Top StoriesЯрилцлага

Ш.Хишигсүрэн: Бид замаасаа гарсан, гэхдээ соён гэгээрч эхэлсэн. Дараагийн 10 жилд өөрсдийн онол, загвартай болно

Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн. Эл өдөр Чингис хааныг мэндэлсэн хэмээн үзэж, “Монгол бахархлын өдөр” болгон тэмдэглэдэг. Монгол хүн болж төрснөөрөө бахархах энэ өдрөөр “Соён гэгээрүүлэгч” телевизийн захирал Ш.Хишигсүрэнтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.

БИД МӨНГӨГҮЙ Ч САЙН “ЮМ” ХИЙЖ БОЛОХЫГ 10 ЖИЛ ҮЛГЭРЛЭЛЭЭ

-Та телевизийнхээ 10 жилийн ойн баярын тухай бичихдээ “Монголын оюун санааны ертөнцийн баяр” гэж тодотгосон байсан. Яагаад ингэж тодотгох болсон бэ?

-Өнөөдөр агуу суут Чингис хааныг цэнхэрхэн дэлхий, талын Монголд мэндэлсэн хэмээн эрдэмтэн мэргэдийн судалгаанд түшиглэн тэмдэглэж буй гайхалтай сайхан өдөр байна.

Энэ ер бусын үзэгдэл бидний дунд тохиож, эгэл жирийн малчин айлын хүүхэд амьдралын зовлонд өсөн өндийж, тухайн үеийн “компанийн захирал”, “корпорацын эзэд”, хэцүү бэрх бүрийг нэгтгэж, дэлхийд хосгүй түүх бүтээсэн. Тэр хүний оюуны итгэлцүүр Альберт Эйнштейн, В.А.Моцарт, Мэри Кюри зэрэг суутнуудтай нэгэн зэрэглэлд бичигдэж буй. Ийм сайхан өдөр танай сайтын уншигчидтай учран мэндчилж буй тул хотол олноороо эвтэй сайхан байхын ерөөлийг өргөе.

Монголын оюун санааны ертөнц гэж том бүлэглэл байна. Улстөрчдийн хэллэгээр бол, “Цагаан мафи” гэх юм уу. Монголын өмнөө барьдаг эрдэмтэн мэргэд, судлаачид, бүх шатны байгууллагын сурган хүмүүжүүлэгч, сэхээтнүүд энд орно. Өөрийн гэсэн үзэл бодол, оюун санааны баялагтай, аливаа асуудалд ул суурьтай ханддаг, массын чимээ шуугианд дагаж гүйлддэггүй, ийм давхаргынхан.

Оюуны ертөнцийнхөн гэж тэднийг нэрлэж байна. “Соён гэгээрүүлэгч” телевиз энэ ертөнцөд хамаарах хүмүүсийн гал нь, тулга нь болж явдаг учраас 10 жилийн ойн баяраа ингэж нэрлэсэн.

-10 жилийн турш “Цагаан мафи” гэх хэсэгт та тулж ажиллажээ. Гэвч энэ бүгдийн ард аж ахуй, хүний амьдрал бий. Таны хувьд энэ 10 жил хэр бэрхшээлтэй байсан бэ?

-100 жилийн түүхтэй байгууллагуудын дэргэд 10 настай манай телевиз залуу харагдаж магадгүй. Гэхдээ маш урт зам байлаа. Бид ийм урт байна гэж төсөөлөөгүй. Үүгээрээ нэг их хүний хийгээгүй зүйлийг хийчихсэн хэмээж буй хэрэг биш. Тасралтгүй урагшилсан, өдөр бүр шинэ зүйлд тэмүүлсэн зам байлаа.

Намайг 2012 онд телевизээ байгуулж байх үед зэрэгцэн тусгай зөвшөөрөл авч байсан 100-гаад телевиз өнөөдөр байхгүй байна. Магадгүй тэд хүнд хэцүү юм байна, мухар зам байна гэж бодоод буцсан, няцсан. Хувийн телевиз удирдан ажиллуулах, ажилчдынхаа цалин хөлсийг хариуцлагатай тавих, оффисын түрээс төлөх гээд аж ахуйн бүх зүйл асар өндөр зардалтай. Мөнгө ороод л ирвэл үнэтэй булган дээл нөмрөхөд биш сайн нэвтрүүлэг, сайхан хүмүүсийн ярилцлага, бусдад буян тус болох зүйлст зарцуулж ирсэн.

Энэ дэлхий дээр оршин тогтноход шалтгаан хэрэгтэй. Тэр шалтгаан маань соён гэгээрлийн ажил байсан болов уу. Мөн дорнын хүний хувьд, түүнчлэн Буддын олон оройн дээдүүдтэй ярилцлага хийж явсны хувьд ярихад, миний өмнөх олон төрөл энэ ажлыг хийж байсан гэдгийг энэ бүх тэвчээр, зориг, даван туулсан сорилтуудаасаа олж анзаардаг. Бид  мөнгөгүй байсан ч сайн юм хийж болохын үлгэр дуурайлыг чамгүй харууллаа.

Би МУИС-ийг Монголын анхны пи ар мэргэжилтнүүдийн нэг болж төгссөн. Сэтгүүлчдийг бодвол мөнгө сайн босгодог хүн л дээ. Муу муухай юм хийж мөнгө олдоггүй ч ер хүнтэй сайн яриа хөөрөө хийж, учир зүйгээ олж чаддаг. Тэр бүгдээ телевиз рүүгээ оруулдаг. Надад итгэсэн, бидний хийж буй ажлын үнэ цэнийг ойлгосон хүмүүсийн мөнгийг машин тэрэг, хувийн эдлэн газар болгочих боломжтой л байлаа. Гэхдээ миний сонирхол ийм зүйлст татагддаггүй.

Эргээд харахад авдартаа хийж овоолсон мөнгө алга. Гэхдээ хэдэн мянган цаг, хэдэн сая минутын долоон мянга шахам нэвтрүүлэг байна. Энэ бол том баялаг. Зөвхөн “Бага хуралдай” эрдмийн чуулган нэвтрүүлгийг 13 жил хөтлөхөд гурван боть ном болжээ.

АХМАД ҮЕИЙНХЭН МОНГОЛЫН ОЮУН САНААГ “ҮСДЭН” БАРЬЖ БАЙГАА

-“Мөнгө олдоггүй” хүмүүсийг гол зочноо болгож, үүгээрээ нийтэд нэг юм өгье, сэрээе гэж зүтгэсэн харагддаг. Харин одоо эргээд харахад, таны ерөнхий зорилгууд хэр сайн биелж ирсэн бэ?

-“Мөнгө олдоггүй хүмүүсийг уриад” гэдэг үг их сайхан сонсогдлоо /Инээв/. Тийм ээ, мөнгө, ухаан хоёр нэг дор биш байна, Монголд. Харин ч нэг нэгнээсээ хол оршиж байна.

Би 70-80 насны хүмүүстэй найзалж нөхөрлөөд 10 гаруй жил боллоо. Монголын оюун санааны үнэт өвийг яах ч аргагүй ахмадуудад тээж байна. Хоёрдугаарт, оюунаа дагаад тэдний сэтгэл зүрх нь хүмүүнлэг, энэрэнгүй, шунал тачаалгүй, уур уцааргүй байх юм.

Чадан ядан нэвтрүүлгийн төлбөр төлдөг хүмүүс дийлэнх нь. Гэхдээ нэг удаагийн л ярилцлага нь ард түмэнд хүний санаанд оромгүй энерги, эрчмийг өгч чадаж байна. Тэд нэгэн насны амьдралаа, журамт сайн он жилүүдээ оюун санааны ертөнцөд зориулж байхад нэг телевиз тэдэнд тоогдсон үйл ажиллагаа явуулж, өвөг дээдсийнхээ явсан замаар явж яагаад болохгүй гэж. Бид явах ёстой.

Бид замаасаа гарчхаад байгаа, тэс өөр зүгт одчихсон. Олон зүйл дээр бид эрт үеэс явж ирсэн замаа алдаж, төөрч байна. Үүнийг зөв замд нь оруулахын тулд л яаж ийгээд энэ ажлыг хийж ирлээ. Мөнгө төгрөг гэдэг нүдээр биш эрдэм боловсролоор учран золгосон эрдэмтэн мэргэд маань 13 жилийн турш манай телевизээр, нэвтрүүлгээр үгээ хэллээ.

Бидний хувьд том амжилт.

-Монголчуудын оюун санааны гол өвийг 50-иас дээш насныхан тээж яваа харагддаг. Гэвчиг нийгмийн оюун санааг сэрээхэд зориулсан маш их зүйл хийж байгаа ч энэ нь хангалттай түвшинд очихгүй, тэр дундаа залууст хүрэхгүй байх шиг санагддаг уу?

-Гудамжинд яваа хүүхдийг дуудаж авчраад л “Юу өмсчихсөн юм”, “Яагаад хөдөө гарч, морь мал унахгүй яваад байгаа юм” гэвэл хэн ч хүлээж авахгүй.

“Залууст хүрдэг болъё” гэж, хүүхдүүдтэй ноцолдох асуудал их ярьдаг болжээ. Гэтэл тэдний аав, ээж гэж алдаж боломгүй хүмүүс бий. Харахад насанд хүрсэн ч сэтгэл зүрх, тархи оюун нь насанд хүрээгүй. Тэсвэр тэвчээргүй байна. Өнгө, мөнгө хоёрын төлөө хажуудах хань, алаг үрсээ орхиж байна гэдэг хүүхэд л байгаа биз дээ.  

Бид Монголын нийгмийн оюунлаг түвшнийхэнд зориулж төсөл хийсэн. Өнөөдөр ахмад үеийнхэн л Монголын нийгмийг “үсдэн” барьж байгаа. Нэг л том улстөрчид, УИХ-ын гишүүд яваад байгаа ч тэднээс ээжийнх нь тухай яриулахад уйлахгүй хүн олдохгүй байх аа. Өөрөөр хэлбэл, тэд ахмад үедээ тийм их хайртай, тэгж их захирагддаг.

“Танайхыг хөгшчүүд л үздэг, залуус нэг их үздэггүй шүү дээ” гэж хэлэх нь бий, бий. Сая нэг залуу дарга ЗХУ-д сургууль төгссөн, ахмад насны хүмүүсийг муучилж ярихад нь нийгмээрээ барьж идэх шахаж байгаа биз. Монголын ард түмний сэтгэл зүрхийг ахмадууд барьж байгаа. Тэдэнд тоогдоно, тэднийг омогшуулна, тэдний үздэг телевиз байна гэдэг миний хувьд асар том хувь заяа. Энэ амжилтаа хаана ч хэлнэ.

2013 онд Б.Лхагвасүрэн гуайтай ярилцахдаа “Залуус өчнөөн олон мянгаараа гадагш гарах юм. Яагаад явчихдаг байна аа” гээд л сүрхий асууж байсан юм. Гэтэл Б.Лхагвасүрэн гуай “Яваг ээ. Чи тэр залуусыг шүүдэг хэн юм. Хүүхэд, залуусыг гэгээрүүлнэ гээд явж байдаг чи бурхан уу. Явж байг, алдаж байг. Алдаан дээрээсээ суралцах гэж тэд чинь хүний биеийг олсон юм. Ирэхгүй биз, зарим нь. Харин хүний нутагт сүүлчийн амьдралаа татсан хүмүүсийн толгой нь эх орон руугаа харсан байдаг юм шүү” гэж хэлсэн. Суут Чингис хаан ч гэсэн ижийгээ дуудахад “Айхын ихээр айж, ичихийн дээдээр ичлээ” гэж хэлдэг. Энэ зүй тогтлоос гажсан бүхэн өнөөдөр сүйрч буй.

Хүн өөрөөсөө хамгийн хол байдаг. Өөртэйгөө харьцаж, өөр лүүгээ орж чаддаггүй. Ийм нөхцөлд тэр л өөрийгөө олчихсон, улс орондоо хөдөлмөрлөчихсөн, ураг удмаа төрүүлчихсэн, ургийн мод нь саглайчихсан тэр “мафийн загалмайлсан эцэг”, тэр томчуудын телевиз байна гэдэг том амжилт.

Хэрэв хүүхэд, залууст бодлогоор нөлөөлье гэвэл боломжтой л зүйл. Би маш хурдан нөлөөлж, сэтгэл зүрхэнд нь хүрч чадна.

БИД ЁС СУРТАХУУНААРАА ЗИНДААРХАЖ, ХАЛГИЖ ЦАЛГИЖ БАЙСАН АРД ТҮМЭН

-Бид эрт дээр үед өндөр ёс суртахуунтай ард түмэн байв уу. Одоо олон зүйлд монголчууд ёс суртахууны хувьд гологдох боллоо шүү дээ. Бид энэ өвөө хаана гээчихсэн юм бол?

-Д.Дашпүрэв философич “Өнөөдөр болж буй бүх зүйл хүний нийгэмд байж л байдаг. Монгол л болохоо байчихсан юм ер байхгүй” гэж ярьсан. Бид бас сүртэй улс шүү. Томруулж, сүр бадруулахдаа мэргэжлийн. Бид өмнө нь хол хол амьдарч, нүүж сууж байлаа. Тэр үед ялгаагүй л өвчин зовлон, дайн байлдаан, гэмт хэрэг байсан байх. Харин өнөөдөр монголчуудын тал нь нэг дор сууж байна шүү дээ.

Монголчуудын ёс суртахууны түвшин ямар байсан бэ гэж асууж байна. Нэг үгээр хариулбал, тэд төгс төгөлдөрт хүрсэн байсан. Чингис хаан яаж тэр олон улс үндэстнийг эрхшээсэн юм бэ. Сэтгээгүйг сэтгэж, бодоогүйг бодсон, хийгээгүйг хийсэн. Маш хүнлэг, энэрэнгүй байсан. “Өнчин өрөөсний зовлон өр өмтрөм” билээ гээд хаа явсан газраа тааралдсан өнчин хүүхдийг авч, өсгөж ирсэн.

Таны асуултаар бол ёс суртахуун, минийхээр соён гэгээрэл. Тэд үүгээрээ зиндаархаж байсан. Халгиж, цалгиж, гайхуулж байсан.

Харин үүнийг бид өдгөө мэдэхгүй байгаа нь аймшигтай. Талын Монголд төрсөн бид агуу туургатны ариун голомтыг сахиж байна шүү дээ. Энэ бол онцгой хувь заяа. Бусад улс орнуудын асар их сонирхол, шохоорхол, хүсэл тэмүүлэл нааш чиглэж буй. Одоо “Бид хэн бэ, юу юм бэ” гэдгээ хурдан олж авъя аа. Бидний GPS буруу ажиллаж байна, замаасаа гарчхаад байна. Дээр хэлсэнчлэн, бид их сүржин л дээ.  Үүнийг бас оюунлаг хүмүүсийн зан ч гэдэг.

-Гэхдээ генийн санд нь зөв замдаа эргээд орох өгөгдөл бий биз дээ?

-Та нарын ээж аав бол социализм байгуулж явсан сайхан хүмүүс. Тэдний ээж аав бол ер бусын хүмүүс. Тэдний ээж аав нь гайхалтай хүмүүс, хольцгүй соёлоороо аж төрж, амьд үлдэж чадаж байсан. Тэдний ээж аав бол онцгой хүмүүс, соёл уламжлалаа хадгалахын төлөөх бүхнийг хийсэн. Тэднээс дээших үеийнхэн бол агуу хүмүүс. Энэ утгаар харахад, бид тэр л агуу хүмүүсийн үргэлжлэл.

Дахиад хэлэхэд бид яахаа алдчихаагүй. Монгол хүн ухаалаг байна. Монгол хүний мэргэн ухаан хэвээрээ байна. Мэдээж уур ч хүрмээр зүйл олон бий.

Далай ламтай ярилцаж суухад “Гималайн нуруунаас өөрсдийгөө хар. Би нутаггүй явна. Харин та нар сайхан байна” хэмээж байсан. Нэг их бүх зүйл буруудчихсан, хэн нэгэн гарч ирээд л засаж залруулаад явна гэж харах нь утгагүй.

Бид 2012-2022 оныг “Соён гэгээрлээр сэргэн мандах” 10 жил болгон зарлаж байсан.  2022 онд нийгмийн чухал хэсэг соён гэгээрч, сэргэн мандчихаад байна, энэ нь батлагдаж байна. Өөрөөр хэлбэл зорилт биелсэн. Харин 2022-2032 оны зорилтоо “Соён гэгээрлийн философийг дэлгэрүүлэх” хэмээн тодорхойлсон. Өмнөх 10 жилийг ололт, амжилт, туршлага байсан гэж үзэж байна. Одоо дараагийн 10 жилдээ сайн сайхны төлөөх онол, загвар, үр дүн бүтээнэ гэж зарлаж байна.

Бид одоо онолтой, өөрсдийн гэсэн загвартай болно. Одоогийн шинжлэх ухааны хөгжилд дүйцэхүйц онолоо гаргаж ирнэ. Энэ нөхцөлийг Монголын оюунтнууд бүтээсэн. Энэ онолынхоо дагуу айл бүр загвартай болно. Ингээд 2032 онд үр дүнд хүрсэн байна гэж үзэж буй.

ЖИЖИГ ГАЗАР НУТАГТАА ЭЗЭН ШИГ НЬ БАЙЯ

-Та энгийнээр бол хувийн телевизийн захирал. Монголчуудын хэмжээн дэх онол, загвар бий болгохын төлөө, ер нь энэ бүхний төлөө та яагаад ажиллах ёстой юм бэ?

-Ер нь олон эрдэмтэн, мэргэдийн намтар түүхийг хараад бодох нь ээ, тэдэнд ямар ч алба байгаагүй л байдаг. Л.Түдэвт ямар алба байсан юм бэ. Гэтэл яагаад өнөөдөр түүнгүйгээр оюун санааны ертөнц өнчирчхөөд байгаа юм.

Ингээд бодохоор, үеийн үед, цагийн цагт бидний өвөг дээдсийн эрчим нөлөөлсөөр яваа болов уу. Тийм учраас Монголд оюуны залгамж тасрахгүй үргэлжилж байна. Бид заавал “Та нарт онол, загвар, үр дүнг өгнө” гэж шаардахгүй шүү дээ. Бас гуйхгүй. Гэхдээ үүнийгээ зөв зүйтэй, үүнээс өөр гарцгүй гэдгийг батлан харуулна гэсэн үг. Зорилго, зорилтоо олно гэдэг амар биш, асар их тунгаан бодож байж тодорхойлдог зүйл.

Жишээлбэл Чингис хаан яагаад “дэлхийчилнэ” гэж зорьсон юм бол. Өөрөөр хэлбэл тэр нэгэн дээвэр дор байхын чухлыг ойлгосон байж. Өнөөдөр хүн бүр л амар жимэр, тайван амгалан байхыг хүсэж байна. Тухайн үедээ бол сонин зорилт биз дээ. Тэр үед хүн төрөлхтний мөрөөдөл бол Монголын “пасспорт” авах, Монголын “виз” даруулах, Монголд очиж амьдрах байсан талаар гадаадын эрдэмтэд ч бичиж байна. Одоо бид АНУ-д очно л гээд байгаа шүү дээ. Бид тийм л хүсэмжит улс байжээ. Энэ бол загвараа зөв бий болгож, зорилго зорилтоо зөв тодорхойлсноос эхтэй.

Би чинь өөрөө сүртэй монголчуудын тод төлөөлөл шүү дээ /Инээв/. Давтаад, хэлээд, амьшуулаад явчихаар замаасаа гардаггүй, тууштай урагшилдаг гэж боддог. Өмнөх 10 жилд бид соён гэгээрлээр сэргэн мандана гээд чадлаа, чадлаа. Одоо дараагийн 10 жилийнхээ зорилгыг ч хэлж, зарлаж байгаад ажиллана.

-Бид өнөөдөр Чингис хааны эш хөргийг залж, түүний нэрээр музей нээж байна. Гэхдээ монгол хүний яг өнөөдрийн бахархал нь юу юм бэ?

-Би нэлээд барьцамтгай. Улсынхаа хувь заяаг 800 жилийн өмнөхтэй дүйцүүлж л барьцах гээд байдаг. Тэр үетэй л харьцуулах гээд байдаг. Ингэж харвал бид маш жижиг газар нутагт амьдарч байна.

Одоо “Хаанахынх вэ” гэвэл, аймаг, сум, баг, гол хүртлээ “жижгэрч” хариулж байгаа. Сүүлийн үед төгсөлт, төгсөлтөөрөө “жижгэрэх” болсон. Нутгийн зөвлөл сонин биш болж. Бид яагаад ингэж байна. Ийм жижиг газар нутагт амьдарч байж 21 аймаг, 330 суманд хуваагдаж, тэр бүрд нь зардал гаргах юм. Уг нь Монгол Улс дөрвөн аймагтай л байж шүү дээ.

Тийм учраас бид цаашид энэ жижиг газар нутагтаа нэг л улс баймаар байна. Жижиг, жижиг суманд төсөв хуваарилна, сум болгонд стадион. Аймаг болгонд хаалга. Ингэх ямар хэрэг бий вэ. Бид бүх цаг үеийнхээ түүхэнд хамгийн жижиг газар нутаг дээр амьдарч буй. Мөртлөө хамгийн олуулаа болчихсон. Иймд энэ газар нутгаа сайн мэддэг, эзэн нь болдог байх ёстой. Өнөөдөр Улаанбаатараас гарч үзээгүй монгол хүн байна гэдэг дэндүү гашуун.

Хоёрдугаарт, хүний нутаг руу сайн сайхан амьдрал хөөж явсан олон монголчууд өнөөдөр буцаж байна. Надад олон хүн хэлж байна, “Буцлаа” гэж. Тэнд сайн сайхан зүйлс үндсэндээ жаргах нар шиг болж байна. Энэ өвөл гэхэд Европод гал алдах эрсдэл бий гэх. Асар олон хүн нутагтаа ирж, хөдөө өвөлжөө хаваржаа авч, малчин амьдралыг сонгож байна.

-Энэ жил баруун таван аймгаар яваад ирэхэд, эзгүй нутаг нэлийж байсан. Бидэнд эзгүйдэх эрсдэл бий юу. Хэвлэлийн салбарт ажиллаж буй хувьд, “Монголыг залуус орхиж байна” гэсэн агуулгыг түгээж, дэмжээд байх нь зөв эсэхэд ч эргэлзэж явдаг юм?

-Эрсдэл бий учраас эзэнтэй болгох чухал болоод байгаа талаар ярилаа шүү дээ. Тэр эзгүйрсэн хөх өвөлжөөн дээр “хэвтэж” чадахгүй байгаа бид азгүй л байна.

Одоо төвлөрлийг сааруулахын тулд арга ядсан аргууд хэрэглэж л байна, хүчээр нүүлгэж суулгах гээд. Албадлагын, болчимгүй, ядсан шийдвэрүүд. Жинхэнэ ‘чадсан’ шийдвэр гэвэл ерөөс гэр гэртээ харих.

Хөдөө гэдэг чинь саран дээр газарддагтай адил хэрэг биш. Одоо хөдөө очиж амьдарч буйгаа нэг л их боломгүй, бүтэмгүй газар аргыг нь олоод байгаа мэтээр онхи тусгаарлан сурталчлах юм. Тэгж бас хэтийдтэл “сэвж” боломгүй санагдах.

Ингээд ирэхээр заавал боловсон жорлонтой болсон хойно нь л хөдөө очиж амьдарна гэдэг хандлага суулаа шүү дээ. Ерөөсөө л бид гэр гэртээ харихын учир холбогдлыг ярьдаг баймаар байна. Газарт нутагтаа эргэн очиж хаан шиг амьдаръя л даа. Бид өв уламжлалаа хадгалж, гэр гэртээ харихгүй л юм бол гадаадаас олон зуун мянган дүрвэгчид ирэх, бидний орыг залгах эрсдэлтэй талаар эрдэмтэд бичих боллоо.

Бид технологийн үсрэнгүй хөгжлийг зөвөөр ашиглах хэрэгтэй байна, зүгээр л утсаа маажих хэмжээнд бус. Өнөөдөр засаг төр “Эзэнт гүрний нийслэл Хархорин руу нүүнэ” гэдэг шийдвэр гаргавал “Соён гэгээрүүлэгч” телевиз тийш нүүхэд бэлэн л байна. Өнөөдөр бүх зүйл боломжтой байна шүү дээ. Эв зүйгээ олчихвол өнөөдөр Дональд Трамптай ярилцлага хийж, тэндхийн сурвалжлагчтай болж ч болж байна.

Тийм учраас соён гэгээрлийн нэг том агуулга нь Монгол орныхоо өнцөг, булан бүрд амьдарч, тэндээс дэлхийтэй хөл нийлүүлж чаддаг байхад оршиж байна л даа.

ВИДЕО:

Ж.МЯДАГБАДАМ

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-24 10:09

Ene odor iim l ym unshihiiig haij bailaaa. Saihan yriltslaga boljee gylailaa

Зочин
Зочин
2022-11-24 10:10

Үнэхэээр сайхан ярилцлага болжээ. Тиймээ бид хаана ч амьдарсан бүгдийг зохицлоолж чадийшдээ

Зочин
Зочин
2022-11-24 10:11

Эх нутагтааа эзэн болж өөрсдөө газар нутагаа эзэмших цаг ирсэн шүү хүмүүс минь

Зочин
Зочин
2022-11-24 10:11

Tiimeee tiim sanal negtei bna

Зочин
Зочин
2022-11-24 10:39

Chihend chmegtei setgeld naaldachtai yriltslaga bna

Юра
Юра
2022-11-24 14:36

үнэхээр соён гэгээрүүлэгч хүний оюун ухаанаас л гарах оновчтой сайхан санаа, үг хэллэгээр баялаг сайхан ярилцлага болжээ. танд амжилт хүсье

Зочин
Зочин
2022-11-24 20:35

Боломж гарв�##� эдний тв-ийн нэвтрүүлгүүдийг үзэж эргэцүүлэхийг боддог

Өв соёлоо гэх Чү.Пүрэвдорж
Өв соёлоо гэх Чү.Пүрэвдорж
2022-11-24 20:50

Мундаг сэтгэдэг, Сунадаг тэмүүлэлтэй, Жинхэнэ ухаан зааж Соён гэгээрүүлэгч
Жир бусын х�##�иршгүй зоригтон Монгол бүсгүй Хишигсүрэн Таныг гүнээ хүндлэж Санасан үйлс тань Сэтгэлчлэн бүтэхийн, Саруул ухаан чинь Улмаа *гийж* гэгээрч амьсахын Билэг төгөлдөр ерөөлийг өргөе.

Хандаа
Хандаа
2022-12-09 18:56

Агуу мэдрэмжтэй ухаантай хэрсүү мундаг охин шүү.Амжилт

Холбоотой мэдээ

Back to top button