Top StoriesЯрилцлага

"Морьтой ч болоосой" төслийн санаачлагч А.Навчаа: БНСУ дахь монголчууд зовлонгоо нүднээсээ нууж чаддаггүй

Түүнийг А.Навчаа гэдэг, сэтгүүлч мэргэжилтэй. БНСУ-д ажиллаж амьдраад хоёр жил болж буй. Тэрбээр Өмнөд Солонгос дахь монголчууд хэрхэн аж төрдөг, үнэхээр хүмүүсийн боддог шиг сайн сайхан, дутагдах гачигдах зүйлгүй жаргалтай амьдрал тэнд байдаг уу зэрэг асуултад хариулт өгөх, тэдний өмнөөс тэдний төлөө дуугарах зорилгоор тус улсын хотуудаар аялж монгол хүмүүстэй уулзаж ярилцах болжээ. А.Навчаа төслөө "Морьтой ч болоосой" хэмээн нэрлэсэн байна. Түүнтэй хэсэг хугацаанд ийн ярилцлаа.

Түүнтэй холбогдож төслийн талаар мэдээлэл авах, унших бол: ЭНД дарна уу

-Хайртай хүнээ, үр хүүхдээ, хань ижлээ Солонгос явж ажилла гэж шаарддагаа болиосой гэж боддог-

-Сайн байна уу. Өмнөд Солонгост хэр удаан хугацааг өнгөрүүлж байна. Тэнд буй монголчуудын аж амьдралыг судлаж аяладаг гэж ойлгосон?

-Намайг Арсланбаатарын Навчаа гэдэг. Би Өмнөд Солонгост ажиллаж, амьдраад хоёр жил болж байна. Монголд байхдаа “Бидний цөөхөн Монголчууд” төслийн багт сэтгүүлчээр ажиллаж байсан. Энд ирээд сэтгүүлчийн ажлаа орхихыг хүсээгүй, мөн байнга хар ажил хийгээд бусдын л адил байхыг чухалчлаагүй. Учир нь ажил мэргэжлээрээ дамжуулан Өмнөд Солонгосын монголчууд хэрхэн аж төрдөг, ямар хөдөлмөр эрхэлж, юуг даван туулдаг гэдгийг бусдад мэдрүүлж, ойлгуулахыг хүссэн юм. Мөн эдгээр хүмүүсийн ганцаардал, бачуурлыг сонсож эх орон, ижий аав, хань ижил, үр хүүхдээсээ хол хүний нутагт амьдралын төлөө зүтгэж байгаа бэтгэрсэн сэтгэлд нь гэрэл асааж, урам зориг өгөхийг зоридог.

Нийтлэг ойлголтоор бол энд ажиллаж, амьдардаг хүмүүсийг мөнгөний уурхай, машин шиг л боддог шүү дээ. Гэтэл бодит байдал тэс өөр. Тийм учир эдгээр хүмүүсийг ойлгоосой гэдэг үүднээс энэхүү аяллаа эхлүүлсэн.

Анх энэ асуудлаар цуврал нийтлэл бичиж gogo.mn мэдээллийн сайтын чөлөөт нийтлэлчдийн буланд нийтлүүлдэг болсон. Ингэхдээ энд байгаа Монголчуудын нийгэмд ойлгуулмаар байдаг зүйлс гэх мэтчилэн аль болох сонирхолтой кэйсүүдийг хайж, олж хүмүүстэй уулзаж эхэлсэн. Ингэх явцад өөрөө гэрэл зургаа дарах шаардлага үүссэн гэдэг ч юм уу сэтгүүлчийн ажлаас бусад чадварууд надад үгүйлэгдсэн ч өмнө ажиллаж байсан төслийнхөө чадварлаг залуусын заавар зөвлөгөөгөөр урагшилж байна. Энэхүү ажлаа би “Морьтой ч болоосой” гэж нэрлэсэн. Утга санааны хувьд, болдог сон бол дэлхийгээр тархан суурьшсан Монгол түмэнтэйгээ бүгдтэй нь уулзаж хүний нутаг гүний хошуунд хэрхэн аж төрж, юу туулж явааг нь дамжуулж, гүүр нь болохыг хүсдэг дотоод тээшээс минь үүдсэн нэр л дээ.  

-Өмнөд Солонгост 50 мянга орчим монголчууд ажиллаж амьдарч байгаа гэсэн тооцоолол бий шүү дээ. Төсөөлөхөд энэ нь манай улсын нэг аймгийн дайны хүн ам. Тиймээс таны анзаарснаар ийм олуул яагаад хүний нутагт хөдөлмөрлөдөг шиг санагддаг вэ?

-БНСУ-д нийтдээ том, жижиг нийлсэн 48 суурин газар бий. Энд албан ёсоор 50 мянган монголчууд амьдардаг гэсэн тоо бий ч хамгийн сүүлд албан бүртгэлээр 30 мянган хүн байна гэсэн дүн гарсан байна лээ. Ковид буюу цар тахлын нөлөөгөөр олон хүн эх орон руугаа буцсан нь энэ тоонд өөрчлөлт ороход нөлөөлсөн байх. Нөгөө талд Монголоос маш олон хүн наашаа ирж ажиллаж, их мөнгө хураахыг хүсдэг. Зарим хүмүүсийн хувьд мөрөөдөл нь болж хувирсан гэж хэлж болно. Энэ асуудлаар олон хүн хандаж асуудаг. Магадгүй залуусын гадагшаа гарч ажиллах эх орноосоо явах энэ шийдвэр манай улс эх орны нийгэм эдийн засгийн байдал, өнөөгийн дүр төрхтэй шууд холбоотой байх. Нийгмийн сүлжээгээр гадны улсаас ажиглахад нэг тийм саарал өнгөөр л төсөөлөгддөг. Мэдээллийн хэрэгслүүдээр гарч, нийтлэгдэж байгаа зүйлс ч ихэнхдээ хар бараан. Нийгэм нь өөрөө ийм байхад магадгүй хаашаа ч хамаагүй өөр газар луу зугтаах хүсэлтэй иргэд улам олон болж байгаа ч байж мэдэх юм.

Гэхдээ Монголд тийм байлаа ч энд ирээд тэр хүний амьдрал дээшлэх битгий хэл уруудахыг таашгүй. Учир нь бодит байдалд мөнгөний төлөө ажиллахаар бүхнээ орхиод, найдаад ирж буй олон хүн бий. Гэтэл тэдний ард үлдсэн гэр бүл, босгосон амьдрал нь яаж нурж, орвонгоороо эргэж байгааг хүмүүс огт ойлгож, анзаардаггүй. Мэдсэн ч огт чимээгүй байх ёстой зүйл юм шигээр тэвчээд өнгөрүүлдэг. Энд дандаа эд хийж бүтээх, хөгжих үе дээрээ яваа эх орондоо хэрэгтэй, тустай залуучууд ирдэг. Энэ нь харамсал төрүүлдэг. Тэд цэл залуухан атлаа хүний нутагт хүнд хөдөлмөр эрхэлж, эрүүл мэндээрээ хохирч, гэр бүлээсээ салж, хагацаж, үзэж болох хүнд хэцүү бүхнийг мэдэрдэг. Хөдөлмөрөө шударгаар үнэлүүлж мөнгө олж байгаа нь сайн ч эргээд харахад тэдэнд амьдралын баталгаа, эрүүл мэнд гэх зүйл үгүй болсон байдаг. Энэ бодит үнэн. Тийм учраас энэ байдлыг нүдээр үзэж харж яваанхаа хувьд гэр бүл нь ойр дотных нь хүмүүс хайртай хүнээ, үр хүүхдээ, хань ижлээ Солонгос явж ажилла гэж шаарддагаа болиосой л гэж хэлмээр байна. Маш харамсалтай санагддаг. Гэхдээ хүний дайтай амьдрах гээд, амьдралаа хүн шиг авч явах гээд зүтгэж байгаа хэнийг ч буруутгах аргагүй.

-БНСУ-д байгаа монголчууд нэгнээ матаж, барьж өгч, хууран мэхлэж, хохироодог-

-Тэднийг зөвхөн өөрийн амь амьдралаа болгохын төлөө л хүний нутагт хөдөлмөрлөж яваа гэж дийлэнх хэсэг ойлгодог. Мэдээж энэ өрөөсгөл. Тэдний эх орондоо оруулж буй орлого, хөрөнгө оруулалт их байж таарна?

-Мэдээж. Гэхдээ хамгийн чухал нь гадаадад ажиллаж, амьдарч, хөгжиж, өөрчлөгдөж байгаа монгол хүн өөрөө хамгийн том хөрөнгө оруулалт болж хувирдаг. Учир нь гадны улсаас сурч мэдсэн зүйл, олж харсан санаа шийдэл, технологи, үйлдвэрлэл зэргийг эх орондоо нэвтрүүлж, тодорхой тооны хүмүүст нөлөөлж жижиг том гэлгүй бизнес эхлүүлээд амжилттай яваа олон хүн байдаг. Заавал бүгд ийм байх албагүй ч гадаадад ажиллаж хөдөлмөрлөөд буцсан хүмүүс ядаж л сэтгэлгээ, хандлага, амьдралыг харах өнцгийнхөө хувьд өөрчлөгдсөн байдаг. Энэ л хамгийн чухал хөрөнгө оруулалт шиг санагддаг. Шууд утгаараа бол энэ олон хүн гаднаас ямар нэгэн урсгалаар эх орон руугаа орлого оруулж байгаа нь ойлгомжтой.

-Хүний нутгийн сайн, муу гээд аль алиныг нь л үзэж яваа байх. Та жишээ нь  аялж явахдаа сэтгэл өвтгөмөөр бас дүүрмээр ийм зүйлүүдтэй олон таарсан байх. Монгол хүмүүсийн Өмнөд Солонгос дахь амьдралын бодит дүр зургийн тухайд л асуух гээд?

-Нийт 7-8 хотоор хүмүүстэй ярилцаад, гэрэл зураг аваад явахад энэ хүмүүсийн хамгийн хэцүү зүйл нь тэдний сэтгэл зүйн асуудал гэдгийг маш сайн анзаарсан. Эдгээр хүмүүс өөрийгөө амьд байлгахын тулд өөрөө өөртэйгөө тэмцэлдэж, энэ бүх зовлонгийн дунд ганцаараа хэрнээ бусдад зүгээр юм шиг харагдуулах гэж жүжиглэж байгааг нь харах үнэхээр хэцүү байдаг. Жишээ нь, гэрэл зурагт хүний нүд хэзээ ч худал хэлдэггүй. Мөн хүн юу гэж ч худлаа хэлж болох ч үйлдэл бол үгүй. Тэр хүн хичнээн гоё сайхан хувцас өмсөж ирээд надтай ярилцлаа ч түүний байр байдал, биеийн хэлэмж зэргээс бүх зүйл тодорхой мэдрэгдэж, анзаарагддаг. Бас ярьж байгаа зүйлийнх нь цаанаас ямар ч хүнд итгэх итгэлгүй болсон нь ойлгогддог. Учир нь дандаа хууртагдсан, хүнд монжуулсан, Монголд байгаа хүмүүст залилуулсан, хохирсон ийм кэйсүүдтэй. Энэ зүйлсийг нь уулзаад биеэр сонсоход үнэхээр гуниг төрдөг. Бодит байдалд гадагшаа гарсан энэ хүмүүсийг эх орондоо байгаа монголчууд л их эвдэж, зэвүүн, муухай хүн болгодог юм байна гэж ойлгосон.

Нөгөө талаас энд буюу нэг улсад амьдардаг зовлон нэгтэй монголчууд өөрсдөө биесээ хохироож, солонгосчуудад матах зэрэг болж бүтэхгүй муухай бүхнийг нутаг нэгтэндээ гаргадаг. Монголчуудын хүний нутагт бие биенээ чадаад байгаа энэ байдал нь үнэхээр таалагддаггүй. Миний уулзсан хүмүүсийн 90 хувь нь дандаа хулхидуулж, луйвардуулсан тухайгаа яридаг.

Үүнээс гадна гэр бүлийн асуудлаас үүдэн энд байгаа хүмүүсийн сэтгэл санаа маш хүнд байдалд байдаг. Гэр бүлээ бүтэн авч үлдсэн тохиолдол ховор. Ихэнхдээ салсан, өөр хүнтэй харилцаа үүсгэсэн, хуурсан гэх мэт асуудлууд нийтлэг. Хатуухан хэлэхэд ариун цагаан хайр дурлал гэдэг кино, ном зохиолд л байдаг гэх хандлагатай болсон байдаг.

Мөн энд байгаа Монголчуудын амиа хорлолтын талаар сүүлийн үед нэлээд зүйлс сонсож байна. Оюутнууд болон энд ажиллаж байсан хүмүүс амиа хорлосон олон тохиолдлууд байдаг юм байна.

-Бид нэгэнт эх орондоо амьдарч чадаагүй ч хүний нутагт нэгнээ ашиглаж ашиг олох нь хүйтэн санагддаг-

-Солонгосчуудын монгол хүнд хандах хандлагын тухайд та юу гэж хариулах вэ. Угтаа бол манай улсын болон бусад гадны улс орны иргэдээр л хөдөлмөрийн гол хүчээ сэлбээд буй ард түмэн биз дээ?

-Мэдээж солонгосчууд бидэнд ингэж ханддаг гээд шууд тодорхойлох боломжгүй. Хүн амьдарч байгаа улс орондоо хууль ёс зөрчихгүй, дэг жаягийг нь мөрдөөд хүн ёсоор амьдрахад хэн ч ад үзээд, ийм тийм гээд байхгүй болов уу. Учир нь энд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн олон мянган хүн бий. Бидий жаргал, зовлон тэднийхтэй өнгө ижил л гэсэн үг. Тиймээс бүх зүйл хувь хүн өөрөөс л шалтгаална. Олон дунд сайн муу хүн байхыг алийг тэр гэх вэ. Ажиллаж байга газартаа үнэлэгддэг, хүний итгэлийг олсон, улсынхаа нэрийг ч гаргаад явж буй монгол залуус олон бий.

-Солонгосын цагийн ажлыг үнэлэх үнэлэмж таалагддаг. Гэхдээ хүний хөдөлмөрийг шударгаар үнэлдэг гээд шууд дүгнэж болох үгүйг мэдэхгүй юм. Энэ тухайд?

-Солонгосчууд хуулийг ягштал мөрддөг ард түмэн. Тиймээс хүнийг ажиллуулчихаад хөлс мөнгийг нь өгөхгүй эсвэл дутуу олгох ч гэдэг юм уу ийм асуудал гаргадаггүй, хүний хөдөлмөрийг үнэлж чаддаг. Хамгийн чухал нь ажилд орохынхоо өмнө гэрээ хийх эсвэл маш сайн ярилцаад цалин хөлсөө тохиролцох нь зөв. Хэлний мэдлэггүй бол заавал өөр учир мэдэх хүнээр яриулаад ойлголцохгүй бол асуудал үүсэх тохиолдол мэдээж гарна.

Харин монголчууд нэгнээ ажилд оруулахдаа хэлний мэдлэггүйгээр нь далимдуулж ажил олгогч болон ажилд оруулж өгч байгаа хүн хоёртойгоо өөр өөрөөр яриад дундаас нь ашиг олж хуурдаг ийм тохиолдлууд олон гардаг. Энэ бол нөгөө л нэг яриад байгаа монголчууд хүний нутагт биесээ муухайгаар ашиглаж ашиг олж байгаа нэг хэлбэр л дээ. Бид нэгэнт эх орондоо амьдарч чадаагүй ч хүний нутагт нэгнээ ингэх нь хүйтэн санагддаг.

-Манай улсын иргэд ажиллахаас гадна суралцдаг. Тухайн улсын боловсролын систем манайхаас хэр зөрүүтэй юм бол?

-Боловсрол бол мэдээж амин чухал гол судас нь. Жишээлэхэд элсэлтийн шалгалт болох өдөр бусад бүх ангийг амраадаг. Замын цагдаа нар зам чөлөөлөхөөс гадна шалгалтаа өгөхөөр явж буй хүүхдүүдэд тусладаг. Тэр өдөр улс нийтээр энэ хүүхдүүдийн төлөө санаа тавьдаг гэж хэлэхэд хэлсдэхгүй. Энэ жижиг жишээнээс л тухайн улс боловсролд ямар өндөр ач холбогдол өгдөг вэ гэдгийг ойлгож боломжтой. Ахлах, дунд ангийнхад гэрийн даалгавар өгөхгүйгээс гадна хичээлээр дамжуулан тэдний амьдралд хэрэг болох ахуйн шинжтэй дадлуудыг зааж сургадаг. Жишээ нь хоол хийх, юм оёх зэргээс эхлээд амьдрал дээр гарахад хэрэг болох бүхий л зөв, хэрэгтэй дадлуудыг заадаг. Тиймээс энэ улсын хүүхдэд боловсрол олгож байгааг гол зорилго нь зөв эрүүл, бие даасан хувь хүн төлөвшүүлэх явдал юм. Энэ жишээнээс л манай улсаас хэр зөрүүтэй нь анзаарагдах байх.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-03 10:50

Ямар их гүн гүнзгий бодлыг тээж харуулсан ярилцлага вэ баярл�##�аа

Зочин
Зочин
2022-12-03 10:50

Olon zaluuus ene niitleliig unshaasai

Зочин
Зочин
2022-12-03 10:51

Сэтгэлд нэг юм бодогдуулахаар сайхан чрилцлага болжээ. Гадагшаа явна гэхээр л манайхан гоё сайхнаар төсөөлж мөнгөний д�##�айд очиж бгаам шиг санадаг �##�иваа юм эрээн бараантай шүү дээ

Зочин
Зочин
2022-12-03 10:53

Mongoliin maani ediin zasag sergej eh orondoo ezen shig ajillaj amidrahsan gsn moroodol min hezee bueleh ym boldoo

Зочин
Зочин
2022-12-03 11:33

Монголдоо байж эх орондоо хувь нэмэрээ оруулъя гадаадад хичнээн мөнгө олоод яахав эрүүл мэнд гэр бүлээрээ хохироод ирдэг

Зочин
Зочин
2022-12-03 13:15

Мундаг сэтгүүлч байна. Үүнийгээ нэвтрүүлэг болгож ТВ -ээр гаргах хэрэгтэй байна. Тэгвэл дараагийн хүмүүст сайнаар нөлөөлнө шүү дээ. Ядаж амьдр�##�аа үрэхгүй шүү дээ.

Зочин
Зочин
2022-12-03 14:17

Мундаг. Бүсгүй нөхөртэй юу? Айнннн

Зочин
Зочин
2022-12-03 14:24

гүүүэээ болдогсон бол олон хүнд умшуулахсан дотор нэг юм тээглээд хэцү болчлоо

Bodol
Bodol
2022-12-03 17:20

Teged avsan zurgnuda orulahgui urigu l surtchlsn um shg nitlel nolchihsn ymuda.

Буяа
Буяа
2022-12-04 18:16

Case gj yarij bichihee l bolichih

Холбоотой мэдээ

Back to top button