УРЛАГ

“Урлаг биш” урлагийн сонгодог төлөөлөгч Мэн Рэй

Гэрэл зураг гэх ойлголтод өнгөрсөн зууны дунд үеэс нэгэн хувьсгал гарчээ. Өмнө нь юмсыг яг байгаа байдлаар нь, хамгийн бодитоор буулгахыг хичээдэг, энэ нь гэрэл зурагт техник талаас нь илүү хандахад хүргэдэг байв. Харин дээр өгүүлсэн цаг үест тухайн нийгмийнхээ сор болсон уран бүтээлчдийн ачаар гэрэл зураг нь урлагийн бүтээл туурвих нэг арга хэрэгсэл байж болохыг ойлгосон гэж хэлж болох юм. “Урлаг” булан энэ шинэчлэлийг хийлцсэн сод хүмүүний уран бүтээлийг энэ удаа танилцуулж байна.

“УРЛАГ БИШ" УРЛАГИЙН СОНГОДОГ ТӨЛӨӨЛӨГЧ МЭН РЭЙН НҮДЭЭР ТОЛЬДОХУЙ

Өмнө нь фотошоп гэж байсангүй, гэхдээ Мэн Рэй байжээ. 1897 онд Литвийн Каунаст төрсөн, ихэвчлэн Францад ажиллаж уран бүтээлээ туурвидаг байсан энэ хүн дада, сюрреализмд том хувь нэмэр оруулсан уран бүтээлч юм. Түүнийг дэлхийн түүхэн дэх шилдэг уран зураач, кино найруулагч, фото зурагчин, эссе бичигч, гүн ухаантан, яруу найрагчдын нэг байсан гэж үнэлдэг бөгөөд Америкийн модернизмыг анхлан толгойлогч нарын нэгт тооцдог. Монпарнасст амьдарсан 20 жилдээ фото зургийн урлагийг дээд төвшинд нь аваачсан гэгддэг (соляризаци, рэйограф зэргийг нээсэн).

Залуудаа Жозеф Штиглицийг шүтэн биширч, гэрэл зургуудыг нь сонирхон судалдаг байжээ. Авангардизмтай тэрээр чухам Ж.Штиглицийн ачаар танилцсан гэдэг. 1915 онд анхны үзэсгэлэнгээ Нью Йоркт гаргасан. Түүний “оролдож” байсан төрөл жанр бүхнийг бичнэ гэвэл цаг, цаас даанч их орох учраас энэ удаа азнаад гагцхүү гэрэл зургийн талаар өгүүлнэ.  

Мэн Рэй алдарт дуучин Кики (де Монпарнасс)-д дурлаж байсан бөгөөд чухам энэ бүсгүй түүний дуртай модель нь болсон гэдэг. Кикигийн зургийг авахдаа Рэй түүний гоо биеийг ашиглан өөр обьектуудыг дүрслэх нь олонтаа байжээ. Энэхүү минимализм, абсурдизмын нийлбэр болсон зоригтой алхмуудыг тухайн үеийн уран бүтээлчид халуунаар угтан авсан юм.

Энэ /дээрх/ зураг бол түүний хамгийн алдартай басхүү хамгийн эртний зургийн нэг юм. Бүсгүй хүний уян налархай бие, тэнгэрийн дэвсгэр дээр уруул дүрсэлсэн нь үзэгчдэд ээлжит гэнэтийн бэлэг болж чадсан юм. Түүний бүтээл ер нь байнга л ийм шинэлэг байсан билээ. Энэ бол хийсвэрлэлийг гэрэл зурагт ашигласан маш гайхалтай бүтээл болсон гэж судлаачдад үнэлэгддэг. Зураач С.Дюшан тэр хоёрын хамтран зүтгэж, дада урсгалыг хөгжүүлсэн гэдэг ч аль аль нь өөрсдийгөө энэ урсгалын төлөөлөгч жинхэнэ утгаараа байгаагүй гэж үздэг байсан байх юм.

Бүх үеийн түүхэн дэх хамгийн агуу 100 еврейн нэгээр нэрлэгдсэн түүнийг оролдож байсан бүх төрөл жанртаа амжилт гаргасан гэдэг нь худлаа биш юм. Тэрээр салбарт бүртээ манлайлагч нь байсан Пабло Пикассо, Эрнест Хэмингуэй, Сальвадор Дали, Жеймс Жойс, Жан Кокто, Гертруд Сталин нартай дотно нөхөрлөдөг байв. Энэ агуу их хүн 1976 онд биднийг орхин одсон билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button