Ярилцлага

Гайхамшигт түүх: Тэд хорт хавдрыг ялсан

Ард түмнээсээ хандив тусламж хүсэн зардлаа босгож, гадаадын улсад эмчлүүлдэг иргэд манай нийгэмд цөөнгүй. Харин эргэж ирээд “Би эдгэлээ. Бүтлээ. Амьдрал маань одоо цэцэглэж байна. Та бүхэндээ хязгааргүй их баярлалаа” гэж хэлэхийг нь сонсох тохиолдол нөхцөл байдал бүрээсээ шалтгаалан тийм ч олон биш.

Тэгвэл Ц.Уугансарнай өдгөө яг тийн өгүүллээ. Адил асуудалтай хүмүүст итгэл найдварын оч бадраах, хорт хавдрыг ялан дийлсэн ийм нэгэн гайхамшигт түүхийг хүүрнэх гэж байна.

“Та ямар гоё болчхоо вэ”

Гурван жилийн өмнө, 2019 оны аравдугаар сард Б.Доржийнд зочилж байлаа. Түүний эхнэр Ц.Уугансарнай амаржаад удаагүй, өлгийтэй хүү нь ээжийнхээ дэргэд нойрсоно. Тэд “Хорт хавдартай эмэгтэй эсэн мэнд амаржлаа” гэсэн гэрэл гэгээт мэдээний баатрууд байв. Гэвчиг Ц.Уугансарнайгийн бие сайнгүй. Хавдар мэдрэлийн тогтолцоонд нь сөргөөр нөлөөлж, үг үйлдлээ хянах чадвар нь улам бүр алдагдаж байлаа. Нөхөр Б.Доржийн сэтгэл зүй амаргүй байгаа нь нүдний харц, байр байдлаасаа илт. Тэд хандив хүсэхийн сацуу гадаадын эмнэлгүүд рүү материалаа явуулж, заримаас нь хариу сонсож эхлээд байсан үе.  

Гурван жилийн өмнө

“Чамтай анх уулзахад би бараг л өөрийн мэдрэлгүй байсан. Юу ярьж байгаагаа ч мэдэхгүй, инээгээд, эсвэл уурлаж загнаад л. Санаж байна уу?”. Энэ цаг хугацааны дараа түүнийг хараад шууд л “Та ямар гоё болчхоо вэ!” гэж дуу алдав. Ц.Уугансарнай БНЭУ-д хоёр удаагийн мэс ажилбарт амжилттай орж, өдгөө эрүүл саруул болжээ. Нялх биетэй, толгойгоо боож, юу болоод буйг ойлгох гэж хичээгээд байна уу гэлтэй дүрлийтэл ширтэн хэвтэж байсан тэр эмэгтэй редакцад танихын аргагүй өөрчлөгдчихсөн сууж байна.

Эмнэлэгт байх үеийн гэрэл зургуудыг тэр угаалган авчирчээ. Нөхрийнх нь сэтгэл догдолж, ялан дийлсэн баярт түүхийг өгүүлэхээс тэвчиж ядна. Тэдний хамт “Энэтхэг-Монголын эрүүл мэндийн хамтын ажиллагааны төв”-ийн Ерөнхий захирал, анагаах ухааны доктор Х.Жамбалмаа ирсэн байна. Тэр БНЭУ-ын “Артемис” эмнэлэгт Б.Дорж, Ц.Уугансарнай нарыг холбон зуучилж, төдийгөөс өдийг хүртэлх бүх адал явдлыг хамт туулжээ.

Эх үү, үр үү

Ц.Уугансарнай анх найман сартай жирэмсэн байхдаа төрөх эмчийн хяналтад орохоор автомашин жолоодон явж байгаад, урсгал сөрж, осол гаргасан. Азаар хэний ч эрүүл мэндэд хохирол учраагүй. Гэхдээ гэр бүл, найз нөхдөд нь анзаарагдсаар байсан “нэг л биш” зүйл бүр даамжирсны дохио энэ байлаа. Ц.Уугансарнай өрхийн эмчдээ үзүүлэхэд “Та согтуу байгаа юм уу. Эсвэл нөхөртөө зодуулаа юу” гэж асуужээ. Тэр хэл нь ээдэрч, үйлдэл нь хяналтгүй болж байгааг анзаарахгүй байлаа. Ямартай ч эмнэлэгт үзүүлэх шаардлагатай болсныг ойлгожээ.

Улсын гуравдугаар төв эмнэлэгт очиход нь мөн л “Та согтуу байгаа юм биш үү. Хэдэн хоног ууснаа хэл дээ” гэх нь тэр. “Би жирэмсэн хүн юу гэж архи уух вэ дээ. Бие нэг л биш байна. Намайг заавал үзүүл гэсэн”. Тархины MRI зураг авхуулав. Хорт хавдар байлаа. Нөхөр нь эл мэдээг Ц.Уугансарнайд дуулгасангүй. Ах дүүсийг нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумаас дуудан цуглуулж, учирлаад, өөрт нь болохоор “Тархинд нь уйланхай шиг жижиг юм л байна гэсэн. Түүнийг авхуулаад л болоо” гэж хэлжээ.

Төрөх дөхөх тусам бие нь улам муудав. “Амгалан” амаржих газрын эмч нар хүүхдийн уушгийг төлжиж дуусмагц нь даруй төлөвлөгөөт кисеров хагалгаа хийн, төрүүлэхээр болжээ. Хэрэв хүчтэй мэдээ алдуулбал тархинд нь улам сөргөөр нөлөөлөх, төрөх үед ямар нэг эрсдэл үүсэх гэх мэт эмээх зүйл олон. Ямартай ч эмч нар амжилттай ажиллаж, 2019 оны аравдугаар сард Ц.Уугансарнай амаржлаа. “Ерөөсөө ээжийг нь аврах уу, хүүг нь аврах уу гэдэг сонголт тулгараад байсан” хэмээн Б.Дорж эмч нарын яриаг дурсав.

Эсэн мэнд амаржсан нь хязгааргүй баярт үйл явдал болсон ч Ц.Уугансарнай бүр хурдан дордов. Улсын гуравдугаар төв эмнэлгээс хамгийн сүүлд гарахад эмч “Бидний зүгээс одоо хийх эмчилгээ дууссан. Энэ хавдрыг Монголд авах боломжгүй. Гадаад руу явж эмчлүүлнэ гэж мөнгө, цаас зарлагадаж байхаар энэ хүнийг дуртай зүйлийг нь идэж, уулгаж байгаад...” хэмээсэн нь тэднийг хүнд ачаа болж дарна. Хэдий тэгж хэлсэн ч Б.Дорж гадаадын эмнэлгүүдийг уйгагүй судалж, Өмнөд Солонгос, Турк зэрэг хэд хэдэн орон руу материал илгээлээ. Яг энэ үед бид уулзаж байсан юм.

Амаржсаны дараа

Ц.Уугансарнай анхны хүүхдээ төрүүлсний дараа нүүр нь жаахан мурийж байгаад зүгээр болжээ. Удалгүй зүгээр болчихсон учраас тэд тоогоогүй байна. Бусдаар хааяа нэг толгой өвдлөө гэдэг, хамар нь битүүрэхээр цацлага цацдаг байснаас хорт хавдар туссаныг мэдэх ямар ч шинж тэмдэг байгаагүй байна.

Таж Махалын шатаар

Туркийг сонговол эмчилгээний төлбөр 80 сая төгрөг. Өмнөд Солонгосоос “Эмчлэх боломжгүй” гэсэн хариу ирэв. Санхүүгийн боломж амаргүй. Сурвалжилга бэлтгэснээс хойш ард түмнээс сэтгэлийн хандив цуглах болсон ба Б.Дорж хандивын тоглолт хийхээр судалж эхэлжээ. Энэ үедээ өвчний улмаас хандив хүсэж буй хүмүүст тоглолт зохион байгуулж өгөх нэрээр хуурдаг муу хүнтэй ч таарав. Харин нэг удаа БНЭУ-д амжилттай эмчлүүлсэн охины талаар дуулаад, “Энэтхэг-Монголын эрүүл мэндийн хамтын ажиллагааны төв”-ийн Ерөнхий захирал Х.Жамбалмаатай холбогджээ.

Х.Жамбалмаа Гүрүграм хотын “Артемис” эмнэлэг рүү материалыг нь явуулж өгөв. Гурав хоногийн дараа хариу иржээ. “Бүрэн эмчлэгдэнэ. 90-95 хувийн баталгаатай. Эмчилгээний төлбөр 10 мянган ам.доллар”. Зардал Туркийнхийг бодвол 2-3 дахин хямдын дээр итгэх итгэл өгчээ, Жагарын орноос ирсэн мэдээ. Эхний удаад нээлттэй хагалгаа хийн хавдрын 70 хувийг авах бөгөөд дараа нь “Cyber Knife” технологиор, туяагаар шарж үлдсэн хэсгийг нь үгүй болгох хоёр удаагийн эмчилгээнд орох төлөвлөгөө гарав. Ингээд гэр бүлээрээ хөдөлжээ.

Арваннэгдүгээр сарын 13-нд “UB Palace”-т хандивын тоглолт зохион байгуулж, Ц.Уугансарнайн төрөлх сумынхан эрвийх дэрвийхээрээ дэмжив. Найман настай охин мөнгө цуглуулсан гахайгаа хагалж, “Үүнийг заавал Уугансарнай эгчид өгөөрэй” хэмээн захисан, нэг ангийн хүүхдүүд самбарын алчуур оён худалдаж, олсон мөнгөө хандивласан зэргээр олны тус ирсээр л байлаа. Нийт 20 орчим сая төгрөг амжилттай цугласан ба энэ нь эхний эмчилгээнд ороход бүрэн хүрэлцсэн байна.

Онгоцны буудал дээр
Энэтхэг рүү

Ц.Уугансарнайгийн тал бие мэдээгүй болж, тэргэнцэрт суулаа. Яг ийм үед Б.Дорж эхнэрээ түрсээр, орчуулагчийн хамт онгоцонд суужээ. Хоёр хүүхдээ үлдээхдээ “Ээжийг нь заавал авчирна” гэж дотроо амласан байна.

Энэтхэгт хөл тавиад, эмнэлэгтээ хэвтэхийн өмнө Б.Дорж эхнэртээ Таж Махал үзүүлье гэж боджээ. Х.Жамбалмаа “Хоёр өдөр явж байгаад ирж болох уу гэж байна. Би эмчилгээг нь л бодоод байдаг, бүр гайхсан. Гэтэл Дорж юмыг яаж мэдэх вэ хэмээн бодож л дээ. Эхнэртэйгээ дурсамж бүтээе, газар орон үзүүлье гэж санаж” гээд инээлээ.

Таж Махалын шатаар эхнэрээ үүрч гарсан тэр өдрийг дурсахдаа Б.Доржийн сэтгэл цээжиндээ багтаж ядаж байв. Хожим Энэтхэгийн нэгэн сэтгүүлч тэднийг “Яг л Таж Махал баригдах шалтгаан болсон тэр л хайрын түүх шиг агуу юм” хэмээн бичжээ.

“Доктор оо!”

2019 арваннэгдүгээр сарын 17-нд хагалгаанд орлоо. 17 эмчийн бүрэлдэхүүнтэй, дэлхийд гурав байдаг /2019 оны байдлаар/ төхөөрөмжөөр хийх уг мэс ажилбар найман цаг үргэлжлэв.

Б.Дорж “Эмнэлэг маш том, хүмүүс хөлхөлдөөд л. Нэг хэсэг нь уйлж, нөгөө хэсэг нь инээнэ. Тэнд хүлээж суухдаа маш их зүйл бодож, зүрх дэлсэж байсан. Нар шингэх дөхөх тусам л санаа зовнино. Гэтэл Х.Жамбалмаа эмчээс мэдээ ирсэн. “Амжилттай болсон шүү, баяр хүргэе” гэсэн. Тэр үед Энэтхэгийн нар жаргасан ч миний нар сэтгэлд минь мандсан” гэлээ.

Харин Ц.Уугансарнай хагалгааны талаар “Хүүхэлдэйн кинон дээр гүнжийн амийг таслах гээд араас нь чөтгөр хөөдөг зүр зурагтай маш адилхан. Гүнж зугтаад л, чөтгөр хайч барин элдээд л. Амьдралтайгаа үлдэхийн тулд дотроо тэмцэлдэж, эмнэлгийн ор хөдлөөд л байх шиг санагдаж байлаа. Алтнаас үнэтэй амь гэж ярьдгийн учрыг ойлгосон. Хүн нас барсан мэдээ сонсогдож л байдаг. Гэвч өөрт тулахаар амьдрал ямар үнэтэйг, үүний цаана хэчнээн олон хүний зүрх шаналдгийг мэдэрсэн. Төрөөд удаагүй хоёр үрээ орхиод явчихвал яана аа гэж айж байсан” гээд нулимс унагалаа.

Ярьж, өтгөн шингэнээ хянаж чадахгүй байсан Ц.Уугансарнай хагалгааны дараа сэрээд шууд л “Доктор оо!” гэж орилжээ. “Маш сонин, өргөс авчихсан мэт л болсон. Шууд ухаан оронгуутаа яг юу болсныг, надад яг ямар хагалгаа хийснийг мэдмээр санагдаад бачимдаж гарсан. Бие засмаар болонгуут сувилагчид хэлж бие зассан. Дараа нь орчуулагчийн хамт эмчтэй уулзсан. Яг юу болоод өнгөрснийг гэнэт л мэдмээр санагдаад эхэлсэн”.

Х.Жамбалмаа “Энэ бол гайхамшигт түүх. Хүмүүст итгэл найдвар өгөх түүх. Мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагаа нь улам бүр алдагдаж байсан Ц.Уугансарнай хагалгаанаас сэрэнгүүтээ “хэлд орсон” явдал үнэхээр сайхан. Энэтхэгт анагаах ухааны салбар маш сайн хөгжсөний дээр зардал маш бага тусдаг. Турк, Өмнөд Солонгосоос даруй хэд дахин хямд төлбөртэй байдаг нь давуу талтай” хэмээнэ.

Ингэж Ц.Уугансарнай хавдрынхаа 70 хувийг авхуулан, Б.Доржийн сэтгэлд мандсан нар өндөрт гийжээ.

"Та бүхэндээ хязгааргүй их баярлалаа"

Монголд ирээд, хавдрын үлдсэн хэсгийг үгүй болгох дараагийн мэс ажилбартаа явах гэсэн ч цар тахал гарч, хил хаагдсан байна. Тэд хоёр жил бэлдсээр 2022 онд дахин “Артемис” эмнэлгийг зорьжээ. Мэс хүргэлгүйгээр хавдрыг үгүй болгодог энэ технологи дэлхийд шинээр нэвтрээд байгаа аж. Одоо Ц.Уугансарнай сав саруул. Хоёр үр, хайрт ханийнхаа хамт хорт хавдрыг ялаж дийлжээ. “Битгий их зүйл бодож, сэтгэлээ чилээгээрэй. Тархиа амрааж байгаарай” гэж эмч зөвлөсөн байна. Түүний барих гам энэ.

Б.Дорж “Бидний тухай мэдээллийг олон түмэнд дамжуулж, түгээж өгсөн танай байгууллагад баярлалаа. Гурван жилийн өмнө чи үүргэвч үүрчихсэн гэрт ирээд л дэвтрээ дэлгэж байсан. Өнөөдөр бид редакцад нь уулзаж байна. Юм гэдэг ямар сайхан юм бэ” гэлээ.

Нээрэн тэд зорин зорин манай редакцад ирсэн. Хавар орчим л Ц.Уугансарнай залгаж, “Эгчийгээ таньж байна уу. Ажил нь сайн уу. Би эдгэсэн. Хандив цуглуулж байна л гэсэн мэдээ түгдгээс биш, эмчлүүлээд ирлээ, бүтлээ гэх нь ховор шүү дээ. Би туулсан адал явдлаа ярьж, хүмүүст урам зориг өгмөөр байна” гэсэн. Редакцын байршлыг утсаар хэлж өгөхөд чанга яригч дээр тавьсан бололтой, дэргэд нь байгаа нөхөр нь “Тэнд, тэдэн давхарт” гэх бүрийг минь давтаж, тогтоон авч байлаа.

Тэд сэтгэл тусалсан бүх хүнд хязгааргүй их талархал илэрхийж байна. Мөн энэ контентоор дамжуулан эргэлзсэн, шаналсан олон хүнд урам зориг, гэрэл гэгээ нь болохыг хүсжээ. Ц.Уугансарнай “Миний Монголын ард түмэн ямар сайхан сэтгэлтэй юм бэ. Хэлээд баршгүй. Мөнгөний гахайгаа хагалаад явуулсан тэр найман охиныг бодоод үз дээ. Та бүхэндээ маш их баярлалаа” гэнэ.

Б.Дорж хэсгийн байцаагчаар ажилладаг бөгөөд эхнэрээ эмчлүүлэх хугацаанд нь чөлөө өгч, бусад боломжит байдлаар туслан дэмжсэн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын удирдлага, ажлын хамт олондоо талархал илэрхийлж байна. Тэр удахгүй албан ажилдаа орох аж.

Мөн Ц.Уугансарнайн төрөлх Хэнтий аймаг ба Бор-Өндөр сумын нутгийн удирдлагууд, "Бор-Өндөр" сургуулийн багш, сурагчид, эмнэлгийн байгууллагын бүхий л ажилчид гээд талархал илэрхийлэх ёстой хэн бүхэнд энэ нийтлэл хүрээсэй хэмээн хүссэн юм.

Гурван жилийн өмнө Б.Дорж “Ямар ч байсан миний хань энэ бүгдийг даван туулна. Сорьж, шалгасан амьдралын хэсэг хугацааны даваа юм болов уу гэж бодох юм. Хүүг минь надад төрүүлж өгөх гэж бүхнээ золиосоллоо” хэмээн хоолой зангируулан ярьж байлаа. Тийм ээ, энэ давааг тэд давлаа. Даван гарах хүмүүс бүр олон байг.

Ц.Уугансарнайн хүсэлт: Хэрэв ижил асуудал туулж, гарц гаргалгаа хайж буй бол түүний 80550156 дугаарт холбогдоход нээлттэй гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Саран
Саран
2022-09-26 08:42

Сайхан мэдээ уншлаа.Аюулт өвчнийг ялан дийлсэн гэр бүлд аз жарг## хүсье.

Зочин
Зочин
2022-09-26 08:43

ямар сайхан мэдээ вээ та хоёр бие биеэндээ хайртай байсны хүч дээ

Зочин
Зочин
2022-09-26 09:13

Gaihaltai tuuh

Зочин
Зочин
2022-09-26 09:15

Гайх##тай гэр бүл вэ? Эрүүл энх, аз жарг## хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе

Зочин
Зочин
2022-09-26 09:16

Ямар сайхан хайр ямар гоё мэдээ вэ зовлон ижил хүмүүст урам зориг итгэл найдвар төрүүлсэн танай сайхан гэр бүлд хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе Шинэ

Зочин
Зочин
2022-09-26 09:16

Гайх##тай.Уугансарнай болон гэр бүлд нь аз жарг## хүсье.

Зочин
Зочин
2022-09-26 09:16

az jargal huseye

Иргэн
Иргэн
2022-09-26 09:45

Сайхан түүх байна Хүнд өвчин тусч сэтгэл санааны хувьд бэрхшээлтэй байгаа хүмүүст сэтгэл итгэл урам зориг өгөх гэгээлэг мэдээ байна Түмэн олон маань амар амг##ан байг ээ

Отгон
Отгон
2022-09-26 12:47

Үнэхээр гайх##тай сайхан байна танай гэр бүлд аз жарг## хүсье

Зочин
Зочин
2022-09-26 12:55

хоргүй хавдар байжээ хортой байсан бол үлдсэн 30 хувьтай 2 жил зүгээр явахгүй үнэн мэдээлэл тараа

Иргэн
Иргэн
2022-09-26 19:20

Сайхан мэдээ, сайхан хүмүүс

Зочин
Зочин
2022-09-28 02:39

Сайхан мэдээ байна үнэхээр баяртай байна.

Зориг
Зориг
2022-10-02 00:22

Ямар азтай хүмүүс вэ. Баяр хүргэе. Бас энэ адил зовлонд шан##ах хүмүүст туслач, уоам днм өгье гэсэн сэтгэл маш агууд т##архаж байна. Танай гэр бүлд аз жхрг## хүсьс????????????????????????????????????

Холбоотой мэдээ

Back to top button