СурвалжилгаЭнтертайнмент

ARTGER: Токио өртөөгөөр алхах Монгол дээлтэй залуус

Токиогийн зүг галт тэргээр довтолгоно. Хааяахан нэг нийтлэл бичих гэж монгол хүмүүстэй уулзахдаа ийн галт тэргэнд суун, цаг минут тоолон яардаг билээ. Сүүл үест бичих нийтлэлийн тоо багасаж, монгол хүмүүстэйгээ уулзах нь ч ховорджээ гэж гэнэтхэн эмзэглэв. Ийм л үед эх орноос минь хүмүүс ирсэн тухай мэдээ дуулаад яаран яваа минь энэ. 

-Маргааш хаана уулзаж болох вэ?  

-Токио өртөөн дээр гэж тэр товчхон хариуллаа. 

Токио өртөө. Япон улсын уналт босолтын санах ой нь болж үлдсэн энэ улаан тоосгон аварга том байгууламжийн урд уулзана гэдэг юутай сайхан. Европ хийц загвартай боловч Япон агуулгууд нэвт ханхалсан 304 метр урт үргэлжилсэн энэ барилга дэлхийн хоёрдугаар дайны үед агаарын бөмбөгдөлтөд өртөж, өдгөө сэргээн засварлагдаж өнөөгийн төрхийг олсон юм. Токио өртөөний чанх урдаас Эзэн хааны ордон харагдах бөгөөд эзэн хааны ордноос Токио өртөө хүрэх энэ өргөн чөлөөнд түүхэн олон хүн морилж байсан учиртай. Адольф Гитлер өөрийн армийн хамтаар энэ өртөөний урд талбайд жагсаж байсан түүхэн ой санамж мөн энд л хадгалагдан үлдсэн нь лавтай. 

“Барилга байгууламж, гудамж талбай, чулуу, тоосго үг хэлдэг бол ихийг өгүүлэх байсан сан” гэж хэний ч юм хэзээ ч юм хэлсэн үгийн үнэнийг ээ. Энэ л өртөөн дээр бид үдийн 15 цагт уулзахаар цаг товлон болсон билээ…

МЭДЭЭЛЭЛ: 

Энэ сарын 4-14-ний өдрүүдэд “ARTGER” Youtube сувгийн залуус Япон улсад зочилж, өөрийн улсын соёл, уламжлалыг сурталчлан таниулаад буцлаа. Тэд Токио-Нагояа- Окинава-Токио гэсэн маршрутаар аялан, Япон улсын олон дагагчтай юүтүберүүдтэй хамтарсан контент бэлдэхийн зэрэгцээ, Япон улсын соёлын сонин хачинаас үзэгчиддээ хүргэхээр долоон цуврал контент бэлтгээд буцаж буй юм. Тэд Япон дахь аяллынхаа өмнө Солонгос улсад мөн саатаж, өөрийн улс орныхоо уламжлалт идээ ундаа, хувцас, соёлыг сурталчлаад ирсэн билээ.  Тодруулбал, тэд Солонгос улсад мөн 1 сая 350 мянга орчим дагагчтай юүтүбер Бабгүбнам /산적TV 밥굽남 / -тай уулзан хоолны соёлын солилцоо бүхий нэвтрүүлгээ бэлдэж, олон орны үзэгчдэдээ толилуулсан. 

Мөн тэд өнгөрсөн зун Youtube сувагт 9.3 сая дагагчтай, дэлхийн алдарт хоолны  сувгуудын нэг “ Best Ever Food Review Show”-той хамтран хэд хэдэн нэвтрүүлэг бэлдсэн нь одоогоор 10 гаруй сая үзэлттэй болжээ. Ийнхүү тэд Монгол улсаа сурталчилсан олон цувралын контентуудаа үргэлжлүүлэн ирэх жил АНУ болон Европын улс орнуудаар аялахаар төлөвлөөд байгаа аж. 

ARTGER ХЭРХЭН ҮҮССЭН БЭ?

Дархан-Уул аймгийн телевиз, фм радиод сэтгүүлч, хөтлөгч, дуу оруулагч, орчуулагч зэргээр ажиллаж ажлын гараагаа эхэлсэн Р.Жавхлантөгс бол “ARTGER” сувгийн үүсгэн байгуулагч юм. Бага ангийн сурагч байхад л Дарханы "RGB" нэртэй, цэнхэр, ногоон, улаан гурван өнгө бүхий логотой телевиз гардаг байсныг санах ч хэн гардаг, юу ярьдаг байсныг нь санах нь үгүй. Нэхэн санавал, өнөөдөр уулзах хүнээ би сурагч байхаасаа л үзэж өссөн аж. Учир нь Жавхлантөгсийн аав нь Монголын хөдөө орон нутгийн анхны чөлөөт бие даасан “RGB” нэртэй Дарханы ууган телевизийг үүсгэн байгуулж байсан Өвгөнхүүгийн Рагчаасүрэн гэж хүн байх нь. “Пикассо ирлээ-2012”, “Сонгодог уран зураг”, “Уутан хацарт” зэрэг туурвил бүтээлийг нь ажихад тийм хүн ийм хүнийг хүмүүжүүлэлгүй ч яах билээ гэж аргагүй бодогдоно. Галт тэргэнд энэ мэтийг бодсоор довтолгоно.....

Эргээд сэдэвтээ ороход, Жавхлантөгс Дархан-Уул аймагтаа ийн энтертаймэнт чиглэлд нэгэнт дурлаж, ингэхдээ Монголынхоо өв соёлыг, тэр дундаа хоолны соёлыг дэлхийд танилцуулахсан гэсэн бяцхан мөрөөдөл тээжээ. Ийн өөрийн нөөц бололцоондоо тулгуурлан шууд гаднын үзэгчид рүү чиглэсэн “Ger Session” үндэсний урлаг болон орчин үеийн урлагийн зохиомжит бүтээлүүдээ бэлдэж байснаа “Nargie’s Mongolian cuisene” брэнд нэвтрүүлгээ бэлдэж эхлэв. Дарханы Хүмүүнлэгийн ухааны их сургуульд англи хэлний багшаар ажиллаж байсан багын найз Наргий /Ц.Наранбаатар/-ийнхаа өвөрмөц төрх, биеэ авч яваа байдал, сонирхол, англи хэлний донжтой дуудлага зэргийг нь анзааран харж, анхны саналаа тавьснаар тэдний энэ урт, сонирхолтой аялал эхлэсэн билээ. 

Сувгийн бүх нэвтрүүлгийг англи хадмалтай гаргахаар зориглосон нь зураг авалт, эвлүүлэг зэргээс гадна тусдаа нүсэр ажил болж байв. Эхний таван сард үзэгч төдийлөн сайнгүй байсан учир орчуулга эвлүүлгийн ажилд Шанхайн хамтрагчтайгаа түншилж эхлэв. Брайн Оффентер орчуулга, эвлүүлгийн ажилд оролцож эхэлснээр үзэгчдийн тоо ч тасралтгүй нэмэгдэж, Монголыг сонирхох, Монголын хоол ундны соёлыг илүү их мэдэхийг хүссэн гадныхны сэтгэгдэл, саналаар дүүрэв. 

Харин одоо "ARTGER" суваг Youtube дээр 484 мянган дагагчтай, үүний 30 хувь нь Монголын үзэгч байдаг бол 70 хувь нь гаднын улс орнуудын үзэгч байх бөгөөд эдгээр 70 хувийг нарийвчлан үзвэл 60 гаруй орны үзэгч байдаг аж. Тэдний говийн айл тэмээг хэрхэн уналага ачлагад ашиглаж, ингэ хэрхэн сааж сүүг нь хэрхэн хоол хүнсэндээ боловсруулан хэрэглэж буй тухай нэвтрүүлгийг  10 сая хүн, жирийн малчин айлд зочлон ямааны боодог хийж буй нэвтрүүлгийг 6.9 сая хүн үзсэн байгаа нь Монгол соёлыг гаднынханд хэрхэн түгээж буйн тод жишээ буй. 

ГАДНЫНХНЫГ ГАЙХШРУУЛСАН НЭВТРҮҮЛГҮҮД 

Ийнхүү гаднынханд “гайхмаар, аймаар” боловч бидэнд жирийн санагдах хоол, гүнцэг бэлдэх нэвтрүүлгүүд ар араасаа цуварч эхлэв. Хонины толгой хуйхалж бэлдэх, ямааг бэлчээрт нь төхөөрч боодог болгох, цуйван сэгсрэх, бууз хийх, гүзээгээр хорхог бэлдэх, дотор гэдэс монгол аргаар бэлдэж чанах, ууц чанах, үхрийн толгой шийрээр царцаамаг /стүжин/ хийх, хорхог, каз, цагаан шувуу, борц, гургалдай гээд дууссангүй. Бүр засаа идэж тэдний нүдийг орой дээр нь гаргав. 

Заримдаа орчин үеийн Монголчуудад ч гайхмаар санагдах уламжлалт хоолны соёлуудыг тэд Монгол орон даяар эрэн хайж байлаа. Эрэн хайна, олж илрүүлнэ, яг бодит орчинд нь очин элдэв зүүлт гоёлгүйгээр бичлэг болгон гаднын улс орнуудад сурталчилна. Яг энэ үйл явц нь өөрөө “Соёлын өв”-ийг баримтжуулан түгээж буй бас нэгэн хэлбэр шиг санагдан. Хэдэн залуус дуртай зүйлээ хийгээд, баярлаад л явах шиг боловч алсуураа тэд Монгол хоол хүнсний соёлд хичнээн үнэтэй хувь нэмэр оруулж буй нь цаг хугацааны явцад гэрэлтэж, тодрон харагдах биз ээ.

Хэрэв та анзаарсан бол тэд зөвхөн хоолны соёлыг сурталчлаад зогсохгүй, монгол айл, ахуй, хоол ундны хэрэгсэл сэлтээс эхлээд өнөөгийн монголчуудын яриа хөөрөө, эгэл ардын эгэлгүй сайхан ааш аяг, төрх, хүмүүсийн энэ цагийн амьдралын тухай ч бас өгүүлэн, архивлаж буй юм. “Тэмээний фестиваль”, “Цагаан сар”, “Наадам”, “Гэр хэрхэн барих тухай” гэх мэт ахуйн соёлын нэвтрүүлгүүдийг ч та энэ сувгаас үзэх боломжтой. 

ОЛОН УЛСЫН СОЁЛЫН СУВАГ БОЛОХ ЗОРИЛГО

Багтаа ахин хүч нэмж Дарханаас “Khan’s Kitchen” цувралын хөтлөгч Р.Баясаа, “Boodog Boys” цувралын хөтлөгч тогооч Б.Болдбаатар нарыг нэмж суваг улам өргөжиж эхэллээ.

Өөрсдийн нэрийн 10 гаруй нэвтрүүлгийг тасралтгүй бэлтгэн хүргэж, Шанхай, Улаанбаатар, Дарханд багийн гишүүд тархан суурьшсан ч, тахлын үед өөр өөрийн байгаа байршлаас ажлаа зогсолтгүй үргэлжлүүлж байв. “Artger”-ийн залуустай уулзах, монгол хоол хүнсийг эх оронд нь очиж хүртэх сонирхолтой олон олон үзэгчдээ тэд аялал жуулчлалын зорилгоор хүлээн авч эхлээд байсан ч цар тахал нүүрлэв. Гэхдээ “Artger” сувгийг цаашид аялал жуулчлалтай холбож болох юм байна гэсэн ТОМ ЗУРАГЛАЛЫГ тэд харж, цар тахлын дараагаас эхлэн үзэгчдээ Монголдоо хүлээн авах, өөрсдөө гадаад орнуудад очиж эх орноо сурталчлахын зэрэгцээ тухайн улсын соёлыг танин мэдэх их ажилдаа ханцуй шамлан орсон нь энэ. 

Дарханы голын хөвөөнд, сумын айлын эгэл бор гэрт анхны бичлэгүүдээ эхлүүлж байсан тэд одоо олон орны үзэгч фенүүддээ уригдан аяладаг, дэлхийн алдартай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн /“BBC”, “China Morning Post”, “Al Jazeera”, NHK, KBS/ хараанд өртсөн, олон олон ивээн тэтгэгчидтэй болж өөрсдийн бизнесийн алсын харааг тодорхойлсон ийм баг болж өргөжиж чадсан байна. Орон нутгийн иргэдэд, залууст хүсэж хичээвэл ямар боломж байгааг өөрсдийн биеэр үлгэрлэн харуулсан тэдэнд талархам. 

ЭРГЭЭД ТОКИО РУУ БУЦВАЛ 

.....залуус энэ удаа Японд өөрийн орны соёлыг сурталчлаад зогсохгүй ирсэн улсынхаа соёлыг ч мөн бахдаж явааг нь дуулав. Утсаар ч ярьж болдоггүй автобус, бие биерүүгээ эгцлэн хардаггүй галт тэргэнд нь дээлтэйгээ сууж, автомат угаагчтай нийтийн бие засах газрыг нь сониучирхан харж, шөнийн гудмаар гүйлдэх хархнуудтай таарч, хөдлөхөд ч бэрх давчуухан уушийн газарт нь багтаж ядан бууж мордсон тэдний адал явдал удахгүй та бүхэнд ARTGER сувгаар нэвтрүүлэг болон хүрнэ. Түүнээс өмнө бид мөнөөх Токио өртөөн дээр хэрхэн ярилцсаныг та дараах бичлэгээс үзэж сонирхоорой.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-22 09:01

Хотын төвд амьдраад сайхан бна. Яармагын м�##�нууд шиг өдөр болгон түгжрэхгүй гараад л дэлгүүр ажил гээд юм юмандаа ойрхон амар бна. Ямар үйлийн үрээр яармагт байр авчихдаг үхэр бэ. Хотын төвдөө байр авахгүй эргүү м�##� шүү энэ яармагынхан. Эргээд зарахад төв үнээ барьдаг юм

Зочин
Зочин
2022-11-22 09:12

Хаана ч явсан монголоороо эх үндэсээрээ гоёох шиг сайхан юм хаа байхав

Зочин
Зочин
2022-11-22 09:13

zow ulger duurailal uzuulj bui zaluusaaraa baharhaw

Зочин
Зочин
2022-11-22 09:20

Zow uildeleeree busad ornuudad ner hundee badraaj ywj bui zaluusaar mashid ih baharaar

Зочин
Зочин
2022-11-22 11:28

Дарханы з�##�уус дэлхийд монгол ахуй соёл хоолны урлагийг таниулах соён гэгээрүүлэх үйлст нь амжилт хүсье з�##�уусаа

Зочин
Зочин
2022-11-22 11:57

Зөв үлгэр дуурайл�##� болоод явж байгаа з�##�уусаараа бахархмаар

Зочин
Зочин
2022-11-22 11:58

Goe bnsheeee

Зочин
Зочин
2022-11-30 19:17

Tibetians?

Холбоотой мэдээ

Back to top button