Үйлдвэрлэгч

Үйлдвэрлэгч: Гурван цагийн хэлхээс дээр үндэсний интерьерийг бий болгосон “Хаадын гэр”

“Үйлдвэрлэгч" энэ удаад “Хаадын гэр” брэндийг онцоллоо. 

Өв уламжлалаа шингээж, үндэсний интерьерийг бий болгож буй “Хаадын гэр” брэнд гурван цагийн хэлхээс дээр бүтээн туурвидаг. Түүхэн буюу Хүннү гүрнээс Богд хаант улс, уламжлалт буюу классик, орчин цагийн буюу модерн минималист хэв загвар дээр түүх өгүүлэн урлаж байна.

“Хаадын гэр” брэндийн авдар л гэхэд цилиндр, нумралттай, трапец, дугуй булантай, дөрвөлжин, сейфэн зэрэг арваад төрлөөр тухайн хэрэглэж байсан үеийнхээ ахуй соёл, аж байдалтай уялдан гардаг аж.

Ноос, шавар, модоор монгол түүх, ёс заншил, өв уламжлалаа урлаж буй “Хаадын гэр” брэндийг үүсгэн байгуулагч Д.Болор-Эрдэнэтэй ярилцлаа.  

Брэндийн нэр: "Хаадын гэр"
Компанийн нэр: "Хаадын гэр" ХХК
Үүсгэн байгуулагч: Д.Болор-Эрдэнэ
Үүсгэн байгуулсан он: 2014
Сошиал хуудас: 
https://www.facebook.com/Khaadiinger
Вэб сайт: http://khaadiinger.mn/

Холбогдох утасны дугаар: 76115888 90115888

-“Хаадын гэр” ХХК-ийн үүслээс яриагаа эхэлье? 

- Манай компани 2014 онд гурван ажилтантай байгуулагдан “Хүннү” загварын монгол гэрийг иж бүрэн тавилгатай хийж үйл ажиллагаагаа эхлүүлсэн. 2015 онд БНСУ-д Дэлхийн оюуны өмчийн байгууллага, Солонгосын эмэгтэй зохион бүтээгчдийн холбооноос хамтран зохион байгуулсан үзэсгэлэнд анх оролцож, “Хүннү” гэрээрээ алтан медаль хүртсэн нь бидэнд цаашаа явах урам зоригийн өгсөн юм. Өнөөдөр бид 25 үндсэн ажилтантай, мөн тооны гэрээт уран бүтээлчидтэй хамтран үндсэн гурван концепци дээр бүтээгдэхүүнээ хийж байна. Түүхэн буюу Хүннүгээс Богд хаант хүртэлх үе, уламжлалт буюу классик, орчин цагийн буюу модерн, минимал гэсэн ангилалаар бүтээлээ туурвиж байна.

-Гурван цагийн хэлхээсийг хэрхэн холбон бүтээдэг талаараа ярьж өгөөч? 

-Манай бүтээгдэхүүний хамгийн том онцлог бол 100 хувь гар ажиллагаагаар суурь судалгаан дээр үндэслэж хийдэг. Судалгаагаа өөрсдөө хийхээс гадна түүх, археологи, шинжлэх ухааны хүрээлэн, үе үеийн түүхчид, эрдэмтэд, эрдэм шинжилгээний ажилтнуудтай хамтран ажиллаж байна. Суурь судалгаа хийгээд ирэхээр соёлын бүтээлч үйлдвэрлэл маань улам өргөжиж, баяжиж байдаг. Жишээ нь, ширмэл л гэхэд 2000 жилийн өмнөх Ноён уулын булшнаас олдсон олдворын эх загвараас тусган авч, орчин үетэйгээ уялдуулан хийсэн. Ер нь бол захиалагч гэрийнхээ аль өрөөнд, хэнд зориулж хэрэглэхээс бас шалтгаална. Энэ мэтээр модон эдлэл, ширмэл, даавуун эдлэл, шаазар, шавар эдлэл маань Сяньби, Түрэг, Жужан гэж явсаар орчин үе рүү ороод ирнэ. Захиалагч маань Хүннү гүрний үеийн түүхийг өгүүлсэн интерьер хүсвэл бид авдар сав, ширээ сандал, дэвсгэр, аяга таваг, сав суулга гээд цогцоороо тухайн үеийн аж байдлыг харуулахаар бүтээж өгнө. Дээрээс нь цонхны хөшиг, декорууд ч орж ирнэ. Энэ бүхнийг судалгаа хийхгүйгээр цогцоор гаргах боломжгүй.

 -Үнэхээр нүд алдмаар бүтээн туурвиж байна. Ширдэг дэвсгэр, цонхны хөшиг, аяга таваг хүртэл түүх өгүүлж байна шүү дээ? 

-Зуунаас зууны шилжилт хөдөлгөөн, хувьсал өөрчлөлтөд монголчууд ямар бүтээгдэхүүн урлаж, хэрэглэж байв. Өвөг дээдсийнхээ үлдээсэн өв соёлд тулгуурлаж, уламжлалд суурилж, орчин цагийнхаа хэрэглээнд нийцүүлэн хийж байна. Бид 2021-2022 онд 17-18 дугаар зууны үеийн язгууртан, хаадын өргөө гэрийг хийж, “Чингис хаан” музейн бахархлын танхимд байршуулсан. Энэ төслийн судалгааны ажлыг жил гаруй хийсэн. Монгол хүн монгол гэрээ шууд хийчхэж болно гэх бодол хүмүүст төрж болно. Гэтэл 16 дугаар зуунаас хойш манжийн колончилолын үе эхэлж, буддын шашин руу орчихсон үе. 13 дугаар зуун бол Чингисийн эзэнт гүрний үе. Тэгэхээр зуун, зууны түүхээс улбаалсан онцлогийг гаргах нь хамгийн чухал зүйл. Өнөөдөр бид нар аль ч бүтээгдэхүүнээ тайлбарласан түүх, соёл, бэлгэдэл, арга зүй, онцлог гээд ялгаж ярих бүрэн боломжтой байна. Хөнгөн байдлаар дуурайлгаад гоё хийж болох ч маргааш, нөгөөдөр учир утгыг тайлаад уншиж, судалсан хүн хараад харамсах сэтгэл төрөх байхгүй юу. “Хаадын гэр” брэнд өвлөгдөх шинж чанартай, үргэлжлээд хойч үед маань очих учраас судалгаан дээр суурилсан түүх соёлоо “ярьдаг” байх ёстой юмаа. 

-Ерөнхийлөгчийн өвлийн өргөө, ерөнхий сайдын Их тэнгэрийн гэрийг тохижуулсан-

-Өнгөрсөн найман жилийн хугацаанд “Хаадын гэр” хаана, хэн хэнд хүрсэн бэ?

-Анх компаниа байгуулаад алсын хараагаа “Хаадын гэр” дэлхийн брэнд болно, олон улсад монгол өв соёлоо түгээнэ гэж тодорхойлсон. Энэ зорилгынхоо хүрээнд 2015 оноос эхлэн арваад орны 20 гаруй томоохон үзэсгэлэнд оролцлоо. Бүтээлийн түвшинд хийж буй бүтээгдэхүүн маань дэлхийд танигдсан брэнд болох боломжтой эсэхийг өөрсдөө явж, үзэж судлаад өөрсдөдөө итгэл төрсөн. Ингээд Казахстан, ОХУ, БНХАУ, ӨМӨЗО, Их Британи, БНСУ руу экспорт хийсэн. “Хаадын гэр” брэнд өв соёлоо дээдэлдэг хэн бүхэнд очдог. Хамгийн гол нь 100 хувь гар ажиллагаагаар, чанарын өндөр түвшний түүхий эдээр өвлөгдөх шинж чанартай нь хийнэ.  Өнөөдөр таны авсан нэг авдар өөрөөр чинь дуусахгүй үр хүүхдэд нь өвлөгдөх чанарыг агуулсан 100 жилийн настай. Үндсэн материал, загвар дизайн, дээрх сийлбэр, уран зураг, хээ угалз нь хүртэл он цагт элээгдэхгүй байх зорилго тавьж, баримталж ажилладаг. Тэгэхээр бид түүх соёл, өв уламжлалаа дээдэлдэг хэн бүхэнд өв эрдэнэ хийж өгдөг л гэсэн үг.  Ерөнхийлөгчийн өвлийн өргөө, ерөнхий сайдын Их тэнгэрийн гэрийн тохижилт хийсэн зэрэг онцлог төслүүдийг бас хэрэгжүүлсэн. 

-Боловсон хүчний тухайд. Дан ганц модон эдлэл биш сийлбэр, зураг, ширмэл оёдол, керамик хүртэл хийж байна? 

-Манайх ихэнх мэргэжлийн уран бүтээлчид байдаг. Соёлын бүтээлч үйлдвэрлэл кластерийн түвшинд өргөжих боломжтой. Төрөөс ч гэсэн кластерийн системийг хөгжүүлэх зорилго тавиад явж байна. “Хаадын гэр” 2014  оноос эхлэн кластерийн мэргэжлийн уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байна. Мод, ноос, шавар түүхий эд материалаас модон эдлэл, эсгий эдлэл, шавар эдлэл нэг доороос цогцоор гаргадаг. Өнөөдөр бид айл гэр, албан байгууллага, аялал жуулчлалын төрлөөр захиалга ирэхэд үндэсний интерьерийг бүрэн гаргаж тохижилт хийх түвшинд очсон. 

-Үйлдвэрлэгч нартайгаа ярилцдаг нэг уламжлалт асуулт бий. Тулгамдаж буй асуудал...? 

-Зөвхөн соёлын бүтээлч үйлдвэрлэлээр зогсохгүй аливаа эхэлж байгаа бүхэнд тулгамдсан асуудлууд байдаг. Тэрний нэгэн адил гараан дээрээсээ бүхнийг даван туулсан. Би ажилчдадаа “Байгалийн үзэгдлээр авч үзвэл бид энд нар, бороо, шороо, салхи гээд бүгдтэй учирна. Энэ бүхнийг давж туулсан хүн л зорилгынхоо ард гардаг” гэж хэлдэг. Хүнтэй хамтрах нь бэрхшээл болох талтай. Соёлын бүтээлч үйлдвэрлэл ажилтнаа зөв сонгох нь хамгийн чухал асуудал. Ярилцаж хэлэлцэн 100 хувь бүрэн дүүрэн ойлголцдоггүй юмаа гэхэд хийснийг нь хараад ойлголцох түвшинд очих ёстой. Олон жил ажиллачихсан чадвартай уран бүтээлчтэй нүдээрээ ярилцаж дүрслэлээ бий болгодог. Энэ бол удирдагчийн, хамтын уран бүтээлчийн ур чадвар. За цаашлаад хөрөнгө санхүү, байр сууц, дэлгүүр гээд зөндөө л асуудал бий. Манай хувьд суурь санхүүгээ 2011 оноос бий болгосон. Бид хүний гуравдагч хэрэгцээг гаргадаг. Энэ бүхнээ хүнд хүргэх, хэрэглэгчээ олох нь том асуудал байсан. Маркетинг борлуулалтын ажил хийсний дараа санхүүжилт, түрээс, ковидын үед хэрхэн тэсч үлдэх вэ гээд олон бэрхшээл байдаг, одоо ч байсаар л байна. Гэхдээ энэ бүхний ард гарах тууштай сэтгэл зүрх, зориг байгаа учраас ямар ч бэрхшээлийг даваад гарна.  

-Ажилтнаа тогтоон барих, патентаа хадгалж хамгаалах нь үйлдвэрлэгч нарт тохиолдож буй нийтлэг асуудал гэж хардаг...?  

-Тийм ээ. Мэргэжлийн чадвартай уран бүтээлчид орж ирээд хийгээд үзнэ, тэр хэмжээгээр ур чадвар сууна. Тэгээд хүний удирдлагад байснаас өөрөө урлан, компанитай болохыг хүсээд гараад явдаг. Бид тэгэхээр дараагийн залгамж халаагаа бэлдэх, сургах гээд маш их хугацаа ордог. Хийж чаддаг гээд л ирж байгаа ч “Хаадын гэр” брэндийн агуулга, мөн чанарт нийцүүлэх гэж хүнээ хөгжүүлнэ. Гар ажиллагаагаар бүтээлийн түвшинд хийх учраас дахин давтагдшгүй 100 хувь хүнээс хамааралтай ажил шүү дээ. 

-Залууст зориулсан "Хаан" брэндийг гаргахаар судалгааны ажил эхлээд байна-

-Тэд гараад танайхыг хуулбарлах уу? 

- “Хаадын гэр” брэндийн бүтээгдэхүүн патент, зохиогчийн эрхтэй. Оюуны өмчийн хуулиараа дагаж дуурайх нь хориотой. За бүр ойролцоо гарвал бид холбогдох арга хэмжээг аваад явдаг. Найман жилийн хугацаанд бид бүтээлч үйлдвэрлэлийн жаргал, зовлон дундуур туучаад л явж байна. Жилээс жилд нэг зорилт тавьж асуудлуудаа шийдэхийг хичээдэг. Гар аргаар хийдэг болохоор бүтээлийн түвшинд зарж борлуулах, олон тоогоор гаргах, экспортод бэлтгэх гээд л асуудал зөндөө. Өмнө нь бид гадаад руу аваад явчихвал л болчих юмшиг санагддаг байсан. Өөрсдөө яваад судлаад ирэхээр тухайн улс орны хууль, дүрэм, журам бүхнийг судлах шаардлага үүсч байна.  

-Өнгөрсөн он жилүүдэд ямар, ямар асуудлаа шийдэж чадсан бэ?

-2017 оноос бүтээгдэхүүнээ хөгжүүлье, авдар ширмэл гэхээрээ яагаад заавал гэр дотор байх ёстой гээд инноваци шингээсэн орон сууц, хаус тохижуулах “Нэг ширмэл, нэг авдар” аяныг өрнүүлсэн. Ингэж орон сууцанд өв соёл шингээх ажлаа амжилттай эхлүүлж, нэг ширмэл, нэг авдраар хязгаарлагдахгүйг ойлгосон. Тэгээд 2019 оноос үндэсний интерьерийг бий болгоё гэж хаус, орон сууц, зочид буудал гээд хаана ч тохирох үндэсний агуулга цогц шийдлээр гаргаж эхэлсэн. Авдар, комод, тавилга, ширдэг, ширээ сандал нь бүтээлэг, таваг, аяга, гүц, хундага, аяганы алчууртайгаа, буйдан нь бүтээлэг, хөнжил, дэртэйгээ иж бүрэн үндэсний интерьертэй айлууд бий болсон. Үүний дараа  албан газруудыг импортын тавилгаар биш монгол бэлгэдэл, арга зүйтэй тавилгаар тохижуулах ажлыг санаачилж Соёлын яаманд хүндэтгэлийн ширээ сандал, НИТХ, Хангарьд ордны тохижилтыг бүрэн хийсэн. Энэ онд Чингис хааны музейн найман давхарт язгууртан хаадын өргөө, Соёлын яамны гадаа ЮНЕСКО-д бүртгэлтэй 15 өвийг шингээсэн хүндэтгэлийн өргөө байгууллаа. 2023 оныг экспортын жил гэж харж байгаа. Өнгөрсөн сард манай Хүннү ширмэл монголын 800 урлаачийн 2000 бүтээлээс 100 шилдэг бүтээл, эндээсээ эсгий урлал төрлийн шилдгийн шилдэг бүтээлээр шалгарсан. Шалгарсан бүтээлүүдийг экспортод гаргана гэсэн. Бид үүнийг хүлээж суух биш өмнөх туршлага дээрээ үндэслэн экспортоо хийнэ. Үүний зэрэгцээ манай бүтээгдэхүүнийг авья гэсэн залуус, хэрэглэгчдийнхээ хүсэлт үндэслэн “Хаад” брэнд үүсгэж байгаа. Барааны тэмдэгтээ авчихсан, технологийн шийдлээр хийхээр судалж байна. 

-Эцэст нь та өөрийгөө танилцуулаач. Түүх соёл, өв уламжлалаа ийн бүтээх өгөгдөл танд байсан болов уу? 

-Намайг Д.Болор-Эрдэнэ гэдэг. Булган аймгийн Могод сумын харьяат, айлын том охин. Миний аавын эмээ тайжийн охин байсан. Тэр хүн намайг багаас өв соёлыг таниулж, сургаж өсгөсөн. Харин миний ээжийн тал бол “Өндөр Дарханыхан” гэсэн ургийн бичигтэй. Ээжийн өвөө дархан удмын хүн байсан. Энэ бүхнээ би өгөгдөл гэж ойлгодог. Маш олон сайхан хүмүүстэй, эрдэмтэн, түүхчидтэй хамтран ажиллаад явж байгаа нь бурхнаас заяасан хишиг хэмээн залбирдаг. Би эхлээд модны техникчээр, дараа нь эдийн засагч мэргэжил эзэмшсэн. Харин одоо соёл судлалаар докторын зэрэг хамгаалахаар сурч байна. 

-Ярилцсанд баярлалаа.   

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-02 09:22

Хөөх үнэхээр эко бас уламжл##аа шингээсэн үнэхээр гоё юмаа

Зочин
Зочин
2022-12-02 09:23

Buteelch hamt olon ymaa

Зочин
Зочин
2022-12-02 09:23

Ажлын өндөр амжилт хүсье

Зочин
Зочин
2022-12-02 09:37

Ямар гоё нүд бөлтийлгөсөн ярилцлага бүтээлүүд вэ? Танай хаяг хаана вэ

Зочин
Зочин
2022-12-02 09:38

Mundag hamt olon ymaa ajliiin ondor amjilt husey

Зочин
Зочин
2022-12-02 09:45

Бүгд ямар гоё юмбэ??? Хаяг нь хаана юм бол

Зочин
Зочин
2022-12-02 10:11

Wow

Ц.Цэвээн
Ц.Цэвээн
2022-12-02 10:26

Нүд ##дам гэдэг нь хараа гүйцэмгүй өргөн уудам орон зайг хэлнэ. Нүд унагам гэдэг нь хараад л шагшин гайхаад баймаар сайхан зүйлийг хэлнэ.Эх монгол хэл маань энгүй баялаг.Юм бичдэг хүмүүс зах зухаас ньь атугай хэлтэлж, сурч судламаар байгаа юм.

Зочин
Зочин
2022-12-02 11:13

Танай дэлгүүрийн хаяг хаана байдаг юмбэ?

Зочин
Зочин
2022-12-03 04:27

Хэдэн улс төрч л авахын байна монголчуудад зүгээр ул цаашаа гэнэ

Холбоотой мэдээ

Back to top button