Нийгмийн

Хэл шинжлэл: Ачаат эм хэмээх хэллэгээс үүтгэн...

Орчин цагийн монгол хэлнээ жирэмсэн болохтой ойролцоо утгатай бие давхар болох, бие шалтгаантай, болох, их гэдэстэй болох,  хөл хүнд болох, хүүхэд олох, хүүхэдтэй болох, хормойгоо чирэх, цүдийх, гэдсээ чирэх, маамуутай болох (Бат-Ирээдүй, 2019: 141) зэрэг хэлц үг, холбоо үг олон тохиолдоно. 

Мөн амандаа тулсан гэдэстэй, тогоон чинээ гэдэстэй, тулгар биетэй (Соронзон, Сарангэрэл, 2021: 16) зэргээр жирэмсэн хүнийг тодотгодог. Энэ нь өгүүлэгчийн сэтгэлийн өнгө аясаас хамааран, хүндэтгэх, өхөөрдөх, таагүй хандах зэрэг төрөл бүрийн баймж утга илтгэнэ. Дундад үеийн монгол хэлнээ жирэмсэн хүнийг тун содон илэрхийлсэн байдаг. Монголын нууц товчооны баримтаас эш татан үзүүлбэл,

МНТ ⸹38: bodoncar alginci ha’ulju dumda ke’elitei eme yi bariju “Бодончар алгинч агуулж, дунд хээлтэй эмийг барьж” (Rachewiltz, 1972: 19)

МНТ ⸹40: Tere dumda ke’elitei eme bodoncar-tur irejü kö’ülebi “Тэр дунд хээлтэй эм Бодончарт ирж хөвүүлэв.” (Rachewiltz, 1972:19)

МНТ ⸹59: tende hö’elün-üjin ke’elitei bürün “Тэнд Өүлэн үжин хээлтэй бүрүүн” (Rachewiltz, 1972:24) гэх ба Мукаддиммат-Ал-Адаб тольд kēlitü bolba eme “хээлт болов эм” (Поппе, 1938: 218) зэргээр голчлон “хээлтэй эм” гэж тохиолдоно.

Э.Мөнх-Учрал жирэмсэн хүмүүнээ хэмээн Турфаны цуглуулгад хоёр удаа гардаг бөгөөд үүнтэй ойролцоо үеийн сурвалжуудад хээлтэй эм хэмээдэг байсан нь яваандаа “хээл”-ийг зөвхөн малын тухайд хээл авах, хээл алдах, хээлтэй хонь, хээлтүүлэх зэргээр хэрэглэх, хүний тухайд “жирэмсэн”-ийг хэрэглэх утгын ялгамжаатай болжээ (Мөнх-Учрал, 2008: 125) гэсэн байна. Харин орчин цагт жирэмсэн гэдгээс гадна олон холбоо үг, хэлцээр илэрхийлж буй нь хэлний хөгжлийн зүй тогтол юм.

Дашрамд дурдахад монголчууд хүн амьтан хоёрыг адилхан илэрхийлсэн зүйл элбэг тохиолдоно. “МНТ ⸹60: Тэмүгэ отчигин гунан бүлгээ, Тэмүлүн өлгийтэй бүлгээ” хэмээнэ. Мөн шүдлэн насны эр малыг гунан үрээ, гунан ирэг, гунан үхэр, гунан сэрх, гунан тайлаг зэргээр нэрлэх ба өдгөө ойрадын аялгуунд гурван настай хүүхдийг ч мөн гунатай хүүхэд гэдэг. Хүн амьтан хоёрыг адилхан илэрхийлж буй нь эрт цагийн хүмүүсийн сэтгэхүй, гэнэн мэдэл, зан дадгалтай холбоотой.

Мөн МНТ ⸹194:kündü eme-yin si’ekü qajar-a ese qaruqsan gürdün-i tuqul-un belji’el-tür ese gürüksen  “Хүнд эмийн шээх газарт эс гарсан, хүрдний тугалын бэлчээрт эс хүрсэн” (Rachewiltz, 1972: 102) гэж гардаг. Энд хүнд эм, хүрдний тугал хэмээн шад хооронд толгой холбосон зүйл ажиглагдана. Орчин цагийн монгол хэлнээ хөл хүнд хэмээж буй нь хүнд эм гэдэгтэй холбогдож байна. Түүнчлэн жирэмсэн хүнийг дундад үеийн монгол хэлнээ хээлтэй эм, хүнд эм гэхээс гадна “ачаат эм” гэж илэрхийлсэн содон баримт байдаг. Мукаддиммат-Ал-Адаб тольд aciātu eme “ачаат эм” (Поппе, 1938:95) гэж буй. Түүнчлэн хүнд эм болбоос “ачаат эм” гэсэн санааг давхар баталж буй хэрэг юм. Ц.Шагдарсүрэн уг холбоо үгийн тухайд Мукаддиммат-Ал-Адаб толийн зарим орчуулгыг харахад, жишээ нь: жирэмсэн эм  гэдэг үгийг ачаат эм гэсэн нь даруй түрэг хэлний yüklük xatun гэдэг хэллэгээс үгчилж орчуулсан болох нь харагдана (Шагдарсүрэн, 2013:1293) гэжээ.

Гэвч өдгөө ойрадын аялгуунд энэ үг хадгалагдана. Аман уламжлалд жирэмсэн хүнийг журамсан гэхээс гадна “ачаат бүсгүй, ачаат хүн, ачаат эм” гэж нэрлэдэг. Ойрад аялгуунд ачаа гэх үг atsān “ацаа” (Цолоо, 1988: 50) гэх хэлбэртэй. Тэгэхээр энэ нь орчуулгын үг лавтай биш, аман ярианд тов тодорхой хэрэглэж ирсэн уламжлалт үг бололтой. Мөн ачаатай хүн хөнгөжих хэмээн хэлэлцэх нь даруй хөл хөнгөрөх, хөлөө татах, гоогорох, амаржих гэдэгтэй утга дүйнэ. Ачаат эм хэмээх холбоо үгтэй холбогдуулж, нэгэн баримт дурдвал хурьцахыг аман ярианд ачаа буулгах гэж хэлцээр илэрхийлдэг. Ш.Одонтөр хурьцах хэмээх үг нь харьцах гэдгээс тэргүүн үеийн эгшиг авиа сэлгэж бүтсэн гээд, харьцах харьцаа гэхэд хэвтээ тэнхлэг дагуу үйлдэл болох нь илт байгаа бол хурьцах нь тодорхой хэлбэлзэлт босоо, хөндлөн тууш чигт хөдөлгөөнийг зааж байна (Одонтөр, 1996: 25) гэжээ.

Түүнчлэн өвөрмөц хэлц нарийн төвөгтэй санааг хүний ой тойнд яв цав нийцтэл оновчтой илэрхийлсэн байдаг. Тодорхой хэлбэлзэлт босоо, хөндлөн, тууш чигт хөдөлгөөнийг, ачаа буулгах хэмээн хэлцээр илэрхийлсэн нь олон нийтэд түгэх нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл, эр хүн энгэр зөрүүлж хурьцан, дур тавихыг ямар нэгэн “ачиж зөөх юм”-ыг буулгах гэдгээр илэрхийлж буй нь утга шилжиж, хэлц үг үүссэнийг гэрчилж байна. Энэ нь метафорын сонгодог жишээ юм. Тэгвэл эр хүн “ачаа буулгаж” баймаажин эм хүн “ачаат эм” болох буй за. Сүхийн Чойсүрэнгийн Наран хаан хүү туульд:

Доод замба тивийн

Довон хар бөх

Зүүдэн солонго дагинатай

Алтан агуйд

Уулзан танилцаж

Хүсэл жаргалаа хангаж ... (Катуу, 2010: 403-404) хэмээн дүрслэгддэг.

Туульд дүрслэгдэж буй “хүсэл жаргалаа хангах” гэдэг нь өнөөгийн хэлээр ачаа буулгах болж байна.  Нөгөө талаар шингэн зүйл хүний биед төдий л их ачаа болохгүй. Бие физиологийн хэрэгцээ болох хүсэл жаргалаа хангах, ертөнцийн мананг (Д.Нацагдорж) арилгах нь өөрийн биед буй ачаа буулгасантай адил тайтгарал, тайвшралыг авчрах ажээ.


Ном зүй

  • Бат-Ирээдүй, Ж. Монгол хэлний дүймин. Улаанбаатар: Соёмбо принтинг, 2019.
  • Монгол хэлний өвөрмөц хэлцийн утга, хэрэглээ эмхт. Д.Соронзон, Р.Сарангэрэл. Улаанбаатар: Арвай бархан, 2021.
  • Мөнх-Учрал, Э. “Монгол, манж хэлний үндсэн тооны нэрийн тухайд.” Acta Mongolica 8 (2008): 119-148.
  • Нэрт туульч С.Чойсүрэнгийн туульс эмхт. Б.Катуу.  Улаанбаатар: Shinryoprints хэвлэх үйлдвэр, 2010.
  • Одонтөр, Ш. Монгол секс үгийн тайлбар. Улаанбаатар: Сүхбаатар хэвлэх үйлдвэр, 1996.
  • Цолоо, Ж. БНМАУ-ын нутгийн аялгууны толь бичиг II ойрад аялгуу. Улаанбаатар: Улсын хэвлэлийн газар, 1988.
  • Поппе, Н. Монгольский словарь Мукаддиммат-Ал-Адаб I-II. Ленинград: Издательство Академия Наук СССР, 1938.
  • Шагдарсүрэн, Ц. “Монгол толь зүйн уламжлалын товч.” Монгол хэлний товч тайлбар толь  (2013): 1287-1309.

Х.ГЭНДЭНПИЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button