Нийгмийн

П.Гэндэнгийн музейн барилгыг 22 давхар байшингийн 1-4 давхарт шилэн хоргонд дахин барина

Хэлмэгдэгсдийн музей буюу П.Гэндэнгийн нэрэмжит музейг өчигдөр /2019.10.08/ буулгасан. Уг асуудлаар дөнгөж сая Хот байгуулалт, хөгжлийн газраас мэдээлэл өглөө.

Уг мэдээллийн үеэр Ерөнхий сайд асан П.Гэндэнгийн зээ хүү С.Бэхбат дараах тайлбарыг хийв.

“Дураараа эвдлээд нураачихсан гэдэг үгтэй би санал нийлэхгүй. Уг музейд үзмэрийн хувьд мөнгөн илэрхийллээр үнэтэй цайтай юм бараг байхгүй. Голдуу хүнтэй холбоотой баримт бичиг зураг сэлт байдаг. Тиймээс хуучин конторын өрөөнүүд л өөрчлөгдөнө. Доторх зохион байгуулалт угаас олон жилийн турш өөрчлөгдсөн.

Би эдийн засагч хүн. Гэндэнгийн музейтэй хамт миний амьдралын олон жил өнгөрсөн. Аав ээж хоёрынхоо амьдарч байсан газрыг би ч хайрлана. Мэдлэг боловсролтой гэж өөрийгөө үнэлж явдгийн хувьд би буруу тооцоолол хийгээгүй, Монголынхоо хамгийн сайн архитекторуудаас ч зөвлөгөө авсан. Олон улсын хартиг бид үүнд баримталж хандсан бөгөөд олон улсын чиг хандлагыг хэрэгжүүлж яваа. Та бүхэнд дахин хэлэхэд хоёр давхар энэ байшин өвөл болохоор нэг цаг халаалт зогсох л юм бол паар нь шууд хөлддөг, тэр үед паарыг нь солих хэрэгтэй болдог. Бохирын асуудал ч маш хүнд, нэвчээд, цэвдэг шиг болчихсон байдаг.  Энэ олон жилийн хугацаанд хэд хэдэн хувилбарыг хүмүүстэй ярьсан бөгөөд амаргүй гэдгийг ч ойлгосон. Энэ асуудлаар би хэд хэдэн төр засагтай ярилцаж байж, арай гэж биелэлээ олсон.    

УГ БАЙШИНГИЙН ТАЛААР ТОВЧ ТҮҮХ ӨГҮҮЛБЭЛ:

1924 онд Богд хаан нас барсны дараа Гэндэн гэж хүнийг Бага хурлын даргаар сонгосон. 1928 оноос намын нарийн бичгийн дарга, 1932- оноос ерөнхий сайдын албанд сонгогдон ажиллаж байсан. Гэндэн гэж хүнд энэ байшинг барьж өгч манай өвөө, эмээ, ээж амьдарч байсан бөгөөд 1936 онд ажлаас нь чөлөөлж амрааж, сувилуулна гэх нэрээр Орос руу явуулсан. Тэр үед энэ барилга хэвээр байсан. 1937 онд өвөөг баривчилсан бөгөөд тэр үед эмээд “хурдхан хариарай” гэж хэлсэн тухай сүүлд дурсан ярьсан. Харин өвөөг авч явсан чигтээ олон сар байцааж байгаад Москва хотноо 11 сарын 26-ны өдөр цаазалсан байдаг. Эмээ, ээж хоёр мөн Орост бичиг баримтгүй явахад нь монгол оюутнууд тусалж, монголд ирэв. Ирэхэд нь байшинг нь хураасан, байр орон оронгүй айлын хашаанд амьдарч, эмээ цэвэрлэгч хийж тав, гурван цаас олж амьдралаа зогоосон.

Удалгүй Горбачёв цагаатгах ажил эхлүүлсэн бөгөөд ээж түүнд захиа бичсэн. 1937 онд баригдсанаас хойш бидэнд өвөөгийн талаар ямар ч мэдээлэл байгаагүй бөгөөд 1989 онд нэгэн захиа бидэнд ирсэн. Үүнд өвөөг “Японы тагнуул, ЗХУ-ын дайсан гэсэн ял тулгаж ... нэртэй оршуулгын газар буудаж, чандарласа” тухай өгүүлсэн байлаа.

1992 онд бид уг байшинг авсан бөгөөд аав, ээж хоёр намайг аваад Москва тийш өвөөгийн талаар судлахаар явлаа. Тэнд бид өвөөгийн мэдүүлэг, байцаалтын материалтай танилцсан. Өвөөгөөс “Гэр бүлтэй юу гэхэд гэр бүлгүй, ямар гаралтай вэ гэхэд малчин гэж хариулсан байх жишээтэй.  Японы тагнуул мөн үү гэхэд мөн” гэж хариулсан нь байдаг. Үзүүлсэн 2-3 хавтсыг харахад сүүлд гарын үсэг зурсан байдал нь их чичирсэн байдалтай байсан. Хоёрдугаарт, хажуугийн ширээнд Оросууд өөрсдийн аав ээжийн материалуудтай танилцаж байсан бөгөөд баривчлахад нэг зураг, ял тулгахад нэг зураг авч байсан нь харагдсан. Харин өвөөгийн ял тулгуулсан үеийн зураг байсангүй.

Ингээд 1993 оны эхээр Монголдоо ирээд ээж энэ байшинг музей болгоё гэж санаачлан музейн ажил эхэлсэн. Музей болсон түүх энээ.

Нөгөө талаас энэ байшин 1930-аад оны үед баригдсан хоёр давхар модон байшин. 1980-аад оны үед ашиглалтын шаардлага хангахгүй гэж буулгах шийдвэр гарсан байдаг. 90 гаруй жил болсон энэ байшинг харахад үндсэндээ суулт өгсөн, доороо ямар нэгэн подваль байхгүй, шууд газар дээр барьсан нь тод. Энэ хугацаанд зохион байгуулалтыг нь олон удаа өөрчилсөн байсан. 1993 оны есдүгээр сарын 10-нд уг музейг нээсэн бөгөөд шаврыг нь буулгаж, хуучин хэвэнд нь оруулж, хоёр давхрын шалыг хүчитгэл хийж, доторх орчинг  музей шиг дотроо тойрдог  болгон өөрчилсөн.  Удалгүй ээж нас барж, барилгыг ч оролдохгүй удсан. Дараа нь нэг тендер зарлагдаж засвар хийсэн. Ингэхэд засвар нэртэй ч дотор үзмэрүүдийг нь устгаж, өөрчилсөн, нэг ёсондоо эвдсэн. Бүх самбарууд эвдэгдсэн, доор нь алтан үсгээр хүмүүсийн нэр бичсэн байсан нь алга болсон байж байгаад сүүлд Хуримын ордны подвалиас олдсон. Дээврийг нь сольсон хэдий ч ус байнга дусдаг болгож дордуулсан. Ингээд би 2004 оноос хойш би захирлын ажлыг авч бүх самбар бүх зүйлсийг нь өөрөө хийгээд явж байна гэлээ.

Түүний ярианаас харахад уг газар дээр 22 давхар байшин барих бөгөөд олон улсын жишгийн дагуу хамгийн доод давхарт өмнө байсан байшинг яг тэр чигээр нь сүндэрлүүлэх бөгөөд гадуур нь шилэн хорго хийж, нар салхинаас хамгаалах, үзмэр болгох зорилготой аж. Өөрөөр хэлбэл, 22 давхар байшингийн 1-4 давхарт өмнөх байшин шилэн дотор харагдах байдлаар шийдэгдсэн бол бусад давхруудад нь оффисын чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэлээ.

Б.ГЭРЭЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button