ДЭЛХИЙСонин хачин

Сахартай хийсэн 100 жилийн “ялагчгүй“ дайн

-Хүн төрөлхтөн 100 жилийн өмнө жилд 2 кг элсэн чихэр хэрэглэдэг байсан бол өдгөө 20 дахин өсчээ-

“Барууны түүхийг ойлгоё гэвэл элсэн чихрийн түүхийг судла” гэдэг үг дэмий ч нэг гараагүй болов уу. Сахар гэгч энэ эд хүн төрөлхтний түүхийн урт удаан хугцаанд хамаатай бөгөөд ёгтолж хэлбэл сайн анд нөхрөөс дайсан болсон, дайсан болсон ч салж хагацаж чадахгүй яваа юм. Сахарыг хүн төрөлхтөн эхлээд үнэлж баршгүй түүхий эд, өвчин зовлонг анагаах эм, хаант төрийн бэлгэ тэмдэг, хамгийн дэд зэрэглэлийн тансаг амттан, баян тансаг байдлын илэрхийлэл, өвчин эмгэгийн шалтгаан, эрүүл мэндийн дайсан гэж итгэж иржээ. Улмаар дайн эхлүүлж, 100 шахам жил болж буй ч ялах биш, харин ч ялагдаж яваа гэж хэлэхэд болохоор. Чихрийн шижин, зүрх судасны өвчин хүн төрөлхтний үхлийн шалтгааны эхний хоёрт эрэмбэлэгдэж байгаа нь үүний баталгаа юм.

Одоо хүн төрөлхтөн жилд 170 сая тонн сахар хэрэглэдэг бөгөөд зөвхөн АНУ гэхэд жилд 3-4 тэрбум ам.доллараар сахар худалдаж авч байна. Энэ бол маргаангүй, маш том бизнес. Гэхдээ зөвхөн идэж хэрэглэсэн хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй үйлдвэрлэх, бизнесийн харилцаанд оруулах үйл явц, ач холбогдол нь хүн төрөлхтний өмнө хүний эрхийн олон, олон зөрчлийг бий болгож байгаа юм.      

БОЛОВСРУУЛАХ АРГА НЬ ЭРТНИЙ ХЭВЭЭРЭЭ

Энэтхэгийг элсэн чихрийн эх орон гэж үздэг. “Сахар” гэсэн үг ч мөн тэнд үүсчээ. Энэ нь санскритээр “Элсний ширхэг” эсвэл нарийн ширхэгтэй хайрга гэсэн утгыг илэрхийлдэг байна. Энэ үг нь Эртний Грект нэвтрэхдээ “сакхарон” гэж хувьсан Европт орж иржээ.

Сахарын үндсэн түүхий эд нь чихрийн нишингэ юм. Чихрийн нишингээс чихрийг цэвэршүүлэх замаар ялгаж авдаг.

Ингэхдээ чихрийн нишингийг зохистой хэмжээнд жижиглээд ус хийн халуун боловсруулалтад оруулж нишингэд агуулагдаж буй сахарыг шингээж авдаг. Дараа нь гарсан уусмалаа буцалган хатаахад талст хэлбэртэй чихэр тунаж гарч ирдэг аж. Энэтхэг нь чихрийн нишингийн тариалалтаар 1980 он хүртэл дэлхийд тэргүүлж байв.

200 ЖИЛИЙН ӨМНӨ САХАРЫГ ИХЭС ДЭЭДЭС, БАЯЧУУД Л ХЭРЭГЛЭДЭГ БАЙВ

Сахарыг зөвхөн чихрийн нишингээс гаргаж байх үед энэ бүтээгдэхүүн нь маш өндөр үнэтэй тул ихэс дээдэс, баяд ноёд л хэрэглэж чадахаар байсан гэдэг. МЭ X зууны үед сахарыг Энэтхэгээс Европ руу хуурай газраар тээвэрлэдэг байсныг хэлэх үү, өртөг өндөртэй байжээ. Васко Да Гама далайгаар Энэтхэг орох замыг нээсний дараа өртөг арай хямдарсан ч дундаж давхаргынхан өргөнөөр хэрэглэх боломжгүй хэвээрээ л байв. Энэ үед Европын улсууд Португал, Испани, Туркээс элсэн чихрээ тээвэрлэн авч хангадаж байлаа. Зарим улс оронд, тухайлбал, Орост элсэн чихрийн асуудал эрхэлсэн зөвлөл хүртэл байсан гэдэг.

Уг зөвлөлийг Их Петр хааны тушаалаар XVIII зууны үед байгуулсан байдаг. Арай сүүлд буюу XIX зууны эхээр сахарыг чихрийн манжингаас гаргаж авч болохыг мэдсэнээр энэ хүнсний хэрэглээ нийгмийн өргөн давхаргыг хамрах болсон түүхтэй юм. 

Таван төрлийн сахар бий. ОХУ-д ихэвчлэн чихрийн манжингаас гаргаж авсан цагаан өнгөтэй сахар хэрэглэдэг бол Канадад XVII зууны үеэс агч модны шүүснээс гаргаж авсан сахарыг хэрэглэж заншжээ. Үүний тулд модноос шүүсийг нь ялгаж, дараа нь сахар болгож авдаг. Нэг модноос гурван кг орчим сахар гардаг байна.

Дaлдуу модноос гаргаж авсан, хямд сахар Зүүн Өмнөд Азийн орнуудад өргөн тархсан. Иргэний дайны үеийн АНУ, эртний Хятадад улаан тутарганаас гаргаж авсан элсэн чихэр маш их эрэлттэй байсан бол хожим өөр хямд аргаар гаргаж aвах болсноор энэ аргыг хэрэглэхээ больжээ.   

 АМЕРИКЧУУД ХАМГИЙН ИХ САХАР ХЭРЭГЛЭДЭГ

Сахарын хэрэглээ хүний эрүүл мэндэд муу талаар суртал ухуулга хангалттай явдаг ч монгол хүн жилд хэчнээн хэмжээний сахар хэрэглэдэг тухай бодитой судалгаа манай улсад алга. ДЭМБ-ааас гаргасан судалгаагаар бол сахарын хэрэглээгээрээ тэргүүлэгч нь АНУ юм байна. Тэндхийн нэг хүн жилд 59 кг сахар хэрэглэдэг гэсэн судалгаа гарчээ. Энэ нь өдөрт 31 цайны халбага цэвэр сахарыг өдөрт хэрэглэдэг гэсэн үг. Польшууд 44 кг-аар удаалж, ОХУ 39 кг-аар гуравдугаарт бичигдсэн байна.

Сахар нь ундаа чихэр, шоколад, жигнэмэг гээд бараг бүх хүнсэнд тодорхой хэмжээгээр агуулагддаг тул бид өөрсдөө мэдэлгүй ийм их сахарыг идчихдэг аж. Түүнээс биш сахарт эрүүл мэндэд ашигтай эрдэс бодис, амин дэм ер үгүй. Харин маш их илчлэгтэй учир илүүдэл жин үүсгэж, зүрх судасны өвчнөөр өвдөх шалтгаан болдог. Ер нь хүний биед тэжээллэг бодис огт үгүй тул жилд 24 кг-ыг хэрэглэвэл сайн, 10 хүртэлх кг-ыг хэрэглэвэл бүр сайн гэсэн зөвлөгөөг ДЭМБ-аас өгч байна.

Сахар нь хүний хэрэгцээний маш олон хүнсэнд агуулагддаг учир “чихэр биш юм чинь” гэдэг байдлаар хандахаа болих нь сахрын хэрэглээгээ бууруулах эхний алхам болдог байна.    

САХАР МОГОЙН ХОРТОЙ ТӨСТЭЙ

Сахарыг амтлахад хэлэнд байх мэдрэгчүүд ажиллаж, тархинд мэдээлэл дамжуулснаар серотонин, дофамин хэмээх даавар ялгаруулалхад хүргэдэг шидтэй. Дээрх дааврууд нь хүнийг сэтгэл хангалуун, жаргалтай болгодог учраас “Аз жаргалын даавар” гэж нэрлэдэгийг уншигчдын зарим нь мэдэх биз. Цэвэр сахар нь хүний тархинд агшин зуурт нөлөөлөх хүчтэй. Харамсалтай нь, төв мэдрэлийн систем энэхүү үйлчлэлийг авсан л бол рафинадыг бие организмд хэрхэн таагүйгээр нөлөөлж байгааг мэдрэх чадваргүй болдог аж. Үүгээрээ сахар нь могойн хортой төстэй.  

НАЙМАН ХАЛБАГА САХАР ХҮНИЙ ДАРХЛААНЫ СИСТЕМИЙГ 24 ЦАГААР 30 ХУВЬ БУУРУУЛДАГ

Элсэн чихэр нь идсэн даруйд хүний дархлааны системийг дарангуйлдаг болохыг судалгаагаар тогтоожээ.  Сахар ялангуяа хүүхдийн шүдэнд маш муу. Тухайлбал чихэр идсэний дараа хүүхдийн шүд, буйланд сахар үлддэг. Нян, бактери энэ үлдэгдэл сахараар хооллож, улмаар шүд хорхойтоход хүргэдэг.

Мөн сахарыг хэтрүүлэн хэрэглэснээс болж бага насны хүүхдүүд, насанд хүрэгчдэд төрөл бүрийн харшил илэрдэг болох нь нотлогдсон байна.

Сахарын агууламжид ямар ч тэжээллэг бодис байдаггүй. Харин ч илчлэг ихтэй тул   /100 гр сахар 409,2 ккал илчлэгтэй/ илүүдэл жинг үүсгэж, зүрх, судасны олон төрлийн өвчнөөр өвдөх эрсдлийг их хэмжээгээр нэмэгдүүлдэг. Сахар нь цусан дахь инсулины хэмжээг нэмэгдүүлдэг тул чихрийн шижин, зүрхний шигдээс өвчний шалтгаан болдог.

Assortment of products with high sugar level like candies, gummy candies, soda, donuts, chocolate, lollipop, wafers and cupcakes on rustic wooden table. Low key DSLR photo taken with Canon EOS 6D Mark II and Canon EF 24-105 mm f/4L

Энгийнээр хэлэхэд, та хэдийчинээ их сахар хэрэглэнэ, төдийчинээ их өвчин тусах магадлалтай. Сахар их хэрэглэдэг хүмүүс ханиад томуу их тусдаг. Таны бие махбодийг бактери, вирустай тэмцэхэд идсэн сахар чинь саад болдог. Сахар идсэний дараа бид урьдынхаасаа бага юм өргөж, арай удаан гүйж, эмх цэгцгүй бодож сэтгэж, илүү их ядардаг болно. Шуудхан хэлэхэд сахар таныг сульдаадаг.

ЗӨГИЙН БАЛ, ЖИМСНИЙ САХАР Ч ЭРҮҮЛ МЭНДЭД САЙН БИШ

Сахар орлуулагч, жимсний цэвэр шүүс, зөгийн бал зэргийг сахаргүй, байсан ч хүний биед хоргүй мэтээр сурталчилдаг нь үнэн болов уу. Тийм биш юм. Тэдгээр нь бүгд цусан дахь холестерины хэмжээг нэмэгдүүлдэг төдийгүй триглицеридийг /энгийнээр хэлбэл өөх тос/ 25 хувиар өсгөдөг байна. Гэхдээ жимс, зөгийн баланд агуулагдах бусад ашигтай бодисыг авахын тулд хэрэглэхээс өөр сонголт үгүй.      

САХАРЫН ХАМААРЛААС ЯАЖ САЛАХ ВЭ

Амаргүй сорилт, гэхдээ боломжтой зорилт. Ингэхийн түрүүнд юуны түрүүнд хоногт сайхан унтаж амардаг байх шаардлагатай. Хоногт дор хаяж найман цаг. Энэ хэмжээнд унтаж амарсан байхад бие организм тань цусан дахь глюкозын хэмжээг хэвийн хэмжээнд барьж дөнгөнө.  

Хоёрдугаарт, спортоор хичээллэх, боломжгүй бол ядаж хөдөлгөөнтэй байх. Ингэснээр ходоод руу орсон илүүдэл илчлэгийг шатаана. Харин спортоор тууштай хичээллэвэл тархинд дофамин гэдэг аз жаргалын даавар ялгарах болно. Энэ нь чихэрлэг зүйл амсахад ялгардаг тэр гормон мөн болохыг та санаж байгаа биз ээ. Спорт сахарыг орлож байна гэсэн үг.  

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас сахарын хэрэглээгээ өдөрт 6 халбага хүртэл багасгахыг зөвлөдөг. 25 гр сахар гэдэг нь энгийнээр хэлбэл 50 грамм шоколаданд агуулагдаж буй сахарын хэмжээ юм. 

ЭЛСЭН ЧИХЭР БОЛ ОРЧИН ҮЕИЙН БООЛЧЛОЛЫН ШАЛТГААН

Сахарын хүн төрөлхтөнд учруулж байгаа сөрөг нөлөө зөвхөн эрүүл мэндэд хохирол учруулдагт оршиж байгаа юм биш ээ. Сахар бол том бизнес гэж дээр бичсэн. Гаргаж авах нь эртнийхээрээ хэвээрээ байгааг ч дурдсан. Чухам энэ байдал хүний эрхийн зөрчил үүсэхэд хүргэдэг байна. Орчин үед сахарыг янз бүрийн ургамлаас, олон аргаар гаргаж авдаг болсон ч нийт сахарын 80 хувийг чихрийн нишингээс ялгасан хэвээр байгаа юм.

Түүхийн хуудас сөхөж үзвэл боолчлолын жинхэнэ өлгий нутаг нь олонхийн боддогчлон Хойд Америк, Европ биш, харин Бразил юм байна. Африкаас хулгайлагдан боол бологсдын ихэнхийг чихрийн нишингийн тариалан дээр ажиллуулахаар Бразил руу зөөдөг байжээ. Боолчлох ёсыг 1888 онд албан ёсоор халсан гэж тунхагладаг ч хязгаар нутгуудад, тухайлбал Амазонкийн шугуйд хөдөлмөрийн мөлжлөг XIX зууны хэлбэрээрээ оршсоор байна. Бразилийн Засгийн газар ч үүнийг хүлээн зөвшөөрч, 1995 онд албан ёсны мэдэгдэл хийж байжээ. Эрх баригчид боолчлолыг сүүлийн 10 жилийн гол бэрхшээлээр нэрлэн, хатуу чанга аргаар тэмцэж байгаа ч одоог хүртэл дор хаяж 50 мянган хүн эрх чөлөөгүй, цаг наргүй боолын хөдөлмөр эрхэлсээр байгаа ажээ.

Бразилийн Хөдөлмөрийн яам хэдэн жилийн өмнө ажилчдаараа боолын гэмээр хүнд хүчир хөдөлмөр эрхлүүлж байсан 300 аж ахуйн нэгжид хариуцлага тооцохоор шийдэхэд дэлхийн хэвлэл мэдээлэл шуугианы хэмээнд хүлээн авч мэдээлж байв. Тэдгээр компаниудын ихэнх нь газар тариалангийн салбарынх, бүр тодруулбал чихрийн нишингийн фермүүд бөгөөд ажилчиддаа зээлээр эд бараа өгөх замаар барьцаалж, маш хүнд нөхцөлд албадан ажиллуулдаг байжээ.

Мексик бол элсэн чихрийн үйлдвэрлэлээр дэлхийд дээгүүрт ордог. Тэгвэл мексикийн бүх элсэн чихрийн 20 хувийг дангаараа гаргадаг “Beta San Meguel” гол төлөв ямайка ажилчдыг Н2 визээр оруулж ирдэг бөгөөд долоо хоногийн 325 песогоор хөлслөн ажиллуулдаг байна. Боловсруулах арга нь эртнийхээс бараг өөрчлөгдөөгүй. Чихрийн нишингийг зовлон багатай хураахын тулд дээд хэсгийг нь шатааж, үлдсэн шимт хэсгийг араат машинд буталдаг бөгөөд энэ явцад ажилчид хүмүүн бусын их тэвчээр гаргах хэрэгтэй болдог аж. Гэмтэж, бэртэх, үхэж үрэгдэх явдал ч ихээр гардаг байна.

САХАР БОЛ УЛС ТӨР ЮМ

Сахар нь үеийн үед эрх ашгийн зөрчилдөөний нэг шалтгаан болж ирсэн байдаг. Одоо ч ОХУ-Казахстаны хооронд элсэн чирэхтэй холбоотой худалданы маргаан үргэлжилж байна. БНХАУ нь 1970-аад онд хөрш зэргэлдээх улсуудынхаа хятад гаралтай бизнесмэнүүдийг дэмжих, нийгэмд эзлэх байр суурь, нөлөөг нь өсгөхдөө элсэн чихрийг ашиглаж байсан тохиолдол бий. “Элсэн чихрийн хаан” гэж алдаршсан Малайзын бизнесмэн Роберт Куок Энэтхэгээс хямд сахар худалдаж аваад дараа нь БНХАУ-ын нөлөөтэйгөөр үнэ хөөргөдөж заран анхны том мөнгөө хийсэн байдаг.     

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-23 21:29

Delxii deer xamgiin xortoi gurvan tsagaan xunsnii buteegdxuun bolox davs elsen chixer uuxiig xoolnii xeregleenees xasax xeregtei

Холбоотой мэдээ

Back to top button