НийгмийнНИЙГЭМУЛС ТӨР

БНСУ-аар жишээлье: ҮХЦ эрх баригчдад биш иргэдэд үйлчлэх ёстой

ҮХЦ-ийн Дээд суудлын хуралдаанаараа гаргасан 02 дугаар тогтоол эцсийн дүндээ эрх баригчдын хүслийг гүйцээх түлхүүр болчихоод байгаа билээ. "ҮХЦ Үндсэн хуулиа манадаг болохоос засдаггүй" алтан дүрмээ ч үл хайхран эрх баригчдын өвөрт шургасан ҮХЦ-ийн тогтоол нөгөө талаараа Монголд ард иргэдийг өмгөөлж хамгаалах төрийн интитуц нэг ч үгүй болсон /Цэцийн шийдвэрийн ард УИХ, ЗГ, Ерөнхийлөгч төдийгүй сөрөг хүчин байсан/ гэх халагламаар агуулгыг харууллаа. Учир нь, ардчилсан үндсэн хуультай аль ч улс оронд иргэдийн хамгийн найдвартай түшиг, өмгөөлж хамгаалах №1 газар нь Үндсэн хуулийн цэц байдаг аж.

Аль ч улс оронд “Хууль чухал уу, нийгмийн эрх ашиг чухал уу” гэдэг асуултад хариулт өгөх шаардлага тулгардаг. Тэгвэл энэ асуултад хариулт өгөх эцсийн субъект нь Үндсэн хуулийн шүүх бөгөөд харин шийдвэр гаргахдаа ямагт нийгмийн эрх ашгийг эрхэмлэхийг эрмэлздэг байна. 

Хууль мөрдөж ажилладаг Парламент, Засгийн газар мухардалд орсон тохиолдолд гагцхүү Үндсэн хуулийн шүүх асуудлыг шийдвэрлэх эцсийн цэгийг тавьдаг. Ингэхдээ гаргасан шийдвэр нь нийгмийн чиг баримжаатай байх ёстой байдаг аж. Аль ч улс оронд ийм л байдаг.

Олон нийтийн дундах нэр хүндээрээ Парламент, Засгийн газар, Ерөнхийлөгчөө ямагт хол хаядаг БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхээр жишээ авч үзье. Байгуулагдаад удаагүй ч нөлөөнд орохгүй, худалдагдахгүй хэмээн иргэдийн итгэлийг хүлээж, сайны жишээ болон магтагдаж байгаа нь ердөө л нийгмийн эрх ашгийг хамгаалах талд бат зогсч чадсаных байдаг.

Хуулийг эрх баригчид баталдаг ч нийгмийн буюу олон нийтийн нийтлэг эрх ашиг түүнээс дээр тавигддаг, тодруулбал, хууль нь нийгмийн харилцааг хүндрүүлэх биш, зохицуулж, сайн сайхан болгох зорилготой гэдэг үндсэн зарчим баримталж, чухал асуудлаар шийдвэр гаргахдаа энэ зарчмыг мөрдөж чаддаг нь нэр хүндийг нь өнөөдрийн хэмжээнд хүргэжээ.

БНСУ-д Үндсэн хуулийн шүүх 1988 онд, Чон Ду Хваны дарангуйллын дэглэм нурж, улс оронд ардчилсан өөрчлөн байгуулалт хийгдэх (Зургадугаар бүгд найрамдах улсыг байгуулах) үед байгуулагджээ. Бүтцийн хувьд, Үндсэн хуулийн шүүх нь есөн гишүүнтэй. Гишүүдийг Ерөнхийлөгч батламжилдаг (Гурвыг нь Дээд шүүхийн зөвлөл, Үндэсний их хурал, үлдсэн гурвыг нь Ерөнхийлөгч санал болгодог). Өмнө нь Үндсэн хуулийн хэрэгжилтийг хянах бүтэц байсан ч цэвэр бэлгэдлийн  шинж чанартай байж. Харин шинэчлэн зохион байгуулагдсанаасаа хойш ард иргэдийн дэмжлэгийг асар хурдан олж авсан түүхтэй.

Иргэдийг цэцэд хандаж, эрхээ хамгаалуулах боломжийг хангаж чадсан, гомдол гаргах, шийдвэр гаргах процесс нь маш хурдан байдаг нь ингэж дэмжлэг авахад нөлөөлсөн гол хүчин зүйл гэж үздэг байна. Дагаж мөрдөх зарчим нь нэг, түүнийгээ яс дагаж мөрддөг учир шийдвэр гаргахад хугацаа бага шаарддаг.

Анх байгуулагдсан жилээ 425 гомдол хүлээн авч шийдвэрлэсэн бол 2010 онд 1780 гомдол, байгуулагдсанаасаа хойших 20 жилд 21 000 өргөдөл гомдол ирсний 20 000-ыг нь хэлэлцэн шийдвэрлэжээ. Мөн эрх баригчдын баталсан хууль Үндсэн хуульд харшилсныг 650 удаа, эрх баригчдын үйл ажиллагаа Үндсэн хууль зөрчсөнийг 350 гаруй удаа тогтоож байсан гэсэн статистик байна (2010 оны байдлаар).

БНСУ түүхэндээ анх удаа Ерөнхийлөгчөө огцруулсан түүхэн үйл явдал 2017 онд гарсныг уншигчид мэдэж байгаа. Тухайн үед Үндсэн хуулийн шүүх Ерөнхийлөгчийг огцруулах эцсийн шийдийг гаргасан. Хуулиараа бол Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг Ерөнхийлөгч батламжилдаг. Энэ байгууллагад нөлөөлөх боломж өндөртэй субъект гэдгийг дээр өгүүлсэн. Тиймээс цэц энэ асуудлаар өөр шийдвэр гаргах магадлал байсан. Гэвч Пак Гын Хегийн нэр хүнд олон нийтийн дунд хэтэрхий унаж, нийгмийн эрх ашиг зөрчигдөх хэмжээнд тулсан гэдгийг ойлгож, шийдвэрээ гаргасан байдаг.

Пак Гын Хе Япон улстай хэлэлцээр хийхдээ хоёр улсын харилцаанд сэв суулгахуйц түүхийн зарим асуудлыг эргэж сөхөхгүй байх талаар тохиролцоо хийж, эдгээр асуудлын тоонд Дэлхийн хоёрдугаар дайны үед Японы цэргүүдэд хүчээр үйлчлүүлдэг байсан солонгос эмэгтэйчүүдийн асуудлыг багтаасныг иргэд эрс эсэргүүцэж, зарим иргэн эсэргүүцлээ амьдаараа “зулын гол” болох хэмжээнд тэмцлийн хурц хэлбэрээр илэрхийлсэн эгзэгтэй үйл явдлууд тухайн үед өрнөж байсан юм. Цагийн байдал эгзэгтэй ийм цаг үед Үндсэн хуулийн шүүх шийдвэр гаргаснаар уурлаж бухимдсан нийгмийн сэтгэл зүйг хормын дотор баяр тэмдэглэх хэмжээнд алга урвуулахын адил өөрчилсөн түүхтэй.

Өдгөө Парламент, Засгийн газар гээд БНСУ-ын төрийн бүх байгууллагуудаас ард иргэдийн дунд хамгийн өндөр нэр хүндтэй нь Үндсэн хуулийн шүүх байдаг. Эрх баригчдын баталсан хуулийн талд биш, ард түмний нийтлэг эрх ашгийг хамгаалах чиг баримжааг эрхэм болгосноор ийм амжилтад хүрсэн байна. БНСУ-ын Үндсэн хуулийн шүүх  нийгмийн эрх ашгийг дээдлэх, хүний эрхийг хангах дээд зэргийн мэдрэмжтэй гэдгийг батлах нэг жишээ нь, “Эрх баригчид аливаа зүй ёсны шийдвэр гаргахаас татгалзах нь Үндсэн хуульд нийцэхгүй” болохыг тогтоосон” шийдвэр явдал юм. Өөрөөр хэлбэл, эрх баригчид ард түмний үндсэн эрхийг хамгаалах хууль тогтоомж гаргахгүй байх, эсхүл хууль тогтоомж нь үндэслэлгүй бөгөөд Үндсэн хуульд нийцээгүй болох нь “тодорхой” болсон тохиолдолд эрх баригчид Үндсэн хуулийг зөрчсөн хэмээн үздэг байна. Энэ бол том ололт. БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн бас нэгэн том ололт бол “Нийгмийн суурь эрхийг нийгмийн үндсэн асуудал болгоход анхаарал хандуулах” тухай. Энэ нь Үндсэн хууль заагдсан хүний эрхийг хэрэгжүүлэхийг нийгмийн үндсэн асуудал болгох чиглэлд ажиллана гэсэн санаа юм. БНСУ-ын Үндсэн хуульд нийгмийн буюу хүний үндсэн эрхийн тухай тодорхой заалтууд багтсан байдаг. Үүнд сурч боловсрох эрх (31 дүгээр зүйл), хөдөлмөрлөх эрх (32 дугаар зүйл) болон эрүүл орчинд амьдрах эрх (35 дугаар зүйл) багтана. Нийгмийн үндсэн гол эрх болох хүний нэр төртэйгээр амьдрах эрх нь 34 дүгээр зүйлд тусгагдсан бөгөөд үүнд:

34 дугаар зүйл

- Иргэн бүр хүн төрөлхтөнд зохистой хэмжээнд амьдрах эрхтэй.

- Төр нь нийгмийн аюулгүй байдал, нийгмийн халамжийг дэмжих үүрэг хүлээнэ.

- Төр нь эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалахыг эрмэлзэнэ.

- Төр нь ахмад настан, залуучуудын эрх ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэх үүрэгтэй.

- Төр нь хууль тогтоомжид заасны дагуу тахир дутуу, өндөр настан болон бусад шалтгааны улмаас амьжиргааны чадваргүй болсон иргэдийг хамгаална.

- Төр гамшгаас урьдчилан сэргийлж, ард түмнийг хохирлоос хамгаалахад чармайна.

Үндсэн хуулийн шүүх дээр дурдсан эрхүүдийг хангахыг эрмэлзэж ажилласнаар жинхэнэ хүнлэг энэрэнгүй, иргэний нийгмийг байгуулна гэж үздэг байна. Энэ үзэл санаагаар Үндсэн хуулийн шүүх өөрийн санаачилгаар шийдвэр гаргаж болдог бөгөөд гаргасан шийдвэр цаашид жишиг болж үлддэг нь бас нэг онцлог.

Тус улсад ажил олгогч эзэд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, зургаан сараас доош хугацаагаар ажилласан ажилтныг халах явдал гардаг байжээ. Үүнтэй холбоотойгоор эдгээр ажилчдын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Сараар цалинжих замаар зургаан сараас бага хугацаанд ажилласан ажилчид”-ыг шалтгаангүйгээр ажлаас чөлөөлөх нь тэдний хөдөлмөр эрхлэх эрх болон тэгш байдлын зарчмыг зөрчсөн үйлдэл болно хэмээн шийдвэрлэсэн байдаг (Манай улсын ҮХЦ өрх толгойлсон эхэд л мөнгөн тэтгэмж олгоод, өрх толгойлсон эцгийг үлдээдэг байсныг хүний эрхийн зөрчил хэмээн, хуулийг засах шийдвэр гаргаж байсан жишээ бий).

Чухам иймээс Үндсэн хуулийн шүүхийг гишүүд нь өөрсдөө ч, ард иргэд ч “Үндэсний” хэмээн тодотгож, “Үндсэн хууль ба суурь эрхийг хамгаалагчдын байр суурийг бататган, бэхжүүлэх БНСУ-ын үндэсний, найдвартай байгууллага” хэмээн өргөмжлөн нэрлэдэг ажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-27 09:37

Манай ҮХЦ нийгэмдээ биш эрх баригч намдаа үйлчилж бга даа

Холбоотой мэдээ

Back to top button