
Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын сайд нарын VIII хурлын үр дүнг хэрэгжүүлэх Зохицуулагчдын хуралд оролцох үедээ Гадаад харилцааны сайд Ван И Африкийн 17 улсын 2021 онд хугацаа нь дууссан 23 хүүгүй зээлийн өрийг тэглэхээ мэдэгдсэн билээ. Үүнтэй зэрэгцээд барууныхан “БНХАУ Африкийг санхүүгийн аргаар колоничлох бодлого хэрэгжүүлж байна уу” гэсэн сэдвийг сэвдгээрээ сэвлээ. Үнэндээ бол БНХАУ Африкийн улсуудад олгосон зээл, хөрөнгө оруулалтын өчүүхэн хэсгийг хүүгүй зээл эзэлдэг, “Хар тив”-ийн гол зээлдүүлэгч, жинхэнэ колоничлогчид нь барууныхан гэдгийг мэддэг хүн бол дээрх хоёр мэдээллийн алинд нь ч тэгтлээ ач холбогдол өгөхгүйсэн билээ.
Харин сүүлийн сар хүрэхгүй хугацаанд ОХУ мөн энэ тивийг сонирхож, өрнөдийнхний зүүлгэсэн гинжнээс нь суллах амлалт өгөх болсон нь анхаарал татах сэдэв яах аргагүй мөн. Гэхдээ өрнийг эрчим хүчээр харангадуулж, тогийг нь нэгмөсөн таслах ОХУ-ын санаа зорилгыг тайлбарлахаас өмнө БНХАУ Хар тивд хэрхэн хүчирхэгжсэн, тэр нь өрнийн ашиг сонирхолтой мөргөлдөхөд ямар үр дүн гарсан талаар эхлээд бичье.
200 ТЭРБУМ+ ?
БНХАУ-д хэдий хэмжээний зээл өгсөн нь бүрэн тодорхой биш. “Өрийн хавх”-ны сэдвийг сэвэхдээ өрнөдийнхний дөрөөлдөг гол асуудал нь энд байдаг. Жон Хопкинсын их сургуулийн Хятад-Африкийн институтын хийсэн судалгаагаар, БНХАУ нь 2000 оноос хойш Африкийн орнуудад 124 тэрбум ам.доллар зээлдүүлсэн гэсэн бол ОУВС-гийн тооцооллоор 2000-2018 оны хооронд 148 тэрбумыг өгсөн гэнэ. Цар тахлын хоёр жилд хөрөнгө оруулалтын хэмжээ эрс буурсан ч жилд 1.9 тэрбум ам.долларын төслүүдийг хэрэгжүүлсээр энэ жилтэй золгосон байна. Зарим эх сурвалжид БНХАУ “Хар тив”-д 200 гаруй тэрбум ам.доллар оруулсан гэх бөгөөд ОУВС, Дэлхийн банк зэрэг нь сүүлийн үед болсон том хурлууд дээр улс орнууд зээл тавихдаа нууцлалын гэрээ байгуулдаг болсон талаар байнга ярьдаг болоод буй нь БНХАУ-тай шууд холбоотой юм. Зарим судлаачид БНХАУ-ыг зээл олголт тал дээр АНУ, Европыг гүйцсэн гэж мэтгэдэг. Гэхдээ албан ёсны мэдээллээр бол “Хар тив”-ийн хамгийн том зээлдэгч нь одоогоор АНУ хэвээр байгаа юм. .
ЭЧНЭЭ ДАЙНЫ СҮҮДЭР "АРАБЫН ХАВАР"
Африк дахь БНХАУ-ын нөлөө сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн нь хэнд ч тодорхой. Гэхдээ АНУ, Их Британи, Франц тэргүүтэй барууныхан “Хар тив”-ийг БНХАУ-д зүгээр тавиад өгчихөөгүй. Ил далд хэлбэрээр тэмцсээр буй. Энэ тэмцлийн нэг илрэл нь “Арабын хавар” нэрээр түүхэнд үлдэх, Ойрхи Дорнод, Хойд Африкийн орнуудыг хамарсан цуврал төрийн эргэлт, иргэний дайн аж.
Хойд хөршийн “Экспресс газета“ сонины улс төрийн тоймч А.Вассерман энэ талаар “БНХАУ Африкт улам хүч нөлөөтэй болж байгаа нь АНУ-д таалагдаагүй. Африкчууд өмнө нь Европ, Америктай ашиг багатайгаар хамтардаг байсан бол хятадууд эсрэгээрээ харилцан ашигтай нөхцлүүдийг санал болгосноор удирдагчдынх нь дэмжлэгийг бүрэн авч чадсан. Байдал Хятадын талд болж өөрчлөгдсөнийг эхлээд дэлхий нийтээрээ зүгээр л ажиглаж байв. Гэвч сүүлдээ ашиг сонирхлын зөрчил дээд цэгтээ хүрч, “Арабын хавар” эхэлсэн. Хятадтай хамтрахаар ам өчгөө өгсөн удирдагчид ээлж дараалан төрийн эрхээс зайлуулагдсан” хэмээн өгүүлсэн нь үнэний ортой. “Арабын хавар”-ын нэгэн голомт, дарангуйлагч Бен Алиг түлхэж унагасан Тунист л гэхэд БНХАУ хөрөнгө оруулалт цутгасаар газрын тосны хамгийн том ордыг нь авчихаад байсан билээ.
А.Вассерманы үзэж байгаагаар бол АНУ “Арабын хавар”-ыг зохион байгуулсан нь дан ганц Африк дахь БНХАУ-ын нөлөөг сулруулах явдал биш байж. Тэдний эцсийн зорилго бол дэлхийн улс орнуудыг евро худалдаж авахуулахгүй байх явдал байсан гэнэ. Вашингтон энэ зорилгодоо хүрэхийн тулд “Лалын ахан дүүс” байгууллагыг лоббидон Египетийн төрийн эрхийг атгуулсан. “Европчуудад таагүй ханддаг “Лалын ахан дүүс” байгууллага Засгийн эрхэнд гарвал Суэцийн суваг дээр хяналтаа тогтооно. Ингэвэл Европчууд Африкийн нефтийг арав дахин өндөр зардлаар тээвэрлэх хэрэгтэй болно” гэсэн тооцоон дээр Б.Обама ийм алхам хийсэн юм. Ханш нь тэртэй тэргүй тогтворгүй байгаа еврог жаахан л түлхээд өгвөл хөрөнгө оруулагчид еврог зарж эхэлнэ, үр дүнд нь ам.доллар хожно гэж тооцсон хэрэг. Эмнэлгийн хэллэгт “Зайлшгүй хагалгаа” гэсэн ойлголт байдаг. Эмч хамгийн эрсдэлтэй үйлдлүүдийг хийхгүй бол өвчтөн үхэх нь гарцаагүй үед энэ нэр томъёог ашигладаг. АНУ-ын Африкт ил, далдаар явуулж байгаа ажиллагаанууд яг л ийм. Чухамхүү “Арабын хавар”-ын ачаар л ам.доллар үнэ цэнээ хадгалж, Нэгдсэн улс задралаас аврагдсан” гэж А.Вассерман өгүүлжээ. “Тухайн үед АНУ, ам.долларын ирээдүй Европын холбоо, еврогийнхоос ч бүрхэг байсан” гэх түүний дүгнэлтийг 2010, 2011 оны үед нэртэй эдийн засагч, судлаачид олонтаа гаргаж тавьдаг, бичдэг байсан нь гарцаагүй үнэн билээ.
“БАРААС ЧОНО ДЭЭР”
Одоо эргээд харахад “Арабын хавар”-ыг эхлүүлсэн Вашингтоны нэг ч гэсэн зорилго нь биелж, ам.доллар аврагджээ. Харин БНХАУ-ыг Африкаас шахан гаргах зорилго нь биелсэнгүй. БНХАУ Африкт нөлөөгөө улам бүр тэлж байгаа нь Хятад-Африкийн хамтын ажиллагааны VII чуулганаас тод харагдлаа. “Арабын хавар” амжилт олоогүй шалтгааныг тэгвэл шинжээчид африкчуудын өөрсдийн хүсэл сонирхолтой холбон тайлбарлаж байна. Нөхцөл байдлаа дордуулахыг “Чонын амнаас гараад барын аманд” гэж зүйр үгээр хэлдэг. Тэгвэл барууныхнаас зайгаа барьж, БНХАУ-тай хамтрах нь африкчуудын хувьд “Барын амнаас гарч, чонын аманд орох”-той адилхан болчихоод байгаа гэнэ.
Руанда улсын Ерөнхийлөгч, Африкийн орнуудын зөвлөлийн тэргүүн Пол Кагаме “Хятад бол АНУ, Европынхноос илүү, хүндэтгэлтэй хамтрагч” гэж ил тод мэдэгдсэн нь үүнийг нотолно. БНХАУ Африкийн орнуудын зөвлөлд цэрэг зэвсгийн тусламжийг үнэгүй үзүүлсэн бөгөөд цаашид ч үргэлжлүүлэх гэнэ.
БНХАУ Африкт нөлөөгөө улам тэлэхийг эрмэлзэх шинэ нөхцөл байдал ч үүссэн. “АНУ-тай худалдааны дайн өрнүүлснээр Бээжинд экспортын шинэ суваг олох шаардлага гарсан. Энэ шинэ суваг нь Африк бөгөөд стандарт султай “Хар тив”-д тэд хямд бараа нийлүүлэх замаар эдийн засгийн өсөлтөө хангах төдийгүй хамтарсан үйлдвэрүүдийг олноор нь байгуулж АНУ-ын зах зээлд гарах ч боломжтой юм” гэж дээр цухас дурдсан Жон Хопкинсын их сургуулийн Хятад-Африкийн институтээс гаргасан тайланд дурджээ.
БНХАУ-ЫН ОЛГОДОГ ЗЭЭЛ ГЕОПОЛИТИКИЙН ЗОРИЛГОТОЙ ЮУ
Хятадын хөрөнгө оруулалтыг багасгахын тулд барууны орнууд Африкт төрийн эргэлт зохион байгуулах, хөрөнгө оруулалтаар барьцаалах, суртал ухуулга хийх зэрэг сайн, муу арга хэрэглэж буй. “Хятад Африкийг зээлийн бодлогоор залгих гэж байна” мэдээллийг ч барууны хөрөнгө оруулалттай судалгааны байгууллага, тэр чигийн мэдээллийн агентлагууд “сэвж” буй. “Кенийн гадаад өрийн 72 хувь нь БНХАУ-д ногдож байна“ гэх зэргээр хэт өсгөж мэдээлдэг. Кенийн Сангийн яам “72 биш 21 хувь” гэж залруулах жишээтэй.

Ши Жиньпин болохоор “Африкт хийж буй хөрөнгө оруулалт бол цэвэр бизнес, улс төр ямар ч хамаагүй” гэж хэлдэг. Тэрээр үнэн хэлж байгаа нь магад, гэвч зээл чанаргүй болоод ирэхийн цагт яахыг тэр хэлсээгүй. Цаг нь болоход ашигт малтмалаар баялаг Замби, Ардчилсан Конго, геополитикийн хувьд ашигтай Жибути зэрэг улс Хятадын төрийн бодлогын нөлөөнд бүрэн орохыг одоогийн нөхцөл байдал харуулж байна.
Эхнээсээ жишээ ч гараад ирсэн. Ардчилсан Конго улс БНХАУ-д их хэмжээний өртэй. Гэсэн ч Ерөнхийлөгч нь хоёр сарын өмнө Бээжинд очиж, дахин мөнгөний амлалт авчээ. Замби улсын хувьд авсан зээлийнхээ оронд Үндэсний өргөн нэвтрүүлгийн сүлжээ, Улсын цахилгааны хангамжийн компаниа БНХАУ-д өгөх нөхцөл бүрдсэн байна. Мөн Эфиоп улсын төмөр замын салбарт Хятадын эрх ашиг орж иржээ. Энэ талаарх нийтлэл интернэтээр дүүрэн бий. Барууны сэтгүүлчдийн гараар бичигдсэн тул баахан хэтрүүлэгтэй болохоос тэдгээр нийтлэлд болж байгаа зүйлийг л өгүүлсэн байгаа юм.
Нийт гадаад өрийнх нь 77 хувь нь Хятадад ногддог Жибути улсад Бээжин усан цэргийн флотоо байгуулсан. Хятадын зээл Ши Жиньпиний хэлснээр цэвэр бизнесийн ашиг сонирхол дээр тогтож байж болох ч яваандаа улс төр зайлшгүй орж ирэхийг энэ явдал тод харуулсан.
ЦААШДАА ХЭРХЭХ ВЭ
“Хар тив”-ийг үнэгүй шахам цөлмөж байсан барууныхан аажмаар шахагдан гарч, оронд нь бага ч гэсэн ашиг өгдөг хятадууд орж ирсэн нь африкчуудын хувьд бас ч гэж дэвшил юм байж гэж бодъё. Тэгвэл цаашдаа юу болох вэ.
Хятадын зээл эхэндээ бизнесийн зорилготой, хамтарч ажиллаад зээлээ төлөөд явчихвал асуудалгүй юм байна. төлөөд явж байгаа улс байна. Харин төлж чадахгүй бол үндэсний хэмжээний компаниа өгөх тохироо хийдэг юм байна. Өгсөн улс ч байна. Гэсэн ч “Хар тив”-ийн удирдагчид хятадын мөнгөнөөс хүртэхээр дугаарлаж буй нь Хятад Африкийн долдугаар чуулганаас харагдаж байлаа. Чуулганы улаан хивсний ёслол дээр Африкийн Эсватинигаас бусад бүх улсын төлөөлөгч алхсан. Саяхан хүртэл Свазиланд нэртэй байсан энэ улс Эх газраас тусгаарласан цагаас нь хойш Тайванийг дэмжсээр ирсэн түүхтэй. Тийм ч учраас тивдээ БНХАУ-тай дипломат харилцаа тогтоогоогүй цорын ганц улс болсон. Тэгэх нь ээ, тэд бас Хятадын тусламжаас хүртэхээр шийджээ. Үүний тулд юун түрүүнд БНХАУ-тай дипломат харилцаа тогтоох ёстой бөгөөд яриа хэлэлцээгээ хэдийнэ эхлүүлсэн гэнэ. Харин ингэхийн тулд эртний уламжлалт харилцаатай Тайваниас харилцаагаа таслах хэрэг гарах нь дамжиггүй. БНХАУ-ын Гадаад харилцааны яамны Африкийн асуудал эрхэлсэн төлөөлөгч Шу Жунху Бээжинд болсон чуулганы үеэр Эсватинийн төлөөлөгчид хандан “Бид та бүхнийг Тайваниас заавал харилцаагаа тасал гэж шаардахгүй. Гэхдээ энэ бол та бүхэн манай Хятад-Африкийн гэр бүлд багтахаас өмнөх үед л хамаатай” гэсэн мэдэгдэл хийсэн юм. Үүнээс үзэхэд, Хятадын тарааж буй мөнгөнөөс хүртээгүй улс Африкт нэг ч үлдэхгүй бололтой.
ЭРЧИМ ХҮЧ БҮГДИЙГ ШИЙДНЭ
Эдийн засгийн өсөлт нь зогссон ч дэлхийн хөрөнгө зооринд эзэн сууж байгаа нь барууныхан. Тиймээс байр сууриа удаан хадгалахын тулд өсөлттэй яваа эдийн засгуудыг удаашруулах арга, саам байнга эрэлхийлж байдаг. Эдийн засгийн өсөлтийг хангадаг хамгийн гол хүчин зүйл нь эрчим хүч тул эрчим хүчний эх үүсвэрийг нь тасалдуулах, хязгаарлах бодлого барьдаг байна. Африкийн эрчим хүчийг эзэмшвэл БНХАУ түргэн зуур эн зэрэгцээд ирэх тул тэд энэ сувгийг нь “Арабын хавар”-аар хаахыг оролдсон. Өмнө нь дэлхийн улс орнууд хоорондоо үл ойлголцлоос болж дайтдаг байсан бол одоо хязгаарлагдмал нөөцтэй дэлхийд аль улс үүрд ноёрхох вэ гэдэг шинэ тоглоомыг эхлүүлсэн. Тэр ч утгаараа АНУ газрын тосоо, БНХАУ нүүрсээ хав дарчихаад бусдын савнаас хутгаж суугаа. “Нөөц барагдсан цагт бид үүцээ нээнэ, тэр цагт бидэнтэй хэн ч өрсөлдөх боломжгүй болсон байна” гэсэн философи явж байна.
БНХАУ ОХУ Африк руу эрчимтэй орж ирж байгаа нь эрчим хүчтэй салшгүй холбоотой. Бээжингийн хувьд Африкийн эрчим хүчний эх үүсвэрээр эдийн засгийн өсөлтөө хангахыг чухалчилж байгаа бол ОХУ барууны орнууд, ялангуяа АНУ-ыг орлого, эрчим хүчээр таслаж, бүрмөсөн хүчгүйдүүлэхийг эрмэлзэж буй юм. Хомсдол, дутагдлын үеэд зовлон бага үзсэн нь илүү ядарч, бууж өгөх магадлал өндөрсдөг. Түүн шиг эрчим хүчний дайн, түүнээс үүдэлтэй үнийн өсөлт европ, америкчуудад илүү хүнд тусна. Тэр үед нь задлах магадлагаа өндөр гэсэн тооцоо оросуудад байхыг үгүйсгэхгүй. Москва одоо Африкт нэг том барьцтай болсон нь өлөн ходоод нь. ОХУ-ын Гадаад харилцааны сайд С.Лавров өнгөрсөн сарын сүүлээр Африкийн улсуудад айлчлахдаа маш чухал саналуудыг тавьсан бөгөөд удалгүй Украины боомтуудыг нээж, үр тариа худалдаж авах боломжийг нь нээж өгсөн явдал нэгийг хэлж байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хятадуу зүгээр мөнгө өгнө л гэж байхгүй
БАРУУНЫХАН зэр зэв сэг БАЙЛДААНААР зооглодог байсан бол одоо Э/З ийн аргаар КОЛОНИЧИЛДОГ болсон.Хэрэв дээрхи бодлогууд нь хэрэгжихгүй бол хориг санкц тавих , хар саар�##� жагса�##�танд оруулах, өнгөт хувьсг�##� гаргах зэргээр бойкот хийдэг ажээ.Газрын баялаг гэх юмгүй зөвхөн оюуны потенци�##�аараа явж байгаа боловч цахим хэрэглээ өндөр хөгжсөн одоо үед нэг их явуургүй болсон доо
Бээжин, Москва хоёрын өөрсдийнх нь өлөн үнэн царай харагдаж байгаа юм биш үү яг үнэндээ. Ийм доройтчихон тархиар бүтэн улстай харьцаж сүйрүүлнэ ч гэж юу байхав
Yasan omhii sanaaatai ym be ingej uls orniihoo ner hundiig unagah gej beejin moskva 2 arai ichej vhmeer ym
Оросууд чадахгүй. Харин африк тивд ХЯтадууд чимээгүй ноёрхож буай нь үнэн. Юм барьж өгөөд төлж чадахгүй болохоор нь өрөө нэхээд, тэгж тэгж байгаад тэглэсэн нэртэй. тэглэхдээ юу ч гэж тохирч буйг хэн ч мэдэхгүй.