НИЙГЭМЭДИЙН ЗАСАГ

Зээл олгосны шимтгэл хэмээх “ШИМЭГЧ”-ийг сэхэхээргүй устгах арга

Эдийн засагч Д.Ангар саяхан фэйсбүүк хуудастаа “Анхан болон давж заалдах шатны шүүхээс арилжааны банкуудыг зээл олгосны шимтгэл гэх 1 хувийн нэмэлт төлбөр авах эрхгүй байсан гэж үзжээ. Өөрөөр хэлбэл 1 хувийн шимтгэлийг хууль бус гэж үзсэн аж. Тухайн банк нь Дээд шүүхэд давж заалдсан байгаа бөгөөд хэрвээ Дээд шүүхээс 1 хувийн нэмэлт төлбөрийг хууль бус гэж үзвэл сүүлийн 10-15 жилд банкууд иргэдээс авсан 1 хувийн төлбөрөө буцаан өгөх кейс үүсэх нь ээ. Хэдэн арван (магадгүй зуун) тэрбумын асуудал яригдах байх” хэмээн бичжээ.

Олон нийтийн сүлжээг нэг талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй адилтгаж үздэг ч нөгөө талаар хувийн орон зай тул түүний бичсэнийг буруутгах үндэслэл байхгүй. Харин нөлөөтэй эдийн засагчийн хувьд Дээд шүүхийн шийдвэрийг олон нийтэд ашиггүйгээр эргүүлэх үр дагавар үзүүлчих вий гэсэн болгоомжлол төрж, гарц шийдэл эрэлхийлснээ хуваалцмаар санагдлаа.   

Түүний жиргээнд хоёр тал байна. Тэрбээр эхний хоёр өгүүлбэрийг бичсэнээрээ хэний ч анхаарлыг татаагүй хэр нь үр дагавар нь маш том хэргийн явц, шүүхийн шийдвэрийн агуулгыг олон нийтийн анхааралд оруулж гавьяа байгуулжээ.

Харин гурав, дөрөв дэх өгүүлбэрээрээ маргалдагч талуудад сэдэл өгч, хэргийн цаашдын шийдэлд нөлөөлж мэдэхээр агуулга гаргачихжээ гэж харлаа. Тодруулбал, Дээд шүүхийн шийдвэр эсрэг талд гарвал цаашдаа банкуудад маш хохиролтой тусахыг анхааруулсан байна. Зөвхөн маргаанд оролцогч банк бус, нийт банкуудын эрх ашгийг хөндөж, өндөр мөнгөн дүн тавьсан нь нийт банкууд нэгдээд Дээд шүүхийн шийдвэрт нөлөөлөх оролдлого хийх сэдэл төрүүлэх вий гэсэн болгоомжлолыг төрүүлэхээр. Дээд шүүхийг лоббид автдаг гэж бодохгүй байна. Гэхдээ энэ хэргийг анхан шатны шүүхээс банкуудад ашигтай байдлаар шийдвэрлэсэн гэдгийг Д.Ангар эдийн засагч санах ёстой байсан болов уу.

            ДЭЭД ШҮҮХ ШИМТГЭЛ ХЭМЭЭХ “ШИМЭГЧ”-ИЙГ ҮГҮЙ БОЛГОНО ГЭЖ НАЙДАЖ БОЛОХ УУ

            Энэхүү бичвэр маань эдийн засагч Д.Ангарын үзэл бодол, дүн шинжилгээ хийх чадвар, Шүүх эрх мэдлийн байгууллагуудын шийдвэрийг огт үгүйсгээгүй бөгөөд гагцхүү эцсийн шийдвэр иргэдэд ашигтай гарах ёстой гэдэг байр сууринаас хандаж дээрх санаануудыг илэрхийлсэн билээ. Тиймээс ч Дээд шүүх эцэслэн шийдээгүй байхад бичихээс аргагүй байсан гэдгээ учирлая. Эндээс шийдэл олох дараагийн санаанууд урган гарч байгаа бөгөөд агуулга нь Дээд шүүхийн шийдвэртай хамаагүй тул "Нөлөөлөх оролдлого" гэж буруутгахгүй болов уу гэж бодож байна.

Иргэн Г.А... нэхэмжлэгчтэй, Нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн  210/МА2022/01034 дугаартай шийдвэрийг олж үзсэн. Үндэслэл нь “Өөрийн үндсэн үйл ажиллагаа болох зээл судлах, олгох үйл ажиллагааны зардлаа зээлдэгчээс гаргуулж авах эрхийг банкинд олгоогүй” гэж гарсан байна лээ.

Товчхондоо, банкуудад төлж буй хүүгийн төлбөрт банкны үйл ажиллагааны зардал орсон байтал нэмж шимтгэл авдаг нь иргэдийн аргагүй байдлыг далимдуулсан “Дээрэм” гэдгийг Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр нотолжээ.

Дээд шүүх хэрвээ Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээвэл өнгөрсөн хугацаанд иргэдийн төлсөн мөнгө үндэслэлгүй байсан учир буцааж авах асуудал үүсэх нь зүй ёсны хэрэг. Гэвч олон жил үргэлжилчихсэн, маш мөнгөн дүнтэй учир буцааж үйлчлүүлбэл банкуудын чадамжид нөлөөлөх, зээлийн хүү нэмэгдэх зэрэг сөрөг үр дагавартай.

Дээд шүүх энэ үр дагавараас болгоомжлоод анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх вий гэсэн айдас байна. Тэгвэл шимтгэл хэвээр үлдэж, шимтгэл төлсөн харилцагч болгон шүүхдэж байж буцааж авах жишиг үүсэх юм. Үндсэндээ шимтгэлийн хэмжээ нь шүүхийн зардлыг дараад цаана нь илүү гарах хэмжээний том зээлдэгчид л шүүхэд хандана. Асуудал нь хэвээр үлдэнэ гэсэн үг.  

Шүүхээс өмнө нь төлсөн шимтгэлүүдийг буцааж олгохгүй, шүүхийн шийдвэр гарсан өдрөөс дагаж мөрдүүлнэ гэсэн шийдвэр гаргах боломжтой эсэхийг мэдэхгүй байна. Тийм шийдвэр гарвал өмнө нь шимтгэл төлсөн хүмүүс хохироод үлдэнэ.

            ГЭХДЭЭ ШИЙДЭЛ БАЙНА...

Банкуудын шимтгэлтэй холбоотой асар их анхаарал татсан хэрэг ийнхүү Дээд шүүх дээр очиж, шийд яаж ч гарсан олон үр дагавруудыг араасаа дагуулах нь тодорхой байна. Тийм ч учраас энэ адармаагаас тойрох санааг илэрхийлэхийн тулд Дээд шүүхийн буюу эцсийн шийдвэр гарахаас өмнө бичихээс өөр аргагүй байлаа гэдгээ дээр хэлсэн. Төвөг чирэгдэл багатай шийдэл байгаа.

Дээд шүүхийн шийдвэр яаж ч гарсан энэ асуудлыг банкууд, иргэдийг бодсон, аль аль талынх нь эрх ашгийг хангасан, гол нь эцсийн үр дүнг зээлдэгчдэд ашигтай гаргах эвтэйхэн арга байна.

Нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн шимтгэл хууль бус гэж үзсэн үндэслэлээ “Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 он/-ийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан. Өөрөөр хэлбэл, зээл олгосон шимтгэл буюу зээлдүүлэгчийг өөрийн үндсэн үйл ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх хяналт, эрсдэлийн менежментийн төлбөрийг зээлдүүлэгчээс авах эрхийг хуулиар банкинд олгоогүй” гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл, “Шимтгэл авна гэсэн заалт хуульд байхгүй учраас” гэж тайлбарлажээ.

Тэгвэл одоо УИХ Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 он/-д өөрчлөлт оруулж, банк өөрийн үйл ажиллагаатай холбоотой зардлыг зээлдэгчээр төлүүлэхийг буюу зээлдэгчээс зээл судалсны шимтгэл авахыг хориглох заалт нэмж болно. Ингэвэл асуудал маш төвөг багатай шийдэгдэх боломжтой.

Шүүхийн шийдвэр зарчмын асуудал хөндөх учир гарснаасаа хойш маш төвөгтэй нөхцөл байдал үүсгэнэ. Харин хууль буцаж үйлчилдэггүй учир шууд мөрдөөд явж болно. Үр дүнд нь шимтгэл хэмээх шимэгч үгүй болж, иргэдийн нуруу бага ч гэсэн тэнийх юм.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Шүүхэд талархах хэрэгтэй
Шүүхэд талархах хэрэгтэй
2022-08-13 18:05

Сүртэй юм бэ банк нь олон уу ? Зээлдэгчид нь олон уу? Банкууд шүүхийн шийдвэрт нөлөөлж чадахгүй. Шүүх хуулиа барина. Банкууд нөлөөлөхийг оролдвол эсрэг авах арга хэмжээ зөндөө бий. Хүү авчихаад нэмээд зээл өгсний нэг хувь авах ямар ч үндэслэлгүй.

Шүүхэд талархах хэрэгтэй
Шүүхэд талархах хэрэгтэй
2022-08-13 18:07

Банкууд тэр байтугай �##�дагдсан мэдээллээрээ шүүхэд дуудагдаагүй байгаадаа баярлах хэрэгтэй. Бүх хүний мэдээлэл �##�даж хар зах зээлд зар тавиулчихаад өнөөг хүртэл хэн тэгснийг нь илрүүлээгүй жирийн үйл явд�##� мэт болсон мэт суугаа !

Холбоотой мэдээ

Back to top button