Top StoriesСурвалжилга, Нийтлэл

Хүүхэдтэйгээ ирэх газар: ШУ, IT, инженерийн ертөнцөөр аялуулах “EduTech” төв

VR технологи бүхий нүдний шил зүүж, робот угсран хөдөлгөж буй хүүхдүүдийг бид бусад улс орнуудаас л хардаг. Харин Монголд, хувийн цөөн хэдэн сургууль нь л ийм техник хангамжтай. Стандартаа улам бүр сайжруулахаар хичээж байгаа ч төрийн өмчийн сургуулиуд ихэвчлэн самбар, шохойтойгоо. Гэтэл дэлхийн боловсролын систем өдөр, сараар урагшилж буй.

Монголын хүүхдүүд хувийн, улсын сургуульд суралцдагаасаа эс хамааран, дэлхийн технологитой танилцах эрхтэй билээ. Нэгэнт массаар нь хамруулах хэмжээнд боловсролын салбарын дэвшилтэт технологиудыг нутагшуулах гэдэг бодлогын түвшинд яригдах, хөрөнгө мөнгө, цаг хугацаа зарцуулах асуудал.

Харин хүссэн багш, эцэг эх нь сурагчаа, хүүхдээ тасалбарын мөнгө төлөөд “аялуулж” болох боловсролын цогц төвийг хувийн хэвшил байгуулчихжээ.

700 гаруй м.кв талбайг БНСУ, Унгар зэрэг орны технологи, платформуудаар тохижуулсан “EduTech” төвийг танилцуулж байна.

Энэ төв:

  • Роботек
  • 360 градус цомцог гэр
  • Шидэт элс
  • Шидэт дэлгэц
  • 3D технологийн сургалт
  • Ухаалаг спорт
  • Виртуаль номын сан зэрэг технологийн хангамж бүхий хэсгүүдийг тохижуулжээ.

РОБОТЕК:

Угтах хэсгээр үргэлжлэн роботек хэсэг байх бөгөөд энд хүүхдүүд робот удирдаж үзэх боломжтой. Тусгайлан бэлдсэн зам, орчинд хэд хэдэн робот машин байх бөгөөд цаана нь дэлгэц харагдана. Дэлгэцээр тухайн роботуудыг хөдөлгөх маягаар тоглож болох тоглоомын тухай бичлэг гарч байна. Ингээд хүүхэд удирдлага барин, роботуудыг хөдөлгөнө, тоглоно.

Энгийн, тоглоом наадгайн шинжтэй юм шиг мөртлөө алсын зайн удирдлагаар, тусгайлан программчилсан робот биетүүдийг хэрхэн хөдөлгөж, удирдаж болдог талаар анхан шатны мэдэгдэхүүнийг авч болох юм.

Зөвхөн мэдээллийн хэрэгслээр үзээд өнгөрөх өөр хэрэг. Таны хүүхэд Youtube сувгаас робот удирдан тоглодог тоглоомуудын бичлэг олонтой үздэг ч байж магадгүй. Харин яг ойроос харж, гартаа удирдлага барин, туршиж үзнэ гэдэг ой санамжид үлдэх талдаа ч, үүнд суурилсан онолын мэдлэг, мэдэгдэхүүнийг ойлгож хүлээж авахдаа ч давуу талтай.

360 ГРАДУСЫН ДЭЛГЭЦ:

Энэ хэсгээс цаашилбал “360 градус цомцог гэр” гэсэн “өргөө”-нд хөл тавих боломжтой. Монгол гэрийг санагдуулам тусгайлан зассан энэ өрөө нь хүүхдэд аливаа шинжлэх ухааны мэдлэгийг бодитоор, тун ойроор үзүүлж, ойлгуулахад зориулагджээ. Тухайлбал, гэрийн дотор хана тэр чигтээ дэлгэц байх юм. Ингээд суурилуулсан платформоос хичээлээ сонгоход, гэрийн дугуй хана тэр чигтээ “амилж”, мэдлэгийг бодит дүрслэлээр ойлгуулж эхэлнэ.

Биднийг хүрэлцэн ирэх үед ЕБС-ийн нэгэн сурагч энд биологийн хичээл үзэж байлаа. Гэрт ороод үзэхэд ханаар нь дүүрэн хүний булчин шөрмөс, араг ясны бүтэц гурван хэмжээстээр дүрслэгдэж, наана нь тайлбар аудио явж байна.

Үүнийг үзсэн хүүхдэд хүний биеийн анатоми хэзээ ч мартагдахааргүй, бас хэсэг бүрийг нь гүнзгийрүүлэн судлахад тун нэмэр төхөм болохуйц санагдав. Энд ЕБС-ийн хүүхдүүдэд зориулсан бүх хичээлийн бүх сэдвийг сонгон үзүүлэх боломжтой бөгөөд медиа ханамж, платформыг нь Унгар улсаас оруулж иржээ.

ЗУРДАГ, ЗУРАГ НЬ “АМИЛДАГ” ХЭСЭГ:

Дараа нь, үлэг гүрвэлийн ертөнцийг үзүүлсэн дэлгэц, наана нь зураг зурангаа сууж болох сандлуултай хэсэг угтаж байх юм. Энд хүүхдүүд үзсэн, харснаа өөрийн уран бүтээлч сэтгэлгээгээр урлаж үзэх, ингэснээр мэдлэгээ бататгах боломж бүрдэж байна. Дэлгэцэнд үлэг гүрвэлүүд хөлхөлдөнө.

Харин хүүхдүүд тусгайлж бэлдсэн бүдүүвч зураг бүхий цаасыг авч, сандал дээрээ суугаад өнгө өнгөөр ялган будаж байна. Өөрөөр хэлбэл, өөрийнхөө үлэг гүрвэлийг “бүтээж” байгаа аж. Будаж дууссаных нь дараа зургийг нь төхөөрөмжид хийн уншуулбал яг тэр үлэг гүрвэл дэлгэцэн дотор орж явчихлаа. Хүүгийн зурсан үлэг гүрвэл яг тэр хэвээрээ анимейшн дүрслэлд хувирч, дэлгэцэн дотор хөлхөлдөж байсан бусдынхаа дунд бууж ирэв.

БИЕИЙН ТАМИРЫГ УХААЛГААР:

Зурсан үлэг гүрвэл нь дэлгэцэн дотор орж, амилахыг харсан хүү дараа нь биеийн тамирын “заал”-нд ирлээ. Үнэндээ хүү хананд суурилуулсан томоохон дэлгэцийн урд, идэвхтэй хөдөлгөөн хийхэд тохиромжтой шалан дээр зогссон хэрэг. Энэ платформ спортод зориулагджээ.

Камертай, камераар хүүгийн биеийн хөдөлгөөнийг хянаж, хиймэл оюун ухаанаар чиглүүлж өгөх аж. Хамгийн эхлээд анхаарал шалгах дасгал хийхээр сонгоход, гараа дээшээ, доошоо, баруун зүүн тийшээ хөдөлгөхийг сануулж, тэр дагуу нь хийхэд оноо өгч байлаа. Энд биеийн тамирын, сагсанбөмбөг, хөлбөмбөг зэрэг спортын, мөн фитнессийн дасгалууд ч байдаг аж.

Хүүхэд зугаатай тоглоом тоглож буй мэтээр биеийн тамирын хичээлдээ орж, дасгалуудад суралцах боломжтойгоос гадна дата мэдээлэл нь үлдэх онцлогтой. Өөрөөр хэлбэл багш заавал шүгэл үлээгээд, бугуйн цагаа харж, журнал дээр тэмдэглэгээ хийх албагүй. Программаа тохируулахад л тухайн хүүхэд дасгалаа нэг минутад хэдэн удаа зөв хийж, хэдэн оноо авсныг автоматаар бүртгэчихнэ. Иймд дата цуглуулах чиглэлд ч ихээхэн хялбар ажээ.

VR НҮДНИЙ ШИЛ:

Энд голчлон физикийн хичээлийг ойлгоход нэлээд бодит туршлага болох техник хангамжууд байна. Тухайлбал, биет хэрхэн цахилгаанждаг, цахилгаанжсан биетүүд хоорондоо цахилгааныг хэрхэн дамжуулдгийг туршилтаар үзүүлдэг багаж байна. Хичээлийнхээ талаар ярилцан, баг болж суух боломжтой ширээ, сандал харагдана.

Мөн энд VR нүдний шилнүүд байршуулжээ. Үүнийг зүүгээд, өмнө нь 360 градусын дэлгэцээр үзэж байсан хичээлээ бүр бодит юм шигээр, дэргэдээс нь харах боломжтой байна. Өмнө нь хүний биеийн анатомын хичээлийг “360 градус” гэрт үзсэн хүүд VR нүдний шилээр нь эсийн бүтцийн дүрслэлийг тоглуулж өгчээ. Зүүж үзвэл, яг л эс дотор ороод ирчихсэн мэт. Тэнд эсийн мембран харагдаж, энд бөөм, бөөм доторх ДНХ харагдана. Алхаад хажууд нь очиж болно, доороос, дээрээс нь харна. Яг дэргэд байгаа мэт харагдах тул барьж үзмээр ч санагдах.

VR шил ашиглан өмнөхийн адил дуртай хичээлийн, дуртай сэдвээ сонгон үзэх боломжтой нь олзуурхууштай.

КОД БИЧИЖ СУРДАГ ТАНХИМ:

VR нүдний шилтэй өрөөнөөс цаашилбал, код бичиж сурах танхим угтлаа.

Сурагчдын сандал, ширээ бүр дээр таблет байршуулжээ. Харин урд нь самбарын оронд томоохон дэлгэц суурилуулж өгсөн байна. Энд “Scratch” программыг ашиглан, хүүхдүүд код бичих анхан шатны мэдлэгт суралцах аж.

ЕБС-ийн сурагчид төгсөх ангидаа л мэдээлэл зүйн хичээл дээрээ код бичих анхны оролдлогыг хийж үздэг. Тэгвэл энд хүүхдүүд хүссэн, сонирхсон үедээ ирж, таблет ашиглан код бичихийг заалгаж болох ажээ. Яг биеэрээ туршиж үзсэнээр хүүхэд энэ чиглэлд дур сонирхолтой, цаашид гүнзгийрүүлэн суралцах нь зөв эсэхийг багш, эцэг эх нягтлах бүрэн боломжтой.

ИНЖЕНЕРИЙН ӨРӨӨ:

Энэ өрөөнд ирээдүйн инженерт хэрэгтэй бүх багаж, тоног төхөөрөмжүүдийг бэлтгэжээ. Өөрөө угсрах, өөрөө загварчлах, түүнийгээ автомат хөдөлгөөнд оруулж “программчлах” боломжууд бий нь тун олзуурхууштай. Мөн тусгай платформ суулгасан дэлгэцэн дээр хүүхэд инженерийн анхан шатны ойлголтуудтай хөгжилтэй хэлбэрээр танилцаж болж байна. 3D нүдний шилээ зүүгээд, дэлгэцэн дэх роботын гарыг гурван хэмжээстээр харангаа эргүүлж, тойруулж, засаж өөрчлөх боломжтой ажээ.

Өрөөнд байршуулсан электроник, механикийн элементүүд, багаж хэрэгслүүдийг БНСУ-ын сурагчид дунд ангидаа туршиж үздэг байна. Харин Монголд инженерийн чиглэлээр их, дээд сургуульд элссэн хойноо анх танилцдаг талаар “EduTech” төвийн үүсгэн байгуулагч О.Чингүүн онцолж байлаа.

О.Чингүүн БНЭУ-д IT-ийн чиглэлээр мэргэжил эзэмшжээ. Тэр бусад улс орнууд боловсролын салбартаа техник, технологийг хэрхэн нэвтрүүлж, энэ нь хүүхдүүдэд ямар том боломж, цаг хугацааг товчилсон үр дүн авчирч буйг анзаарсан байна. Ингээд цар тахал гарахаас өмнөхөн энэ төвөө үүсгэн байгуулжээ.

Гэвч шинэ төрлийн коронавируст халдвар дэгдэж, төв нь хоёр жил үйл ажиллагаа явуулж чадаагүй аж. Хөл хорио тавигдсан ч хичээл, сургууль үргэлжлүүлэн цахимаар хичээллэсэн. Иймд сурагчдын боловсролд чиглэж ажиллах боломж бүрэн нээгдэхгүй л байлаа. Харин одооноос Боловсролын ерөнхий газар, Нийслэлийн боловсролын газрын анхааралд өртөж, сургуулиудтай холбоо тогтоож, сурагч болон багш нарыг төвөөрөө аялуулах ажлыг хийж эхлээд байгаа юм байна.

Монголын хүүхдүүдийн боловсролын төлөө том зориглоод эхэлсэн О.Чингүүний зорилго, тэмүүлэл 700 гаруй м.кв талбайн түрээс, гадаадаас авчирсан техник хангамж, платформуудын зардал гээд хүнд бүхний ард унтраагүй хэвээр. Тэр зөвхөн хүүхэд гэлтгүй эцэг эхчүүд ч, багш нар ч “EduTech”-ээр зочлоод үзээсэй, хүүхдэд мэдлэгийг технологи ашиглан олгох нь ямар өөр давуу талтай, үр дүнтэйг ойлгоосой, цаашлаад хүүхдээ юунд дуртайг эрт олж мэдээсэй гэж хүсэж байна.


Биднийг сурвалжилга бэлтгэж байх үеэр “EduTech”-ээр зочилж, танилцаад буй нэгэн ээж Г.Бадамцэцэгтэй уулзлаа. Тэр наймдугаар ангийн охинтой бөгөөд ганцаар иржээ. Эцэг эхчүүд хүүхдээ орхиод, ийм боловсролын төвөөр зочилж ирнэ гэдэг сонирхолтой, олзуурхууштай.

Тэрбээр “Энэ төвтэй танилцаад, хүүхдээ заавал авчиръя гэж бодлоо. Шинжлэх ухааны мэдлэгүүдтэй ийм орчин үеийн, ололтот хэлбэрээр танилцах, цаашлаад IT болон инженерийн салбарт дур сонирхолтой эсэхийг нь ойлгох боломжтой юм байна. Ер нь одоо заавал багш нарт асуудлыг даатгалгүй, залуу эцэг эхчүүд өөрсдөө эрэл хайгуул хийдэг болж байгаа. Боловсролын байгууллагууд ч энэ төвийн үйл ажиллагаатай танилцаж, хамтран ажиллавал зүгээр санагдлаа” хэмээж байв.

Хэрвээ элсэлт бүрдвэл энд клуб, сургалт ч хичээллэдэг аж.

Хүүхэд энд хөл тавиад, шинжлэх ухаан гэдэг зүйлийг зөвхөн номон дотор байдаг бус, технологийн тусламжтай “амилбал” ямар ойлгомжтой, сонирхолтой, амьдралд ойр зүйл гэдгийг нь ойлгохуйц. Багшийн яриаг сонсох, номон дээр бичсэнийг уншихаас илүү 360 градусын дэлгэц, VR нүдний шилээр үзэж, “тэмтрэх” нь тэдэнд сонирхолтойн дээр үлдэцтэй. Энэ суурь сайн тавигдвал тэд шинжлэх ухаанд дурлах бөгөөд гүнзгийрүүлэн судлах сэдэл төрнө.

Мөн эцэг эх, багш нар ч “EduTech”-ээр ороод гарвал боловсролын салбарт технологи ашиглах нь ямар ололттойг, хүүхдүүдээ нас бага гэж гололгүй IT, инженерийн салбарт авьяастай эсэхийг нь тодорхойлж болох талаар ойлгох болов уу. Долоо хоногийн долоон өдөр ажилладаг “EduTech” төвөөр зочлоорой.

Байршил: Encanto Mall, гуравдугаар давхар

ВИДЕО:

М.ТЭНГИС, Б.ЭРДЭНЭБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 1, 2022 09:31

Чөлөөт цагаараа гэр бүлээрээ очиж өнгөрөөвөл үнэхээр тухтай бас хөгжилтэй гоё юмаа

Зочин
Зочин
12 сар 1, 2022 09:32

Ym hogjood iim goy boloh gej

Зочин
Зочин
12 сар 1, 2022 09:33

ёстой гоё ойлгомжтой, олон т�##�ын мессежтэй, илэн д�##�ангүй, жинхэнэ газар дээр буулгаж ажилж сурсан хүний яриа байна. Амжилт хүсье!

Зочин
Зочин
12 сар 1, 2022 09:34

Хандлага, санаанууд нь маш их та�##�агдлаа. Яг нэг мэргэжилдээ дуртай, ажилдаа эзэн болсон хүн байна. Та нартаа цаашдын ажилд нь амжилт хүсье.

Зочин
Зочин
12 сар 1, 2022 09:39

hoorhon hmbe medeelel awii

Zochin
Zochin
12 сар 1, 2022 23:05
Reply to  Зочин

Encanto m#ll 3 dawhart bdag shu

Зочин
Зочин
12 сар 1, 2022 11:00

Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авмаар байна.

Зочин
Зочин
12 сар 1, 2022 11:00

coooooool tsaashaaa

Зочин
Зочин
12 сар 1, 2022 12:01

Goy goy tehnik tehnologi garch ireed l bgaa

10 наснааас эхэлж байгаа шүү яар
10 наснааас эхэлж байгаа шүү яар
12 сар 1, 2022 12:42

зарим с�##�бар 10 наснаас эхэлж байна. Хүүхдээ дагуулж оч. Ямар үнэтэй бол. Хүүхдүүд дагуулж очиход тохиромжтой газар байна.

Тасалбар нь хэд вэ ?
Тасалбар нь хэд вэ ?
12 сар 1, 2022 12:45

Ажилладаг цаг нь ямар байдаг бол ?

Зочин
Зочин
12 сар 1, 2022 22:45

09:00-18:00 hvrtel ajilladag shvv

Зочин
Зочин
12 сар 1, 2022 13:37

Hooh goy ymaa

Зочин
Зочин
12 сар 2, 2022 02:19

Baga angiin hvvhed yvj bolhimuu

Зочин
Зочин
12 сар 2, 2022 12:02
Reply to  Зочин

Болно, �##�ь болох багад нь аваачиж үзүүлэх хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button