Top StoriesЯрилцлага

О.Норолхоо: Энгэртээ зүүгээгүй ч ард түмэн минь надад хэдий нь гавьяат өгчихсөн

1983 онд тоглогдсон “Алтан түлхүүр” жүжигт Буратиногийн дүрийг бүтээхдээ тэр 30 нас гарчихсан байлаа. Бүр 18-тайдаа л ЕБС-ийн ширээнээс “Гарын таван хуруу” жүжигт эрэгтэй хүүхдийн дүр бүтээхээр шалгарснаар театрт анх хөл тавьсан тэрбээр одоо ч хүүхэд шиг цовоо сэргэлэн.

Драмын урлагт зөвхөн хүүхдийн жүжигт дүр бүтээж ирсэн нь хэдий хязгаарлагдмал юм шиг хэрнээ, монголчууд түүнийг хараад л танина. Амны хаалт зүүчихсэн явахад нь ч таниад мэндэлдэг, дэлгүүрт таараад “Би тооцоог нь хийе” хэмээн хүндэлдэг талаар тэр хуучилна.

Буратинод

Харин О.Норолхоог Соёлын тэргүүний ажилтан гэж мэдвэл гайхах нь дамжиггүй. Саяхан Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулаад магнай хагартал баярлаж яваа тэр огт гавьяа, шагналын араас мөрөөсдөггүй.

Тэр өдгөө 73 настай ч Фэйсбүүкийг “хашраах” юм. Шууд л чат бичнэ, сошиал орчин дахь ертөнцтэй үргэлжийн холбоотой байна. Улаан тугийн одонгоор шагнуулсны нь дараа баяр хүргэсэн, бас “Гавьяат л авах ёстой юм даа” гэсэн сэтгэгдлүүдийг тэр уншаад бахархан, баярлаж байлаа.

Нуруугаа гэмтээгээд, ихэвчлэн хэвтэж, гам барьж байгаа ч тэр “Эмээгээ тоож ирсэнд баярлалаа. Олон удаа ярьсан учраас яаж буцаах вэ. Цай уу, бууз ид. Алив идээрэй. Бүү нэрэлх. Миний хүү наашаа суу” гэсээр л уулзлаа.

ОДОН, ТЭМДГЭЭС ИЛҮҮ ХАЙР, ХҮНДЭТГЭЛ

-Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулаад, сошиал орчин дахь сэтгэгдлүүдийг харахад ямар мэдрэмж төрж байх юм бэ?

-Эгч нь өөрийгөө их азтай хүн гэж боддог. Жирийн л ажилчин ангийн охин би өөрт буй яльгүй жаахан авьяасаар танигдан, өдийн насандаа хайрлуулж байна. Үнэхээр их баярлаж явна. Надад жаахан “юм” байсан юм байна, түүнийг маань Монголын ард түмэн олж харсан юм байна. Хүүхэлдэйн театрын хамт олон намайг энэ шагналд тодорхойлж өгсөн. Гэртээ ирээд Фэйсбүүк ороход 2500 хүн “Хүндэтгэдэг, хайрладаг шүү, миний хайртай Буратино шүү” хэмээн баяр хүргэжээ. Дэндүү ахадсан магтаал юм шиг санагдаж бас омогшиж байна. Хийх ёстой зүйлээ хийжээ гэж бодож байна. Хүний хайрыг авахаас илүү сайхан гавьяа шагнал гэж байхгүй юм.

-Та энгэр дэх одонгуудаа нэг танилцуулаач?

-Алтан гадас одонг хоёр жилийн өмнө мөн Хүүхэлдэйн театрын хамт олон тодорхойлж, энгэрт минь зүүлгэсэн дээ. Би чинь угтаа УДЭТ-д 22 жил ажиллаад, тухайн үеийн тогтоолын дагуу 1992 онд тэтгэвэртээ гарсан хүн. Дараа нь Хүүхэлдэйн театрын урилгаар туслах найруулагчаар 15 жил ажиллан, шинэ хуулиар дахин тэтгэвэрт гарсан. Ийм учраас баяраар хоёр газар уригддаг азтай хүн шүү дээ.

Соёлын тэргүүний ажилтандаа маш их баярлаж явдаг. Г.Доржсамбуу найруулагч маань намайг тодорхолж өгсөн. Харин энэ бол Монголын урлагийн төлөө бүхнээ зориулсан эрдэмтэн зохиолч Э.Оюуны нэрэмжит шагнал. Сая УДЭТ-ын 90 жилийн ойгоор хүртсэн. Намайг жүжигчин болоход дээд сургууль төгсгөсөн хүн шүү дээ. Түүний ачаар л би хүний дайтай болсон. Э.Оюун багшид тоогдоно гэдэг маш том үйл хэрэг байсан даа. Энэ гайхалтай хүний нэрэмжит шагнал хүртсэндээ үнэхээрийн их баярлаж, бахархаж явна. Айхтар их шагнал нэг дор шахуу авсан нэг эмээ л сууж байна даа /инээв/.

-Та шагнал бүрдээ их хүндэтгэлтэй хандах юм. Би таныг харин ч гавьяа шагнал дутуу хүртсэн гэж боддог, сошиалд ч хүмүүс ингэж их бичих юм. Та огт тэгж бодож байгаагүй юу?

-Бодож байгаагүй. Ямар ч шагналаас илүү хүмүүсийн хайр, хүндэтгэл байдаг юм шүү дээ. Би энгэртээ нэг тэмдэг зүүчихдэг, хүн танихгүй байвал яах вэ. Хүмүүс “Та гавьяат авах ёстой” гээд байгаа л бол би гавьяатаа авчихсан л байна. Энгэр дээрээ зүүгээгүй ч ард түмэн надад аль хэзээ өгчихсөн. “Яагаад гавьяатыг нь өгөхгүй байгаа юм бэ” гэж бичиж байгаа хүмүүсийн энэ агуу хайр надад шагнал хүртээчихсэн. Би өөрөө гавьяат авахын төлөө бус амьдрахын төлөө ажилласан. Энэ маань явсаар ийм их нэр хүнд авчирсан нь сайхан юм. Хэзээ ч авсан шагналаа голж, шилж явсангүй. Яагаад гэвэл би авчихсан! Миний ард түмэн надад өгчихсөн.

-Дэлгүүрт таарсан ч таниад, “Би тооцоог нь хийчихье” гэж хүндэтгэсэн гэлээ шүү дээ?

-Тийм, малгай өмсөж, амны хаалт зүүчихсэн байсан ч таньдаг. Нэг удаа эмийн санд ийм үйл явдал болсон. Надад мөнгө байсан уу, байсан. Бэлэн мөнгө л байгаагүй. Картаа гаргах гээд цүнхээ ухахын завдалгүй та нарын үеийн хөөрхөн хүү “Эмээ, би төлчихье” гэсэн. Огт танихгүй хүүхэд. Үүний цаана юу байгаа юм бэ. Залуус ямар сайхан болчихсон юм бэ. Маш их баярлаж гүйж гарчхаад автобусанд сууж, зүрхээ жаахан намдаагаад нөгөө хүүгээ харцаараа хайлаа. Нүүр дүүрэн инээмсэглэчхээд автобустай зэрэгцэн алхаж байсан. Тэр хүн надад тусалсандаа ямар их аз жаргалтай явж байна вэ.

-Одоо харин та тайзаа хэр үгүйлж байна. Сүүлд театрын тайзнаа гарсан нь олон жилийн өмнө болж улирчээ?

-Санах үе байлгүй яах вэ. Гэхдээ гарах юм сан гэж санахгүй л дээ. Хүн чинь хэмжээгээ, нас намбаа мэдэж байна. Сүүлийн жилүүдэд  кинонд л бага сага ажиллаж байгаа. Харин тайзнаас УДЭТ-ээс 1992 онд тэтгэвэрт гараад л буусан даа. Үүнээс хойш энд, тэнд уригдан тоглох удаа цөөнгүй л гарсан, сүүлийн 10 жилд алга байна.

ХҮҮХДИЙН ЖҮЖИГЧИН

-Та залуудаа ер нь ямар дүр бүтээх амбицтай байсан бэ. Үргэлж оноолтоор авч байсан хүүхдийн дүрээ нэг эвдмээр санагдаж байсан удаа бий юу?

-Хэзээ ч дүрээ голж, илүүг хүсэж яваагүй ээ. Харин ч өөр дүр бүтээх амаргүй юм билээ. Нэг удаа хайрандаа шатаж яваа бүсгүй хүний дүрд тоглож үзсэн, хэцүү санагдсан. Гэхдээ хүүхдийн дүр бүтээх ч хэцүү шүү дээ. Нэг охинд дурласан дөрвөн өөр эрэгтэй хүүхдийн дүрд зэрэг тоглож л байлаа, амаргүй амаргүй.

-Та “Би чинь 10-р анги л төгссөн хүн” гэж ярьж байсан. Шууд сурагч ширээнээс жүжигчин болох зам мөрд хэрхэн татагдсан юм бэ?

-Жүжигчин болно гэж айхтар их мөрөөддөг, хүсдэг ч хүүхэд байсангүй. Дуулах дуртай, алиа томоогүй ч гэмээр л хүүхэд байсан санагддаг. 6, 7-р ангийн сурагч байхдаа УДЭТ-т хоёр жүжиг үзээд “Яасан гоё юм бэ” гэж бодоод л өнгөрч байж дээ. Гэтэл 10-р ангид байхад УДЭТ-аас “Энэ хүүхнүүд үү”-д тоглодог Д.Дамдинсүрэн нарын хүмүүс ирээд л хүүхдүүдийг шалгаж гарсан. Хэчнээн олон хүүхэд шалгуулсан юм дээ. Явж явж дөрвөн хүүхэд тэнцсэнд П.Цэрэндагва, Б.Цэрэнпагма бид хэд шалгарсан. Ямар их аз байсан юм бэ, нээрэн үнэхээр баярлаж явдаг даа. Тэр үед “Гарын таван хуруу” гэж жүжиг тоглогдоод, билет нь олдохгүй байсан. П.Цэгмид ОХУ руу явах шаардлага гараад Идэр гэдэг дүрд нь тоглох хүн дутсан юм билээ. Ингээд намайг шалгаад л, хичээл шалгалт дуусаагүй байхад шууд л театр луу аваад явсан. П.Цэрэндагва бид хоёр ингэж анх драмын тайзнаа гарсан. Тэнд л анх пауз, ритмээ заалгуулж, зохиол гэдэг зүйлийг гартаа аваад эхэлж байлаа. Энэ 1968 он юм.

-Бодлогоор л 1992 он хүртэл хүүхдийн жүжигт тоглосон байх. Гэхдээ өөр дүрд хүч үзсэн бол өөрийгөө илүү нээх байсан болов уу гэж боддоггүй юу?

-Алтан үеийнхэн их мундаг хүмүүс байж л дээ. Хүүхдийн дүрд сургууль төгссөн жүжигчин авахаар хоолой нь бүдүүрчихсэн байдаг учраас 10 жилийн хүүхдүүдээс хайх санааг олсон байгаа юм. Үүнд би таараад л орчихгүй юу. Хожим жүжигчний мэргэжлээрээ сургуульд явъя гэхэд “Яах юм, ингэж ажиллаад болж байхад” гэсэн. Тэгээд л яваагүй. Би ч дээд сургууль төгсөөгүйдээ огт харамсаж байгаагүй.

-Та одоо ч цовоо цолгиун хэвээр байгаа нь угаас ийм зан араншинтайнх уу, эсвэл олон жил хүүхдийн жүжигт тоглоод ийм эрч хүчтэй болчихсон юм болов уу?

-Би хар багын л ийм хүүхэд байсан байх. Өөрөө ч нэг их мэддэггүй юм, манай 10 жилийн хүүхдүүд ирээд “Чи ёстой хөдөлгөөнтэй хүүхэд байсан шүү” гэж хэлдэг. Гэр лүүгээ хашаа дамжиж гүйж харьдаг, тоглож л байдаг хүүхэд байсан гэдэг.

-Харин өдгөө урлагийн амьдралыг давж туулаад, залууст хэлж даймаар санагддаг зүйл юу байдаг вэ?

-Урлаг бол ерөөс хувь хүнээс, өөрөөс нь шалтгаалах зүйл шүү дээ. 1 хувийн авьяас, бусад нь хөдөлмөр гэж үнэн үг шүү.  Ер ямар ч ажлыг хийсэн чин өөртөө л итгэх хэрэгтэй. Хэнд ч битгий найд. Залхуурч болохгүй. Амар, хялбар амьдрах гэсэн хүүхдүүд харагдаж байна шүү дээ. Өнөөдөр хөлгүй, гаргүй хүмүүс хүн шиг амьдарч болоод л байгаа биз дээ. Өөрөө л хөдөлмөрлө. Өөрөө л өөртөө өндөр шаардлага тавь.

-Таны энэ үзэл бодол хувийн амьдралд нь ч зарчим болсон уу?

-Тэгэлгүй яах вэ. Амьдралд олон л зүйл тулгарна шүү дээ. Харин битгий шантар, битгий бусдад буруу өг, бүү гомд. Хүн үг хэлж байвал чамд юм байж л байгаа. Тэсэж гарна, чадна, бүтээнэ л гэж бодох хэрэгтэй шүү дээ.

-Амьдралд нь ч тохиолдсон олон саад бэрхшээлүүдийг ийм зарчмаараа...

-Тийм зүйлс тохиолдолгүй яах вэ. Үр хүүхдээ, хань ижлээ, ижий ааваа алдахаас эхлээд л.

-Хамгийн хүч гарган даван туулсан нь юу байсан бэ?

-Дөрвөн сартай хүүхдээ орхиод бригадын тоглолтод томилолтоор явах хооронд бие нь муудсан, ирэхэд нас барсан байсан. Урлаг гэдэг ийм айхтар шүү дээ. Ч.Долгорсүрэн гуай хань нь өнгөрсний яг маргааш тайзан дээр гарч байлаа. “Үгүй, би тоглоно” гээд л. Тэр олон билет зарагдчихсан байхад яах юм бэ. Тэр жүжигт нөхрөө, гурван хүүхдээ дайнд алдсан ээжийн дүрийг бүтээхдээ “Энэ сайхан хүмүүс одчихоод байхад ус яагаад цалгиж, уул яагаад доргидоггүй юм бэ” гэж хэлдэг. Ингэж хэлж байхыг нь бид дэргэдээс нь сонсоод, уйлж байлаа. Гэхдээ зовлон хүн бүрд л тохиодог. “Энэ хорвоод хагацал үзээгүй нэг хүн олоод ирж чадвал хүүхдийг чинь амьдруулъя” гэж Буддагийн сургааль байдаг шүү дээ.

-Та одоо Чин Хай багшийнхаа сургаалийг даган бясалгал хийж, цагаан хоол идээд цөөнгүй жилийг өнгөрүүлж буй юм байна. Учир шалтгаан нь сонирхолтой санагдлаа. Хүмүүс амьдралын утга учрыг эрж хайгаад, бясалгалд хөтлөгдөх нь олонтаа?

-Ийм зөв, сайхан зүйл асуусанд баярлалаа. Чин Хай багшийн “Арьяабал” бясалгалыг хийдэг болоод 20-иод жил болж байна. Анх “Би чамд хайртай” киноны  С.Пүрэвмаа намайг Хүүхэлдэйн театрт байхад ирээд санал болгож байлаа. Өөрөө өөрийгөө захирч сурах, өөрийгөө дотоод сэтгэлээрээ ариусгахад суралцах тэр сургааль, номлол нь үнэхээр таалагдсан. Өөрийгөө удирдаж, чиглүүлэхэд суралцдаг. Ерөөс “Дэлхий ертөнц сайхан байгаасай, бүхий л амьд амьтдыг хайрлая” гэсэн урианд олон хүнийг нэгтгэдэг нь сайхан. Манайх гэр бүлээрээ энэ бясалгалыг хийж, цагаан хоол иддэг.

АЛТАН ХАНЬ

О.Норолхоо биднийг 4-р хорооллын өндөр, цэнхэр байрнуудын нэгэнд урьсан. Энэ байрыг түүнд 1983 онд, УДЭТ-аас бэлэглэсэн юм байна. Түүнээс хойш 40 жил энэ байранд тэднийх амьдарчээ. Харин тэтгэвэртээ сарын 510 гаруй мянган төгрөг авдаг юм байна. “Хүрэлцээтэй юу?” гэвэл “Болдог юм аа” гэж цайруулах гэснээ “Хэцүүдээ хэцүү. Хоол ундаа бэлдэнэ, байрны мөнгөө төлнө. Хажуугаар нь ингэж өвдөж зовохоор ямар олиг байх вэ” гэнэ.

Тэднийх 1971 онд аавынх нь барьж өгсөн зуслангийн байшинд зундаа гардаг байжээ. Тэр хавь хэсэг хэсгээрээ “Театрын”, “Их дэлгүүрийн”, “Хэвлэхийн”, “Дуурийн” гэх мэтээр ангилагдана. “Театрын” лагерийн хэсэгт О.Норолхоо, нөхөр Д.Эрдэнэчимэгийн хамт, 20 гаруйхан настай залуу байхдаа гарна. Тэдний зурагт сайхан гардаг учраас ид шуугиулж байсан “Нохойтой дөрвөн танкчин”, “Аминаас үнэтэй үйлс” зэрэг киног үзэхээр хавийн хүмүүс шавна. Сүүлдээ хоёр цонхоо бүр аваад тавьчихдаг, гэрт багтаагүй хүүхдүүд цонхны цаанаас харж зогсдог байжээ. Энэ үеэр МУГЖ Ц.Оюундариас эхлээд урлагийн олон гэр бүлийн хүүхдүүд зурагт үздэг байснаа одоо ч дурсаж, О.Норолхоог хүндэтгэдэг байна.

О.Норолхоо хоёр охинтой. Дөрвөн зээ, нэг зээнцэртэй. Харин нөхөр нь тэнгэрийн оронд одоод яг нэг жил болж байна. Дараагийн яриа түүний эр нөхрийн тухай сэдвээр үргэлжилнэ.

-Та хэр шазруун, шартай бүсгүй байв даа?

-Тэр талдаа ч муу даа. Зөөлөн ааштай гэмээр ч юм уу. Миний ээж хүнд дандаа сайхан санаж яваарай гэж л захидаг байсан. Тийм ч болохоор “Буянаараа болог ээ” гэж өөрийгөө тайвшруулж чаддаг. Ижий, ааваас ирсэн хүмүүжил нь энэ юм болов уу даа гэж боддог.

-Тэр үеийн нийгэмд зориудаар дардаг, дээшлүүлдэггүй хандлага байсан гэж ярьдаг. Та өдий насанд ирээд өнгөрсөн хугацааг сайн, сайхан байсан гэж ярьж байна уу. Эсвэл үнэхээр хязгаарлагдаж байсан үе байсан уу?

-Тийм юм байсан л даа. Дарах, дарагдах. Амьдралд зөрчил, тэмцэл байлгүй яах вэ. Өртөж байсан уу, өртөж байсан. Дээд зэргээр өртөж байсан. Дарах, ганцаардуулах, дүр булааж авах ч юм уу. Тийм зүйл байх, давж гарах нь л чухал. Үеийн үед, хаана ч байдаг. Тэр байтугай шагналаас хүртэл хасагдаж явлаа. Дуудаад л, “Зуслан дээрээ барууны хөгжим сурталчилсан” гээд шагналаас хасаж байлаа. Би 20 гаруйхан настай, юу ч мэдэхгүй. Манайх театрын лагерь дээр цагаан хоолой ажиллуулдаг айл байсан. Янз бүрийн юм зөндөө байсан. Бүгдийг нь уучилчихсан. Тэр хүмүүс өнөөдөр найз нөхөд болсон. Дотроо бодож л явцгаадаг байлгүй дээ.

-Яг одоо таны ханийн талаар асуухгүй өнгөрч боломгүй бодогдож байна. Мөн театртай амьдралаа холбосон хүн бололтой. Бас эрт ч танилцан, ханилцгаасан юм шиг санагдлаа?

-“Шоо Шоо” Эрдэнээ гэж танигдсан эр нөхөр маань ёстой надаас сонирхолтой, гавьяатай хүн байгаа юм. Миний адил 10 жилээ төгсөж ирээд л, театрт магнитофон засаж, хараанд өртсөн. Үүнээс хойш 1992 онд тэтгэвэртээ гарах хүртлээ 30 шахам жил тайзны гэрэл, дууны найруулагчаар ажилласан. Гадаадаас ирсэн техникүүдийг Эрдэнээ маань л анх театрт тавьж, суурилуулж байлаа. Одоо УДЭТ-ын хоёр давхарт, зритль рүү ороход гэрлийн лож гэж хэсэг бий дээ. Түүнийг манай нөхөр анх ухаж, цоолж, хийсэн. Мөн жүжиг эхлэхийн өмнө дуугардаг хонхны дууг ч анх бичиж, удаашруулан бэлдээд театруудад өгч байсан юм. Театрт ороод хонхны дууг сонсох бүрд сэтгэл өег, сайхан байдаг. Театрын техник, төхөөрөмжүүдийг хэзээ ч засварт өгч байгаагүй, өөрөө гардаад л засаж ирсэн. Мөн эмнэлгээс “Үхсэн ч гомдолгүй” гэж бичиг хийж өгч гараад, ажлаа хийж байсан удаатай гээч. Бид хоёр намайг анх театрт ирэхэд л танилцаж байсан.

-Та яахын аргагүй ханийнхаа тухай илүү ярих дуртай байгаа нь анзаарагдаж байна. Хайрыг ханатлаа мэдэрсэн эмэгтэй шиг?

-Үгүй нээрэн юу ярих вэ дээ. Энэ хүн архи ууж, тамхи татаж байгаагүй. Намайг хэзээ ч уйлуулахгүй, сэтгэлийн зовлонд учруулалгүй амьдруулж чадсан. Би адилхан л хайрлах ёстой шүү дээ. Гурван жилийн өмнө ах дүү нараараа уулзсан юм, зуслан дээр. Тэнд миний хоёр дүү бичлэг хийсэн юм л даа. Миний өвгөн надад хэлэлгүй нэг бичлэгт орсон байна. Ер мэдээгүй явж байгаад сая өнгөрсний нь дараа үзлээ. Намайг алтан хань гэж ярьжээ. Үзээд уйллаа шүү дээ. Сүүлийн 7-8 жил маш хүнд өвчтэй байсан. Олон жил гагнуур хийх осолтой юм байна. Зүгээр л миний төлөө амьдарсан хүн. Яавал амар жимэр байлгах вэ л гэж хичээсэн. Дээр нь миний тухай ярингаа уйлж байна. “Намайг ажил тарахад, хэзээ буухыг нь мэдэхгүй ч автобусны байдал дээр дулаан хувцас бариад л зогсож байдаг байсан” гэж ярьж байна. Би ачлал гэж мэдэхгүй ч санаа зовоод л тосоод очдог байсан. Тэр бүрийг минь энэ хүн ажиглаж л байж. “Чи яагаад амьсгаагаа дутуу аваад байдаг юм бэ” гэж асуусныг маань “Унтахдаа хүртэл миний амьсгааг чагнаж байдаг” гэж ярьсан байсан. Сайхан хань байдаг юм шүү, хайрлаж яваарай л гэж залуустаа хэлмээр байна.

 О.Норолхоо гар утас чадмаг ашиглаж, Фэйсбүүк ордог шигээ компьютер ч дадамгай ашигладаг юм байна. Нөхөр Д.Эрдэнэчимэгийнхээ тухай, хийсэн бүтээснийг нь хамтатгаад тайзны гэрэлтүүлгийн талаар ном бичихдээ компьютерын ард суудаг аж. Бас хааяа тоглодог ч гэнэ.

Тэрбээр нуруугаа гэмтээсэн тул ядруу байлаа. Уран бүтээлийн тухай, амьдралын тухай улам гүнзгий хөөрөлдмөөр байв ч дорхноо ядарчихлаа. Цовоо цойлгон, үргэлж хайр, хүндэтгэл сацруулсан түүнтэй уулзаж, доторх ертөнцийг нь бага ч болов нээн дэлгэлээ.

Видео:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
20 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 10, 2022 09:20

Та бол Гавьяат шүү.Бас одоо цагын хэллэгээр ОД шүү.Таны уран бүтээлээр амьсг�##�ж бахархаж байдаг байлаа.Таньдаа эрүүл энх саруул сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Зочин
Зочин
10 сар 10, 2022 09:20

Гавьяат автлаа юм хийгээгүй хүмүүс гавъяат авчихсан тууж явах юм. Насаараа ажиллаж, хөдөлмөрлөсөн хүмүүстээ уг нь өгчихмөөр юмаа. З�##�уучууд нь сонгууль болохоор дуулж хуурдаж, хөгшин настай хүмүүс нь очиж чадахгүй гэж ялгаж харьцаад байдаг юмуу??? Өгөх ёстой ахмадууддаа өгч, сайхан баярлуулах хэрэгтэй!!!!

Зочин
Зочин
10 сар 10, 2022 09:20

Өгөөчдээ, ямарч хэрэггүй хүмүүс аваад л байдгийм бн�##�ээ. Сайхан ахмадууддаа өгөөд баярлуулчихад яадаг бнаа.

Зочин
Зочин
10 сар 10, 2022 09:21

Алин цагийн замн�##�тай
Ард түмний гавьяат та
Алаг хүүхдүүдийн сэтгэлд
Адтай Буратиногийн дүрээр
Аз жарг�##� мэдрүүлдэг
Эрхэм жүжигчин та минь урт наслан удаан жаргаарай
Энгэр сэтгэл мялаах
Эрхэмсэг гавьяаг
Төр засаг хүндлэн үнэлэх
Эгэл өдөр удахгүй ирэх болтугай
Хурай хурай хурай

Зочин
Зочин
10 сар 10, 2022 09:21

энэ хүн монголын драмын урлагт хийсэн юмтай тжр шагн�##�ыг өгөх хэрэтэй шүү. үнэхээр ард түмэн хараад гайхаж байгаа шүү. шагн�##�ыг өгөх ёстой хүн л өг.

Зочин
Зочин
10 сар 10, 2022 09:21

Тийм шүү шагн�##�д тодорхойлогчдын боловсрол,ухамсар мэдлэг чадвар сулаас авъяаслаг,хөдөл мөрч ахмад уран бүтээлч жүжигчидын �##�дар гавъяаг үнэлж авах ёстой шагн�##�ыг эрүүл саруул энх тунх бгаад нь яар�##�тай өгч өнөөмөр сэтгэлийг нь баясгаа сайдаа,,,,

Зочин
Зочин
10 сар 10, 2022 09:22

Баяр хүргье таньд.
Миний ээж 80 гарсан сайхан буурай бий, фэйсбүүкийг бас хашраана, нийгмийн байдлыг зарим з�##�уучуудаас илүү мэддэг.

Зочин
Зочин
10 сар 10, 2022 09:22

Үнэхээр гайх�##�тай жүжигчинш дээ.Гудамжинд хааяа таардаг байсан,гангараад л явж байдагсан.Урт наслаарай.

ЗочинЧ
ЗочинЧ
10 сар 10, 2022 09:52

Мундаг

Зочин
Зочин
10 сар 10, 2022 10:22

АРД түмний үнэлгээ гэдэг чинь ёстой зөв шүү удөхгүй гавьяат болноо хамгийн гол зүйл эрүүл байх шүү найзаа

Зочин
Зочин
10 сар 10, 2022 10:23

Gaviyatiig ni ogoosei

Зочин
Зочин
10 сар 10, 2022 10:23

Цоглог жүжигчин шүү гавьяатын өгөх хэрэгтэй

Зочин
Зочин
10 сар 10, 2022 13:42

МУНДАГ ЖҮЖИГЧИН ГАВЬЯАТ БАГАДНАА ХҮҮКЭЭ НАЙЗАА ЗАРЛИГАА ГАРГААРАЙ МАРГААШ ЭНЭ БУУРАЙД СГЗ МУАЖ ЦОЛЫГ НЬ ӨГЧИХӨӨ УРТ НАСАЛЖ УДААН ЖАРГААРАЙ ТА ЖИНХЭНЭ ОД ШҮҮ ТА

ЗочинЗочинЗочин Цэргийн заан Дандзандорж
ЗочинЗочинЗочин Цэргийн заан Дандзандорж
10 сар 10, 2022 15:20

Гавъяат барахгүй, Ардын жүжигчин байх ёстой хүн юм шүү. Танд сайн сайхныг ерөөе. Мөдхөн Гавъяатын тэмдэг энгэрт тань гял�##�зана аа.

Зочин
Зочин
10 сар 10, 2022 15:54

Эрүүл энх хамгийн сайн сайхныг хүсий

Зочин
Зочин
10 сар 10, 2022 19:28

Шогийнхон биш ийм хүмүүс л шагн�##� авах ёстой.

Зочин
Зочин
10 сар 10, 2022 20:22

Мөнгө байхгүй байх л даа

Зочин БӨ
Зочин БӨ
10 сар 10, 2022 20:31

шогийн Ариунболд мэтийн хөгийн нэг хоолойгоор орилж хүнийг доромжилдог басснуудаас энэ хүн хавьгүй илүү байхаа сэнжтэй тэмдгээ зүүж өгөө хүрэлсүх, сэнжтэ тэмдэг зүүхээс илүү чамд ямар өөр хийх ажил байх бишдээ

Зочин
Зочин
10 сар 11, 2022 08:28

Аглуу , с�##�бадай Баярмагнай нтр гэсэн банди нарт өгж байхын оронд энэ буурайдаа өгөхгүй дээ. Хөөрхий одоо хэд ч наслаа билээ дээ. Сэтгэл дотроо бол маш их горьдож л суугаа даа.

Амар
Амар
10 сар 12, 2022 10:25

Сайхан хүн

Холбоотой мэдээ

Back to top button