УЛС ТӨР

Ирээдүйг харсан уулзалт: Нүүрс дэлхийд “хог” болохоос урьтаж бид хэрхэх вэ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр Япон улсын ерөнхий сайд асан Шинзо Абэг оршуулах хүндэтгэлийн ёслолд оролцсон. Үүний өмнө Их Британийн хатан хаан II Элизабетийн ёслолд ч биечлэн оролцсон нь гадаад бодлогын идэвхтэй хэлбэр болж, үнэлэгдсэн.

Тэгвэл өнөөдөр Япон улс дахь айлчлалын хүрээнд тэрбээр “Kawasaki Heavy Industries” компанийн үйл ажиллагаатай танилцжээ. Тус компани нь хүрэн нүүрснээс ус төрөгч гаргаж авдаг технологийг нэвтрүүлсэн юм байна. Өөрөөр хэлбэл, хүрэн нүүрсний өгөөжийг өнөө цагт нэмэгдүүлж, үнэ цэнийг нь хадгалах чухал үйлдвэрлэл явуулдаг.

Устөрөгч нь эрчим хүчний шинэ эх үүсвэр болж байгаа. Дэлхийн өндөр хөгжилтэй улсууд устөрөгчийн цахилгаан станц барьж байгуулан, эрчим хүчний хэрэгцээгээ хангаж буй. Гэтэл нөгөө талд дэлхий дахинаар нүүрсний хэрэглээнээс татгалзах болсон. Бүр Парисын хэлэлцээрийн дагуу улс орнууд жил тутам нүүрсний хэрэглээгээ багасгах үүрэг хүлээсэн. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд сөргөөр нөлөөлж буй тул үүнд БНХАУ зэрэг том гүрнүүд ч нааштай хандаж буй. Энэ утгаар ирээдүйд нүүрс зүгээр л “чулуу” болж хувирах зам руу нэгэнт гулсаад байна.

Харин манай улс нүүрс экспортолж улсын төсвийн ихэнх хувийг бүрдүүлдэг. Гэтэл нүүрсний үнэ цэн унах хэрээр манай эдийн засагт сөрөг нөлөөтэй. Нүүрсний хэрэглээ багасах хэрээр бид дараагийн ямар арга хэмжээ авах вэ, ямар бодлого баримтлах вэ гэдэг нь өнөөдрөөс ярьж, хэлэлцэх шаардлагатай сэдэв.

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Kawasaki Heavy Industries” компанитай уулзахдаа хүрэн нүүрснээс ус төрөгч гаргаж авах технологийг нэвтрүүлье, үүний тулд хамтран ажиллая, цаашдаад устөрөгчийн цахилгаан станц барих чиглэлд ажиллая гэж ярьжээ.

Биднийг урд хөрш рүү нүүрсээ яаж саадгүй нэвтрүүлэх вэ хэмээн эргэцэж байх хооронд улс орнууд дараагийн гарцаа эрэлхийлдэг. Энэ үүднээс мэдрэг, чухал алхам болов. Гол нь ажил хэрэг болох нь, үүнийг элдэв улс төр, эрх ашиггүй хэрэгжүүлэх нь чухал юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button