Top StoriesХөрөнгийн, Крипто зах зээлЭдийн засгийн тойм, анализ

Фокус: Банкнуудын IPO иргэдэд өгөөж өгч, ОЛОН НИЙТИЙН БОЛОХ агуулгаа хэрэгжүүлэх боломжтой юу

Банкны тухай хуульд 2022.06.17-нд нэмэлт өөрчлөлт орсноор арилжааны банкнууд нээлттэй хувьцаат компани болох үүрэг хүлээсэн. Яг одоогоор гурван банк IPO хийснээ зарласан ба хөрөнгийн зах зээл дэх процесс хэрхэн өрнөх нь ид анхаарал татаж байна.

Эхний ээлжинд, энэ шийдвэр иргэдэд ашигтай тусаж, өгөөжөө хүртэж чадах уу. Цаашлаад үндсэн гол концепц буюу БАНК ОЛОН НИЙТИЙН БОЛОХ агуулга хэрэгжих боломжтой байгаа юу. Үүнийг иргэд, санхүүгийн салбарын мэргэжилтнүүд болон системийн томоохон банкнууд хэрхэн харж буйг олон талт байдлаар хөндлөө.


ДАТА: Гурван банк IPO гаргаснаас Голомт банк хоёрдогч зах зээлийн арилжаагаа эхлээгүй байна

Хууль батлагдсаны дараа системийн банкнуудаас түрүүлж, "Богд" банк IPO хийсэн. Харин дараа нь Төрийн банк хувьцаа гаргалаа. Одоогоор Голомт банк анхдагч зах зээлд хувьцаа гаргаад буй бөгөөд хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалж эхлээгүй байна. Богино хугацаанд захиалга дууссан тул Голомт банк нэмэлт захиалга авах шийдвэр гаргалаа.

Эдгээр гурван банкны IPO-д холбогдох дата мэдээллүүдтэй танилцана уу. Хувьцааны хамгийн сүүлийн ханшийг Монголын хөрөнгийн бирж дэх өчигдрийн /2022.11.29/ хаалтын ханшаар тооцов.


ИНФОГРАФИК: "Богд"-ын ханш унасан бол Төрийн банкных анхдагч үнэлгээндээ дүйцжээ

Түүнчлэн, хувьцаагаа хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалж эхлээд буй "Богд" болон Төрийн банкны хувьцааны ханшийн өөрчлөлтийг дараах инфографикт үзүүллээ.

Нэгж хувьцаагаа харьцангуй өндөр үнэлсэнтэй холбоотойгоор, "Богд" банкны хувьцааны ханш ихээхэн уналттай дүнтэй харагдаж байна. Харин Төрийн банкны хувьцаа бусад хугацаанд унасан ч, сүүлийн байдлаар анхны үнэлгээ болох 590 төгрөгтөө дүйцэж очоод байгаа юм.


ИРГЭД: Тойм төдий мэдээлэлтэй байгаа, харан байж болно

Гол агуулга нь арилжааны банкнууд хувьцаа гаргаснаар иргэнд нээлттэй хувьцаат компани болж буй. Өөрөөр хэлбэл олон нийтээс хөрөнгө босгосноор эргээд тэдэнд өгөөжтэй байх хариуцлагыг далд хэлбэрээр үүрэх юм.

Тэгвэл иргэд энэ талаар хэр мэдээлэлтэй байгаа вэ. Арилжааны банкнууд IPO хийж буй талаар сонссон уу. Учир, утгыг нь ойлгосон уу. Хувьцаа худалдан авч, арилжааны банкнуудад хөрөнгө оруулах сонирхол бий юу. Үүнийг тодруулахаар бүх насны иргэдийн байр суурийг Speak-Out хэлбэрээр сонслоо.

Ингэхэд 10 хүний нэг нь "Ойлголт бий. Судалж үзсэний эцэст Голомт банкны хувьцааг худалдаж авахаар шийдсэн" гэж хариуллаа. Түүний хувьд санхүүгийн чиглэлээр суралцдаг оюутан аж. Харин нэг залуу иргэн "Банкнуудын хувьцааны уналт, өсөлт, өгөөжийн талаарх мэдээллүүдийг хүлээж авдаг. Гэхдээ төдийлөн анхаарал хандуулдаггүй, худалдаж авах эсэхээ мэдэхгүй байна" хэмээсэн.

Харин бусад хүний тухайд,

  • Сураг төдий сонссон, сайн мэдээлэлгүй байна
  • Тийм ч сайн ойлголтгүй байна
  • Хувьцаа худалдаж авах эсэхээ харан байж болно гэх мэт хариултыг өгч байна.

ВИДЕО:


САНХҮҮГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮД: Банкуудын IPO-д мөнгө оруулах нь эрсдэлтэй юу

Сэдвийн хүрээнд эдийн засагч Д.Ангар болон Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны байр суурийг сонслоо.

Эдийн засагч Д.Ангар: Үнэлгээ хэт өндөр байна, он гараад бараан өдрүүд ирнэ

“Богд банк анхалж IPO гаргасан. Хувьцаа нь анх гарснаасаа хойш унасан байна. Цаашид ч өсөх нөхцөл харагдахгүй байгаа. Илүү унана гэх хүлээлттэй байна. Дараа нь Төрийн банк IPO гаргасан. Эхний хэдэн өдрийн “Pump & Dump”-ийг эс тооцвол анх гарсан үнэдээ ирлээ. Олон хүн оруулсан мөнгөө гаргаж авч чадахгүй “дүүжлэгдсэн”. Өснө л гэх хүлээлттэй байсан ч цаашид анхны үнээсээ унасаар л байна. Он гараад банкнуудын хувьд хар бараан өдрүүд ирж байгаа. Одоо Голомт банк IPO хийж байна. Нэг их наяд төгрөгийн үнэлгээтэй банк болсон гэсэн. Би банкнуудыг IPO хийхийг анхнаас нь дэмжсэн. Гэхдээ 1-2 хүний биш олон нийтийн компани болж, хариуцлагатай банкнууд болно гэж бодож байна. Харамсалтай нь үнэлгээ нь хэт өндөр. 20-30 хувиар ч биш бараг л 2-3 дахин илүү өндрөөр үнэлсэн мэт харагдсан” гэв.

Монголбанк: АQR үнэлгээг хийгээд дуусаж байгаа

“Банкууд IPO гаргахаас өмнө бүхий л төрлийн хяналт шалгалтыг хийлгэдэг. Санхүү, тайлан тооцоо, чанаргүй зээл, банкны үзүүлэлтүүд, чадвар үзүүлэлтүүд гэх мэт бүхий л шалгалтыг хамарсан АQR үнэлгээг хөндлөнгийн гаднын байгууллагаар хийлгээд дуусаж байгаа. IPO-той холбоотой зүйлсийг Монголбанктай хамааралтай хэмээн боддог ч Санхүүгийн зохицуулах хороонд харьяалагддаг үйл ажиллагаа юм. Монголбанканд хяналт, шалгалтын үйл ажиллагаа нь хамааралтай. Эцсийн байдлаар IPO гаргаж буй банкууд Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авснаар зах зээлд хувьцаагаа гаргадаг” гэлээ.

Санхүүгийн зохицуулах хороо: Дараагийн IPO зарлах банкнуудыг эрсдэл хүлээнэ гэж таамаглах нь оновчгүй

“Банкны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхийн хүрээнд тогтмол хяналт тавьж ажиллаж байгаа. Ингэхдээ олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгийг үнэт цаасны танилцуулгад заасны дагуу зарцуулж буй эсэхэд Санхүүгийн зохицуулах хороотой хамтран хяналтыг хэрэгжүүлж, хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалж ажилладаг. Тиймээс банкуудын IPO хууль ёсны дагуу байгаа. Зах зээлд гараад удаагүй ч хуулийн хэрэгжилтийн дагуу байгаа эсэхэд байнга хяналт тавьж байгаа. Дараа дараагийн IPO зарлах банкуудад эдийн засгийн байдлын улмаас хүндрэл үүснэ хэмээн урьдчилж таамаглах нь төдийлөн оновчгүй. Учир нь харилцагч, хуулийн этгээд сайн дурын үндсэн дээр хувьцаа худалдан авч байгаа учраас үүнийг эдийн засгийн хүндрэл, асуудалдтай шууд холбон ойлгож болохгүй. Мөн дараагийн банк хэзээ IPO зарлах нь тодорхойгүй байгаа” гэв.


АНАЛИЗ: Банкууд "жинхэнээсээ" олон нийтийнх болохгүй

Системийн нөлөө бүхий /сүүлийн есөн сарын хугацаанд салбарын 5-аас доошгүй хувийг эзэлсэн банкийг нөлөө бүхий банк гэж тооцдог/ таван банкнаас дөнгөж хоёр нь л анхдагч зах зээл дээр хувьцаа гаргасан /”Голомт”, Төрийн банк/, нийт банк санхүүгийн салбараас тооцвол хоёр нь л /”Төрийн банк” “Богд банк”/ хоёрдогч зах зээл дээр хувьцаагаа гаргаж амжсан энэ үед цаашдын төлөв ярих нь эртэдсэн хэрэг байж болохыг эхлээд зөвшөөрье. Гэхдээ олон нийтийн болсон анхны банкнуудын бий болгож буй жишиг нь “Банкны тухай хууль хугацаандаа амжиж биелэх эсэх”, “Ер нь Монголбанк үндсэн үүргээ биелүүлж, банк санхүүгийн салбарын төвлөрсөн байдлыг задалж чадах эсэх” зэрэг эргэлзээ төрүүлж байгааг бодолцвол бичих юм их байна.

“Эхлэл тавигдлаа” гэдэг үгэнд л цатгалдаад байгаа болохоос үнэндээ банк олон нийтэд очих ажил урагштай биш байна. Үүнийг хэд, хэдэн янзаар баталж болно.

Нэгдүгээрт, олон нийтэд санал болгож байгаа хувь. Төрийн банк нийт хувьцааныхаа таван хувийг санал болгосон. Банкны тухай хуульд аливаа банканд нэг этгээдийн эзэмшил хувь 20-иос илүүгүй байх, энэ шалгуурыг 2023 оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор хангахаар заасан. IPO гаргахаас өмнө Төрийн банкны 52.25 хувийг Сангийн яам, 47.75 хувийг Хадгаламжийн даатгалын корпорац эзэмшдэг тул шалгуурыг хангахын тулд 60 хувийг хувьцаа байдлаар арилжаалах шаардлагатай. Гэтэл 5-хан хувийг санал болгосон.

“Голомт” банк 10.9 хувь буюу жаахан ахиуг л санал болгожээ. Тус банкны 87.16 хувийг “Голомт Файнэншил Групп” ХХК, үлдсэн 12.84 хувийг гурван ААН, Голомт банкны ажилтнууд хувааж эзэмшдэг. Гэтэл IPO гаргах хэмжээгээ 10.9 дээр хязгаарласан байна.

Хоёрдугаарт, үнэ, хандлага . Банк санхүүгийн салбар бол улсынхаа эдийн засагт чухал үүрэгтэй том салбар тул энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүд ч том байдаг. Тухайлбал, Европын хамгийн баян улс болох Британийн хамгийн том компани нь банк санхүүгийн салбарт ажилладаг “HSBC Holdings”. Ер нь дэлхийн хамгийн том компаниудын 73 хувь нь банк, санхүүгийн салбарт байгааг “RS Components” судалгаагаараа нотолсон байдаг. Албани, Бахрейн, Канад, Хорват, Кипр, Египет зэрэг олон улсын хамгийн том аж ахуйн нэгж нь банк байна.

Ийм том компаниудыг олон нийтийнх болгож хувьцаа гаргах нь баялгийг тэгш хуваарилж буй нэг хэлбэр гэж үздэг, тиймээс анхдагч зах зээлд гарахдаа ахиухан хувийг боломжийн үнээр, олон хүнд тараахыг эрмэлздэг.

Стратегийн хөрөнгө оруулагч буюу тухайн компани, банкны хувьцааг цуглуулахыг хүсэгчид үүнийгээ хоёрдогч зах зээлээс хийдэг, тийм ч учраас хоёрдогч зах зээл дээр хувьцааны ханш өсдөг зүй тогтолтой. Өөрөөр хэлбэл, жижиг тоглогчид анхдагч зах зээлээс ашиг хүртэх боломжийг бий болгодог гэсэн үг.

Гэтэл Төрийн банк санал болгосон таван хувийнхаа 70, Голомт банк 10.9 хувийнхаа 80 хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад өгсөн. Эцсийн дүндээ Төрийн банк 1.7, Голомт банк 2.1 хувиа л олон нийтэд эзэмшүүлсэн гэсэн үг юм.

Ийм ажил хийчхээд “Манай банк олон нийтийнх боллоо” гэж зарлаж болох уу. Үнийн хувьд ч дээрх зарчим алдагдаж, Төрийн банкны хувьцааны ханш анхдагч зах зээл дээр гарсан ханшаасаа өссөнгүй. 590 дээр гарсан, өчигдрийн байдлаар 590-тэй л байна. Эдийн засагч Д.Ангар энэ байдлыг гайхаж, хүмүүс оруулсан мөнгөө авч чадахгүй гацсан хийгээд ”Хэт өндөр үнэлсэн учир цаашдаа хувьцааны ханш өснө гэх найдлага бага” гэсэн утгатай мэдэгдэл хийсэн байна. Түүний зөв. Шалтгаан нь хувьцаа өгөөж муутайдаа биш, ихтэйдээ, даанч зарах хүн бага, олон нийтэд дэндүү бага хувь очсонд байна. Төрийн банкны хувьцаа хэдхэн минутад, Голомт банкны хувьцаа ганцхан цагт 102 хувиар биелсэн нь эрэлт их, зарах сонирхол бага байгааг харуулж байгаа хэрэг. Харин үнэ өсөхгүй байгаа нь тултал үнэлсэнтэй холбоотой. Тодруулбал, банкуудын ашиг өнгөрсөн жил огцом өссөн, тэрхүү үзүүлэлтээ хадгалж, өсөн нэмэгдэж буй чанаргүй зээлийн нөлөөллийг бага гаргахын тулд зээлээ зогсоож байгаад AQR хийлгэсэн зэрэг нь нөлөөлж, үнэлгээ өндөр гарсныг үгүйсгэхгүй. Нэгэнтээ нөхцөл байдал дээр байх үед гаргасан үнэлгээ одоо байдал сайжиртал өсөхгүй ээ л гэсэн логик харагдана.

Хэт өндөр үнэ тогтоох энэ "өлөн" хандлага нь бүр 90-ээд оны, хувьцааныхаа үнийг өсгөхгүй, ногдол ашиг тараахгүй явсаар тэвчээрийг нь барж, хямдхан худалдаж аван зайлуулдаг бусармаг аргын суурь болж ч мэдэхийг энд зориуд дурьдах ёстой.

Эцэст нь, Банкны тухай хуулийн 4.2."Банкны системд нөлөө бүхий банк нь нээлттэй хувьцаат компани, бусад банк нь хувьцаат компанийн хэлбэртэй байна" гэсэн болохоос олон нийтэд очих хувь эзэмшлийг заагаагүй.

"Нэг хувьцаа эзэмшигч дангаараа болон холбогдох этгээдийнхээ хамт тухайн банкны нийт гаргасан хувьцааны 20 хувиас хэтрэхгүй хэмжээний хувийг эзэмших", хуулийн энэхүү шаардлагыг 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүх банк хангах үүрэгтэй" гэсэн заалтыг бол яаж л бол яаж биелүүлнэ шүү дээ.

Х.БАТСАЙХАН

Н.АНУЖИН

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-30 09:16

Mongold IPO gargasan bankuud dampuurdag shuu.

Зочин
Зочин
2022-11-30 09:16

Эцсийн хүрэх үр дүнгээ сайн бод. Буух газраа тооцоололгүй харайгаад анг�##�д унаж үхдэг шиг болов.

Зочин
Зочин
2022-11-30 09:17

Хэрэггүй шүү - гарч байж юун ipo тгд зоргоороо гаргаад үзээч

Зочин
Зочин
2022-11-30 09:17

Зах зээл дахь мөнгөн урсг�##� улам л хумигдхан дээ.

Зочин
Зочин
2022-11-30 09:18

иргэдийн нээлттэй банк болохнээ

Зочин
Зочин
2022-11-30 09:19

Үнэтэй байна. Хоёр шилжүүлэг хийхэд л 100 төгрөг авчихдаг биздээ

Зочин
Зочин
2022-11-30 09:20

Үнэтэй байна. Хоёр шилжүүлэг хийхэд л 100 төгрөг авчихдаг биздээ

Зочин
Зочин
2022-11-30 09:21

ИПО гаргаж байгаад жоохон дургүй л бна

зочин
зочин
2022-11-30 13:32

гаргасан хуулиндаа тааруулж санхүүгийн луйвар л хийж байна даа, хувьцаа авсан хүмүүс хохироод үлдэнэ дээ

zochin
zochin
2022-11-30 16:55

Дээрх мэдээллийг уншаад Голомт банкны Хувьцааг яг авах гэж байснаа болихоор шийдлээ.

Зочин
Зочин
2022-11-30 20:04

Олон нийтэд хувьцаа гаргаж байгаан бол хувь хэмжээгээ нэм л дээ! Хоёрын хооронд 10 хүрэхгүй хувийг гаргачихаад олон нийтийнх гэвэл эндүүрэл шүү!

монгол улсын иргэн
монгол улсын иргэн
2022-11-30 23:31

Олон нийт буюу бага мөнгөтөй, тэр хэмжээгээрээ бага хувьцаа авсан хэсэг нь мөнгөө өсгөж чадахгүй хохирч үлддэг болоод байна. Олон нийтэд нээлттэй (IPO гаргасан) болсон компаниуд л өөрсдөө мөнгөн хөрөнгөө өсгөж, бизнесээ тэлж хождог болохоос, авсан хувьцааны үнэ нь аажмаар буусаар хөдлөгөөнгүй тогточихдог байд�##� ажиглагдсан. Хэт рекламдаж, мэдлэг муутай олон түмнийг хуурч, мөнгийг авч гацаах нь өөрөө нь ёс зүйгүй үйлдэл.

bayasaa
bayasaa
2022-12-01 09:32

монгол улс буцаад хар жагса�##�тд ороход ойрхон бгаа.энэ үед юү блох бол.голомтын хувд баясг�##�ангийн асууд�##� өндрөө авах үед унаж эхэлнэ

Холбоотой мэдээ

Back to top button