УРЛАГ

Хоёр сэтгэлийн харгуй

I

Уянга нь дэндсэн....

“С.Эрдэнэ бол гялалзсан сувд шиг нандин зохиолч, харин С.Дашдооров бол маш ‘хүдэрлэг’ шинжтэй, цул мөн чанартай зохиолч юм” гэсэн эрхэм уран бүтээлчдийн тухай харьцуулал яриа зохиолч Б.Золбаяр бид хоёрын дунд санаандгүй өрнөсөн юм. Үнэхээр л монгол үндэстний бахархалт уран бүтээлч, язгуурын монгол зохиолчийн нэгэн гэвээс С.Дашдооров абугай гарцаагүй нэрлэгдэнэ. “Бууж мордох хорвоо” өгүүллэгийн буугаад л морддог хорвоо гэсэн гарчгийн энэ гуравхан үгийг задлаад бичихэд л хичнээн олон зүйлийг дэлгэрүүлж болох сон билээ дээ.  Зүйрлэвээс “Уяхан замбуутивийн наран” уртын дууны нэр монголчуудын тэнгэр (наран), газар (замбуутив), хүн (уяхан) гурвын шүтэлцээт язгуурын шүтлэг бэлгэдлийг хураангуйлан агуулсан байдаг шиг, Чингис хааны сүлд “Онги” тамга тэнгэр, газар, хүн гурвын хүч уялдааг хураангуйлан дүрсэлсэнийг эрдэмтэд тайлсан байдаг шиг юм. Сонгодог нүүдэлчин ахуй, түүний соёл сэтгэлгээний онцлог хийгээд тогтмол, дотор нь аж төрөх хүмүүний явдал, итгэл сэтгэлийн учиг ухаарлыг бүтээл бүрдээ мөнхлөн үлдээсэн онцгой туурвилч.

Сайхан зохиол, хүссэн үгстэйгээ учирахад аж төрөх хэсэгтээ санаа амар санагдаад явчихдаг үе бий шүү дээ. Аливааг хайрлаж харах, догдолж мэдрэх, уярч нурах сэтгэлийг уран зохиолоос мэдэрч амсаагүй хүн ховор болов уу. С.Дашдооров зохиолчид анхны хайр, багын учрал, нандин дурлал, мартагдашгүй дурсамж, чин сэтгэлийн хайрын тухай буюу товчхондоо хоёр сэтгэлийн харгуйн гуниг баярын тухай уянга нь дэндсэн зохиол олон байдаг. Чухам энэ үүднээс зохиолчийн хайрын өгүүллэгүүдийг “Хатан туулын ус” нэртэйгээр сонгон түүвэрлэж уншигчиддаа бэлэг барьж байна.  

II

Сэтгэлийн жим

“Тамга” уран бүтээлийн нэгдлийн нөхдийнхөө хамт нэгэн шинэ ном хэвлүүлэхээр бэлтгэж байлаа. Анхны хамтарсан номынхоо нэрийг хэрхэн оноох тухай удаан хэлэлцсэний эцэст “Морьтой хүн” хэмээн тогтов. “Монгол хүн ямар үед морь их унадаг гээч. Өөртэйгөө яримаар санагдсан үедээ хамгийн их унадаг юм байна. Ганцаараа баймаар, юм бодмоор байгаа үедээ гэсэн үг шүү дээ. Морьтой явна ч гэж сайхан хэллэг бий. Утга, бэлгэдлийн аль ч талаас нь бодсон үндэсний онцлог, уг чанараа хураангуйлсан сайхан нэршил” гэсэн яриа хөөрөө өрнөсөн юм.

Учиргүй зүйл ховор хойно нэгэнтээ эрхэм зохиолчийн “Айлын хүүхэн Алигэрмаа” туужийг дахин эргүүлэн суутал, “Усан борлогийн минь алхаанд газар ихэд хоржээ. Би бодолдоо автан хэдэн гүвээ анзааралгүй өнгөрчээ. Тэгээд, -Ер морин дэл дээр яваа хүн болгон ийнхүү олныг бодож байдаг болов уу? Ганцхан би гэдэг хүн ийм араншинтай юмсан уу? гэж өөрөөсөөө асууж, -Үгүй ээ! Хүн болгон аль нэгийг боддог байх. Уртын замд бодол, дуу хоёр морь хүн хоёрын хань болж явдаг байх гэж хариу өчив” гэх өгүүлбэр торох нь тэр.

Уртын замд... Хамгийн урт замыг хүн бодол, сэтгэлдээ л туулдаг нь үнэн. Туугдаж ч нэг, хөтлөгдөж ч нэг туулан тунгаах энэ харгуй зам дуртгал, ухаарал хоёроор баяжихаараа улам салаалж тэлэн өргөснө. Ер нь хүн бодлоосоо өөр юуг ч тайлбарлаж чаддагсан билээ дээ гэж бодогдоно. Эгээ л энэ түүвэрт багтсан “Морин жим” өгүүллэг лугаа. “Амьдрал гэдэг хөл хэцүү, хүний улаан нүүр халуун юмсанжээ. Хэдий хоёр хөгшний уулын чинээ санаа бодлыг өрөвдөн уярмаар ч, өрөөл бусдаас Дэнсмааг өмөөрөх харамнах аминч сэтгэл намайг хичнээн нэт эзэгнэснийг үлгэрлэж хэлэх үг олдохгүй байлаа” хэмээн төгсдөг. Морин жим, үхрийн жим хоёр хол, ойрын явдлаараа ялгаатай. Алсад одож, уужуу уудмыг өөртөө л ончроон эргэцүүлэхдээ бодлоо үгсээж, сэтгэлээ ханьсаах мөр жимээс гэгээн зүйл үгүйг ухааруулна. “Хар нүдэн” өгүүллэгт “Гэвч тэр нэмэр болсонгүй. Зөвхөн өөр өөрийнхийгөө л асааж морьд уруугаа дуугүй хандлаа. Хажуугийн хүн бол энэ хоёр түнжин хагарч дээ гэж бодогдмоор байв. Гэвч тийм бус. Харин ч улам ойртож байх шиг байв” гэж өгүүлэхийг та удахгүй уншина.     

Хар торгон хамжаарыг ээ

Харанхуй шөнөөр шаглаад оёсон юм аа хө

Хаяад явахыг чинь мэдсэн бол доо хө

Хайран чиг оёод өгсөн арван хуруу нь ээ хө

Ай хө чи минь явчихаар яах юм бэ хө

“Ардын дуу гэмээнэ ‘ардын маань л зовлон сон’ доо. Яаж ингэж гэгэлзэж, яаж тэгж бодож, яаж ингэж шаналж чадаж байна вэ? Харанхуй шөнө бүр оёоод сууна гэж байхгүй шүү дээ. Сэтгэлдээ л шаглаад байж, сэтгэлдээ л” хэмээн найруулагч Баярцагааны Баатар, Төгсжаргалын Төмөр-Очир нар хоорондоо хөөрөлдөөд дээрх дуугаар жишээлэн ярилцсаныг сонсож билээ. “Хатан туулын ус” өгүүллэгт олон сараар жин тээгээд ирэхдээ, “Энх улирал ханхлахад” өгүүллэгт цэргийн алба хаагаад ирэхдээ сэтгэлээ ахин сэтгэлээр дүүргэж хичнээн нандин итгэл мөрөөдөл тээсээр ирдгийг бид мэднэ. Хоёр сэтгэлийн баяр гунигийг төрүүлэн, төөрүүлэн учирлах хайрын өгүүллэгүүдийн харгуй “бялуурам” байна гэдэгт үл эргэлзэнэ.

Утга зохиол судлаач, Сити их сургуулийн багш Х.Чойдогжамц

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Лхагвын Гантуяа
Лхагвын Гантуяа
2022-09-23 13:21

Туугдаж ч нэг, хөтлөгдөж ч нэг туулан тунгаах энэ харгуй зам дуртг�##�, ухаар�##� хоёроор баяжихаараа улам с�##�а�##�ж тэлэн өргөснө.

Холбоотой мэдээ

Back to top button