Ярилцлага

Б.Алтантуяа: Монголчуудад дээсэн дөрөөн дээр дэнжигнэх үед ялгардаг даавар өдөр бүр ялгарч байна

Б.Алтантуяа Австри улсын Грац хотод амьдардаг. Эмт ургамлаар төрөл бүрийн бүтээгдэхүүн хийх аргад суралцсанаа Фэйсбүүкээр дамжуулан бусдад түгээж байхыг нь анх харсан. Маш сонин сонин ургамлуудын талаар герман хэл дээрх хуучны зузаан боть номуудаас уншсанаа эшлэн бичиж, сонирхуулна. Бас их сонирхолтой, органик хоол хийнэ.

Яваандаа анагаах ухааны талаар анхаарал татам мэдээллүүдийг мөн л томоохон номуудаас эшлэн хүргэж эхэлсэн. Сүүлд сэтгэл судлалын салбарыг идэвхийлэн сонирхож байгаа нь илт байв. Нэг тийм эрдэм мэдлэгийн мөрөөр нэгэнт замнасан, төлөвшиж болсон, өөрийгөө ойлгосон, эх орон руугаа эгсэн нэгэн шиг харагддаг түүнийг Монголд ирээд байхад нь олзуурхан ярилцлаа.

Фэйсбүүк хаяг: Altantuya Ando Bat-Ochir


УРГАМАЛ БОЛ АМЬД ОРГАНИЗМ ОРШИН ТОГТНОХ ҮНДЭС

-Уншигчдадаа таныг танилцуулмаар байна. Австри дахь амьдралын тань зах зухыг Фэйсбүүкээс харж, их сонирхдог байлаа. Уулзсандаа таатай байна.

-Баярлалаа. Би МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийг Хятад хэлний багш мэргэжлээр төгссөн. Дараа нь Виенийн их сургуульд Хятад судлалын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. Онцлог нь, Хятад судлалаараа ер ажиллаагүй. 2019 он хүртэл Грац хотод албан ёсны дуудлагын орчуулагчаар ажилласан. Харин дөрвөн жилийн өмнө эмт ургамлын багшийн дамжаа төгсөж, энэ чиглэлээр өөрт хуримтлуулсан мэдлэгээ бусдад хуваалцаж эхэлсэн л дээ. Сүүлийн жилүүдэд сэтгэл судлалыг илүүтэй сонирхож байна. Цаашлаад анима, анимус, хүн бүрд байдаг элэнц, хуланцын “сүнс” зэрэг сэдвийг орчин үеийн ойлголтоор сонирхон судалж байна.

-Эмт ургамлыг идэвхийлэн судалж эхэлсэн нь хэзээнээс вэ?

-Нэг удаа Ойрх Дорнодоос авчирдаг, Монголоор бойгор гэдэг ургамлаар тос хийж үзсэн юм. Тос маань амжилттай болсон тул урамшиж, дамжаанд суралцахаар шийдсэн. Улам гүнзгийрүүлж судлахыг хүссэн.

-Таны сэтгэлийг татсан онцлог шалтгаанууд бий юу?

-Аав маань малын эмч хүн байсан. Хөдөө, орон нутгийн томилолтод намайг авч явдаг байлаа. Хаана л бууна, аав маань “Энэ тийм ургамал байна” гээд л үндсийг нь ухаад авч өгдөг, амтлуулаад л “Ямар амттай байна?” гэж асуудаг байсан. Ургамлаар нь тухайн газар бэлчээр, хадлан тааруу болох эсэхийг шинжих жишээтэй. Үүний зэрэгцээ ургамлын эмт чанарыг ч сонирхдог хүн байсан. Мөн зузаан номны завсар ургамал хавчуулж, хатаахыг заагаад л. Хожим хойно номны завсраас бүр дөрөв, тавхан настайдаа хавчуулж байсан ургамал гараад ирэхээр их сонин сэтгэл хөдөлдөг юм билээ.

Нөгөөтээгүүр хүмүүс ургамлыг хөдөлгөөнгүй, оюун ухаангүй ч гэдэг юм уу, их өрөөсгөл ойлгож явдаг. Ургамлын талаар бараг бодож үздэг ч үгүй гэлтэй.  Гэтэл ургамал бол амьдралын үндэс. Бүхий л амьд организмын оршин тогтнох үндэс нь ургамал, дараа нь нарны гэрэл шүү дээ. Энэтхэгийн Аюурвед хэмээх эмт ургамлын ухаан ургамалд асар хүндэтгэлтэй ханддаг.

-Европын анагаах ухаан технологийн дэвшилд суурилж байгаа. Австрид очоод эмт ургамлаар өөрийгөө эмчилнэ гэж төсөөлөх монгол хүн цөөн байх болов уу. Гэтэл хөгжих тусмаа уламжлалт, эрт үеийн ололтууд руугаа эгэх хандлага ажиглагдсаар байна. Австрид эмт ургамал сонирхон судлах нь сүүлийн үед эрчимжиж байна уу?

-Европчууд нийлэг эмээр эмчлүүлээд олигтой үр дүн гарахгүй, сүүлдээ эмийн үйлдвэрийн ашиг сонирхол үлэмж их байгааг мэдээд, мэдлэг боловсролын хувьд арай дээгүүр түвшинд хүрсэн. Амсаж туулсан гашуун туршлагын хувьд ч биднээс илүү. Иймд хувь хүн бүр анагаах ухааныг сонирхон, судлах болж. Тэр дундаа фитотерапи буюу эмт ургамлын салбар асар хурдтай хөгжиж буй. Европт фитотерапигаар суралцсан хүмүүс Энэтхэгийн Аюурведийг их сонирхох болж байгаа.

ҮРГЭЛЖ БАЙГАЛААС ТҮҮХЭЭС ИЛҮҮ ӨӨРСДӨӨ ГАРШУУЛАН ТАРИАЛАХ ХЭРЭГТЭЙ

-Багадаа аавынхаа хамт ургамлын ертөнцтэй танилцаж байсан дурсамж нь сүүлд гүнзгийрүүлэн судалж эхэлсний дараа хэрхэн холбогдсон бэ. Өөртөө юуг шинээр олж нээсэн бэ?

-Эмт ургамлыг анагаах талаас нь судлах хүсэл эрмэлзэл улам асаж байгаа. Хоёрдугаарт аавын маань хэлж байсан зүйлс дэс дараалан үнэн болж таарсан. Манай Монголын малын бэлчээр нутаг тэр чигээрээ эмт ургамал гэж. Говь, хээр талын бэлчээр харахад тачирхан ургамалтай. Гэхдээ эфирийн тосоор асар баялаг, өвлийн хүйтэн үеэр үр нь боловсорч байдаг онцлогтой. Монгол мал үүнийгээ идээд өвлийн эрч хүчээ авдаг гэж аавын хэлдэг нь үнэн болж таарсан.

Хавар мал инстинктээрээ яргуй гэх мэт эфирийн тос ихтэй, гашуун ургамал түүж идээд, шимэгч хорхойгоо өөрөө туугаад гаргачихдаг байх жишээтэй. Мөн манай бэлчээрийн ургамал монгол малаар л дамжиж ургадаг юм билээ. Эрлийз мал авчраад ч юм уу, бэлчээрийн даацаа хэтрүүлээд сүйдэлчихвэл тэдгээр ургамал ургах нөхцөл бололцоо тааруу болоод ирнэ.

Өөр нэг зүйл бол, намайг 2005 онд Австрид байхад аав маань уулзаж амжилгүй өөд болсон. Энэ бүгдийг үзээд явах нь аавтайгаа эргээд уулзах шиг санагддаг. Үүгээрээ их онцгой.

-Хожим холын Австрид гүнзгийрүүлэн судлахад Монгол нутаг нь эмт ургамлаар баялаг гэдгийг дахин бататгажээ. Харин Монголдоо байгаа монголчуудын хувьд энэ уламжлалт мэдлэг улам л алсарсаар байгаа.

-Уламжлалт мэдлэг жилээс жилд мартагдаж, үнэ цэн нь хаягдаж байгаа шүү дээ. Үнэт зүйлсийн ойлголт хуучнаасаа тэс өөр болоод ирсэн. Бүх зүйлсийн хэмжүүр зах зээлийн ашиг хонжоо болох тал руу хэлбийсэн тул үүнд гүнзгий гуниглаж явдаг. Төрөөс зохицуулалт хийгээсэй, бодлого баримтлаасай. Бэлчээрийн даац хэтрүүлэхгүй байхад анхаараасай, малын тоо толгойг биш чанарыг чухалчлаасай, оторлож буй малчдаа татаас өгч дэмжээсэй. Уламжлалаа хадгалж, оторлон нүүдэллэдэг жинхэнэ нүүдэлчдээ дэмжээсэй гэж боддог.

-Монголд эмт ургамлыг бүтээгдэхүүн болгож буй хүмүүс бий л дээ. Харин итгэл үнэмшил төрүүлэхүйц үр дүн багатай байх шиг санагддаг юм. Австрид суралцсаны дараа монголчууд энэ чиглэлд, юун дээрээ анхаарах нь зөв юм шиг анзаарагдсан бэ?

-Дэлхийн хуурайшилтаас болж ургамлын олон төрөл зүйл устаж, үгүй болж байгаа. Иймд байгалаас үргэлж түүх бус, өөрсдөө гаршуулан ургуулаасай. Ургамал өөрийн унаган бүс нутагт нь бол гаршуулан ургуулахад дуртай байдаг. Иймд их хүндрэлтэй явдал болохгүй гэж бодож байна. Байгал, төрөл зүйлээ хамгаалах, хойч үедээ үлдээх өвтэй байх талаасаа шүү дээ. Байгаль, хүний хүйн холбоог таслахгүй байх үүднээс.

Хоёрдугаарт, хэдийд хурааж авах вэ гэдэг хугацаа ургамал бүрд өөр, өөр. Хурааж авахдаа юуг анхаарах вэ, дараа нь хэрхэн хадгалах, яаж боловсруулах вэ гэдэг бүр нь нарийн тул эдгээрийг анхаарах нь зөв. Харин эмт ургамлаар бэлдмэл хийж буй хүмүүсийг үргэлж зөв зүйтэй гэж боддог. Хэрэв гаршуулж болохгүй бол монголчуудад Сибирийн ургамал их таардаг учраас Оросоос авах боломжтой. Мэргэжлийн боловсруулалт, бэлдэц талдаа Оросын эмт ургамлын бэлдмэлүүд сайн. Буриадын эмт ургамлууд мөн сонирхолтой. Зөвхөн Байгал далайд ургадаг, дэлхийн өөр хаана ч ургадаггүй ургамлууд байх жишээтэй.

-Монголд ургадаг ургамлуудаас увдис, ид шидийг нь сонирхуулах боломжтой юу. Бид төдийлөн мэддэггүй ч юм уу?

-Англиар Sage гэдэг, Монголчууд цөлийн мугваа гэж нэрлэдэг их ховор төрлийн ургамал бий. Түүнийг олж үзэх юм сан, ямар юм байдаг бол гэж боддог. Европт ургадаг нь бол хачин гоё үнэртэй, том том навчтай. Монголын говьд ургадаг гэхээр гайхамшигтай санагддаг. Бүр ховор нандин гэвэл мөгз гэдэг ургамал. Аман яриагаар алтан гагнуур гэдэг. Сибирийн хүн орхоодой ч гэж нэрлэдэг.

Ийм ховор ургамал руу хүмүүсийг шуугиулж, турхирах их дургүй. Тэртэй тэргүй ховордчихсон учраас. Бут, сөөг маягаар хашаандаа ургуулж болдог төрөл зүйлүүд ч сонирхолтой шүү дээ. Долоогоно зүрхэнд сайн, бөөрөлзгөний навчаар цай чанаж уувал эмэгтэйчүүдэд сайн. Аньсны жимс бөөр, давсганд сайн. Навчийг нь хандлаад уувал уушгины өвчинд сайн. Навч нь их хүчтэй учир долоо хоногоос илүү ууж болохгүй ч гэдэг юм уу. Иймэрхүү зүйлсийг монголчууддаа түлхүү зааж өгөх дуртай. Түүнээс “Хүүе, ийм ч, тийм ч ховор ургамал байна. Дайрцгаая” гэж ханддаггүй. Асар бишрэлтэй, гүн хүндэтгэлтэй ханддаг учраас “Ээ хайрхан минь, энэ ургамал байхгүй болчих вий” гэж зовниж явдаг.

БАГАДАА ЭЭНЭГШИЛ МУУТАЙ ӨССӨН ХҮҮХДҮҮДИЙН НИЙГЭМ-СОХРООР ДАГАН ДУУРАЙХ

-Та сүүлийн жилүүдэд сэтгэл судлалыг илүүтэй сонирхож байгаа юм билээ. Монголдоо ирэлгүй хэр удав?

-Гурван жил юм уу, “Ковид-19” гарахаас өмнө ирээд буцсан.

-Монголчуудаас ажиглагдаж буй сэтгэл зүйн онцлог хамгийн түрүүнд юу байв?

-Өөртөө засах мэдрэлийн системийн гурван янз салбар байдгаас симпатик буюу: Нэг бол тэмцэнэ, үгүй бол зугтана гэсэн их эвгүй, хүний булчинг байнга чангалж байдаг, стрессийн даавар их ялгаруулдаг мэдрэл нь идэвжхсэн шинжтэй. Уг нь хүнд байгалаас заяасан энэ төрлийн дааврын хэмжээ хязаарлагдмал. Ерөөс амьдралд хэдхэн удаа, нэгнийгээ ангалаас унах гэж байхад нь татаж гаргах ч юм уу, ийм дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байх үед ялгарах ёстой даавар юм. Гэтэл өдөр тутмын стресст ялгаруулаад байвал эрүүл мэндэд асар хортой. Түүнийг л ажиглаж, их харамсаж явна. Шийдэл нь ямар байхыг сайн хэлж мэдэхгүй шүү дээ. “Хотод бөөгнөрч суух нь буруу, орон нутагт гар” гэвэл хэтэрхий дураар болно. Харин ингэж амьдрах эрүүл мэндийг хэрхэн сүйдэлж буй учир шалтгааныг хэлж өгөх нь чухал шиг.

-Хүн өөрөө таньж мэдсэнээр энэ мэдрэлийг дарж, тайвшруулах боломж бий юу?

-Тэгвэл асар хэрэгтэй. Эмээр бол дэмий. Харин өөрөө ухамсартайгаар, “Хүүш, би чинь яаж байна аа” гээд мэддэг болчихвол эвтэйхэн залж, залуурдаж болно. Жолоодож сурахад хэрэгтэй дасгалууд бий, мөн бариа заслууд гарч ирж байгаа. Мөн энэ онолыг боловсруулсан нэртэй мэдрэл судлаач Стивен Поргез гэж эрдэмтний санал болгодог, 400 орчим герцтэй, өвөрмөц хөгжмүүд бий.

-Австри бол эдийн засгийн болон нийгмийн харилцаа нь харьцангүй тогтсон орон. Харин монголчуудын сэтгэл зүйд нийгмийн болон улс төрийн тогтолцоо, тогтож амжаагүй ойлголтууд нь хэрхэн нөлөөлдөг бол?

-Дээр дурдсан мэдрэлийн гурван салбар нь зөв зохилдолгоогоор ажиллахаа больсон ийм нөхцөлд бусадтайгаа элэгсэг дотно, сайхан харилцах боломжгүй гэж бичиж байна. Мөн ийм нөхцөлд гаднаас янз, янзын мунхруулга хийхэд амархан. Загас бөөнөөрөө нэг тийш ханарч сэлж буй дүр зургийг санаж байна уу. Өнөөгийн нийгэм яг л тиймэрхүү хандлагатай болоод буй талаар нийгэм судлаач, сэтгэл судлаач, хүн судлаач нар бичих юм. Энэ цаг үеийн онцлогийг хүүхдүүд бага наснаасаа ээнэгшил муутай өссөнтэй холбон тодорхойлж байна.

Хамгийн чухал хэрэгцээ. Өөрөөр хэлбэл хүүхэд нярайн үеэсээ таван нас хүртлээ аав, ээжтэйгээ гүнзгий ээнэгшин дасах ёстой байдаг. Гэтэл энэ үед нь дандаа цагийн ажил хийгээд явчихдаг учраас уламжлалт нийгмийн: Хүүхдүүдтэйгээ үргэлж хамт байж, амьдралыг гараас нь хөтөлж яваад үзүүлдэг зүйл байхгүй болчхож. Иймд том хүмүүсийг дагах, дуурайх энэ хэрэгцээгээ бие биенээрээ нөхдөг хэмээж байна. Ингэснээр бусдыг сохроор дуурайж дагах хандлага дэлхий даяар давамгайлж байгаа талаар бичих болж.

Үүний адил, ардчилал, хүний эрх зэрэг либерал ойлголтуудыг үгчлэн ойлгоод, туйлын үнэн гэж итгэж яваа нь харамсалтай санагддаг. Зүүний ч бай, барууны ч бай, ямар ч үзэл онолд нэлээд эргэлзээтэй, болгоомжтой хандах хэрэгтэй. Ялангуяа бидэн шиг хүн ам цөөтэй, жижиг үндэстний хувьд шүү дээ. Үр дагавар нь хатуу бууна.

-Таныг сэтгэл судлалын салбарт ямар нэг эрдмийн зэрэг, диплом байхгүй гэж ойлгосон?

-Энэ тухай бодож, эргэлзэж байсан. Өмнө нь Монголд ирэхдээ Биополитик гэдэг сэдвээр лекц уншиж байсан. Тэр үед хүмүүс “Та биологич юм уу” гэж асууж байсан. Одоо хүмүүс “Та сэтгэлзүйч биш байж ийм зүйл хийж болох юм уу” гэж асуух  нь мэр сэр. Үүнд, “Би сэтгэлзүйн зөвлөгөө өгч байгаа хэрэг бус, энэ салбарын  олон ном уншиж, судалсны үндсэнд боловсролын чиглэлээр сургалт явуулж байгаа. Хувийн асуудлаа надад хэлээд хэрэггүй, харин энэ салбарт ид яригдаж буй зүйлсийг уншсан, мэдсэнээ л хуваалцаж буй” гэж хариулж байна.

Карл Юнгийн туслахаар олон жил ажилласан Мариа-Луис Фон Франц гэж эмэгтэй бий. Түүний сүүлд хэвлүүлсэн номнууд нь жигтэйхэн шуугиан тарьж байгаа. “Оготны нүхэнд хэвтэж байсан сувд” гэж мэдээгүй гэх юм уу даа. Тэр хүн аливаа нийгэм ялзарч, доройтож буйн гол шинж тэмдэг бол: Мэдлэг, оюуны хөгжил нь олон салбар болж, зөгийний сархиаг шиг хуваагдаж, мэргэжилтнүүд нь салбараа өмчилдөг болох гэж бичжээ. Уг нь амьдралаас урган гарсан бүгд хүйн холбоотой байдаг. Гэвч мэргэжлийн салбарууд эсрэгээрээ. Иймд олон хуваагдсан салбар амьдралд хор хөнөөл дагуулдаг. Нэг салбарын авчирсан хор хөнөөлийг арилгахын тулд олон салбар огтлолцсон мэргэжилтнүүд нийлж, уйгагүй хөдөлмөрлөж байж шийдэл олохоор болж, орчин цагт. Тийм болохоор тухайн салбарыг гаднаас нь ч бас сонирхож, судалж, уншсанаа түгээж байвал сонирхолтой л гэж бодож байгаа. Нийгэмдээ илүү хувь нэмэртэй.

-Та их уншсан ч цөөн хүрээлэл дунд сургалтаа явуулдаг. Энэ танд хэр хангалттай вэ. Бусдад түгээе гэсэн эрмэлзэл бий нь ойлгомжтой ч, үүнээс илүү олон хүнд хүрэхийг хүсдэг үү?

-Би маш их сонирхсон зүйлдээ л хөтлөгддөг тул прагматик тал нь чухал биш санагддаг. Олон дагагчтай болох, хүрээллээ өргөсгөх зэргийг аль болох бодохгүйг хичээдэг. Хүнд мэдээж ашиг сонирхлын бодол бий. Гэхдээ тэр бодол хамаагүй цогиод явчхаж болохгүй. Хүн урдах юмаа хийгээд, хараад л яваад байвал аяндаа дэлгэрнэ. Харин түрэмгий маркетинг явуулж, өөрийгөө сурталчлахад дургүй.

ЗАЛУУ, ГАЛ ДӨЛТЭЙ ҮЕДЭЭ ХӨДӨӨ ОРОН НУТГАА ЗОРИОРОЙ

-Уншиж, үзэж туулсны ард өнөөгийн төлөвшил бий болсон болов уу. Харин залуу насан дахь натурал зан авир нь хэр өөрчлөгдсөн бэ, анзаарч байсан уу?

-Анзааралгүй яах вэ. 14 настайдаа бие дааж англи хэл үзсэн. Тэр үед хүүхдүүд намайг гайхдаг байсан. Би ч өөрийгөө яагаад англи хэл бие дааж үзэх болсноо тайлбарлаж мэддэггүй байсан. Барууны зүйлд татагдаад л. 1994 оноос жуулчны хөтөч хийгээд явахдаа барууны юмыг бүр жигтэйхэн их сонирхдог байсан. Аяндаа жуулчин дагуулж, хөдөө орон нутгаар аялж, малчидтайгаа уулзаад явахаар дарагдаад ирдэг юм билээ. Виеннад Хятад судлалаар сурч эхлээд бүр их хөдөө талаа, малчдынхаа ахуйг санах нь ихэссэн. Барууны зүйлс сонирхохоо ер больчихсон. Хэлбэр төдий л зүйл юм байна, агуулга нь монгол хүнээс хамаагүй хол, онцын хүртээлгүй зүйл юм байна гэж ойлгосон.

-Нутагтаа амьдрахад юу нь болохгүй байна вэ?

-Болохгүй байгаа шалтгаан гэвэл, хүү маань дөнгөж долоон настай, сургуульд орж байгаа. Өмнө нь Монголд австри жуулчин авчирдаг байсан. Энэ үедээ охиноо зун бүр Монголд авчирч, хэргээр унаган монгол хэлтэй болгож өсгөсөн. Ингэж хос хэлтэй өсгөсөн учраас Монголд дагуулаад ирэхэд ямар ч асуудал байдаггүй. Өөрөө ч Монголыг санаж буйгаа хэлдэг. Харин Монголд юмны үнэ өссөний дараа аяллаа зарж чадахаа больсон тул түүнээс хойш эх орондоо ирэх боломж бага болж, хүүгээ охин шигээ авчраад байж чадаагүй. Хүү маань монгол хэл сураагүй, ийм асуудал байна. Мөн аваад ирвэл гадаадаас ирсэн хүүхэд гээд ямар нэг байдлаар гадуурхагдах вий гэсэн айдас бий.

-Өөрөө хэр дасан зохицох вэ?

-Би Улаанбаатарт үнэхээр байж чадахгүй. Нутагтаа буцаад ирвэл аймгийн төвд л эхэлж амьдарна даа.  Аймгийн төвд, 10 жилийн сургуульд багшилж байгаад сум руу, сумаасаа бүр хөдөө тал руу гарах бодолтой байгаа /Инээв/.

-Монголд нөхцөл байдал амаргүй байгаа нь үнэн ч эх орноо, монгол хүн гэдгээ зүрхэндээ мэдрэхийн тулд юу хэрэгтэй байдгийг гайхдаг юм. Хувь хүнээсээ ч шалтгаалдаг юм болов уу?

-Хүнээсээ шалтгаалалгүй яах вэ. Бас түрүүчийн хүмүүсийн хийсэн үйлдлийн үр дагавар ч нөлөөлж байгаа шүү дээ. Залуу хүнийг чичлэх, заах дургүй. Зөнгөөрөө юмаа хийж, хөгжөөсэй гэж боддог. Харин хоёр зүйлийг захиж хэлмээр санагддаг. Хань ижилтэй болохоосоо өмнө бүх зүйлээ бэлдэнэ гэж яваад оройтох нь харамсалтай санагддаг. Залуу үедээ нийлж, тэр зүйлсээ хамтдаа бүтээвэл улам хүчтэй харилцаатай болно. Бэлэн болсон хойно эхнэр, нөхөртэй болно гэж бодоод байвал зожиг, яхир болчхож магадгүй. Түүнтэй адилхан, эхлээд гадаад явна, мөнгө төгрөг хураана, дараа нь хөдөө гарна даа гэж хойш нь тавиад л байтал 40 гараад ирэхээр хүн орчиндоо дасдаг амьтан учраас ир нь мохоод, бүр худлаа болчхож ч магадгүй. Ийм гоё гал дөлтэй үедээ хөдөө орон нутгаа зоривол сайхан шүү. Онцын хураасан зүйлгүйгээр эхнээс нь эхэлнэ гэсэн үг шүү дээ. Үзэлцээд үзвэл. Хүн өнгөрсөн хойно нь мэддэг. 40, 50 гарсан хойноо “Энэ чинь л намайг ийм болгож шүү дээ” гэж ойлгодог. “Хэрэв тэр үед ийн зориглоогүй бол...” гэдгээ хэзээ хойно л мэднэ.

Монгол хүний удам үүгээрээ онцлог гэсэн. Хатуу хахир уур амьсгалтай, нүүдлийн мал аж ахуй эрхэлж, ан гөрөөгөөр хавсаргаж явсан учраас халуунд халж, хүйтэнд хөрж хүн болдог, сорилт давж гэмээ нь төлөвшдөг онцлог бүхий юм билээ. Европууд бол нөхцөл нь сайн байж гэмээ нь цэцэглэдэг гэх.

-Удахгүй хэвлэлтэд шилжүүлэх номынхоо тухай ярихгүй юу?

-Сэтгэл зүйн сургалт Фэйсбүүкээр явуулахад залуус их оролцдог. Ярьж буйгаас нь үзэхэд, манай сэтгэл зүйчид шинээр гарч ирж буй зүйлсийг яргуй хөөсөн ямаа шиг уншдаггүй юм байна. Сэтгэл зүйч болчихлоо гэсэн үүднээс хандаж, зөвлөгөө өгдөг юм байна. Зөвлөгөө нь үеэ өнгөрөөсөн, зөвлөгөө өгөх маягаар хүний зан төлвийг засах гэсэн маягтай. Харин одоо баруунд энэ салбар цоо шинэ харгуйгаар алхаж байна. Чиглэлээ их өөрчилсөн. Сэтгэлзүйн асуудлыг сэтгэлээс биш бие махбодоос хайж байна. Манай ардын үг яг оноод хэлчихсэн, эрүүл биед саруул ухаан гэж. Бие, сэтгэлийг монголчууд салангид боддоггүй байж. Өөрөөр хэлбэл бидний хувьд нэг талаараа шинэ юм биш. Уламжлалт, өвгөдийн ухаан орчин үеийн цоо шинэ хандлагатай таарч байна шүү гэдгийг харуулах гэж номоо бичсэн.

-Академик мэдлэгүүд бий юу?

-Тийм, өнөө цагт хамгийн их үнэлэгдэж, алдаршиж буй энэ салбарын хүмүүсийн ном бүтээлийг уншиж, бичсэн.

-Удмын "сүнс" зэрэг ойлголтын тухай байгаа гэсэн нь анхаарал татсан?

-Энэ номондоо бол шүргээд л өнгөрсөн. Дараагийн номдоо анима, анимус гэж хүнд элэнц хуланцаас дагаж явдаг "сүнс" байдаг талаар илүү гүнзгийрүүлж бичихээр төлөвлөж байна. Үлгэрийн ч юм уу хийсвэрээр төсөөлдөг тэр сүнс биш л дээ. Эпигенетикээр удамшиж ирдэг чанаруудыг хэлж байна гэж ойлгох нь зөв.

-Сүнс гэчихээр шинжлэх ухаанаас хол, эзотерик маягийн ойлгогдоод явчих байх л даа?

-Сүнс гэхээр эзотерик болж магад. Гэхдээ би өөрөө тийм хийсвэр, мухар сүсгийн маягийн зүйлд их тааруу, дургүй. Миний ойлгож буйгаар хий хоосон зүйл биш, хүний удмаар, элэнц хуланцаар дамжиж ирсэн эпигенетикийн шинж чанарууд энэ насандаа юу үзэж туулж буйгаасаа шалтгаалж идэвхждэг юм байна. Тийм маягаар элэнц хуланцтайгаа холбоотой байдаг юм байна гэсэн маягаар ойлгох нь зүй, анима, анимус гэдгийг. Маш сонирхолтой зүйлс байгаа. Жишээ нь, Active Imagination гэдэг ойлголт монголчуудад их хэрэгтэй. Өөрийн шунал тачаал, уур хилэн ч юм уу сэтгэлийн хөдөлгөөнийг биет хүн шиг бодож идэвхийлэн төсөөлөөд, хоорондоо ярилцахыг хэлдэг. Гэтэл ихэнх примитив буюу эртний нийгэмд энэ нь зөрчилтэй байгаа хүнээ төсөөлж бодохоор илэрдэг. Ингэхээр хараал, жатга болдог. Өөрт ч, өрөөлд ч хортой.

Бөө мөргөл их түгж буй нь саар үр дагавар дагуулж байна даа гэж харж байгаа учраас бас сонирхох шалтгаан нэмэгддэг. Карл Юнг, Мария-Луис Фон Франц гэдэг хүмүүсийн асар болгоомжтойгоор боловсруулсан бүтээлүүд дотор бий. Нөгөө хүнээ төсөөлж бодоод, тэр хүндээ нөлөөлөх гэж оролдвол асар эвгүй үр дагадартай. Аваар осол, золгүй явдал дагуулж болдог. Хамгийн аюултай нь өвчин эмгэг. Хүнд хар буруу санаа өвөрлөж байна гэсэн үг шүү дээ. Хоёулаа энэ объектыг булаацалдлаа гэхэд өөрийн уцаар дээрээ ажиллахгүй мөртлөө чамайг байнга бодоод байвал надад өвчин болно, чамд ч муу үр дагавар авчирч магадгүй. Энэ нийгмийн харилцаанд асар муу. Сүүлийн үед баахан бөө удгантай болсон, хүмүүсийн харилцааг их эвдэж байгаа болов уу. Үүнээс залуус их залхсан ирж байна л даа.

-Дараагийн ном маш сонирхолтой байх нь.

-Тийм, анима, анимусаас гадна ардын үлгэр домог, аман зохиол гэдэг юмаар Монгол хүний сэтгэлийн гүнд хүрэх юм сан гэж бодсон. Судалгааны ажлаа хийж байгаа.

-Хамгийн сүүлд нь асуухад, монголчууд таны лекц, сургалтад хамрагдахдаа нийтлэг ямар шалтгаантай байгаа нь анзаарагдсан бэ?

-Эмээр бөмбөгдүүлэхгүйгээр зөөлөн аргаар асуудлаа шийдэхээр ирж байгаа нь олзуурхууштай. Сэтгэл зүйн сургалтад бол хоёр өөр үеийнхэн ирж байна. Ажил, ажил гэж шогшиж яваад хүүхдээ 18, 19 хүрэнгүүт зөрчилд орсон эцэг эхчүүд. Залуус нь болохоор, 40-өөс дээш насны хүмүүсийн үзэл бодол, амьдралд хандах хандлагад нь бүр дургүй болчихсон байна. Ерөнхийдөө залууст эз дийлэх маягаар ханддагт нь дургүй болцгоож. Өөрсдөө өв уламжлал гэхээр зүйлгүй болчихсон хэрнээ, залууст авторитар маягаар харьцдагт нь. Үүнээс харахад залуус өөрийн замаа шинээр эрэлхийлж байна шүү дээ. Юунаас баримжаа авах вэ. "Бидний ахмад үеийнхэн баримжаа өгөхөөргүй болчихлоо, өнөө сайхан өтгөс буурлууд маань ар, араасаа яваад өгч байгаа". Жил ирэх тусам үнэт зүйлсийн ойлголтыг дамжуулж өгөх хүмүүс ховордож байна. Иймд их эгзэгтэй цаг үед л бид амьдарч байна. Их олон биш, цөөн хүмүүс ирдэг, гэхдээ нэг удаа ирээд больдоггүй. Дахин дахин ирдэгт нь их баярладаг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-29 09:23

zuv yrij baina

Эгэл
Эгэл
2022-09-29 09:25

Маш сайхан ярилцлага болжээ,дотоод мөн чанар руугаа хандах нь илүүтэй биз.Танд сайн сайхныг хүсьэ.

Зочин
Зочин
2022-09-29 09:32

salbariin hun barag baihgui dee mongold ugaasaa

Зочин
Зочин
2022-09-29 19:01

Аниа яагаад үсээ авхуулчих ваа, үүнд ямар нэг учир холбогдол байгаа болов уу. Магадгүй анима, анимустай холбоотой байж болох юм.

Зочин
Зочин
2022-09-30 09:21

Ийм худлаа гарууд хүн мунхруулж мөнгө олох аргыг амархан олчих юмөө монголд байсан бол з�##�илан хийгээд явах гарууд....
Энэ ч бас нэг төрлийн з�##�илан л даа кк

Зочин
Зочин
2022-10-01 07:31
Reply to  Зочин

Юу ч мэдэхгүй байж хий хардах нь сүнс, энергийн хувьд ихэд дорой байгаагийн илрэл шүү.

Зочин
Зочин
2022-09-30 10:12

Ih saihan zuil unshlaa uuriigoo olson hun baina manai Mongol uls hugjiye gevel undeserheg uzeltei baih heregtei tegvel Mongol undesten evlelden negdej huchirheg bolno yag aziin ornuud shig ev negdeltei mun uv soyol sergene gadnaas mash tom har huch bidniig negduulehgui gej ajillaj baina uuniig shiidej chadval ajilguidel yaduural hudal hulgai ugui bolno

Отгонсүрэн
Отгонсүрэн
2022-10-01 07:30

Сайхан сатгэл төрүүллээ монголдоо ирж ажиллав�##� маш сайг байнаа лeкцэнд нь ямар хаягаар холбогдох уу эрүүл энхийг хүсэн eрөөe.Амжилт

Холбоотой мэдээ

Back to top button