Тодруулга: 830 мянган малын даацтай отрын бүсэд хоёр сая малын захиалга ирсэн

Хүйтний улирал наашилж, өвөлжилтийн бэлтгэл ажил эхлээд байна. Энэ зун 11 аймгийн нутгаар гантай байсан тул мэргэжлийн байгууллагууд зарим аймаг, сумдад өвөлжилт хүндэрч болзошгүй гэж үзэж байгаа. Тэгвэл орон нутагт өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэрхэн хангаж байгааг Хүнс хөдөө аж ахуй яамны Мал аж ахуйн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Баянбатаас тодрууллаа.

-Яг одоо өвөлжилтийн бэлтгэл байдал хэдэн хувьтай явж байна?
-Өвөлжилтийн бэлтгэл ажил малчдын түвшинд 71.6 хувьтай байна. Нийслэл сум орон нутагт аюулгүй нөөцийн хувьд 32 хувьтай байна. Удаашралтай байгаа шалтгаан нь худалдан авахтай холбоотой болж таарч байна.
-Малчдын өвөлжилтийн бэлтгэл ажил 71.6 хувьтай байгааг хангалттай гэж үзэж байна уу?
-Аравдугаар сарын 25 гэхэд 80-90 хувьтай болох төлөвлөгөөтэй байна. Одоогийн нөхцөл байдалд хангалттай гэж үзэж байна.
-Энэ жил 11 аймагт өвөлжилт хүндрэх эрсдэлтэй гэж гарсан. Тэгэхээр отрын бүс нутагт хэдэн мал, малчин өрх өвөлжихөөр захиалгаа өгсөн бэ. Илүү гарсан айл өрхүүдэд ямар арга хэмжээ авах юм?
-Улсын хэмжээний отрын бүс нутгуудаар энэ жил хоёр сая гаруй малын захилга ирсэн. Үүнээс бэлчээрийн даац 830 мянга гаруй мал хүлээж авах л даацтай байна. Илүү гарсан мал гэхээсээ илүү захиалга өгсөн аймгуудаа хувьчлаад есөн отрын бүсэд хүлээж авна гэсэн үг.
-Оторт яваа айлуудын нийгмийн асуудлуудад эрсдэл учирдаг. Энэ дээр хэрхэн анхаарч байна?
-Засгийн газрын 075 албан тоот, ерөнхий сайдын 09 албан тоот даалгаврын хүрээнд Засгийн газрын зарим гишүүдэд чиглэл хүргүүлсэн. Нөхцөл байдлын хүрээн харьяалал харгалзахгүй эмч эмнэлэг, сургуулийн үнэлгээ үзүүлэх чиглэл өгсөн.
-Өнгөрсөн жил өвөлжилт харьцангуй гайгүй байсан учраас бүс дамнаж отор хийлгэхгүй гэсэн бодлого баримталсан. Энэ жил ямар бодлого баримталж ажиллаж байна?
-Одоогийн байдлаар малын өвчин хязгаарлагдмал байдалтай байна. Хэрвээ цас ороод хүндэрсэн тохиолдолд баруунаас зүүн, зүүнээс баруун руу чиглэсэн нүүдлийг хориглох бодлого баримталж ажиллаж байгаа. Өргөргийн хувьд хил орчмын газруудад эрүүл бүсээр эрүүл бүс рүү л нүүнэ. Холын бүс сэлгэж нүүхгүй гэсэн үг.
-Тодруулга өгсөн баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.