийн I дайн эхэлсэн шүү дээ. Энэ түүхийг үргэлж санаж байх хэрэгтэй. Дэлхийн II дайныг ч аваад үзье л дээ. Тэр үед А.Хитлер цэргүүдэдээ Украинаас орж ирэх үр тарианы сүүлчийн хэсгийг орж иртэл хүлээхийг тушааж байсан гэдэг. Энэ бол эдийн засгийн нягт харилцаатай орнууд ч дайтаж болдгийн нэг жишээ бөгөөд А.Хитлерийг зөвтгөх нэг үндэслэл юм.

-Тэгэхээр эчнээ дайн бодитой гэсэн үг үү?

-Өмнө нь бол би боломжгүй гэж боддог байсан. Харин одоо бол эчнээ дайны аюул илүү бодитой болж ирж байна. Вьетнам Хятадын эсрэг, эсвэл Япон Хятадын эсрэг ч байж болно. Бид үүнийг хүсээгүй. Бээжин эрх ашгаа хамгаалахын тулд бидний хамгаалах ёстой, холбоотнуудад хэтэрхий за­нал­­­хийлж байна.  

ДЭЛХИЙН ДАЙНЫ ДАРАА ЕВРОП ТИВД ТОГТСОН ДЭГ ЖУРМЫГ АЛДАГДУУЛАХГҮЙ БАЙХ НЬ МАШ ЧУХАЛ

-Вашингтон, Москвагийн ха­рилцаа одоо түүхийн хамгийн хүнд үедээ явна. АНУ, БНХАУ дайтахад хүрвэл аль, аль нь Москваг тал­даа татахыг хичээх нь мэдээж. Вашингтон Москваг Бээжинтэй ойр­туулахгүйн тулд одоо үүсээд байгаа асуудлуудад буулт хийх болов уу?

-Тэгнэ гэж бодохгүй байна. Вашингтон одоо “Крымийг нэгтгэсэн үйлдэл нь олон улсын хэм хэмжээг зөрчсөн, Дэлхийн II дайны үр дүнд бий болсон дэлхийн нийтийн тогтвортой байдлыг алдагдуулсан” гэдгийг Москвад ойлгуулахыг хичээж байна. Вашингтоны хувьд энэ нь Орос Хятадтай ойртохоос илүү чухал.

-Москваг ямар ч үнээр хамаагүй гэсгээхээр улайрч бай­гаа нь Вашингтоны бусад эрх ашигт сөргөөр нөлөөлнө гэж танд санагдахгүй байна уу?

-Өөрийн улсын явуулж байгаа гадаад бодлогыг би эх оронч иргэний хувиар харж байгаа. Бид зөвхөн нэг асуудлыг шийдэхийн тулд биш, олон асуудлаа зэрэг шийдэхийн тулд илүү адармаатай гадаад бодлого явуулдаг. Би Украины асуудалд анхаарал хандуулж байгаа ч энэ манай гадаад бодлогын гол хэсэг биш. Москваг шийтгэх гэж улайраад байгаа юм ч байхгүй. Бидэнд ОХУ-аас гадна гадаад маш олон эрх ашиг бий. Асуудлын гол нь, Дэлхийн дайны дараа Европ тивд тогтсон эмх журмыг алдагдуулахгүй байх нь маш чухал гэдэгт оршиж байгаа юм.

-Вашингтон Москватай ха­рил­цаагаа сайжруулахын тулд идэвх гаргахгүй гэлээ. Тэгвэл Хятадтай яах вэ. Энэ хоёр улс улс төрийн юм уу, цэргийн нэгдэл үүсгэх боломж бий юү?

-Карнегийн санд ажилладаг ма­най нэг найз БНХАУ ийм алхам хийх боломжтой гэж надад хэлж байсан. Гэвч, үүнийг хэн дэмжих вэ гэдэг нь асуудал. Миний бодлоор бол бүс нутгийн асуудлыг шийдвэрлэх, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд саналаа нэгтгэх гэх мэтийн асуудлаар холбоо үүсгэх боломж бол хангалттай  бий.

Тийм холбоо бий болно, эргэлзээгүй. Гэхдээ оросууд “дүү” бо­лохыг зөвшөөрсөн тохиолдолд л ОХУ-БНХАУ гэсэн холбоо үүсэх боломжтой. Оросууд үүнийг зөв­шөөрнө гэдэгт би эргэлзэж байна.

-АНУ-ын Ерөнхийлөгчдөөс хэн нь БНХАУ-тай илүү зөв байр сууринаас харилцдаг байсан гэж та боддог вэ?
-Би энэ тал дээр эцэг Бушийн бодлогыг үнэлдэг. Тэр Бээжинтэй тал алдахгүй харилцдаг байсан. Түүнээс хойшхи нь “Та нар хатуу бодлого барьж байна. Тэгвэл бид илүү хатуу байх болно” гэж харилцаад байгаа санагддаг. Миний бодлоор энэ бол Бээжинтэй харилцах оновчтой арга биш.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button