Нийгмийн

БОАЖЯ: Баавгай буудахыг зөвшөөрөөгүй, хууль хэвээр мөрдөгдөж байгаа

Долоодугаар сарын сүүлээс эхлээд зарим аймаг, сумдын нутгаар баавгай үзэгдэх болсон нь хоол хүнсний дутагдлаас үүдэж уулнаас бууж ирэх болсных байв уу эсвэл үнэхээр Сибирийн түймрээс зугтаж хил давсан уу гэх асуулт одоо ч тодорхойгүй байна.

Баавгай айлын гэр сүйтгэсэн, амбаар ухсан, мал хуйруу дайрсан гэх мэдээллүүдийн араас энэ сарын эхэнд хүн рүү дайрч, хоёр ч хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Сэлэнгэ аймгийн Ерөө суманд болсон уг хэрэг явдлын дараа аймгийн Онцгой комисс хуралдаж "Хүний амь наснаас илүү зүйл үгүй” гэх утгатай зүйл хэлж, зайлшгүй тохиолдолд баавгай буудахыг зөвшөөрсөн тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарах болсон.

Энэ тухай бид Сэлэнгэ аймгийн Хүдэр сум дахь Хан хэнтийн тусгай хамгаалалттай газрын байгаль орчны улсын байцаагчаас тодруулбал "Бидэнд ийм чиглэл бичиг хэлбэрээр ирээгүй байгаа” гэсэн юм.

Мөн өчигдрөөс /2019.10.09/ хэд хэдэн аймгууд руу баавгай агнуулахаар отог гаргасан гэх мэдээлэл ч гарах болсон. Иймд зарим иргэд баавгайг агнаж болно гэх ойлголттой болоод байгаа.

БААВГАЙ БУУДВАЛ 20 САЯ ТӨГРӨГИЙН ТОРГУУЛЬ, ТАВАН ЖИЛИЙН ХОРИХ ЯЛААР ШИЙТГҮҮЛЭХ НЬ ХЭВЭЭР

Энэ тухай бид Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас тодруулахад "Ямар нэгэн отог гаргаж, баавгай буудах зөвшөөрөл яамнаас олгосон зүйлгүй. Баавгай агнах нь торгуультай гэх хууль хэвээр мөрдөгдөж байгаа. Зайлшгүй тохиолдолд баавгайн эсрэг буун дуу гаргаж болно” гэлээ.

Тэгэхээр одоогоор Сэлэнгэ болон бусад аймагт баавгай буудах нь хориотой хэвээр, хэрэв буудсан тохиолдолд хуулийн дагуу 20 сая төгрөгийн торгууль, таван жил хорих ялаар шийтгүүлэх аж.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button