НИЙГЭМ

Донорын “олдмол” хомсдол

Дархлалын олдмол хомсдол буюу хүний дархлал хомсдолын вирусыг бид төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигт өвчин, XX зууны тахал гэгчлэн нэрлэдэг. Өдгөө дэлхий даяар 36 сая хүн энэ вирусын халдвар авч, түүнээс ч олон хүн халдвар авсан гэдгээ огт мэдэхгүй алхаж яваа. Жилд нэг сая хүн ДОХ-ын халдвар авсны улмаас нас бардаг гэсэн статистик бий. Гэтэл түүнээс ч аймшигтай нэг хүчин зүйлийн өмнө хүн төрөлхтөн өвдөг сөхөрч байна. Жил бүр эрхтэн шилжүүлэн суулгуулах шаардлагатай ч донор олдоогүйн улмаас нас барж байгаа хэдэн сая хүний эмгэнэлт хувь заяаны талаар энд ярьж байна. Хүн төрөлхтөн хүсвэл эдгээр өвтөнүүдийг аварч чадна. Гэвч шашин шүтлэг, хармын сэтгэл, эс бөгөөс хууль эрхзүйн зохицуулалт гэсэн “өчүүхэн” хүчин зүйлсээс болж жил бүр олон сая хүнийг аврах боломжоо алддаг юм. ДОХ өвчний улмаас нас бардаг хүнээс хэд дахин олон хүнийг аврах боломж бидэнд байгаа ч чадахгүй байна. Тийм ч учраас энэ эмгэнэлт байдлыг хүн төрөлхтний оюун санааны дархлааны “хомсдол”, харьцангуй хожуу илэрсэн учраас “олдмол” гэж тодорхойлж болох байх.

ЖИЛЭЭС ЖИЛД НЭМЭГДЭЖ БУЙ ДОНОРЫН ОЛДМОЛ ХОМСДОЛ

Шинжлэх ухаан, технологийн дэвшлийн ачаар хүн төрөлхтөн сүүлийн 10 жилд хүн эмнэлгийн салбарт асар их үсрэлтийг хийж чаджээ. Ялангуяа эрхтэн шилжүүлэн суулгах тал дээр итгэмээргүй амжилтад хүрээд байна. 50 гаруйхан жилийн өмнө анхны шангаа татаж, “Анагаах ухааны гайхамшиг” гэгдэж байсан энэ салбар өдгөө жилд 100 мянгаар тоологдох төлөвлөгөөт хагалгаа хийж, төдий тооны хүнд амьдрал бэлэглэдэг болтлоо хөгжжээ. 2015 онд дэлхийн хэмжээнд эрхтэн шилжүүлэх 115 мянган хагалгаа хийгдсэн гэсэн статистик байна.

Эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа гэж үхсэн (Тархины үйл ажиллагаа бүрэн зогссон), амьд боловч эрхтнээ өвчтөнд шилжүүлэхийг сайн дураараа зөвшөөрсөн амьд хүнээс эд, эрхтнийг авч, өвчтөнд шилжүүлэн суулгах үйл ажиллагааг хэлдэг. Дээр хэлсэнчлэн, техник технологийн хөгжил, эмчийн ур чадварын ачаар эрхтэн шилжүүлэх хагалгаа жилээс жилд хялбаршиж, эрхтнийг донороос реципиентэд хүргэх систем төгөлдөржин зарцуулах цаг хугацаа багассаар байна. Энэ хэрээр олон хүний амь аврах боломж нэмэгдэж байгаа юм.

ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАСАН ЭРХТНИЙ НАС 20-45 ЖИЛ БОЛЖ УРТАСЛАА

Энэхүү салбар анх хөгжиж эхлэхэд шилжүүлэн суулгасан эрхтний насжилтыг уртасгах асуудал үндсэн бэрхшээл болж байсан түүхтэй. Бусдаас бөөр шилжүүлэн суулгасан анхны хүн болох Роналд есөн жил амьдарчээ. Донор, реципиентийн фиүиологийн шинж чанар харилцан адилгүй байдаг учраас ялгаа гардаг. Эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүний бие организм эсэргүүцдэг учраас дархлаа дарангуйлах эмчилгээ хийлгэх шаардлагатай байдаг юм. Шилжүүлэн суулгасан эрхтний насжилт энэ эмчилгээний үр дүнгээс шууд хамаарна. Орчин үед мэс заслын дараах эмчилгээний тал дээр асар их олот гаргасны ачаар насжилт эрхтэн тус бүр дээр эрс нэмэгджээ.

Орчин үеийн шинжлэх ухааны хөгжил реципиент ямар эрхтэн шилжүүлэн суулгуулснаасаа, мөн мэс заслын дараах эмчилгээг хэрхэн хийснээс шалтгаалаад 20-45 жил амьд явах бололцоог бүрдүүлсэн нь үнэхээр гайхамшигтай амжилт юм. Харин эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын тоо олшрохын хэрээр донорын хомсдол гэсэн шинэ бэрхшээлтэй тулгараад байна.

Бөөр 45 жил

Элэг 38 жил

Зүрх 29 жил

Нойр булчирхай 25 жил

Уушиг 20 жил

Өвчтөн олон ч донор ховор өнөөгийн байдал

Эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай өвчтөнүүдийн жагсаалт энэ төрлийн хагалгаа хөгжсөн улс орнуудад эрчимтэй нэмэгдэж, донор хүлээх хугацаа уртасчээ. Зөвхөн АНУ-д л гэхэд бөөр шилжүүлэн суулгуулах шаардлагатай өвчтөний донор хүлээх хугацаа сүүлийн 20 жилд 400 хоногоос 1100 хоног болж, даруй гурав дахин нэмэгдсэн байна. Донор эрхтний дутагдал дэлхийн бүх л улс орнуудад түгээмэл бэрхшээл болсныг дээрх жишээнээс харж болох юм.

Дэлхий дээр жилд өчнөөн сая хүн нас бардаг байхад яагаад донор эрхтний дутагдалд ордог билээ гэж уншигч авхай гайхаж магадгүй. Энэ ч зүй ёсны асуулт. Хүмүүсийн дунд “Өндөр хөгжилтэй улсын иргэд л эрхтэн шилжүүлэн суулгуулж аврагдах оломжоор илүү хангагдсан байдаг” гэдэг ойлголт бий. Нэг талаар энэ үнэн ч нөгөө талаар бас буруу.

Донорын олдоц нь тухайн улс донороос зөвшөөрөл авахдаа баримталж байгаа зарчмаас шалтгаалж байна гэсэн үзэл сүүлийн үед хүчээ авчээ.

2012 онд нас барсан Жемима Лэйзелл гэдэг охины эд эрхтнийг есөн хүнд суулгаж, амь насыг нь аварсан нь дээд амжилтад тооцогддог ажээ. Аврагдсан есөн хүний тав нь хүүхэд байв.

Дэлхийн улс орнуудад эд эрхтний донороос зөвшөөрөл авах “Opt Out”, “Opt In” гэсэн түгээмэл хоёр хэлбэр байна. Донорын олдоц энэ хоёр хэлбэрийн алиныг хэрэглэж байгаагаас шалтгаалдаг гэж үзэх болсон гэсэн санаа юм.

Opt-Out хэлбэр нь амьд ахуйдаа донор болохоос албан ёсоор татгалзаагүй л бол нас барахад нь донор болгох боломжтой. Энэ зарчмын үед эмнэлгийн байгууллага нас барагчийн эрхтнийг донор болгосон гэдгийг ар гэрийнхэнд нь мэдэгдэх үүрэг хүлээдэггүй. “Дуугуй байх нь зөвшөөрсний шинж” гээд л эрхтнийг нь авч, шаардлагатай хэн нэгэнд өгч орхидог гэсэн үг. Үхсэн хүн үг хэлдэггүй болохоор эрүүл саруул эрхтэнтэй нас барж байгаа бүх хүн эмнэлгийн мэдэлд очдог. Манай хойд хөрш Донорын тухай хуулиа 1990 онд батлахдаа энэ загварыг авсан. Гэвч сүүлийн үед хүний эрхийн байгууллагууд нь энэ загварыг шүүмжилж, олон нийт ч дэмжих хандлагатай болжээ. Нэгэн төрийн бус байгууллага хуулийн энэ загварыг хүний суурь эрхийг зөрчсөн гэж үзээд хандсаныг НҮБ-ын Хүний эрхийн байгууллага энэ оны тавдугаар сард хэлэлцэх гэж байгаа аж. Харин албаны хүмүүс одоо хэрэгжиж байгаа загвараа хамгаалж, “Хэрвээ “Opt in” загвар руу шилжих юм бол тэртэй тэргүй олдоцгүй байгаа донор улам ховордож, одоо жилд хийж байгаа эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааны тоо 30 хувиар буурна” гэсэн тайлбарыг өгч байгаа юм. ОХУ нэг сая хүнд ногдох эрхтэн шилжүүлэх мэс заслын тоогоор (9.3) дэлхийд хойгуур орж байгаа. Энэ загвараа бариад явах нь ядаж донорын хүрэлцээнд эерэг нөлөөтэй гэж үзсэн учраас л өөрчлөхгүй явж байгаа нь дээрх тайлбараас харагдана.   

Харин нөгөөх нь Opt-In буюу өвчтөн эсвэл ар гэрийнхний тодорхой зөвшөөрөл авч байж донор болгох загвар. АНУ, Их Британи, Герман зэрэг улс энэ загварыг хэрэглэдэг. Манай улс ч Донорын тухай хууль батлахдаа энэ загварыг сонгосон. Сяахнаас донорын ар гэрт мөнгөн урамшуулал олгох асуудал яригдаж байна. Ийм загвартай улс орнуудад иргэдээсээ нас барсныхаа дараа эрхтнээ бусдад шилжүүлэхийг хүлээн зөвшөөрч байгаа эсэх саналыг нь авдаг. Зөвхөн улсдаа төдийгүй олон улсад ийм бүртгэл, мэдээллийн систем ажиллуулдаг байна. Ийм загвар хэрэгжүүлж байгаа улс орнууд иргэд өөрсдөө донор болохыг зөвшөөрөх нь донорын дутагдлаас гарах гол зам гэж үздэг учраас энэ талын сурталчилгаа, бүртгэлийг мэдээллийн бүх сувгаар байнга явуулдаг. Гэсэн ч эрхтний донорын дутагдал байсаар. Их Британийн “NHS Blood and Transplant” гэж байгууллага 23 сая гишүүнтэй. 23 сая хүн нас барсныхаа дараа эрхтний донор болох зөвшөөрлөө өгсөн гэсэн үг. Хальт сонсоход хангалттай тоо мэт. Гэвч амьдрал дээр өөр.  Хүн нас барсны дараа дотоод эрхтэний үйл ажиллагаа хэсэг хугацааны дараа зогсдог. Зуурдаар нас барсан донорыг эмнэлэгт хүргэх боломж цаг хугацааны хувьд хязгаарлагдмал байдаг. Хөгжингүй орнуудад ч энэ асуудлыг бүрэн төгс шийдэж чадаагүй л байна. Улс орнуудад нас барсан донорыг эмнэлэгт хүргэж, эрхтнийг нь авах ажиллагааг шуурхай зохион байгуулах өөрийн гэсэн тогтолцоо бий. Газар нутгийн хувьд ойролцоо хэд, хэдэн улс ийм тогтолцоонд нэгдсэн нь ч байна. Европт гэхэд Балтийн тэнгис орчмын Эстон, Латви, Литваг нэгтгэсэн Балттрансплант (Balttransplant), Австри, Бельги, Хорват, Герман, Унгар, Люксембург, Голланд, Словенийг нэгтгэсэн Евротрансплант (Eurotransplant International Foundation), Швед, Норвеги, Финландыг нэгтгэсэн Скандиатрансплант (Scandiatransplant) гэж бий.  

Гэсэн ч нас барсан донороос авсан эрхтэн нь хэсэг хугацааны дараа шилжүүлэн суулгах бололцоогүй болдог учраас зөвшөөрөл өгсөн бүх хүнийг донор болгож чаддаггүй, зөвхөн эмнэлэгт нас барсан өвчтөнүүдээс донороо хайх болдог байна.

surgeon with his fresh delivery

Их Британид 2016 онд донор болохоор урьдчилж зөвшөөрлөө өгөөд нас барсан хүмүүсийн 457-г нь л ашиглаж, эрхтнийг нь реципиентэд шилжүүлэн суулгасан гэсэн статистик гарчээ. Гэхдээ энэ 457 хүний ачаар мянгаар тоологдох хүний амь нас аврагдсан юм. Донорын хичнээн эд, эрхтэн эрүүл саруул байна, төдийчинээ хүний амь нас аврах боломжтой байдаг ч дээр өгүүлсэн цаг хугацаа болон бусад хязгаарлагдмал нөхцөл байдлаас болоод чаддаггүй.

Тиймээс англичууд, ер Англи гэлтгүй, “Opt-In” зэгвар хэрэгжүүлдэг улсууд сүүлийн үед “Opt out” загварт шилжих талаар эрчимтэй ярьж байна. Үнэхээр ч нэг сая хүнд ногдох донорын (нас барсан) тоог авч үзвэл тэргүүлэгч улс орнуудын дийлэнх нь “Opt out” зарчим хэрэгжүүлж байгаа юм (Хүснэгтээр харуулав).

НАС БАРСАН ДОНОРЫН (ЭД ЭРХТНИЙГ НЬ АМЖИЛТТАЙ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАСАН) ТООГООР ТЭРГҮҮЛЭГЧ УЛС ОРНУУД

Дэлхийд донорын хомсдол нүүрлэж, жил ирэх бүр хүнд байдалд орж байгааг бид мэдэж авлаа. Нэгэнт эрэлт ихтэй байгаа донор эрхтний хэрэгцээг хэрхэн хангах вэ. Энэ асуудлыг шийдэх хоёр арга өнөөдөр амьдрал дээр хэрэгжиж байна. Эхнийх нь донорын хүсэлтийг урьдчилж авах арга. Энэ нь дотроо донорын зөвшөөрлийг авах, эс зөвшөөрлийг авах гэсэн хоёр хэлбэртэй. Дээр дэлгэрэнгүй өгүүлсэн “Opt-In”, “Opt out” загвар юм.

Донор болох нь олон хүнд амьдрал бэлэглэсэн буянтай зүйл гэдгийг ятгах аргаар бүр иргэдээ зөвшөөрүүлэх нь энэ зарчмын туйлын зорилго байдаг. Европчуудын хувьд энэ тал дээр тун ч өндөр амжилтад хүрсэн гэж хэлж болно. Тухайлбал, Швед улсад иргэдийнх нь 83, испаничуудын 63 хувь нь нас барсныхаа дараа эрхтнээ бусдад ашиглуулахыг зөвшөөрдөг. Нийт европын хэмжээнд энэ үзүүлэлт 40 хувьтай байна. Харин шашин, соёлын хувьд онцлогтой буддын шашинт улсуудад Opt-In арга төдийлөн амжилт олдоггүй аж.       

Хоёр дахь арга нь, донор нь урамшууллын төлөө сайн дураараа эрхтнээ реципиентэд өгөх хууль эрхзүйн орчныг бүрдүүлэх арга юм. Ийм хууль, эрхзүйн орчныг бүрдүүлсэн улсууд цөөн ч гэсэн бий. Тухайлбал, Иран улсад иргэн өөрөө хүсвэл реципиенттэйгээ харилцан тохиролцож, гэрээ байгуулсны үндсэн дээр тодорхой хэмжээний мөнгө аваад эрхтнээ өгч болдог. Гэхдээ тухайн донорын амь насанд аюул учруулахааргүй хос эрхтнээ өгөхийг л зөвшөөрдөг. Мөн гадаадын иргэнд бөөрөө өгөхийг хуулиар хориглодог байна. хэрвээ зөвшөөрвөл эд, эрхтэн худалдаалдаг олон улсын сүлжээ орж ирж, бохир наймаа цэцэглэнэ гэж үздэг учир хориглодог байна. Гэтэл хүний зарим эд, эрхтнийг гадны улсад гаргадаг тогтолцоотой улс ч бий.   

Энэтхэгийн далайн арал улс Шри Ланка Донорын тухай хуулиа 1987 онд баталжээ. Үүнээс хойш Шриланкийн нүдний доноруудын нийгэмлэг (Sri Lanka Eye Donation Society) гэх төрийн бус байгууллага 60 мянган нүдний эвэрлэг бүрхэвчийг дэлхийн 57 улсын реципиентүүдэд гаргажээ. Одоо тус улс нүдний эвэрлэгийн том нийлүүлэгч, жилд 3000-ыг гаргах бололцоотой гэж бичсэн байх юм.  

Нэгэнт бий болсон энэ хэрэгцээн дээр тоглож баян улсын реципиент, ядуу буурай орны доноруудыг хооронд нь холбож ажилладаг, хүүхэд, хүн наймаалдаг хууль бус бүлэглэлүүд ч олноороо бий болсон байна.

СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

-Эрхтэний хамгийн анхны амьд донор бол АНУ-ын Роналд Херрик юм. Тэрээр 1954 онд өөрийн ихэр Ричарддаа нэг бөөрөө өгчээ. Энэ түүхэн мэс заслыг гардаж хийсэн эмч Жозеф Мюррей 1990 онд Нобелийн Анагаах ухааны салбарын шагналыг хүртсэн юм. Бөөр авсан Ричард есөн жил амьдарсан бол өгсөн Роналд 79 насалж, 2010 онд нас баржээ.

Роналд Херрик

-Хамгийн залуугаараа эрхтний донор болсон тохиолдол 20215 онд гарсан бөгөөд төрөөд 100 хонсон нярайн бөөрийг насанд хүрсэн хүнд шилжүүлэн суулгасан байна.

-Хамгийн хөгшин хүнээс эрхтэн шилжүүлэн суулгасан тохиолдол 2016 онд Шотландад гарсан. 107 настай эмэгтэйг нас барсны дараа нүдний болорыг нь реципиентэд шилжүүлэн суулгажээ.

-Хөгшин хүнээс дотор эрхтэн шилжүүлэн суулгасан тохиолдол АНУ-ын Техаст гарсан бөгөөд тархинд нь цус харваж нас барсан 92 настай хөгшнөөс бөөрийг нь ар гэрийнхнийх нь зөвшөөрлийн дагуу авчээ.

-Сайн дураараа бусдад эрхтнээ бэлэглэсэн хамгийн хөгшин хүн 85 настай британи эмэгтэй байсан бөгөөд жил бүх хичнээн олон хүнд эрхтэн шилжүүлэн сулгах шаардлагатай болдгийг мэдээд 2014 онд бөөрөө хандивлажээ.

-Нэг сая хүн амд ногдох эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааны тоо, нас барсан донорын тоогоор Испани улс дэлхийн бүх улсыг тэргүүлдэг, энэ салбартаа манлайлагч нь юм. 47.5 сая хүн амтай тус улс жил бүр эрхтэн шилжүүлэх 4500 хагалгааг амжилттай хийдэг байна.

-Европын найман улсыг нэгтгэсэн Eurotransplant тогтолцоо нь жил бүх 2000 гаруй нас барсан донороос 7000 эрхтнийг авч реципиентүүдэд шилжүүлэн суулгадаг.    

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x