Гео-ТоймДЭЛХИЙ

"Күнзийн цэргүүд"

-БНХАУ-ын цагаачид “Зөөлөн хүч”-ний цэргүүд-

Олон улсын харилцаанд “Зөөлөн хүчний бодлого” хэмээх ойлголтыг 1990 онд, АНУ-ын улс төр судлаач Жозеф Най анхлан оруулж ирсэн байдаг. Түүнд бусад улс орныг өөртөө татах, нэгтгэх цэрэг зэвсгийн бус бүх л механизмыг багтаан томъёолсон байдаг юм. Тэгвэл энэ тал дээр сүүлийн 40 жил хамгийн идэвхитэй байгаа, ойрын ирээдүйд их амжилт олох магадлалтай улс нь яах аргагүй Азийн хүчирхэг гүрнээс дэлхийн тэргүүлэгч болон тодорч буй БНХАУ юм.

Eguur.mn энэ удаа БНХАУ-ын “Зөөлөн хүчний бодлого”-ын нэг тулгуур болох хятад цагаачдын талаар нийтлэл бэлдлээ.

Тэдний өдийг хүртэл явуулж ирсэн зөөлөн хүчний бодлогыг “Ази тивд хэрэгжүүлсэн бодлого” , “Европ болон бусад улсад явуулж буй зөөлөн хүчний бодлого” гэж ангилж болох юм.

ТИВДЭЭ ЭЗЭН СУУХЫН ТӨЛӨӨХ "ЗӨӨЛӨН" ТЭМЦЭЛ

Эдийн засгаа хөгжүүлэх, цэрэг армиа чадавхижуулахаар зүтгэж байсан /1970, 80, 90-ээд он/ он жилүүддээ Зөөлөн хүчний бодлогооо Ази руу хандуулж, тивдээ хамгийн их нөлөөтэй улс болтлоо хэрэгжүүлжээ. Өдгөө БНХАУ-тай хиллэдэг бараг бүх улсад хятадын соёлын нөлөө хүчтэй илэрч байдаг. Ийм амжилтад хэрхэн хүрснийг нь олон улсад тусгайлан судалж байна. Эрдэмидийн бичсэн дээрх бүтээлүүдээс харахад, зөөлөн хүчний бодлогод эдийн засгийн хөшүүрэг хамгийн гол үүрэг гүйцэтгэдэг болох нь харагдаж байгаа юм.

ЦАГААЧИД-КҮНЗИЙН СУРГААЛИАР ЗЭВСЭГЛЭСЭН ЗӨӨЛӨН ХҮЧНИЙ ЦЭРГҮҮД       

Эртний Хятадын төрт ёсны 36 сургаалийн нэгэнд “Хашийг нь авахын тулд тоосго шидэх хэрэгтэй” гэсэн нь бий. Үүнийг “Үнэхээр үнэ цэнэтэй зүйл олж авья гэвэл түүнийг өөр талаас нь ойлгуулах арга олох хэрэгтэй” гэж утгачилж болох юм.

Күнз

Хятадын оюун санааны эцэг Күнз, Лао Цзын сургаал дотор “Ноён заяатай нөхөр соёлын ачаар сайн найз нөхөдтэй болдог”, “Уснаас зөөлөн юм үгүй, гэвч тэр хатуу бүхнийг уусгах чадалтай” гэх мэт зөөлөн хүчний бодлогын талаар өгүүлсэн эшлэлүүд элбэг байх юм. Күнзийн сургааль бол хятад хүн бүрийн оюун санааны эх ундарга, мөрдөх зарчмынх нь эх сурвалж байдаг. Хүний нутагт яваа цагаачдын хувьд түүний сургааль бүр ч үнэ цэнэтэй болж хувирдаг юм.  

Шанхай. БНХАУ-ын "дотоодын" цагаач ажилчид. Гэрэл зургийг Марк Ралстон /"Франс пресс"/

Хятад судлаач эрдэмтэн И.Н.Золотухины “Зүүн өмнөд Азийг эзлэхийн төлөөх Хятадын тэмцэл” нэртэй нийтлэлд ”Энэ бодлогыг хэрэгжүүлэхэд хятадын соёл, амьдралын хэв маягийг түгээж, улс төр, эдийн засгийн нөлөөндөө оруулах явдал чухал үүрэгтэй. Харин хэрэгжүүлэх гол эзэд нь цагаачид болон тухай бүс нутаг дахь хятад гаралтай бизнесмэнүүд юм” хэмээн тодорхойлжээ. Эдүгээ Зүүн өмнөд Азийн улсуудад “Хятадын их үйл хэргийг үргэлжлүүлэхээр” байнга оршин сууж буй хуцяо нарын тоо 30 гаруй саяд хүрээд байгаа аж. 2017 оны байдлаар 161 улс оронд 50 сая гаруй цагаач хятад оршин сууж байгаа бөгөөд тэдний гарт 2,5 триллион ам.долларын хөрөнгө цулараад байгаа гэсэн баримт байдаг юм байна.

Цагаачдаар дамжуулан эзлэх тэдний энэ бодлого Зүүн өмнөд Азид хамгийн их амжилт олж буй. Жишээлбэл, Сингапурын иргэдийн 77 хувь /3.2 сая цагаач хятад/-ийг эзлэх болж хүн амын үндсэн хэсгийг бүрдүүлэх болсон байна. Үүнээс гадна Малайзийн хүн амын 26 хувь /5.6 сая/, Мьянмагийн 3 хувь /1.25 сая/, Тайландын 16 хувь /10.35 сая/, Вьетнамын 3 хувь /2.36 сая/, Филиппиний 2.5 хувь /2.0 сая/ нь цагаач хятад болжээ. Индонезид л гэхэд 9 сая цагаач хятад амьдарч, ажиллаж байгаа юм. Энэ тоо жилээс жилд нэмэгдсээр байна.

Малайз дахь Хятад угшилтай иргэд.

Хятад гаралтай цагаачдыг Далайн чанад дахь хятадууд гэж нэрлэх бөгөөд 50 саяас дээш буюу 50+ сая гэж тооцно. Дээшээ хэд ч байж магадгүй гэсэн үг. Ер нь дэлхийн улс орнуудад оршин сууж буй хятад гаралтай иргэдийн тоо маш тодорхой бус бөгөөд Индонези дахь хятадуудын тоог “Чөлөөт нэвтэрхий толь”-д 2000 оны байдлаар 1.7-7.5 сая гэсэн байх жишээтэй байх юм.

ДАВХАР ИРГЭНШЛИЙН БОДЛОГО БҮТЭЛГҮЙТЭВ

Хятадаас цагаачилж ирэгсэд бүгд амьдарч байгаа улсынхаа иргэн гэж тооцогдож явдаг ч БНХАУ бүр “Соёлын хувьсгал”-ын үеэс л хилийн чанад дахь иргэдээ хүн амынхаа нэг хэсэг гэж үзсээр ирсэн юм. Тэр ч байтугай эмээ өвөө, эцэг нь хятад хүн байсан бол манай хүн гэж тооцож байв. “Сингапурын гайхамшгийн эцэг” гэгддэг Ли Куан Ю нэгэнтээ “БНХАУ Сингапураас буцаж ирж байгаа хятад иргэдийг визтэй болгохыг шаардаж байсан” тухай дурссан бий. Тэд ийм байдлаар хятадуудыг тухайн улсад нь “түгжээд”, иргэн гэж тооцсон хэвээр байлгах бодлогыг баримталж байжээ. Гэвч алсыг харсан энэ бодлогыг нь бусад улс ч бас олж харснаар урд хөрш “Хоёр улсын давхар харъяалалтай” байх бодлогоосоо татгалзахаас өөр аргагүй болсон гэдэг.

Ард түмэн “Манай сайн бизнесмэн”, “Манай сайн улстөрч жинхэнэ малайз /өөрсдөө тэгж баталдаг байсан байж таарна/” гэж байсан хүн нь гэнэт л “Би Хятадын иргэншил авлаа, манай аав хятад”, “Миний ээж хятад хүн байсан, тийм болохоор би яах аргагүй хятад хүн” гэлцэн хоёр улсын иргэний харьяалалтай болоод эхлэсэн нь Ази даяар шуугиан тарьсан гэдэг юм.

Ингээд цагаач хятадуудыг ихээр нутагшуулаад байсан улс орнууд Хятадыг зүйл бүрээр дарамтлан байж давхар иргэншлийн бодлогоос татгалзуулж чадлаа. Гэхдээ хятад ингэж буулт хийх хүртлээ 10 жилийг авсан бөгөөд “Бүх хятадуудыг хөөж гаргана” гэсний дараа л бууж өгсөн гэдэг. Үүний гол шалтгаан нь цагаач хятадууд амьдарч буй орныхоо эдийн засгийг бат атгаж амжаагүйд оршиж байв.

Хятадын коммунист нам 1980 онд цусан төрөл нь хятад бол хятадын иргэн гэж тооцох хийгээд хоёр улсын иргэншлийг хориглох тухай хууль гаргалаа. Зүүн өмнөд Азид өрнөөд байсан цагаач хятад, нутгийн иргэдийн хоорондын тэмцэл намжив.

ЗӨӨЛӨН ХҮЧНИЙ ЦЭРГҮҮДИЙН ЭХНИЙ БУУДАЛ НЬ ЭДИЙН ЗАСАГ

Ингэж “гал намжаасны дараа” цагаач хятадууд” буюу зөөлөн хүчний “цэрэг”-үүд үүргээ улам шургуу, яаран сандран биелүүлж эхлэв. Хятад хүний үндсэн чанар нөлөөлдөг биз, бүр 1960-аад оны үеэс л хятад гаралтай бизнесмэнүүд энэ бүс нутгийн эдийн засагт тэргүүлэх байр суурийг эзлэх болсон бөгөөд одоо бүсийн эдийн засгийн 80 гаруй хувь нь Хятад болоод хятад гаралтай бизнесмэнүүдийн гарт оржээ.

Дэлхийн олон улс оронд “Хятад гаралтай бизнесмэнүүдийн ноёрхол” тогтоод байна. Дорнын луу энэ их үйл хэргээ голдуу хятад гаралтай бизнесмэнүүдээр дамжуулан хэрэгжүүлсэн байдаг.

ДАРААГИЙН ЗОГСООЛ НЬ УЛС ТӨР

Нэгэнт угтвар нөхцлөө бүрдүүлж авсан хятад цагаачид өнгөрсөн зууны сүүлчээс эхлэн улс төр рүү хүчтэй дайралт хийх боломжтой болжээ. Ингээд төрийн эрх мэдэл рүү тэмүүлж эхэлсэн байна. Малайз, Тайланд, Филиппин улсад нутагшсан цагаачид энэ хэргийг анхлан эхлүүлсэн юм. Удирдагчийн үүргийг Малайзад Роберт Куок, Тайландад Таксин Чинаватра, Филиппинд Лусио Тан хэмээх бизнесмэнүүд байв. Роберт Куок нь элсэн чихрийн худалдаа, Кока кола ундааны үйлдвэр, Тайгер шар айрагны үйлдвэр, Шангри ла хэмээх зочид буудлын сүлжээгээр хөлжсөн бол Таксин Шинаватра телевиз, мэдээллийн технологийн вант улс байгуулсан байх жишээтэй.

Лусио Тан

Лусио Тан нь уушийн үйлдвэрлэлээр филиппинийг атгадаг. Эдгээр хятад гаралтай бизнесмэнүүдээс Таксин Шинаватра нь амжилтад хүрч Тайландын Ерөнхий сайд хүртэл болж байсныг бид мэднэ.

Роберт Куокийн хувьд Малайзын хятад гаралтай иргэд гишүүнээр нь элсдэг улс төрийн хүчнийг санхүүжүүлэн улс төрийн тоглолт хийсээр ирсэн нэгэн. Тэр ч байтугай Ерөнхий сайд асан Нажиб Разакийн гол өрсөлдөгч нь байсан гэж байгаа. Хятадуудын нөлөө өсөхийн хэрээр тэдний санхүүжүүлдэг намын нөлөө ихэссээр байгаа юм. Одоохондоо Малайз, Тайландын хэмжээнд хүрээгүй ч гэсэн бусад улс оронд ч гэсэн дорнын их луугаар тэжээгдсэн улс төр эдийн засгийн бүлэглэлүүд цагаа хүлээн хөрөнгөө үүцэлсээр байгаад эргэлзэх хэрэггүй.

ХЯТАДЫН ЗӨӨЛӨН ХҮЧНИЙ БОДЛОГО ЕВРОП, ДАЛАЙН ЧАНАДЫГ ОНИЛСОН НЬ

Царай зүс, хэл соёлын эрс ялгаатай байдал, газар нутгийн холоос шалтгаалаад БНХАУ зөөлөн хүчний бодлого нь тивээсээ цааш нэг л ахиж өгөхгүй байсан. Гэвч “мөнгө” хэмээх хүчирхэг хөшүүргийн тусламжтайгаар сүүлийн үед “Хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагаа” нэрийн дор Африк, Европын орнуудад маш эрчимтэйгээр явуулж байна.

Ардаа том дэмжлэгтэй, мөнгөтэй бизнесмэнүүд хаана залгихад амар хоол байгааг андахгүй, хөрөнгө оруулалт нэрээр баглахыг хичээх болсон нь нууц биш. БНХАУ Африкийн ядуу орнуудад хэрэгжүүлж буй “Өрийн бодлого”  гэгчийн талаар бид өмнө нь уншигчиддаа хүргэж байсан. Ингэж эдийн засгаар холбогдсоноор зөөлөн хүчний бодлого явуулах нөхцөл бүрдэж байгаа юм. ОХУ-ын лента.ру цахим хуудсанд тавигдсан “Күнзийн цэргүүд” нийтлэлд БНХАУ-ыг зөөлөн хүчний бодлого хэрэгжүүлэхдээ жилд 10 тэрбум ам.доллар зарцуулдаг гэжээ. 

Хойд хөрш Хятадын зөөлөн хүчний  довтолгооноос ихээхэн болгоомжилж, хориг арга хэмжээ авч байгаа бөгөөд цагаачдаас орос хэлний шалгалт авах хууль хүртэл гаргажээ. Гэсэн ч мөнгөний өмнө хүчин мөхөсдөж, удахгүй харилцан визгүй зорчих гэрээ байгуулах гэж буй. БНХАУ ОХУ-ын хилийн дагуух хот тосгодоо чинээнд нь тултал хөгжүүлж, ОХУ-ын хотуудад ч олноор оршин суух болжээ.

Хятад нөхөртэй хуримлаж буй орос бүсгүй /topcor.ru/

Харьд очсон иргэдээ маш сайн дэмждэг нь магадгүй, Хятадын зөөлөн хүчний бодлогын хамгийн агуу чанар нь байж магадгүй. Хилийн бүсэд цагаач хятадын тоо нэмэгдэж, хөдөлмөрч, арвич хямгач тэдэнтэй гэрлэхийг орос бүсгүйчүүд хүсэх болжээ.

ОХУ-ын эрдэмтэд сүүлийн үед энэ талаар маш их судалж, бичих болсон нь Төв болон дундад Азийн бусад улсуудад БНХАУ-аас болгоомжлох сэтгэгдэл төрүүлэх, нөгөө талаас ОХУ-ын өөрсдийнх нь зөөлөн хүчний бодлого болж байх ч талтай юм.  

  Азийг цаашлаад дэлхийг нэгтгэх Хятадын “Зөөлөн хүчний бодлого” одоо ч үргэлжилсээр. Өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан туршлагаа улам төгөлдөржүүлэн шинэ, шинэ улс орныг онилсоор л байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-12 11:02

М SC iin cola, tiger, shangirila robert kukiinh boloh ni dee. Hadan said ni hamaaraltsi bol

Зочин
Зочин
2022-11-13 14:18

Хятад хүн шиг бадрангуй бичжээ хуцяо гөлөг сэтгүүлч бна тэ

Зочин
Зочин
2022-11-13 21:13

Хужаа жоом

Холбоотой мэдээ

Back to top button