Сурвалжилга, Нийтлэл

Хашаандаа лили цэцэг, хүнсний ногоо тарьдаг Улсын аварга тариаланч гэр бүл

Лили. Нэрнээсээ эхлээд л сэтгэл татам. Цэцгийн нэр атлаа эмэгтэй хүний нэр юм шиг санагдах нь сонин. Тэр ч утгаараа эрчүүдийн сонголтын нэгт зүй ёсоор багтдаг байх. Эмэгтэйчүүд ч эл цэцгийг бэлгэд авах дуртай.

Цэвэр ариун сэтгэл, гоо үзэсгэлэнгийн бэлгэдэл болсон эл цэцгийг монголын хөрснөө тарьж, ургуулж байна. Тэдний нэг бол Ц.Амарсанаагийнх. Тэрбээр төмөр замч. Одоо бол хувиараа тээврийн үйл ажиллагаа явуулдаг. Эхнэр Ц.Сүнжидмаа нь Монгол Улсын зөвлөх агрономч. Тэд өнгөрсөн жил улсын аварга тариаланч болсон.

Тэднийх Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны айл. Таван охинтой. Том нь анагаахын сургуулийн хоёрдугаар ангийн оюутан. Харин хамгийн бага нь цэцэрлэгийн насных.

Гэрийнх нь хаягийг яг таг заалгаж аваад очлоо. Өөдлөх айл үүднээсээ гэдэг шиг хашааных нь хаалга хэчнээн хөдөлмөрч хүмүүс энд амьдардгийг хүүрнэж байв. Цэцэг тэвэрсэн заан ба мөөгнүүд...

Дотогш ороход хүлэмж, моднууд биднийг угтлаа. Гэрийн эзэн, гэргий хоёрын эд ажлынх нь цагаар очсон тул эхлээд хүлэмжүүдээр нь зочиллоо. Тэд дан ганц лили тарьдаггүй ажээ. Хашаанд нь 20 гаруй хүлэмж. Тэдгээрийн гуравт нь лили, бусдад нь навчит голдуу ногоо, амтлагчийн төрлийн ногоонууд тарьдаг юм байна. Үүнээс гадна хашаан дотор нь модод, жимс, өнгө, өнгийн цэцэгс алаглана. Бараг л явган хүний замаас бусад бүх хэсэгт ямар нэгэн “юм” тарьжээ.

ЖАМ ЁС МЭТ

Тэднийг 2007 онд гэр бол болсны дараа агрономч бэртэй болж буй юм чинь хэмээн аав, ээж нь хашаагаа өгч, тэр жилээс мод, төмс тарьж эхэлжээ. Гэрийн эзэн Ц.Амарсанаа цалингийн зээл авч, нэг хүлэмж барьж, түүндээ салатны навч голдуу тарих болж. Монгол ногоог хүмүүс нэг их тоодоггүй. Тэдний тарьж  буй ногоо ч хүмүүсийн “танил” болоогүй цаг үе тул хүнсний дэлгүүрүүдэд үнэгүй өгдөг болжээ. Нэг зуны турш дэлгүүрүүдэд үнэгүй өгч, өөрсдийн гэсэн хэрэглэгчтэй ч болоод ирж. Хэрэглэгчдийнхээ хэрэгцээг хангахын тулд гадаа талбайдаа бууцай тарьж үзжээ. Туршилт бүтэж, намар нь 50х8-тай гадаа талбайгаасаа бууцай хураан авч, сая гаруй төгрөг олжээ. Энэ үйл явдлаас тэд урамшиж, түүнээс хойш мөнгө л олдвол хуримтлуулах болж. Ийн хуримтлалаараа хүлэмж барьсаар, өдгөө 4000 м.кв 20 гаруй хүлэмжтэй болжээ. Бүх хүлэмжийг нөхөр нь барьсан тухай гэргий Ц.Сүнжидмаа инээмсэглэн ярих.

ЛИЛИ ХЭЗЭЭНЭЭС ТАРЬЖ ЭХЛЭВ...

Харин лилиг 2018 оноос тарьж эхэлсэн байна. Анх хадам эгчийнх нь найз лилины хэдхэн ширхэг булцуу өгч байжээ. Уг булцуугаа тариад үзтэл лили амжилттай ургаж, үүнээс хойш тэд БНСУ-аас нэг ширхэг булцууг 5-8 мянган төгрөгөөр захиалан авах болжээ. Эхний 2-3 жилүүдэд нэг булцуунаас нэг ширхэг цэцэг гаргаж авна. 5-6 дахь жилээсээ нэг булцуугаа 4-5 болгож чадах юм бол ашиг өгч эхэлдэг гэнэ. Тэд өнөөдрийн байдлаар хасахтай ажиллаж буйгаа нуусангүй.

Энэ тухайгаа “Цэцгийн тухайд бид одоохондоо хоббигоороо л явж байгаа. Хасахтай ажиллаж буй ч тариаландаа чимэг нэмэх гээд ийн тасралтгүй тарьж байна. Лилиг Монголд тарьж байгаа 2-3 газар бий. Тэд ч гэсэн ялгаагүй цэцгээ таниулах гээд ажиллаж буй. Манайх нэг ширхгийг нь 6000-аар цэцгийн дэлгүүрүүдэд нийлүүлдэг. Мөн хүмүүс гар дээрээс ирж авах нь олонтаа. Дэлгүүрүүдэд лили 25,000-30,000 гээд зарагдаж байх шиг байна лээ. Үүнийг харсан хүмүүс Монголд тарьсан юм үнэтэй байна гээцгээх юм. Дэлгүүрүүд ажиллаж буй хүнийхээ цалин, цэцгийн баглаа боодол гээд өртгүүдээ шингээгээд ийн зарж байгаа байх” хэмээв.

Лили цагаан, шар, улбар шар, улаан, нил ягаан гэх мэт өнгөтэй байдаг. Ц.Амарсанаагийнх цагааныг тарьдаг. Тариалалтын хугацаа, усалгаа, арчилгааны талаар тодруулахад “Лили тарихад хүндрэлтэй зүйл байхгүй. Хамгийн хүндрэлтэй зүйл нь л борлуулалт. Анх тарьчхаад, зарж чадахгүй хагдруулчихдаг байсан. Харин энэ жил бол тэгсэнгүй. Хүмүүс цэцгийн дэлгүүрээс биш гар дээрээс ирж авдаг болж. Цэцгийн дэлгүүрүүд рүү ч олноор нийлүүлсэн. Ирэх жилээс цэцэг маань асуудалгүй зарагдахаар бололтой.

Тариалалтын тухайд бид тавдугаар сарын 1-нээс хойш 10, 10 хоногийн зайтайгаар гурван хүлэмждээ тарьдаг. 7-10 хоногт нэг удаа усалдаг. Манай лили 60-70 хоногийн болцтой. Бүгдийг нь нэгэн зэрэг тарьчихвал зэрэг цэцэглээд борлуулахад хүндрэлтэй нөхцөл байдал үүснэ. Тиймээс зайтай тарьдаг. Сүүлд тарьсан лили маань дуусаж байна. Одоо хүлэмжид 100 гаруй ширхэг л үлдсэн. Эдгээрийгээ борлуулчхаад лилиныхээ булцууг хөрсөн дор нь хоёр сар байлгаж томруулна. Тэгээд булцуугаа хөрсөн дороос авч, хөвдөн хөрсөнд хийн +2-оос -2 градусын хооронд хадгалдаг. Тэгээд дараа жил гаргаж ирээд цэцгээ тарьдаг гэсэн үг” гэлээ.

ХӨРС АРЧИЛГАА БА ХУРААЛТ

Тэд жил бүрийн дөрөвдүгээр сарын 20-ноос аравдугаар сарын 10 хүртэл ажилладаг. Ингэж л ашигтай богинохон улирлыг ашиглахгүй бол зун олсон орлогоо өвөлдөө хүргэх болдог. Иймд тэд өглөөнөөс үдшийн бүрий хүртэл ажилладаг байх нь. Тэдний өглөө 04.00 цагаас эхэлдэг. Ийн эртлэн босоод барс зах руу явж дундын ченжүүдэд ногоогоо хүргэж өгдөг байх нь. Тэгээд өдөр нь усалгаа, үрсэлгээ, цэвэрлэгээний ажил тэднийг "тосно".

Зуны хүлэмжид үрээр тарих юм бол хоёр удаа навчит ногоо хураана, үрсэлгээгээр тарих юм бол дөрвөн удаа хураадаг аж. Ц.Амарсанаагийнх хавар нь үрсэлгээгээ хийж эхэлдэг юм байна. Үрсэлгээгээр тарихаар нэг бүрчлэн гар бие оролцох хэрэгтэй болдог аж.

Тэд ургацаа хураах өдрүүдээ талбайн түүхийн дэвтэр дээрээ тэмдэглэл хөтөлдөг. Учир нь ногоо бүрийн болцын хураалтын хоног харилцан адилгүй байдаг. Тэр ч утгаараа ийн тэмдэглэж авдаг байх нь. Бас нөгөөтээгүүр хөрсний сэлгээ хийхэд тэмдэглэж авсан мэдээллүүд их нэмэр болно. Тодруулан хэлбэл, энэ жил салатны навч тарьсан хөрсөн дээрээ дараа жил дахиад салатны навч тарих ёсгүй. Дараа жил нь өөр ногоо тарих ёстой байдаг аж.

Үүнээс гадна ногоонууд ургаж байх явцад хөрсийг нь сэргээж, хөрсөнд байх ашигтай бичил биетнийг дэмждэг юм байна. Хөрсөн дотор байгаа ашигтай бичил биетний тоог нэмэгдүүлэх бордоо болох хонины бууцыг исгэж хэрэглэдэг тухайгаа гэргий Ц.Сүнжидмаа онцолж байлаа. Түүнчлэн бактерийн бэлдмэл гэх хөрс ариутгадаг бэлдмэлээр усалгааны явцад хөрсөө ариутгадаг тухайгаа ярьсан юм.

АЖИЛЛАХ ХҮЧНИЙ АСУУДАЛ БА ХӨӨРХӨН ШИЙДЭЛ

20 гаруй хүлэмжинд хоёулахнаа ажиллана гэвэл хэцүү. Хүн л юм чинь ядарна. Нэг их нартай өдөр гэрийн эзэгтэй Ц.Сүнжидмаа ажлаа хийгээд явж байхдаа яах гэж ийм ажил сонговоо гэж боджээ. Гэсэн ч хүлэмжнийхээ гадаах сүүдрэвчинд суугаад түр амсхийн хийсэн ажлуудаа харж урамшин ямар золоор би агарномч болоо вэ гэх бодол хүчтэй төрсөн байна.

Тэд таван охиндоо нэг, нэг хүлэмж хариуцуулан өгчээ. Бүгд өөрсдийн хүлэмж рүүгээ өдөр бүр орж, усалгаа, арчилгааг нь аав, ээжтэйгээ хамт хийнэ. Таван охиноос гадна тэдэнд өдөр тутам гурван хүн тусална. Байнгын ажилчид нь цалинтай. Харин ургац хураалтын үед зарим хүмүүстэй хувь тохирч ажилладаг байх нь. Ийн ургац хураалцаад гэрийнхээ хүнсний ногооны хэрэгцээг хангачихдаг айл, өрх олон байдаг гэнэ. Гэсэн хэдий ч зарим хүмүүс хоёр хоног ажиллачхаад алга болчихдог. Зарим нь цалингаа авчхаад хэд хоног ирдэггүй. Ер нь бол хүмүүс газар шорооны ажилтай зууралдах дургүй болчхоод буйг тэд ярьж байлаа.

Өдөрт өөрийн боломжтой цагаараа ирж ургац хураалцаад хувь тохирох хүмүүст тэдний үүд хаалга хэзээд нээлттэй буйг мөн онцлон хэлж байсан юм. Түүнчлэн өөрөө өөртөө үйлчилж хэрэгцээний ногоогоо сонгон хурааж авах боломжтой юм байна. Ийн ногоо авах хүмүүст тэд дараах зөвлөмжийг өгч байна.

  • Очиж ногоо авахын өмнө 86222222, 99569454 дугаарын аль нэг рүү залгаж мэдэгдэх ёстой. Учир нь зарим ногоо дуусчихсан, байхгүй үе бий.
  • Ногоогоо хийх ууттай ирэх

Тэдний тарьж буй ногоонуудаас дурдвал: Заа бараг тарьдаггүй ногоог нь нэрлэвэл амар юм билээ. Бүдүүн ногоо бараг л тарьдаггүй. Бүдүүн ногооноос цагаан лууван, брокколи, хулуу зэргийг тарьдаг юм билээ. Навчит төрлийн ногоонууд их тарьдаг. Салатны навч, юуцай, өргөст хэмх, улаан лооль, Гааны навч, базилик, гүнждийн навч тэргүүтэй 24 төрлийн ногоо тарьдаг юм билээ.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-19 09:00

Таван охиндоо таван хүлэмж хариуцуулчхаар цэцэрлэгийн охин нь яадаг бол ккк

Eej
Eej
2022-08-19 22:36
Reply to  Зочин

Bugdiinh ni dund neg hulemj ugdug. Ted ter dotoroo hussen zuilee tarij hudulmurt suralts#ag youmaa. End buruu bichigdsen baina

Зочин
Зочин
2022-08-19 09:21

ЯМАР ХӨДӨЛМӨРЧ МУНДАГ ЗАЛУУС ВЭ БОЛОМЖ ҮРГЭЛЖ БАЙДАГ ИЙМ САЙХАН МОНГОЛДОО БАС АМЬДАРЧ ЗАЛУУС МААНЬ ЗҮТГЭЛТЭЙ САЙХАН БАЙГААГ ХАРАХ САЙХАН БАЙНА ӨӨ

Зочин
Зочин
2022-08-19 09:46

eruuul enk az jargal husiii zaluus#aaa uneheeer mundag bna

Зочин
Зочин
2022-08-19 11:49

Гоё сурв�##�жилга байна, сайхан хөдөлмөрч гэр бүл юм

Зочин
Зочин
2022-08-19 13:38

улсын аварга болтолоо ингэж хөдөлмөрлөнө гэдэг үнэхээр сайхан байна з�##�уус хүмүүс ингэж л гялтганадаг дааа илүү том амжилт хүсий хүүхдүүд минь

Зочин
Зочин
2022-08-19 15:26

хөдөлмөрч з�##�уу хүмүүс хамгийн сайхан нь илүү том амжилт хүсий мундагуудааа

ЗОЧИН
ЗОЧИН
2022-08-19 15:33

2 АЙЛЫН САЙХАН ГАЗАР БАЙНА АА. ХООСОН 10-Д ЖИЛ БОЛЛОО. ИЙМ НОГОО ТАРЬДАГ ХҮМҮҮСТЭЙ ХАМТАР Ч АЖИЛЛАМААР БАЙНА. УТСАА ҮЛДЭЭВЭЛ МАШ САЙН БАЙНА.

САРААНА
САРААНА
2022-08-19 16:32

САРААНА гэдэг цэцэг шүү дээ дүнхүү сэтгүүлчид ээ.

Зочин
Зочин
2022-08-19 18:28
Reply to  САРААНА

сараана чинь усан дээр хөвж ургадаг цэцэг бишүү их мэдэгч минь?

Холбоотой мэдээ

Back to top button