ДЭЛХИЙ

Их Британийн хаант засаглал Чарльз III-ын үед төгсгөл болох уу

Хатан хаан нас барснаар Их Британи Чарльз III хэмээх шинэ хаантай болоод буй билээ. Талийгаач хатан хаан амьд ахуйдаа хаант засаглал, хааны гэр бүлийн нэр хүндийг “ганцаараа” шахам авч явж ирсэн бөгөөд түүнийг үгүй болсноор хаант засаглалыг дэмжих иргэдийн байр сууринд нэлээд өөрчлөлт орно гэж үзэх хүн өдрөөс өдөрт олшрох болжээ.  

"YouGov" байгууллагын энэ оны эхэнд хийсэн судалгаагаар, иргэдийн 75 хувь нь хатан хаандаа тааламжтай ханддаг байсан бол шинэ хааны нэр хүнд яг одоо 42 хувьтай байгаа аж.

Хаан өөрөө гэр бүлийн хувьд тогтворгүй,  дүү нь болох ханхүү Эндрю хүчингийн хэрэгт холбогдсон, хүү Харри нь гэр бүлтэйгээ түнжин хагарсан гэх мэтээр нэр хүнддээ сэв суулгаж ирсэн нь үүнд нөлөөлсөн нь гарцаагүй.

Энэ нь яв, явсаар хаант засаглалаас татгалзахад хүргэж болзошгүй гэх санааг илэрхийлэгсэд цөөнгүй байна. Хааны одоогийн эрхзүйн байдал угаас Британид ямар ч нөлөөгүй, бэлгэ тэмдгийн шинжтэй бөгөөд ард олны оюун санаанд гүн бат суусан итгэл үнэмшил, хамтын нөхөрлөл буюу харъяаллын улс орнууддаа үзүүлэх бага ч гэсэн нөлөө л хаант засаглалыг тогтоон барих шалтгаан болж буй. Хэрвээ хамтын нөхөрлөлд багтдаг Австрали, Шотланд, Канад зэрэг хамгийн нөлөө бүхий улс орнууд өмнө нь хэлж байсан шигээ тусгаарлах үйл явцыг үргэлжлүүлж дуусгаваас эзэнт гүрэн, хаант засаглалд том асуудал үүснэ гэдэгт тэдгээр хүмүүс санал нэг байгаа юм.

Бид энэ удаа Эзэнт гүрний харъяанд багтдаг улсуудаас Чарльз III-ын үед салж одох магадлалтай улсуудын талаар мэдээлэл бэлтгэлээ.

Ойрын үед Хамтын нөхөрлөлд багтдаг 14 улсаас дор хаяж зургаад нь энэ асуудал сөхөгдөх нь тодорхой байгаа юм.

ШОТЛАНД

Шотландчуудын салан тусгаарлах хүсэл эрмэлзэл буурч, 42 хувь нь л Их Британиас салахыг дэмжиж байна гэсэн мэдээлэл сүүлийн хэд хоногт хэвлэл мэдээллээр гарч буй. Гэвч эрх мэдлийг салан тусгаарлах үзэлтнүүд барьсан хэвээр, энэ асуудлаар бүх нийтийн санал асуулгыг дахин зохион байгуулах бодлоосоо ухраагүй байна.

Шотландад Тусгаар тогтнох эсэх асуудлаар эхний санал асуулга 2014 онд болоход иргэдийн 55 хувь нь эсрэг санал өгч байсан. Харин 2016 онд явагдсан “Брексит”-ийн санал асуулгад нийт британичуудын ихэнх нь Европын холбооноос гарах санал өгсөн боловч шотландуудын ихэнх нь эсэргүүцэж таарсан. Улмаар салан тусгаарлахыг дэмжигчдийн хувьд 48 хувьд хүрсэн юм.

Шотландын салан тусгаарлах үзэлтнүүд

Өмнөх Ерөнхий сайд Алекс Салмонд, одоогийн Ерөнхий сайд Никола Стуржеон нарын салан тусгаарлах үзэлтнүүд ашиг сонирхлын энэ зөрчил дээр дөрөөлөн дахин нэг удаа оролдоод үзэхээр шийдсэн юм. Никола Стуржеон тухайн үед “Бидний ардчилсан хүсэл сонирхлыг үл хүндэтгэн Европын холбооноос гаргахыг оролдох нь 2014 оны санал асуулгаар тохиролцсон нөхцөлүүдээ зөрчсөн хэрэг болно. Тиймээс Их Британи Европын холбооноос гарлаа л бол Шотланд улс тусгаар тогтнолын асуудлаар дахин санал асуулга явуулахад хэн ч саад болж чадахгүй” гэж мэдэгдэж байв.

“Savanta ComRes” агентлагийн өнгөрсөн сарын эхээр авсан судалгаанд шотландуудын 47 хувь нь тусгаар тогтнохыг дэмжиж, 42 хувь нь татгалзан 10 орчим хувь нь шийдээ гаргаагүй гэж хариулжээ.

Шотландуудын тусгаар тогтнох санаа амжилтад хүрвэл “Брексит”-ээс дутахгүй өрнөл байгаа нь тодорхой. Тухайлбал, Их Британийн цөмийн цэнэгт хошуутай пуужингууд Шотландын Кулпорт, Фаслейн нэрт Тэнгисийн цэргийн баазуудад хадгалагддаг. Гэтэл А.Салмонд, Н.Стуржеон нарын хэн нь ч цөмийн цэнэгт хошууг нутаг дэвсгэр дээрээ байлгахыг эрс эсэргүүцдэг юм.

АВСТРАЛИ

Австрали бол анх нээгдсэн цагаасаа л эзэнт улсын салшгүй нэг хэсэг гэж тооцогдож яваа ч харилцааны хувьд түвэгтэй асуудлууд бий. Өөрсдийгөө язгууртан гаралтай гэж үздэг англи саксонууд эхэндээ гэмт хэрэг үйлдэж нийгэмд аюултай гэж тооцогдсон этгээдүүдийг Австрали руу цөлдөг байсан. Тиймээс гэмт хэрэгтнүүдийн үр удам хэмээн ад үзэх хандлага одоо ч бий. Тусгаар тогтнолын тухайд, Ерөнхий сайд байсан П.Китинг салан тусгаарлах үзэл санааг зарлаж, Австралийн Бүгд найрамдах хөдөлгөөн хэмээх байгууллага 1991 онд бий болж байв.

Энэ хөдөлгөөнийхөн 2016 оны Австралийн өдрийг угтан (жил бүрийн нэгдүгээр сарын 26-нд болдог) Хатан хааныг төрийн тэргүүнээр тооцохоо больж, сонгогдсон төрийн тэргүүнтэй бүгд найрамдах улсын хэлбэрт бүрэн шилжих баримт бичиг гаргахад Австралийн зөвлөлийн найман муж улсын долоогийнх нь удирдлага, Австралийн тэргүүн сайд гарын үсэг зурсан. Салан тусгаарлах үзэл санаа урьд нь хэзээ ч ингэж их дэмжлэг авч байгаагүй юм.

Жулия Гиллард

Энэ үзэл санаа одоо ч Австралийн элит давхаргад хадгалагдсан хэвээр бөгөөд 2010 онд тухайн үед Австралийн Ерөнхий сайд байсан Жулия Гиллард “Хатан хаан Елизавета II нас барсны дараа Австрали улс тусгаар тогтноно. Хатан хааны үхэл бол Бүгд найрамдах улс болсноо зарлах хамгийн тохиромжтой мөч” гэж хэлж байв. Сая хатан хааныг өнгөрсний дараа Ерөнхий сайд Том Альбанез Ерөнхий сайд байх хугацаандаа тусгаарлах асуудлыг ярихгүй гэсэн ч тэрбээр өөрчлөгдвөл түүнийг өөрчилж байгаад ч хамаагүй санасндаа хүрэх хүч чадал нөгөө талд нь бий.

УЭЛЬС

Ирландын салан тусгаарлах магадлал өмнөх хоёроосоо хавьгүй бага. Гэсэн ч хамгийн сүүлд явуулсан санал асуулгад иргэдийн бараг 40 хувь нь тусгаар тогтнохыг дэмжжээ. Амьдралын одоогийн түвшнээ хадгалж чадах эсэхээ мэдэхгүй нөхцөл байдлаас болоод л эзэнт улсын бүрэлдэхүүнд байгаа болохоос тусдаа үндэстэн, англи саксонуудаас олон талаараа ялгаатай тул эцэстээ салан тусгаарлах нь зайлшгүй гэдэгтэй уэльсүүд санал нийлдэг байна. Уэльсийн салан тусгаарлах үзэлтнүүдийн удирдагч Марк Прайсын хэлснээр, Уэльсэд тусгаар тогтнох эсэх санал асуулга ойрын таван жилийн дотор зохион байгуулагдах нь гарцаагүй гэнэ.

УМАРД ИРЛАНД

Салан тусгаарлах үзэл санаагаа харьцангуй аядуу зөөлнөөр илэрхийлдэг Шотланд, Австрали, Уэльсэд нөхцөл байдал ийм байхад илүү хурцаар илэрхийлдэг Умард Ирландад байдал яаж эргэх нь тодорхой.

Сүүлийн үед “Их Британийн нэгдсэн вант улс нь улс төр, эдийн засаг, нийгмийн байгууллын хувьд дэлхий дээр хамгийн амжилттай, жишээ болсон хэлбэр” гэдэг суртал ухуулгыг хүчтэй явуулж байна. Бүрэлдэхүүнд нь байгаа улсуудын хөгжил, амьдралын түвшинг аваад үзвэл тийм ч байж мэднэ. Гэхдээ ямар ч ард түмэнд эрх, эрх чөлөө гэдэг юунаас ч эрхэм билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button