Top StoriesЯрилцлага

Quiza: Үзэгчид алга ташаад сурчихлаа, одоо мөнгө төлж сурах хэрэгтэй

“Ноён Quiza ирлээ, нохой хорь
Ном айлдана гэнэ, бүгд гүн нойрноос сэр…” хэмээн тэр монголын хөгжмийн салбарт орж ирсэн. Quiza гэдэг нь түүний номын багшийн англи эрийн хайрласан нэр гэдэг.

Таавар мэт гэсэн утга юмуу даа. Гэхдээ Б.Батцэнгэл таавар мэт бус харин ч маш сайн илэрхийлэгч шиг санагддаг. Тэр хип хоп дундаа хэсэгтээ лав “од” байв. Харин дараа нь нам дагаж, дарга болсон гэгддсэн. Харин одоо…Удахгүй тоглолтоо хийх гэж буй Б.Батцэнгэлтэй бэлтгэлийн үеэр нь уулзаж, ярилцлаа.

-МАНАЙ ХАМТЛАГИЙГ ГАНЦХАН "ШАРГЫН ГОВИЙН ЯЛАА" ДУУГААР МЭДДЭГ БАЙЖ МАГАДГҮЙ-

-Ажил амьдрал, уран бүтээлийн сүүлийн үеийн мэдээгээр яриагаа эхэлье?

-Үндсэн ажил уран бүтээлээ л хийж байна. Дууны продюсинг хийх, шинэ хамтлаг, дуучид гаргах гэх мэт. Хамгийн сүүлд Баатар гээд артист гаргаж ирсэн, одоо Энх-Эрдэнэ дээр ажиллаж байна. Мөн хамтлаг, дуучдын дууны үг зохиож, "Capital band" хамтлагтайгаа өөрсдийн уран бүтээлээ хийдэг. Хамтлагийн маань тоглолт арваннэгдүгээр сарын 26-нд болох гээд бэлтгэлээ хийж байна.

-Реппер Quiza-гийн өөрийн дуунууд гарч байна уу?

-Гаргаж байгаа. Хамгийн сүүлд хийсэн "Эрх чөлөө" дууныхаа клипийг 12 дугаар сарын 9-нд хүний эрхийн өдрөөр цацаж, олон нийтэд танилцуулна. Ер нь үе, үе дуу гаргадаг л даа. Олон нийтэд хангалттай хүргэж амждаггүй. Өөрийнхөө постоор оруулчихдаг.

-Миний санаж байгаагаар хамгийн сүүлд "Шаргын говийн ялаа" их олон хүнд хүрсэн дээ?

-Тэр бол манай "Capital band" хамтлагийн дуу шүү дээ.

-Сүүлд Лилигээс өөр хүнтэй дуулсан байсан уу?

-Өмнө зуны Hot фестивалийн үеэр хамтлагийнхан болон дуучин Бадамханд маань завгүй, хамтарч ажилладаг Оюутай дуулсан. Тэрийг л ярьж байх шиг байна. Бид нар уран бүтээлийн найзууд учраас бие биенээ нөхөөд явдаг.

-Монгол кантри гэгддэг Т.Баатарын тоглолт саяхан болж өнгөрлөө. Энэ уран бүтээлчийн ард та байдаг, бүх дууных нь үгийг бичдэг. Хэрхэн ажилладаг вэ?

-Миний маш дуртай ажил л даа. Онцлог нь гэвэл би дууны аяанд зориулж үг бичдэг. Ихэнх дууны эхлээд шүлэг төрж, тэрэн дээрээ ая хийдэг. Техникийн ийм зөрүү бий. Хөгжмийн зохиолчийн тоглолтын мэдрэмж юуг өгүүлж байгааг олж, үгээ бичихийг зорьдог. Ингээд үг, ая хоёр нэгэн мэдрэмжээр хөглөгдөж чадвал дуу хүнд хүрдэг юм болов уу гэж хардаг.

-Бас дуучин Г.Эрдэнэчимэгийн дууны үгийн зохиолчоор бас ажиллаж байгаа юу?

-Өнгөрсөн зунаас эхэлсэн ажил л даа. Одоогоор "Ээждээ" гээд нэг дуу маань л цацагдсан. Бусад дуунууд маань хараахан цацагдаагүй, процесс ид явж байна.

-Таны гаргаж ирж байгаа дуучдын онцлог гэвэл?

-Т.Баатарын хувьд бол монгол кантри гэдэг урсгал. О.Энх-Эрдэнэ классик, жааз, кантри дуучин. Тухайн дуучны хоолойны мэдрэмж, дуулах мэдрэмжийг харж, хөгжмийн урсгалыг продюсор шийддэг.

-Харин "Capital band" хамтлагийнхаа тухайд…?

-Манай хамтлаг бол урлагийн карьер хөөдөггүй, бизнесийн болон бусад салбарт ажилладаг залуус дуртай зүйлээ хийхээр нэгдсэн түүхтэй. 2017 оноос одоогийн энэ бүрэлдэхүүн маань бий болсон. Карьер хөөж бизнес болгоё гэж анхнаасаа зориогүй, хоббигоороо найз нөхдийн хүрээнд үүссэн хамтлаг. Гэсэн хэдий ч дуугаа гаргах тоолонд, видео хиймээр, ингэчхээрээ тоглолт хиймээр санагдана гэх мэтээр алхам алхмаар ахисаар хамтлагийн залуус маань өөрийн эрхгүй урлагийн хэмнэлд орчихлоо. Тэрэндээ ч их дуртай байгаа. Бид олуулаа, арвуулаа байдаг. Дөрвөн дуучин, зургаан хөгжимчинтэй. Манай гоцлол дуучин эмэгтэй Ч.Бадамханд уртын дуучин мэргэжилтэй, ҮУИХ-ын дуучин. Манай дуучин Бабу буюу Батболд эстрадын дуучин бөгөөд студиэ хариуцаад ажилладаг. Хүрлээ хөгжмийн зохиолч, продюсер гээд мэргэжлийн хүмүүс бий. Бусад нь бизнесийн салбарт ажилладаг.

-Одоо болох тоглолтын мэдээллээс хуваалцаач?

-"Шаргын говийн ялаа" тоглолт MPM event hall-д арваннэгдүгээр сарын 26-нд болно. "Capital band" хамтлагийг ганцхан "Шаргын говийн ялаа" дуугаар мэддэг байж магадгүй. Энэ орой манай хамтлаг хориод дуугаа дуулна. Зочин уран бүтээлчээр найз хамтлаг дуучид болох "A Sound", "The Lemons", "UFO", "San Juniper", дуучин Б.Чойжоо, Т.Баатар, О.Энх-Эрдэнэ нар оролцсон гурван цаг үргэлжлэх шоу тоглолт болно.

-ОХИНДОО АЙХТАР ТУСАЛЬЯ ГЭЖ БОДДОГГҮЙ, ХҮЛЭМЖ БАРИАД ӨГЧИХДӨГ, ГЭТЭЛ ХҮЛЭМЖГҮЙ ГАЗАР ЯАХ БИЛЭЭ-

-XMF-ийн тайзнаа Quiza гарч ирсэн. Гэтэл залуу хамтлаг, дуучдын боломжийг хааж гарч ирлээ мөн Украйны далбааг ашиглаж улс төржүүллээ гэсэн шүүмжлэл дагуулсан…?

-Би зохион байгуулагчдыг танихгүй. Өөрсдөө надад санал тавьсны дагуу анх удаа оролцож үзсэн. Шинэ үеийнхэн намайг сонирхож үзье гэж бодсон юмуу, яг яагаад намайг дуулуулсныг би мэдэхгүй. Тэд нараас өөрсдөөс нь асуух хэрэгтэй. Бид өөрийнхөө үзэл санааг бүрэн илэрхийлэх хувцсаа өмсөх эрхтэй. Бид нар тийм улсын иргэн. Украйны далбаа тэр өдрийн миний хувцас байсан. Уран бүтээлч миний шинэ дууны хувцас нь Украйны далбаа байсан.

-Дайныг эсэргүүцсэн…?

-Энхтайваны төлөө шүү дээ. Одоо шинэ цагийн энх тайваны билэг тэмдэг бол Украйны далбаа болсон. Мөрөөрөө оршиж байгаа улс, ард түмнийг том гүрэн дээрэлхэж болохгүй гэдэг талд зогсож байгаа бүх хүмүүс энэ символыг ашиглаж байгаа. Би эрх чөлөөтэй, ардчилсан улсын иргэн учраас хаана юу өмсөх нь чөлөөтэй. Хүмүүс Украйны далбаа нөмөрчхөж гэж харсан. Үгүй, тэр миний өмссөн хувцас байсан.

-Хорь шахуу жилийн өмнө дуулсан "Чи бүхнээс илүү" дууны гол дүр охин тань том болж дуулж эхэллээ. Тусалж байна уу?

-Туслах үе гарах л байх. Гэхдээ би айхтар туслья гэж боддоггүй. Хүлэмжинд ургасан цэцэг байснаас байгальд дэлгэрсэн цэцэг байгаасай. Үнэхээр авьяастай, уран бүтээлээрээ явья гэвэл өөрөө ургаад дэлбээлэх байх. Хүлэмж бариад өгчихвөл нэг өдөр хүлэмжгүй газар яах билээ. Гандах аюултай. Урлаг цэвэр авьяасаараа өрсөлддөг салбар учраас авьяас нь, хүсэл эрмэлзэл нь, зориг нь чадвар нь дэлгэрвэл тэр эрчээрээ явах боломжтой.

-Танд итгэл хэр байна вэ?

-Би нэг их итгэдэггүй. Өөрөө дуртай салбараа, замаа сонгох байх. Одоо бол дөнгөж 10 жилээ төгсөөд мэргэжлээ сонгож,боловсрол эзэмших насандаа явж байна. Дуртай зүйл болгоныг нь дэмжиж өгөөд явж байвал өөрөө сонголтоо хийх болов уу.

-Бас үг бичдэг, тээ?

-Гэхдээ англиар. Хөгжиж магадгүй л юм. Гэхдээ би өнөөдөр сайн хэлж мэдэхгүй л байна.

-Дуучин Р.Лхамаа манайхнаас болохгүй, бүтэхгүй юман дээр ганц Quiza л дуугардаг гэж. Урлагийнхаа тогоог хэрхэн дэнсэлдэг вэ?

-Урлагийн тогоо гэж байхгүй. Харин үзэгчдийн тогоо гэж байгаа. Миний хувьд рок, попынхон гэхээсээ илүүтэй үзэгчдийн тогоон дотор чанагдаж яваа. Бүх дүнг тэд тавьдаг, урлагийнхан тавихгүй. Яахав хүлээн зөвшөөрөгдсөн шүүмжлэгчид байхыг үгүйсгэхгүй. Болж, бүтэхгүйн тухайд зах зээлийн жамаараа л явна шүү дээ. Шинэ үе гараад ирж, мэдрэмж нь өөр болоход мэдрэмжтэй нь дагаад татагдаад орно, тэр мэдрэмжийг авч чадахгүй нь арчигдаад хаягдана. Ийм л салбар. Манайх жижиг зах зээлтэй. дээрээс нь энэ оюуны өмч, copyright огт хэрэгждэггүй. Нэлээд хүнд замыг туулж байж амьд үлдэх тийм л ертөнц. Үзэгчид алгаа ташиж сурлаа, одоо мөнгөө төлж сурах хэрэгтэй. Үүнд дахиад нэг 10-20 жилийн хугацаа орох байх.

-Нөлөөлөх боломж байх уу, бас л урт хугацаа байна шүү?

-Өнөөдөр хэн ч дэлгүүрээс талх үнэгүй аваад гарч чадахгүй. Арван жилийн дараа дуу хөгжим яг л тийм болно. Хүний ухамсар хөгжинө, хүний хөгжил гэдэг асуудал гарч ирж байна. Дээрээс нь эдийн засгийн хөгжил нөлөөлнө л дөө. Энэ бол зургаа дахь мэдэрхгүйдээ төлөх мөнгө учраас үүндээ зарцуулах орлого байх ёстой. Тэр үед дуу хөгжмийн авьяастнууд гадны одууд шиг хангалттай амьдарч явах байх.

-Одоо үзэгчид тоглолтын тасалбар авахад юутай ч мөнгө төлдөг. Бусад хэрэглээний тухайд, жишээ нь бид 10 жилийн дараа "Шаргын говийн ялааг" өдөрт хэд хэд үнэгүй сонсох боломжгүй болох нь?

-Худалдаж аваад сонсдог болно. itunes, spotify, apple music бүгд л тийм болчихлоо. Манай монголд m music гээд гарч ирлээ. Нэг сард 3900 төгрөг төлөөд бүх хөгжмийг үнэгүй сонсож болно. Эднийх дотроо системээрээ дуучдын орлогыг хуваарлах ийм технологийн шийдэл гараад ирчихлээ. Энэ рүү шилжинэ л гэсэн үг. Үнэгүй mp3 интернэтээс татаж аваад сонсдог үе шинэ хувьсгал руу шилжинэ. Одоо jen-z үнэгүй хөгжим сонсохоос татгалзаж, ухамсрын хөгжил явагдаж байна. Дээр нь сошиэл платформуудаас жишээ нь, youtube-д сайн үзэлт авбал дундуур нь орж байгаа рекламны мөнгийг артист олон хүн үзүүлснийхээ төлөө авна. Зах зээл бол өргөжих байх. Дуу хөгжмийг дэлхийн хаанаас ч сонсож болно, монгол дууг америкчууд хэрхэн сонсдгийг "The HU" харуулж байна. Дээрээс нь монгол туургатны соёлын нийслэл нь Улаанбаатар хот. Тэгэхээр энд өвөрмонгол, буриад, халимаг, тува гээд 10 сая хүний зах зээл харагдаж байна. Энэ бүхэн хөгжөөд ирвэл Улаанбаатарчууд ямар хөгжим сонсож байгааг дагах болно.

-Одоо харин уран бүтээлийн үр шимээ хүртэж байна уу?

-Караокед хараахан шийдэл олдоогүй. Гэхдээ дуу бичлэг үйлдвэрлэгчдийн үндэсний холбоо мөнгө авдаг, дуучдадаа өгдөг юмшиг байна лээ. Би бол тэнд байдаггүй учраас сайн мэдэхгүй байна.

-Караокед таны дуунууд байдаггүй гэсэн үг үү?

-Миний дуулсан дуунаас байдаггүй байж магадгүй. Миний зохиосон 200 гаруй дуу бол байгаа. Уг нь зохиогчийн эрхээ мөнгөө авах ёстой л доо. Гэтэл манай хамтын удирдлагын байгууллага зохион байгуулалтад орж хамтралыг бий болгож чадахгүй байна. Зохиолчдын холбооны үйл ажиллагаа нь нэгдмэл байдлыг хангадаггүй, хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашиг зөрчилдөөн дунд маргааны, хэрүүлийн алим болчихсон. Тэгэхээр энэ хамтын удирдлагын байгууллагууд оюуны өмчийн газартай хамтраад энэ караоке, рингтоне, аппууд, Өвөрмонголыг эгшиг.мн гэх мэтчилэн тохиролцоонд хүрч хуулийн талаасаа эрх ашгийг хамгаалж чаддаг бол нэг дуунд дөрвөн эрх байдаг. Ая зохиогч, үг зохиогч, бичлэг, дуучны эрх гэж байна. Энэ бүхнийг ялгаж хувиарлалтыг тэндээсээ шийдэхгүй бол дуучин зохиогч хоёрын дунд үл ойлголцол байсаар л байна.

-Энэ талаар хандаж үзсэн үү. Жишээ нь, таны 200 гаруй дуун дээр таны хэдэн төрлийн эрх хөндөгдөх үү?

-Ая зохиогч, үг зохиогч хоёр чинь тэнцүү эрхтэй, зохиогчийн эрхийн хувьд. Тэгэхээр үүнийг хуулиар л шийдэхгүй бол өөр ямар ч боломжгүй. Одоо бол мэдээж ажлын хөлс бол авдаг. Энэ нь зохиогчийн эрхээ шилжүүлчихлээ гэсэн үг биш. Бага хэмжээний мөнгөөр ажилласан. Бүр өндөр төлбөр төлөөд худалдаж авдаг хүмүүс бас байна. Тэнд зохиогчийн эрх ярихгүй байж болно.

-Таны 200 гаруй дууг хэн, хэн дуулж байна вэ?

-Хамгийн анх дуучин Д.Болдын "Хайрын хүч" цомгоос эхэлсэн, гучаад дууных үгийг зохиосон. С.Сэрчмаагийн нэг цомог, "Никитон" хамтлаг, Укагийн бас хэд хэдэн дуу бий. Дууны үг бичих нь миний өдөр тутмын ажил. Би багцаагаар 200 гэж хэллээ, үүнээс ч олон дуу бий. Дуу бүхэн дээр үг зохиогч Quiza гэсэн автортой амины бус эрхээ бол эдэлдэг. Монголчууд мөнгө төлж эхлээгүй учраас би артистуудтайгаа хэрүүл маргаан үүсгэхгүйн тулд одоохондоо энэ бүхнийг ярихад эрт байна. Яваандаа манай оюуны өмчийн тухай хуульд энэ тухай нарийн тусгагдаад хамтын удирдлагын байгууллагын эмх цэгцэнд нь оруулаад эрхүүдийг хөндөөд эхлэх юмбол мэдээж би эрхээ эдлэх хүсэл эрмэлзэл дүүрэн байгаа.

-АМ БАРИНА ГЭДЭГ АМЬДААР ДУУЛАХААС ХЭЦҮҮ ЗҮЙЛ ШҮҮ ДЭЭ-

-Гялалзсан, оддын ард та сууж байдаг юм байна шүү дээ. Хэт даруухан байгаад байна уу?

-Даруухан биш гээд яаж байх ёстойгоо сайн мэдэхгүй л байна.

-Б.Болдын гучаад дуу, "Никитон", С.Сэрчмаа, Ука, Т.Ариунаа гээд монголчуудыг цэнгэн баясгадаг олон сайхан бүтээлийг хийчхээд 10, 20 жилийн дараа цаг сайхан болно гээд сууж байгаа тухайд тань л асууж байгаа юм?

-Дууны эхэнд клипний линк дээр нэр гарна л даа. /инээв/

-Б.Болд та хоёр хамаатнууд бил үү?

-Тийм ээ. Би Болдоогийн үеэл дүүтэй гэрлэсэн.

-Шинэ артистуудыг гаргаж ирэхэд та нар шиг хүмүүс маш их эрэлт хэрэгцээтэй байдаг уу?

-Эсрэгээрээ намайг хүмүүс биш би авьяасыг хайдаг. Хүссэн болгон од болох боломжгүй. Боломжтойг нь хайж олдог. Тэгээд үнэхээр надад итгэл төрвөл продюссороор ажиллаж, бүх хөрөнгийг босгоод дуунуудыг хийж ажиллана. Тэр артист маань алдартай од болох юмбол тэндээс би эргээд ашгаа хүртэнэ. Ийм л шударга зарчим дээр явдаг.

-Танд амжилт нь харагдсан тийм артистын тухайд?

-Манай Т.Баатар, О.Энх-Эрдэнэ байна. Дараа дараагийн гэрээ хийж ажиллахаар төлөвлөсөн хэдэн хүн бий. Э.Бат-Үүл баатар надад энэ бүхнийг эхлүүлж өгсөн. Т.Баатар "Сонор" рекордсын гэрээтэй уран бүтээлч. Бид нар бол гүйцэтгэл бүтээгч нараар нь ажиллаж байна. Дараагийн артистаа хайгаад эхэлсэн. Урт хугацаандаа тоглолтоороо ашиг олоод, зохиогчийн эрх ашиг хөндөгдөөд ирвэл бүр илүү ашиг өгөх боломжтой гэрэл харагдаж байгаа. О.Энх-Эрдэнэтай 2021 оноос хамтран ажиллаж эхэлсэн, 2023 оны эхээр дуунууд нь цацагдаад цомог нь гарна.

-Ам барьж дуулдаг гэсэн асуудал үеийн үед байсаар л байна…?

-Ам барина гэдэг чинь дуучнаас биш шинэ жилээ зохион байгуулж байгаа компанийн тавьсан хөгжмөөс хамаардаг асуудал. Нэг систем хөгжим, хоёр царгисан өсгөгч тавьчхаад дуулаад өгөөч гэхээр яаж дуулахав. Тэгэхээр энэ дуучид өөрсдөө техникийн стандартаа тавиад ийм хөгжимтэй бол очиж дуулнаа гэх хэрэгтэй. Амьд хөгжим дуугарах боломжгүй бол хаана ч хэцүү. Би бол тэгж л ойлгодог. Тэгэхээс биш дуучин чадваргүй болчхоод ам барина гэдэг хэцүү. Ам барих чинь амьдаар дуулахаас хэцүү асуудал. Цэвэр жүжиг болно. Амьдаар дуулахаар чинь өөрийнхөө тухайн мэдрэмжээрээ илүү амархан байна биз дээ.

-Та бол огт ам барьдаггүй гэсэн үг үү?

-Манайханд харин тийм юм байдаггүй. Нийтийн дуучдын дунд л их байдаг юмшиг сонсогддог. ТВ контентод ам барихаас өөр арга байхгүй тохиолдол бий. Үндэсний телевизийн 600 студид ороод амьдаар дуулчихна. Дуугаралт гэж хачин юм зурагтаар цацаад нөгөө дуучны нэр хүнд байхгүй болдог, миксинг хийж чаддаггүй, тэр чигээр нь цацдаг. Нийтийн дуучин хөдөө орон нутгаар их явдаг учраас техникийн асуудал их гардаг учраас ам барьдаг болов уу. Үнэндээ бол би ам барьж дуулж чаддаггүй. Тэр их дуржигнаж байгаа үгийг яаж тааруулж ам барихын. Зөрүүл ичгэвтэр байдалд орно. Тэрний оронд алдсан ч гэсэн шууд дуулах нь илүү байхгүй юу. Би техник шаардлага хангахгүй газраас шууд татгалздаг.

-Нийслэлийн соёл урлагийн газрын даргаар хэдэн жил ажиллалаа?

-Дөрвөн жил.

-Одоо шийдвэр гаргах түвшинд ажиллаач гэвэл?

-Би ажиллахгүй. Яагаад гэвэл би агентлагт дөрвөн жил ажиллахад цэрэгт алба хаасан юмшиг том хариуцлагатай байж, хийх ёстой зүйлээ хийсэн. Одоо өөрийнхөө дуртай салбартаа, дуртай юмаа хийж амьдарья гэж бодоод байгаа. Төрийн албанд орох сонирхолгүй байна. Харин салбарыг дэмжих юм хийж байвал зөвлөл энэ тэрд нь ороод саналаа хэлээд явж болно. Одоо чинь баян айлын хүүхдүүд дарга болдог болчихсон шүү дээ.

-ҮЗЭЛ САНААНД ДАРГА БАЙХ ЁСГҮЙ, АН ҮЗЭХ ЮМАА ТУУЛЖ ЯВАА-

-Тухайн үед намтай байсан. Одоо намдаа байгаа юу?

-Ардчилсан намд байсан. Тэгээд төрийн албанд орохдоо намаасаа татгалзсан. Тэрнээс хойш эргэж сэргээгээгүй л яваа. Гэхдээ яахав үзэл бодол бүх зүйл маань ардчилсан намдаа байдаг л даа.

-Тэр нам хоёр толгойтой болсоор удлаа. Одоо АН-ын учрыг жирийн иргэд байтугай гишүүд дэмжигчид нь ч ойлгохгүй тийм нөхцөл байдал үүсчхэв үү. Учрыг нь олохоо байсан. Гаднаасаа тэгж л харагдаад байна?

-Ямар учрыг олох ёстойм бол.

-Хэн нь дарга нь юм, аль нь АН юм…?

-Ямар нэг үзэл санаан дээр дарга гэж байх ёсгүй байх. АН үзэх ёстой юмаа үзээд, шигшигдэх ёстой шигшээгээ хийгээд, унах ёстой шавартаа унаад босох ёстой бол босно биз. Үзэл санаа, эрх чөлөө бол даргагүй зүйл. Тэр үнэтэй байж чадаж байгаа бол АН тэрэн дээрээ амьд үлдээд даваад туулах ёстой даваагаа давж байна. Үүнийг хэрвээ өнөөдөр үзээгүй байсан бол маргааш үзэх ч байсан юм бил үү.Тэгэхээр өнөөдөр монголчууд хүртэх ёстойгоо хүртэж байгаа дээр нь юмаа үзээд авсан нь дээр байхаа л гэж бодож байна.

-Цэгцрэх болов уу?

-Цэгцрэх байлгүй дээ.

-Сайн сөрөг хүчин хэрэгтэй байна шүү дээ?

-Ард түмэн өөрсдөө ийм сонголт хийсэн юм чинь сөрөг хүчнээ өөрсдөө хий л дээ.

-Чадахгүй байна…?

-Тэгвэл тэгээд 2024 он хүртэл хүртэх ёстойгоо хүртэнэ. 2024 онд дараагийн жилүүдэд юу хүртэх вэ гэдгээ дахиад л сонгоно.

-Quiza жиргээнд их ширүүн дориун хэрэглэгч. Харин уулзтал их дөлгөөн, тайван хүн аж?

-Твиттер өөрөө платформынхоо хувьд сөрөг хүчин байхгүй юу. Тэнд очоод эерэг юм яриад байвал зохицохгүй. Эерэг юм ярья гэвэл инстаграм дээр оч. Миний сөрөг хүчний индэр микрофон гэж гэж ойлгодог. Амьдрал дээр бол аливаа юмыг тайван хүлээж аваад шийдэх, хамгийн сайн шийдлээр хийх, хийж чадахгүй юмыг бол хүлээн зөвшөөрөөд эвлэрээд явахаас өөр аргагүй. Ийм л урсгалтай хүн ш тээ.

-ОРОН СУУЦНААС ТӨРСӨН ОНГОДООРОО МОНГОЛ АХУЙГ МЭДЭРДЭГ-

-Та нэг дуундаа өөрийгөө "дунд голын жараахай" гэж тодотгодог. Уугуул хотын хүүхэд үү?

-Тийм.

-Хотын хүүхэд монгол ахуй байдлыг ийм сайхнаар мэдрээд шүлэглээд байгаа нь бахархмаар юм?

-Дууны үг логик, зохиол гэхээсээ илүүтэй мэдрэмж байдаг л даа. Магадгүй энэ ковидын хөл хорионы үеэр миний илүү их мэдэрсэн мэдрэмж монгол философи байсан юм болов уу. Жишээлбэл, Т.Баатарын "Сархад" дуун дээр "Шинэхэн нэрсэн жимийн сархад сэтгэл өнгийнө Тооноор тольдох дугуй саран бодолд хөвөрнө" гээд ахуйгаар зүйрлэж байгаа. Нэгдүгээр биед өөртөө тохиолдож байгаа зүйлийг хөндлөнгөөс харж илэрхийлж буй сонин хэлбэр яваад байгаа юм. Тэгэхээр энэ бүхэн одоо орон сууцнаас олдсон онгод юм болов уу /инээв/.

-"Найрсаг Улаанбаатар" гээд сайхан дуу бий. Нийслэлийнхээ тухай зөндөө л олон дуу бид мэдэх ч "Найрсаг Улаанбаатар" арай дотно мэдрэмж төрүүлнэ?

-Миний их дуртай дуу. Нийслэл маань стресс бухимдлын голомт болсон ч энэ хотод бидний бүх юм байдаг. Хайртай хүмүүс минь, өсөж тоглосон дурсамжууд гээд. Өнөөдрийн бухимдал, стрессээс болоод хаях бас хэцүү. Тийм учраас энэ бүхэнтэйгээ хотоо цуг хайрлаад яваасай гэсэн мэдрэмжийг харуулахыг хүссэн.

-"Харуулын шуудан" бас гоё. Цэрэг армийг гэгээн сайхнаар төсөөлөхөд дэмтэй?

-Зөв мэдэрч. Э.Бат-Үүл ах надад хэлсэн. Маш олон залуус цэрэгт явдаг. Шилжилтийн үеэс өнөөдрийг хүртэл энэ салбарын нэр хүнд хэцүү байна. Уран сайхнаар яавал дээр юмбол, чи нэг бодооч гэсэн. Тэгээд би "Харуулын шуудан"-г бичсэн юм.

-Дуучин Г.Эрдэнэчимэгт маш гоё хайрын дуунууд зохион өгч, цомог гаргах гэж байгаа гэсэн. Дуучин таны шүлгээ бичдэг арга барилыг өвөрмөц хэмээн тодотгосон?

-Манай бүх хөгжмийг Мөнхболд бичдэг. Бид хоёр их гар нийлнэ. Түүний аялгуу, мэдрэмжийг би үгээр илэрхийлж, дуучид маань амилуулдаг. Хөгжим, үг хоёр салшгүй холбоотой, 50, 50 хувьтай гэж ойлгож болно. Тэгэхээр энэ бүх уран бүтээл дан ганц Quiza биш Мөнхболд гэж хүнтэй салшгүй холбоотой.

-Энэ бүхний дунд реппер Quiza бүдгэрээд л байна гэж ойлголооо?

-Өөрийнхөө сувгаар бол цацаж л байгаа. Миний мэдрэмж, өнөөдрийн хөгжим сонсож байгаа хүмүүсийн мэдрэмж хоёр зөрөөд байгаа байхгүй юу. Яг таардаг хүмүүс нь олоод сонсчихдог. Нэг үеэ бодвол урлагийн салбарын хүмүүс өрөвдүүлж амьдрах цаг үе өнгөрч байна. Авьяастай бол сайхан амьдарч байна, авьяасгүй бол байгууллагын хаалга тогшоод билет шахаад явдаг үе өнгөрчихлөө. Баяртай, уучлаарай болсон.

-Таны дуу нэг дуу байдаг даа. Миний тоглолтын тасалбар CD биш гээд..?

-Тийм. Энэ гэрэлт ирээдүй байгаа учраас үнэхээр чадаж байвал би хийгээд яваад л байна. Чадахаа больвол би өөрөө мэдрээд хаа нэг газар ажилд орох байлгүй дээ.

-Тоглолтын тасалбараа хэдээр үнэлэв. Хамтлаг, дуучид 80 мянгаас эхлээд байх шиг?

-Манайх 59900 төгрөг. Ашиг олох гэж тоглолт хийгээгүй. Миний үеийнхэн дотор гурав, дөрвүүлээ тоглолт үзэхэд нэг нь билетээ авдаг соёл нь байдаг. Тэр хүмүүсээ бодоод ингэж үнэлсэн.


Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-21 08:55

хийморийн сан нь гоё шүү

Зочин
Зочин
2022-11-21 08:56

Ukagiin duunii vgnuudiig bichdegeer ni sain medeh ym bna

Зочин
Зочин
2022-11-21 08:57

Үнэгүй юм гэж хаа байхав

Зочин
Зочин
2022-11-21 08:57

Ymiig unelj surah heregtei ng talaaraa zow

Зочин
Зочин
2022-11-21 09:30

Харин ч бүх зүйл нь үнэлгээтэй байдаг нь урлагийнхан шүү

Зочин
Зочин
2022-11-21 09:30

Chadaj baiwal mungiin tuluud vzdeg gazaraa uran bvteleeee hgd hvrgeldee.

Зочин
Зочин
2022-11-21 09:31

Mongoor bilet avaad ordog bizdee. …

Зочин
Зочин
2022-11-21 09:31

chamaig uzeh hen bh ve de

Zochin
Zochin
2022-11-21 11:49

Yu yarina ve. Bugd l

Зочин
Зочин
2022-11-21 14:30

tegeed unee nemeed uzeech chamaig yaj unelehiig hartsgaana ayndaa

Зочин
Зочин
2022-11-21 15:43

Гуниг

Уншигч
Уншигч
2022-11-21 16:09

Эгшиглээд байгаарай, амжилт шүү.

Холбоотой мэдээ

Back to top button