Сурвалжилга, Нийтлэл

Тэмдэглэл #1: Зөрчил гаргасан иргэн баривчлагдах хүртлээ юу туулдаг вэ

Цагдаагийн байгууллагатай сэтгүүлчийн ажлын хүрээндээ, тэдний мэдүүлэг авахыг хүссэн дуудлагаар холбогддог төдий л байв. Харин 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулдаг зүйл заалт бүхий зөрчлийн хэрэг үйлдэж, тэр шугамаар замын цагдаагийн үүд сахин, хоёр сарын ажил удсанаа бодоход амьдрал санаанд оромгүй зүйлсээр дүүрэн.

Яав ч буруу зүйл хийсэн. Би хараахан жолооны үнэмлэхээ аваагүй яваа. Хэдхэн хоног хүлээж, үлдсэн шалгалтаа өгсөн бол “Жолоодох эрхтэй” нэгэн болох байв. Гэвч тэр өдөр зайлшгүй шаардлага гарч, автомашин жолоодсон. Жолоодохоос зургаан цагийн өмнө нэг лааз “Cass” пиво уусан. Сэтгэц, бие авч явах чадварт нөлөөлөхөө больж, бидний ярьдгаар хэдийнэ “гарчихсан” хэмээн өөртөө санаж явсан ч замын цагдаа бүх эгнээг хааж байгаад, нэг бүрчлэн “үлээлгэж” байхтай тааран, бүдэрсэн юм. Би согтууруулах ундаа хэрэглэсэн нь тогтоогдсон бөгөөд үзүүлэлт 0.28 хувь заалаа.

Ингээд хоёр сар үргэлжилсний эцэст долоо хоног баривчлагдаж, журмын хашаанд 400 гаруй мянган төгрөг төлснөөр дууссан эл үйл явдал эхэлсэн билээ.


Бичих болсон учир: Нэг зүйл тодотгоход, ийм асуудал тулгарсан нэгж иргэн юу туулдгийг сэтгүүлчийн нүдээр харсан нь миний хувьд олзуурхууштай хэрэг болсон. Тийм ч учраас уншсан хүмүүст наад зах нь сануулж, сэрэмжлүүлэх, цаашлаад эрх бүхий албан тушаалтнуудын анхаарлыг зарим асуудалд хандуулах зорилгоор үүнийг үнэнээр нь, тэмдэглэл хэлбэрээр бичихээр шийдсэн. Ялангуяа хэрэг шийдвэрлэх үйл явц ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын сонгогдсон тойрог, Сонгинохайрхан дүүрэгт өрнөсөн билээ. Мөн энэ хугацаанд сэтгүүл зүйн зорилтот бүтээл хийхээр бэлтгээгүй тул холбогдох яриа, дүрс сэлт цуглаагүй. Баривчлах байранд үзэг, цаас ч оруулаагүй учраас баримт бэлтгэх боломж улам хомс болсон. Иймд зөвхөн өөрөө эх сурвалж болж, тэмдэглэл хэлбэрээр бичье гэж шийдсэн юм.

Нэг: Хэлтэст өнгөрүүлсэн шөнө

Зургадугаар сарын 7-ны шөнө, Хархорингийн арын зам дээр замын цагдаагийн машин дотор ойролцоогоор хоёр цаг суусан дурсамжаас энэ бүхнийг эхлүүлж болно. Үүний өмнө цагдаа миний тухай рапорт хөтөлж, зураг дарж, гарын үсэг зуруулж аваад байв. Ингээд автомашин ачдаг компанид дуудлага өгсөн юм.

Үүрийн 04.30 цаг хүртэл цагдаа нар “ан” хийв. Миний ажигласнаар 4-5 цагдаа ойр орчмоор зэрэг эргүүлд гарч, сэжиг бүхий жолооч нарыг дохин зогсоож, үлээлгэж байлаа. Тэдний хоорондын яриа маш хурдтай, “Тэрийг зогсоо”, “Гүйцээд үлээлгэ”, “Наадах чинь ойлгомжтой байна” гэх мэт үгс хэлэгдэнэ. Бас ээлж хүлээлцэн, гэртээ харихаар яарч буй бололтой “Наадуулаа хурдлаач ээ”, “Хурдан аваачиж хаячхаад харья” хэмээж, нэлээд ууртай, чанга дуугаар ярилцацгаана. Ингээд бид Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтэс рүү явлаа. Явах замд яг миний машиныг аччихсан, журмын хашаа руу явж байх дүр зураг цонхоор харагдаж таарсан. Түүнээс хойш хоёр сарын дараа л машинаа харсан билээ.

Хэлтэс рүү ороод, ээлжийн цагдаа нар өнөө шөнийн хэргүүдээ систем рүү шивж оруулахаар ажиллаж эхлэв. “Компьютерын залгуур яачхав аа”, “Цаас аваад өгөөч дээ” гэлцэнэ. Миний санаж буйгаар гурван цагдаа зэрэг рапорт шивсэн. Энэ үеэр рапортод шивүүлэхээс өмнө гуйж, танил талаараа яриулахаар хэд хэдэн хүн орж ирсэн. Заримыг нь явуулчхаж байна. Заримтай нь “Зайл. Эрхийг чинь хасна за юу” гэх зэргээр зандарч, орилж харьцана. Тэр шөнийн ээлжийг ахалж ажилласан цагдаа гэлтэй, арай ахмад нэг албан хаагч орж ирээд “түйвээв”. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж, айлын хашаа мөргөсөн нэг залууг тэрбээр зодлоо. “Чам шиг юмыг хачин болгоно. Монголын шорон чамайг хэн болохыг чинь ойлгуулна” гээд тэр залууг хэд хэдэн удаа элэгдэж, өвдөглөж, цохиж, ханын шүүгээ мөргүүллээ. “Цахилгаан бороохой байна уу?” гэвэл залуу цагдаа нар “Машин дотор байгаа байх” гэснээр бороохойдох бодлоо орхив. Зодуулсан залууг аваад явлаа.

Миний хэргийг шивсний дараа тэр ахмад цагдаа ганц хоёр үг сольж, ажил мэргэжил асуулаа. Сэтгүүлч гэхээр ихэд сонирхож байгаа бололтой. Эмээлтийн махны асуудал, “Зариг”, “Улаан бал”-ыг ярьж байна. Бараг цаг гаруй зөвхөн надтай юм ярьж, сүүлдээ зүүрмэглэж байснаа явуулав. “Маргааш байцаагч дээрээ ирж уулзаарай” гэлээ. Хэлтэст хоёр цаг гаруй босоо зогссон би майжганасаар гарлаа. Үүр цайжээ.

Харин байцаагчийг олж уулзана гэдэг амаргүй хэрэг байв.

Хоёр: “Эргэж залгана” хэмээх худал үг

Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагийн хэлтэст дахин ирэхэд үүдээр нь дүүрэн хүн. Дотор хаалга нь түгжээтэй бөгөөд жижүүр цагдаа товч дарснаар нээгддэг. Харин хүмүүсийг бараг л оруулахгүй. Учир явдлаа хэлж ирсэн хүмүүст нэгэн ижил “Хүлээж бай” гэдэг хариу өгөх нь анхаарал татна. Сүүлдээ тэндхийн хүмүүс яах гэж ирснээ ч мартсан аятай, асууж сурахаа ч больж, хэлснийх нь дагуу зүгээр л хүлээцгээж байв. Би хэн гэдэг байцаагчтай уулзах ёстойгоо асуугаад, “Журнал ирээгүй байна, хүлээж бай” гэсэн хариу сонсов. Хүлээсээр тэр өдөр ажил нь тарав. Эхний өдрөө ирж, үдээс хойшийн турш хүлээсэн ч байцаагчийн нэрийг олж мэдэж чадсангүй.

Маргааш нь дахин ирж, дуугаа өндөрсгөж, гуйж нэг үзлээ. Ингэмэгц өчигдрийн жижүүр цагдаа зогтуссанаа огт журнал харалгүйгээр нэг байцаагчийн нэр хэлмэгцээ, мөн л хүлээж байхыг хүслээ. 2-3 цаг хүлээв. Ингээд “Та оруулчих л даа, би хоёр дахь өдрөө зогсож байна ш дээ” гэж гуйснаар түгжээтэй хаалгыг нэвтэрч чадав. Тухайн байцаагч өрөөндөө байж таарсан бөгөөд би хэргийнхээ талаар танилцуулахад шууд өөр байцаагч руу шилжүүлчхэж байна.

Харин нөгөө байцаагч нь надаас мэдүүлэг авч, хэргийг материалжуулсан бөгөөд дараа ирэхдээ авчрах бичиг баримтуудын жагсаалт үзүүлэв. Салахдаа “Чиний ажлын цаг зав хэдийгээр байна, тэр үедээ ирээрэй. Эсвэл би өөрөө залгая” гэсэн. Гэвч залгалгүй нэг сар болж, энэ хугацаанд би завгүй ч ажиллалаа. Ингээд өөрөө дахин ирэхэд “Чи яагаад алга болчихдог юм” гэж байна. “Та өөрөө залгана гэсэн дээ” гэвэл дуугарахгүй байна. Би зарим бичиг баримт өглөө. Дахиад л “За явж бай, би ярья” гэв. Мөн л ярьсангүй. Наадам өнгөрөв.

Ингээд наадмын дараа дахин уулзаад “Би амралтаа авсан. Баривчлах шийтгэлээ энэ хугацаанд тааруулж эдэлмээр байна. Процессыг хурдлуулмаар байна” гэж хэллээ. Царай нь хувьсхийснээ ирэх долоо хоногийн мягмар гарагт шүүх хуралтай, түүнээс өмнө нэмэлт бичиг баримт байвал бүрдүүлэхийг санууллаа.

Би гэртээ хөдөлмөрийн чадвар алдсан хүн асардаг тухай бичиг дараа өдөр нь авчрав. Ингээд шүүх хурлаа хүлээв.

Гурав: Гэм буруугаа шүүлгэсэн нь

Заасан өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд очлоо. Байцаагч ирсний дараа шүүх хурлууд эхэлдэг юм байна. 10 гаруй хүн ирсэн байх бөгөөд тэрбээр дараалалд оруулж зогсоогоод, өөрөө шүүх хурлын танхим руу орлоо. Нэг амандаа “Өвчин зовлон ярихгүй шүү. Гялалзуулаад, гялалзуулаад явна. Ойлгосон уу?” гэх мөртлөө бас нэг амандаа “За тэгээд, ороод зовлонгоо сайн ярина шүү” гэж сануулах аж.

Би 4-5 хүний дараа шүүх хурлын танхим руу орлоо. Миний үйлдсэн хэрэг Зөрчлийн тухай хуулийн 14.7.5 бөгөөд 7-30 хоног баричвах шийтгэл оногдуулдаг. Прокурор найм хоног төлөвлөсөн ч шүүгч долоо болгов.

Нэг хүний хэргийг ойролцоогоор 10 минутын дотор шийдвэрлэх аж. Сонгинохайрхан дүүргийн хувьд замын хөдөлгөөнтэй холбооотой хэргүүдийг долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагт шүүдэг аж. Ингээд ШШГЕГ-ын харъяа Баривчлах байр луу явахаар болов. Шүүх хуралд орсон өдрөө шууд явна гэж бэлдээд, ууттай зүйлс авчирсан байсан. Замын цагдаагийн хэлтэс дээр эргэж ирээд, таван цаг хүлээж, оройн 18 цагийн үед хөдөлцгөөлөө.

Үргэлжлэл бий: Баривчлах байрны дотоод орчин нөхцөлийн тэмдэглэлийг үргэлжлэл болгон тусад нь бичнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2022-08-08 11:19

Ямар новшийн юм бэ? Энэ цагдаа , шүүх гэдэг чинь. Энийг л хүнд сурт�##� гээд байгаа биз дээ. Төрийн энэ заваан үйлчилгээг л болиулах гээд дээр доргүй яриад байгаа биз дээ. Тодорхой , сайн бичээ хө, үнэнийг мэдэж авъя.

Холбоотой мэдээ

Back to top button