Top StoriesСурвалжилга, Нийтлэл

"Улны айл"-ын мөрөөр: Төрийн найман байгууллагад БҮРТГЭЛГҮЙ 26 мянган өрхийн эрэлд

Улсын их хурлын гишүүн Д.Сарангэрэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайдын албан тушаал хашиж байхдаа нийгмийн хамгийн доод давхаргын иргэдэд хүрч ажиллах асуудлыг хөндсөн ч “Улны айлууд” гэх нэр томъёо хэрэглэснээсээ болоод олон нийтийн шүүмжлэлд өртөж огцорсон билээ. Тэрбээр Улсын их хурлын сул гишүүн болсон хойноо энэ асуудлыг дахин хөндөж, эхлүүлсэн ажлыг нь үргэлжлүүлэхийг шаардсан ч “Үг хөөхөөр үхэр хөө, “үхэр” гэдгийг тэр 26 мянган ядуу айлуудыг гэж ойлгоорой” гэж хэлснээсээ болоод бас л шүүмжлэлд өртөж, агуулга нь анзаарагдалгүй өнгөрсөн.

Д.Сарангэрэл гишүүний мэдэгдэл дотор “Улсын мэдээллийн санд бүртгэлгүй 26 мянган өрх байгаа” гэсэн ноцтой агуулга байна. Бид энэ 26 мянга гэх тоо хаанаас гарч ирсэн, Д.Сарангэрэл сайд байхдаа, буусныхаа дараа ч юуны учир “Онцгойлон анхаараарай, хайж олоорой” гэж захисны учрыг тодруулахаар зорив.

26 МЯНГА ГЭХ ТОО ХААНААС ГАРАВ

Тэгэхээр, хамгийн эхний асуулт, 26 мянга гэх тоо хаанаас гарав. Энэ асуултад ул суурьтай хариулахын тулд цаг хугацааг даруй 14 жилээр ухраах хэрэг гарна. Тэр үед Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр “Таван төгөлдөршил” хэмээх зорилт дэвшүүлж, алдартай илтгэл тавьж байв. “Таван төгөлдөршил”-ийн нэг нь Бүртгэлийн төгөлдөршил байсан бөгөөд тэрбээр илтгэлдээ энэ асуудлыг онцолж,

Манай орон дан ганц мал аж ахуйн орон байхаа болиод удсан ч малынхаа тоог хүн бүр мэддэг. Бид малаа өсөхөөр баярладаг мөртлөө нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн хэрхэн өсөхийн учрыг тэр бүр ойлгохгүй байна. Монголчуудын 80 гаруй хувь нь мал маллахаа больж, суурин амьдралд шилжсэн.

Тэгвэл хэдэн байшин хэдэн хашаа байна вэ. Сууринд амьдардаг айлын хэд нь гэртэй вэ. Хэд нь модон, хэн нь тоосгон байшинтай вэ. Иргэд маань ямар өмч хөрөнгө, орлоготой вэ. Үүнийг сайн мэдэхгүй байна. Нарийн яривал, Монгол Улс яг хэдэн хүнтэй вэ. Одоо нутагтаа хэд нь байна вэ. Гадаадад хэд нь явсан бэ. Манайд гадаадын хэдэн хүн байна?

Хэн ч нарийн мэдэхгүй. Хэнд ч нарийн статистик мэдээлэл алга байна, нөхөд минь. Монгол төрийн ой санамж муу байна гэж тодорхойлж болно” гэж байлаа.

Төрд иргэдийн мэдээлэл, тэр бүү хэл биометрик /биений өгөгдөл/ мэдээлэл хүртэл цугларах үүд хаалга тэгж нээгдэж байв. Мэдээллийг цуглуулах нэг хэрэг, ашиглах өөр хэрэг.  

Ямартай ч С.Баярын эхлүүлсэн зорилт 12 жилийн дараа биелж, манай улс иргэдийнхээ талаар багагүй мэдээлэлтэй болж, сан бүрдүүлсэн юм байна. Ингээд хүн ам, өрхийн амьжиргааны түвшинг тогтоохдоо Төрийн найман байгууллагын дата санд байгаа мэдээлэлд үндэслэх шинэ журмыг ХНХЯ-наас 2021 онд гаргасан юм байна.

Тодруулбал,  

1.         Үндэсний статистикийн хороо

2.         Татварын ерөнхий газар

3.         Халамж, үйлчилгээний ерөнхий газар

4.         Нийгмийн даатгалын ерөнхий газар

5.         Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар

6.         Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комисс

7.         Газар зохион байгуулалт геодези зурагзүйн газар

8. Авто тээврийн үндэсний төв гэсэн найман байгууллагын мэдээлэлд үндэслэж өрхийн амьжиргааны түвшинг тооцох болжээ.

Энэ дагуу тодорхойлтол дээрх найман байгууллагын аль, алинд нь бүртгэлгүй 26 мянган өрх айл гарч ирсэн нь энэ аж.

Дээрх найман байгууллагад бүртгэлгүй байна гэдэг нь: Тээврийн хэрэгсэлгүй, өмчлөлийн газаргүй, ажил хийдэггүй /НДЕГ-т бүртгэлгүй/, халамж авдаггүй, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломжгүй гэдгийг нь илтгэх тул дээрх 26 мянгыг ядуу гэж үзэн тусгайлан ажиллахаар зэхэж байсан нь тэр юм байна. Хамгийн гол нь, дээрх 26 мянган өрхөд төрөөс ямар нэгэн халамж хүртдэггүй. Найман байгууллагын тоонд УБЕГ байхгүй тул эдгээр иргэд нь улсдаа бүртгэлтэй, гэхдээ бичиг баримтаа хаяж гээн нийгмээс таслагдсан байх ч бүрэн боломжтой.  

26 МЯНГЫГ ХАЙЖ ОЛОХ АЖИЛ ЭХЛЭЭГҮЙ БАЙНА

26 мянга гэдэг бол Монгол шиг жижиг улсад их тоо. Засаг захиргааны нэгж, хүн амын тоогоор тооцоод үзэхээр хөдөө орон нутагт 16 мянга, Улаанбаатарт 10 мянга, нэг дүүрэгт 1200, нэг хороонд 60 өрх гэсэн багцаа тоо гарна. Одоо үед харьцангуй их тоо мэт санагдсаныг нуух юун. Тиймээс Eguur.mn тусгай баг томилон дээрх өрхүүдийг хайхаар гарсан билээ.  

Бид энэ хүрээндээ олон хорооны даргатай уулзаж, нэг хороонд төрийн найман байгууллагад бүртгэлгүй 60 өрх байх боломжтой эсэхийг лавлан, тийм магадалтай айл өрх олж өгч туслахыг гуйсан ч бүгд “Тийм олон айл байх боломжгүй” гэсэн хариуг өгч байсан юм. Хорооныхоо нутаг дэвсгэрт байх бүх айлыг нэгбүрчлэн мэдэж байх ёстой учраас тийм айл байхгүй ээ гэж байгааг нь ойлгож болно.

Өрхийн амьжиргааны түвшинг өмнө нь айлын хаалга тогшиж, орж үзэж тогтоодог байсан. Нэг жишээ нь, 2013, 2014 оны хавьцаа болсон судалгаа юм. Тухайн үед Нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ байсан бөгөөд иргэдийн амьжиргааны түвшинг тогтоохоор улс орон даяар судалгаа явуулсан түүхтэй. Төрийн албан хаагчид хуйгаараа дайчлагдаж, өрх бүхнээр орж, эд хогшлыг нь бүртгэн 1-12 оноо өгсөн энэ судалгааны үр дүнг дараахан нь ипотекийн зээлийн шалгуур, хүүхдийн мөнгөний шалгуур болгож олон нийтийн дургүйцлийг хүргэж байсан түүхтэй. Өөрөөр хэлбэл, бага оноо авсан өрхүүд хүүхдийн мөнгө авах болзол хангасан ч ипотекийн зээлд хамрагдах боломжгүй болж байв. Тухайн үед айлд орж, судалгаа бөглүүлээд, үнэн зөв бөглөсөн гэсэн гарын үсгийг нь зуруулж, улмаар дээрх мэдээллээ төрийн байгууллагын мэдээлэлтэй тулган дүн тавьдаг байж. Харин энэ удаа шууд төрийн байгууллагын статистик дээр тулгуурлаад гаргажээ.

Одоо 26 мянган айлаа хайж олох, бүртгэлжүүлж, нийгмийн халамжид хамруулах ажлууд явах учиртай. Эх сурвалжуудын өгсөн мэдээллээр, энэ ажил эхлээгүй байна.   


Дээрх нэр бүхий найман төрийн байгууллагын мэдээллийн санд наймууланд нь бүртгэлгүй айл өрх олдох уу. Бид ийн бэдэрсээр Нарантуул захыг зорилоо.

Энэ эмэгтэйг Ц гэдэг. 43 настай. Улаанбаатарт төрж, өссөн. Одоо бол энэ хот түүний орон гэр болжээ. Өвлийн жавар хуруу гар атгасан өдрүүдэд нимгэн цамц, хавар намрын куртиктэй л. Тэрбээр байрны коридор, дулаан саад гээд хаа сайгүй л хоног төөрүүлж яваагаа, угтаа бол иргэний үнэмлэхийнх нь хаяг Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо болох тухай. Үнэмлэх дээр нь дурайх энэ хороо Улаанбаатарын хаахна байдгийг үл мэдэхээ ярина. Түүнд өөрийн гэсэн өмч бүхий газар, машин, орох орон үгүй. Ажилгүй.  Төрөөс ямар нэг халамж авдаггүй. Татвар төлдөггүй. Эмнэлгийн тусламж ч авалгүй 11 жил болсон гэнэ.

Хүмүүсийн өгсөн хоол, бутархай мөнгөөр л өдөр хоногийг элээж, бүр заримдаа хоолгүй байдаг тухайгаа нуусангүй.

Байрны цэвэрлэгчээр ажиллаж, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлгүй цалингаа гар дээрээ шууд авдаг байсан тухайгаа дурсана. Одоогоос найман жилийн өмнө л ийн ажил хийж байсан гэх. Харин одоо бол хийх ажил олддог ч архи уучхаад буйгаа ярьж байна. Архинаас гарч ажиллаж эхлэх. Сайхан гэр оронтой болохыг угтаа бол хүсдэг тухайгаа ч ярина.

Тэр 20 настай нэг охинтой. Өмнөговьд ажилладаг гэнэ. Тэд хамгийн сүүлд зургаадугаар сард ярьсан. Түүнээс хойш охин руугаа хүний утас гуйн хэд, хэд залгасан ч холбогдож чадаагүй гэх. “Би муу ч сайн ч эх хүн. Охиноо тэврээд сайхан унтмаар санагддаг юм”. Тэр ингэж ярин, зангирна.

Банкны картгүй, гар утас ч үгүй. Төрдөө гомддоггүй. Өөртөө л гомддог гэх.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамныхаан энэ үнэхээр “Улны айл” гэх нэр томьёонд чинь орох хүн мөн үү.

ТӨГСГӨЛИЙН ОРОНД...

Бангалорт сурсан нэг найз мааньЭнэтхэгийн гудамжаар явахад нүцгэн шахуу, амьд үхсэн нь мэдэгдэхгүй хүмүүс харагддаг. Нүд нь зовлон шаналалаар дүүрч, ямар ч хүсэл тэмүүлэлгүй болчихсон тэдгээр хөөрхийс өдөр, шөнийг зүгээр л сууж, хэвтэж өнгөрүүлнэ. Хүн гадил идээд хальсыг нь хаяхад салгалж очиж авч үхчихээд буцаад л сууж орхидог эдгээр хүмүүсийг улс нь хүртэл хүн гэж тооцдоггүй, хүн амынхаа бүртгэлд оруулдаггүй юм гэнэ лээ” гэж ярьж билээ. "Улны айл" гэх үг биш, айлынх нь хойноос хөөцөлдсөн хэд хоногт Монголд ч яг ийм байдал бий болчихсон юм байна гэдэгт лавтай үнэмшиж итгэснээ хэлэхэд харамсалтай байна.

Өөрөөр хэлбэл, архинд ороод, эс бөгөөс амьдралд нухлуулаад өөрийгөө гаргуунд гаргачихсан бүхэл бүтэн арми бий болжээ. Гэтэл амьжиргааны түвшинг тогтоож, халамж хүртэх шаардлагатай өрхийг тогтоодог судалгаа сүүлийн таван жил яваагүй байна. Гурван жил тутамд шинээр тогтоох ёстой ч цар тахлаас болж хоёр жил өнжөөд таван жил болчихжээ. Энэ бол хүний амьдрал уруудаж, эсвэл өгсөх хангалттай хугацаа. Харамсалтай нь амьжиргаа нь дээшилсэн айлууд хүнсний талон гэдэг ч юм уу, халамжаасаа гарахыг боддоггүй, "Илүүдэхгүй шүү дээ" гэдэг байдлаар ханддаг аж.

Өөрийн орон гэргүйгээс болж харъяа бус газарт хөлсний байшин, гэрт амьдардаг, бор зүрхээрээ зүтгэдэг, өвдөх ч эрхгүй иргэд мөн энэ маягаар халамжийн гадна үлдэх магадлал байдгийг эх сурвалжууд нуугаагүй юм.  

Эцэст нь, амьжиргааны түвшинг дата сангийн мэдээлэлд үндэслэж гаргах нь төсөв зардал хэмнэх сайн талтай ч дутагдал байна. Тэр нь 26 мянган өрх. 26 мянган хүн биш, 26 мянган өрх. Тиймээс дутагдалтай талаа нэн даруй нөхөж энэ 100 мянга шахам хүнээ "олж авах" шаардлага тулгараад байна.

БЭЛТГЭСЭН СЭТГҮҮЛЧ: Х.БАТСАЙХАН, Э.БУЛГАН

ЗУРАГ, БИЧЛЭГИЙГ Б.ЭРДЭНЭБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 20, 2022 08:45

Ёстой л хөөрхий бор зүрхэээ амиан зогоож амьдрах эрхгүй хөдөлмөрлөж өдрийн хоол хэрэгцээгээ зогооож буй хэрнээ ул�####�а иргэн гэж үнэлэгдэггүй ардууд гэр бүлүүд их байдаг шүү энэ тэрүүгээр явахад нүд х�##�тарам

Зочин
Зочин
10 сар 20, 2022 08:47

Иргэний үнэмлэх ч өгөхгүй ийм хүмүүс байдаг гэдгийг ч мэдэхгүй тэднийг хог дээр хаясан гэхэд илүүдэхгүй биз. Энэ хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байгааг харах үнэхээр сэтгэл эмзэглүүштэй. Өөрсдийнх нь буруу, хүн гэж үздэггүй хайхардаггүй улсын маань ч буруу гэлтэй

Зочин
Зочин
10 сар 20, 2022 08:48

Эд ч бас хүн шүү дээ өөрсдийнхөө арчаагүйд ийм амьдарч байгаа юм гэж олон хүн шүүмжлэх ч яагаад ийм замн�##�аар явах болов уу? Энэ хүмүүсийн төлөө улс нь юу хийв гэдэг бас хөндөх л ёстой асууд�##� мөнөөс мөн

Зочин
Зочин
10 сар 20, 2022 08:50

Ийм хүмүүс илбэсээр байхад авах арга хэмжээ төрөөс хүн гэж үзэх хайр х�##�амж дутсаар л. Гэтэл гудамжны бөбө, улны айл, архичин, ядуу гэх энэ хүмүүс чинь монгол улсын иргэн шүү дээ

Зочин
Зочин
10 сар 20, 2022 08:55

Төрд улны айл, энгийн хүмүүсийн нүдэнд архичин гэж харагдах ч эдний цаана бяцхан хүүхдүүд байгаа шүү дээ. Улс нь иргэн гэж үзэхгүй , ХҮмүүс хүн гэж үзэхгүй байсан ч хүүхдүүдээ тэд юугаар ч сольж болошгүй эцэг эх нь шүү дээ. Улсын минь ирээдүй бас ийм газар сэтгэлдээ гомдол тээсээр боожиж байгаа гэдгийг улс минь нэг бодож үзээсэй

ЗОЧИН
ЗОЧИН
10 сар 20, 2022 09:36

26000 өрх юм бол нэг өрх дор хаяж 3 ам бүл
байлгүйдээ.МОНГОЛ УЛС яг үнэндээ 3 сая бишээ зүгээр дор хаяхад 10 сая өлхөн түүнээс ч дээш байх шүү.Я�##�тачгүй хүн амаа худлаа тоолдог, нийслэл хот дүүрэг хороо хэсэг, аймаг сум хороо баг гээд маш хариуцлагатай тооллого хийх хэрэгтэй

Зочин
Зочин
10 сар 20, 2022 10:18

Хороо бүрэн бүртгэлтэй байхаа хаягтай боловч хаягандаа амьдардаггүй гэсэн тодотголтой байхаа хүн амын тоо худлаа хэрэг үү осолтой юм бнаа амьд бхад хасчихвий дээ

Иргэн
Иргэн
10 сар 20, 2022 13:34

ҮҮНИЙГ БИЧИГЧ СЭТГҮҮЛЧ НАРАА!!!!! ХОРОО БҮР ИРГЭДЭЭСЭЭ ӨӨРСДИЙГӨӨ АМЬДРАХ АРГАГҮЙ ТУСЛАМЖ ХЭРЭГТЭЙ БН ГЭСЭН ӨРГӨДӨЛ ХҮЛЭЭН АВАХ ХЭРЭГТЭЙ / АМЬДРАЛЫН БАЙДЛЫГ ТОВЧ БИЧСЭН/ ХОРОО ДҮҮРЭГ ХНХ АЖИЛТНУУД ӨРГӨДЛИЙН ДАГУУ БОДИТ БАЙДЛЫГ ТОГТООЖ ХЭНИЙГ НЬ АЖИЛТАЙ БОЛГОХ ЯАЖ ТУСЛАХАА ХЭЛЭЛЦЭХ БОДИТ БАЙДЛЫГ ТОГТООЖ АРГА ХЭМЖЭЭ АВ 26000 ГЭДЭГ ХУДЛАА ШҮҮ

Иргэн
Иргэн
10 сар 20, 2022 13:42

ХҮНСНИЙ ТАЛОН ГЭДЭГ ЁСТОЙ ХУДЛАА ШҮҮ БОЛИХ ХЭРЭГТЭЙ ДЭЛГҮҮРЭЭС ХҮНС АВЧ БАЙХАД МИНИЙ ӨМНӨ 60 ОРЧИМ НАСНЫ ЭМЭГТЭЙ ХҮҮТЭЙГЭЭ БААХАН ТАЛОНЫ БАРАА АВААД ПРИУСС 20 той ЯВЖ БАЙХ ЖИШЭЭНИЙ

ЗОЧИН
ЗОЧИН
10 сар 20, 2022 18:06

Ийм их баялагтай орон байж хэдэн.муу ард иргэдээ хөөрхөн амьдруулаад бүгдээрээ дэлхийд нүүр бардам амьдарч болдоггүй юмуу төр засгийн тэргүүнүүд ээ өөрсдөа болохоор ямар цаддаггүй шун�##�тай цуснууд вэ

шаабар
шаабар
10 сар 23, 2022 11:27

Нийслэлд 200 орчим хороо байгаа. Тэдгээр хорооны дарга нартай уулзахад л баримжаа тоо гарна даа. Сэтгүүлчид сайн бэдэрсэнгүй. Хорооны дарга нар айл өрхүүдээ бараг л мэднэ дээ. Хөдөөд бол ийм бүртгэлгүй хүн айл өрх байх боломжгүй. Нийслэлд л цөөвтөр ийм бүртгэлгүй хүмүүс байх боломжтой. Дахин сайн эрэн сурв�##�жлах хэрэгтэй .

зочин..
зочин..
10 сар 23, 2022 19:03

Хороо,дүүргийн ажилтанууд,ялангуяа нийгмийн ажилтанууд ажлаа хийхгүй тас�##�гаа ,ширээ санд�##� сахисан хүмүүс байна. тэд ажилладаг бол ийм хүмүүс,өрхүүдийг амархан олж ажил зохиож чадна. Жишээ гэвэл хөдөө суманд эмгэн - охин нэг зээ хүүтэйгээ 2-нь грүппийн мөнгө авч амьдардаг гэнэ. Тэднийх 1 үнээ 20 орчим бог м�##�тай. Тэднийхийг м�##�тай гээд хүнсниЙ ТОЛОН ОЛГОДОГГҮЙ ГЭСЭН . Ийм л байгаа юм. гэтэл машинтай хүмүүс толон аваад тэжээгдэж байгаа тухай баримт хэвлэлээр гарч байсан шүүдээ.

Зочин
Зочин
10 сар 24, 2022 02:14

Энэ ардчил�##�,эрх чөлөө гэдэг үгнүүд монгол оронд маш их гай тарьж улс орноо өөд татах биш уруудуулах замыг нь улам дардан болголоо. Үндсэн хуулиндаа амьдрах газраа өөрөө сонгох эрхтэй гэсэн билэгдлийн үгийг оруулснаас орон нутгаа хаяж нийслэлдээ хүн амын 50% нь цугларч, архин ундаатай хүн сүрэг бий болжээ. Хатуу хуультай �##�бадлагын арга хэмжээтэй байхыг нь Америк ах нь хүний эрхэнд х�##�длаа зээл тусламжаа өгөхгүй гэж айлгана. Тэгээд х�##�амж, бэлэнчлээд аажмаар дасгана. Ийсүүсийн сүмд �##�ь сайн газраа өгөөд сургууль цэцэрлэг барих газар олдохоо байсан. Энэ цөвүүн цагийг яаж барна даа.

Зочин
Зочин
10 сар 24, 2022 15:49

"Хүн хог"манайд бол ханг�##�ттай байгааг бүгд мэдэж байгаа. "Ул мул" ч гэх шиг доромжилж бас тэдэнд өгнө гэж баахан мөнгө "шаагаад" ч цададгүй бэрднүүд дээд,дунд, доод �##�банд их байх. Тэд бол жихэнэ УЛНЫ түшмэдүүд юм.

Зочин
Зочин
10 сар 24, 2022 15:53

Хорооны даргаас доошоо нийгмийн ажилтан энээ тэрээ бол улны �##�бан хаагчид. Яагаад гэвэл ядуу амьдр�##�тай хүмүүст очих мөнгийг ичихгүй шаадаг гарууд байгаа юм даа

Зочин
Зочин
10 сар 24, 2022 18:32

Сүүлийн үед нийслэлд эрэгтэй архичид дээр эмэгтэй архичид огцом нэмэгдэж архичдын тоо маш их боллоо . Бас юм гуйж суудаг хүмүүс маш ихээр нэмэгдэж бна . Үүнийг манай дарга сайдууд мэддэг болов уу

Холбоотой мэдээ

Back to top button