ДЭЛХИЙНийгмийн

“Босго давсан” хүнсний хямрал

Хэвлэлүүд хүнсний хямралын талаар “Үүд тогшиж байна” хэмээн зүйрлэж бичдэг байсан бол одоо “Босго давсан” буюу нэгэнт нүүрлэсэн гэдэг зүйрлэл хэрэглэх болжээ. Дэлхийн хүнсний хөтөлбөрийн мэдээлснээр, өнөөдөр дэлхий дээр 830 сая хүн орой бүр өлөн ходоодтой унтахаар хэвтэж, 45 улсын 50 сая гаруй хүн хурц хэлбэрийн өлсгөлөнд нэрвэгджээ.  

Хүн төрөлхтөн хүнс тэжээлийнхээ 30 орчим хувийг зөвхөн улаанбуудай, эрдэнэшишээс авдаг гэсэн судалгаа байдаг юм байна. Стратегийн ач холбогдолтой энэ хоёр хүнсний үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг хоёр улс хоорондоо эвдрэлцсэн нь санаа зовинох гол шалтгаан болсон аж. Нэг нь нөгөөдөө цэрэг оруулахаас өмнө ОХУ, Украин нийлээд дэлхийн улаанбуудайн нийт экспортын 30 хувь, эрдэнэшишийн 18 хувийг бүрдүүлдэг байв.

Дайны дараа хоёр улс дотооддоо нөөц бүрдүүлэх болсноор дээрх хэмжээний үр тариа сох дутаж байгаа бөгөөд нөхцөл байдал дээрдэхгүй бол ирэх 2-3 жилдээ хэвээр байх магадлал байна. (Хямрал эхлэхээс өмнө зарагдчихсан таван сая тонн улаанбуудай ОХУ-ын бүслэлтээс болоод одоо болтол Одессын боомтод хэвээр буй) НҮБ-ын албан ёсны цахим хуудас нэг хэсэг цар тахал, тэгш эрхийн сэдэвтэй мэдээ, мэдээллээр бялхаж байсан бол сүүлийн хэдэн сард хүнсний аюулгүй байдлыг хөндсөн, санаа зовнисон, сэтгэл эмзэглүүлмээр мэдээлэл оруулах давтамж нь нэмэгджээ.

Хамгийн муу мэдээ нь, энэ байдал цаашид хэр удаан үргэлжлэхийг хэн ч хэлж мэдэхгүй байгаа юм. Украинчууд дэлхийн улаанбуудайн нийт экспортын 10, эрдэнэшишийн 16, ургамлын тосны 50 гаруй хувийг дангаараа хангадаг аж. Дэлхий дээр 400 сая хүн зөвхөн Украины үр тарианаас хамааралтай гэхээр нөлөөллийн цар хүрээ ямар өргөн болох нь харагдана. Гэтэл энэ том экспортлогч ирэх жилүүдэд үр тариа экспортлох эсэх нь тодорхойгүй байна.

Ядуу буурай орнууд өлсгөлөнд хамгийн түрүүнд нэрвэгдэнэ

Украин, ОХУ-ын улаанбуудай, эрдэнэшишийн үндсэн худалдан авагч нь Ойрхи Дорнод, Хойд Африкийн орнууд (Египет, Йемен, Израиль, Индонези, Бангладеш, Эфиоп, Ливи, Ливан, Тунис, Марокко, Пакистан, Саудын Араб, Турк) бөгөөд эдгээр улс хамгийн түрүүнд хүнсний хямралд өртөнө. Хүнсний хямралын нөлөө, хохирол үлэмж байна хэмээн санаа зовж байгаагийн учир нь, улс орнуудад одоо ч байдал амаргүй байхад дээр нь нэмээд дайны сүүдэр тусах гэж байна гэсэн болгоомжлол юм. Украин, Оросын зөрчилдөөнтэй холбоотойгоор буй болсон хүнсний хямрал улс орнуудын амьжиргаанд хэрхэн нөлөөлж байсан талаарх НҮБ-аас хамгийн сүүлд хийсэн судалгааны дүнгээс хүргэе.

Египет: Нийт иргэдийн 32.5 хувь нь ядуурлын ирмэг дээр байгаа бөгөөд Украин, ОХУ-аас гадна ган гачигтай холбоотойгоор хоол тэжээлийн дутагдалд орж эхэлжээ.

Йемен: Хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүдийн хоол тэжээлийн дутагдалд орсон хувиар дэлхийд дээгүүрт орж буй. Тус улсад 1.2 сая жирэмсэн болон хөхүүл эмэгтэй, тав хүртэлх насны 2.3 сая хүүхэд хангалттай хэмжээний хоол тэжээл авч чадахгүй байна гэсэн судалгаа гарчээ.

Индонези: Нийт иргэдийнх нь 14.3 хувь нь ядуурлын ирмэг дээр, 19.4 сая хүн өдөрт авах ёстой хоол тэжээлээ бүрэн авч чадахгүй байна.

Бангладеш: 40 сая хүн хүнс тэжээлийн дутагдалтай амьдарч, 11 сая хүн өлсгөлөнд нэрвэгджээ. Эфиопи: 5.9 сая хүн хүнс тэжээлийн хурц хэлбэрийн дутагдалд орсон байна.

Ливан: Ливаны гэрийн эзэгтэй нарын 22 хувь нь хүнсний аюулгүй байдлаа хангаж чадаагүй.

Ливи: Нийт иргэдийн 83 хувь нь өдөрт 1.25 ам.доллараас бага орлогоор амь зууж, 699 мянган хүн хүнсний аюулгүй байдлын баталгаагүй нөхцөлд байна.

Пакистан: Хүн амын 20.5 хувь нь хүнс тэжээлийн дутагдалтай, тав хүртэлх насны нийт хүүхдийн 45 хувь нь өсөлтийн хоцрогдолтой. Ирак: 2.4 сая хүн хүнс болон зайлшгүй хэрэгцээтэй бусад бараа бүтээгдэхүүнээр гачигдаж байна.

Украин улс одоогоор улаанбуудай, эрдэнэшишийн экспортоо сэргээгээд байгаа. Гэсэн ч салбарын сайдынх нь хэлснээс үзвэл, дайн цааш үргэлжилсэн тохиолдолд энэ жилийн ургацаас илүү гарах 6 сая тонн улаанбуудай, 15 сая тонн эрдэнэшишийг экспортлох боломжгүй. Украинчууд жилд 5-7 сая тонн үр тариа хэрэглэдэг бөгөөд өнгөрсөн жил хураасан 20 сая тонн ургацаа бүгдийг нь хадгалжээ. Энэ жил тариалангийн талбайгаа үлэмж нэмж, 30 сая тонн үр тариа хурааж авах зорилготой, үүнийгээ мөн нөөцлөх гэнэ.

ОХУ мөн улаанбуудайн экспортоо хаасан ба 8 сая тонн улаанбуудай экспортлод гарахгүй гэсэн үг. Энэ хоёрыг орлочих нийлүүлэгч байхгүй тул нийтээрээ хомсдолд орох нь зайлшгүй гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-05 18:46

Ливи америк барууны буянд хамгын ядуу улс болчихож дотооддоо хүнсээ тарьчихдаг бүх зүйлсийг төрөөс шийдсэн африкийн хамгын боломжын улс байсансан

Холбоотой мэдээ

Back to top button