Нийгэм ярилцлагаСПОРТ

Б.Чойжилсүрэн: Оюутнуудын аваргыг давж, аварга болно гэж дэвжээнд гарсан

Японы Оюутны Аварга шалгаруулах 100 дахь удаагийн тэмцээний аварга /Ёкозүна/-аар Б.Чойжилсүрэн тодорсон байна. Ингэснээр Мэргэжлийн сүмогийн Макүшита зиндааны 15-аас орох эрхтэй боллоо. Мэргэжлийн сүмо бөх макүноүчи, жүрё, макушита, санданмэ, жонокүчи, жонидан гэсэн зургаан зиндаатай. Макүшита нь дээрээсээ гурав дахь өндөр зиндаа юм. Тэрбээр ирэх жилийн гуравдугаар сард төгсөлтийн дипломын ажлаа бичиж, сургуулиа төгсөөд Мэргэжлийн сүмод хүч үзэхээр зэхэж байгаа ажээ. Аварга шалгаруулах тэмцээн энэ сар /арваннэгдүгээр сар/-ын 5-6-ны өдрүүдэд болсон юм.


-Юуны өмнө Оюутны аварга болсонд баяр хүргэе. Хэзээ арлын улсыг зорьсон бэ?

-Япон улсад 2015 онд ирсэн. Түүнээс өмнө Монгол Улсад нэг жилийн хугацаанд үндэсний болон чөлөөт бөхөөр барилдаж байлаа. Япон улсад Үндэсний биеийн тамирын их сургуулийн төгсөх ангид суралцаж байна.

-Тэмцээний талаар ярихгүй юу. Аваргын төлөө ямар бөхтэй учраа таарав. Давсны дараа ямар мэдрэмж төрж байв?

-Улсын хэмжээнд Оюутны аварга шалгаруулах тэмцээн бол томоохон тэмцээнүүдийн нэг. Жил бүр аварга болсон нэгнийгээ ёкозүна хэмээн дууддаг. Япончууд маш сайн барилддаг. Аваргын тэмцээний сүүлийн барилдаанаа хамт сурдаг япон хүүтэй хүч үзсэн. Өрсөлдөгч маань нэгдүгээр дамжаандаа Оюутны аварга болж байсан юм. Оюутнуудын дунд хамгийн хүчтэй, сайн барилддаг бөхтэй барилдахаар болсон.

Хүчтэй нэгэнтэй аваргын төлөө тунаж үлдэхэд аваргыг давах хэрэгтэй л гэх бодол төрж байсан. Миний хувьд дэвжээн дээр гарах үедээ барилдаанд ихээхэн анхаарлаа төвлөрүүлдэг. Барилдах гэж буй хүн маань ямар хүн байхыг нэлээдгүй боддог юм. Хэрэв тухайн бөхөө судалсан бол ямар мэх хийдэг, түүнийг нь барилдааны явцад ашиглуулахгүй байх гэх мэтийг тооцоолно. Тиймээс оюутнуудын дундах хамгийн хүчтэй, сайн бөхтэй барилдаад давсан нь үгээр хэлэмгүй гоё санагдаж байлаа.

-Ямар секц, дугуйланд бэлтгэлээ базааж байна?

-Монголоос сүмо бөхөөр хичээллэхээр ирсэн суралцагчидтай нэлээдгүй таардаг. Гэхдээ ихэвчлэн тэмцээнд оролцох үеэр таарна. Бусад тохиолдолд өөр өөр сургуульд суралцдаг учраас таарах тохиолдол нь ховор. Бид суралцаж буй сургуулийнхаа дугуйланд бэлтгэлээ базааж, сургуулийн нэрийн өмнөөс барилдаж, тэмцээн уралдаанд оролцдог. Тиймээс сургуульдаа тэтгэлгээр суралцдаг юм.

-Энэхүү спортод хөл тавьж байсан түүхээсээ хуваалцвал?

-Би энэ спортоор хичээллэнэ гэж бодож байгаагүй. Сүмод хөл тавихад аавын оролцоо байсан гэж хэлж болно. Нэг өдөр аав маань "Япон руу тэтгэлгээр сургах сонгон шалгаруулалт болж байна. Оролцоод үзээч" хэмээн зөвлөсөн. Би ч оролдоод үзэхээр шийдсэн юм. Гэтэл Япон руу тэтгэлгээр суралцах хоёр хүүхдийн нэгээр шалгарсан. Ингэж л сүмо бөхөөр барилдаж эхэлсэн.

-Япон руу явахаасаа өмнө үндэсний болон чөлөөт бөхөөр барилдаж байсан гэлээ. Хэр хугацааг зарцуулж байв?

-Үндэсний болон чөлөөт бөхөөр 10 сар орчим хичээллэсэн.

-Нэг жилд хэр их тэмцээнд оролцдог вэ?

-Жилд олон тэмцээнд оролцдог. Улсын хэмжээний тэмцээн гэхэд л долоо орчим тэмцээн бий. Сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахлын улмаас хэд хэдэн тэмцээнийг цуцалсан. Одоо халдварын тохиолдлууд багассан тул улсын хэмжээний тэмцээний тоо нэмэгдлээ.

-Байнгын бэлтгэлтэй байдаг байх. Цар тахлын улмаас бэлтгэл сургуулилт хэр тасалдав?

-Тасалдалгүй яахав. Цар тахлын эхний давлагааны үеэр дэлхийн аль ч улсад ямар вирус, яаж тархаж буй талаарх мэдээлэл дутмаг байгаагаас үүдэж, хөл хорионд орцгоосон шүү дээ. Энэ хугацаанд бол хагас жилийн турш ямар ч бэлтгэлгүйгээр дотуур байрандаа байсан. Япон хүүхдүүд гэр гэр рүүгээ явсан бол надтай хамт байсан монголчууд дотуур байрандаа хоригдсон. Би хоёр монгол сурагчтай хамт байрладаг. Бид гурав дотуур байрандаа түгжигдэж, хагас жилийн турш гараагүй.

Цар тахал гайгүй болсны дараа халдварын хоёр дахь давлагаа эхэлсэн. Ингээд бодоод үзвэл хоёр давлагааны турш нэг жил орчим хугацаанд бэлтгэл тасалдсан даа.

-2015 оноос хойш Японд байсан гэхээр эх орон, гэр бүлээ хэр санаж байна?

-Санах үедээ саналгүй яахав. Эхний гурван жил харихгүй хэмээн шийдэж, Японыг зорьж байлаа. Тэр хугацаанд нэг ч удаа гэрийн зүг яваагүй тул их санаж байсан. Одоо бол жилдээ хоёр удаа харьдаг тул санах нь багассан юм уу даа.

Ярилцлагынхаа төгсгөлд үргэлж сэтгэлийн дэм болдог гэр бүлийнхэн, нэг үеийнхэн, Японд ирснээс хойш үргэлж тусалж, дэмжиж, харж ханддаг хүмүүс, нэг тогооноос хамт хоол идэж буй өрөөнийхөндөө бүгдэд нь баярлаж, талархаж буйгаа илэрхийлье.

-Ярилцсанд баярлалаа

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-07 19:45

Маш мх бахархсаэдаа энэ хүүгээр илүү том амжилт хүсье

Зочин
Зочин
2022-11-07 19:45

Bayar hurgey

Зочин
Зочин
2022-11-07 19:46

Сайн байсан шүү амжилт хүсье

Зочин
Зочин
2022-11-07 19:46

Мундаг байлаа. Баяр хүргэе

Зочин
Зочин
2022-11-07 19:47

Daxiad ng saihan boh garch irlee bayar hurgey

Zochin
Zochin
2022-11-08 08:55

Har tsagaan hel am hol baij. Hanasan undur amjilt gargah boltugui

О. Пунцаг
О. Пунцаг
2022-11-08 12:47

Эх орон аав ээж ах дүү нарынхаа нэрийг гаргаж арлын япон улсын оюутны аварга болсон дүүдээ баяр хүргэе . Илүү их амжилт гаргаж мэргэжлийн Сумогийн аварга цолонд хүрэхийг хүсэн ерөөе.

Холбоотой мэдээ

Back to top button