Хуйрнан шуугивч хусран унаж буйгаа нийтээрээ мэдэрчээ
Парламентаа түшиглэсэн эл сонсгол нь манайдаа шинэ. Анх 2015 онд баруунаас хуулийг нь “хуулж” батлаад, Хөгжлийн банкны кэйс дээр энэ онд ганцхан удаа ашигласан. “Хуулийн дагуу” зохицуулагдсан гэх боловч нөгөө л тогтсон замбараагүй байдал, самраа технологиуд нь явсан. Энэ удаагийнх хоёр дахь нь юм. Өчигдөр олон үзэгдэл болсныг хүмүүс янз бүрээр тайлбарлана байх. Би бас тайлбарлах аваас,
Парадокс: Нирхийтэл дуулалдаж, орилолдох нүцгэн эрчүүд
Ордны баруун хаалганы гадна нүцгэлсэн 17 эрэгтэй эх орны тухай дуунууд дуулж, очоод өнгийхөд яг битүү галт тэргэнд яваа мэт спирт, хулмас сэнгэнэж байлаа. Хэн ч ирээд харсан, энэ нь нэг огшмоор. Айдас төрүүлмээр. “Тэр Л.Оюун-Эрдэнэ нь гараад ирчхээсэй” гэж бодогдмоор. Тийм нөлөөллийн орон зай үүсгэж чадав. Жагсаал 18 дахь өдрөө үргэлжилж, олон хэлбэршлүүд задарчихсан учир хүйтнээр шууд нүцгэлэх нь төсөөлөөгүй зүйл байв.
Гэвч Л.Оюун-Эрдэнэ гарч ирсэнгүй. Тэдний барьсан тактик нь, нүцгэн эрс ордон руу нэвтэрч, дотоод бужигнаан үүсгэн, тийн цэрэг цуух нэмэлт оруулж, ингээд ордноо дотроосоо хамуулчих эрсдэлтэйг тооцоо биз. Төрийн гурван өндөрлөг өчигдөр сайтар бүгэв. Хариунд хариу үл үзүүлэв.
Оролцогчдыг ангилахад,
“Хар масс”: “Би Солонгос явсан ахыгаа санаад байна, уулзмаар байна”
Нэг залуу ингэж орилсон. Ерөөс үдээс өмнөх оролцогчид нийгмийн уур бухимдлаа индэр лүү харж байгаад, агсарч асгав. Муйхар шинжтэй, агсамналыг үгийг хурал даргалагч С.Чинзориг гишүүн эхэндээ их л хүлээцтэй сонсож суусан юм. Энэ хэсэгт үг хэлсэн хүмүүс яг юунд ирээд байгаагаа сайн мэдэхгүй ч нэлээд олон хүнийг шууд дүүжлэн хорооход бэлэн байв. Энэ бол улс төрчдийн юунхан хээхнээр аргалж, хөнгөн хуймгай болгож ирсэн олон нийтийн төлөөлөл байлаа.
Төрийн субьектүүд: Шинэ юм юу ч ярьдаггүй ЗГ, УПЕГ, АТГ, УИХ, ЭТТ
Төрөө төлөөлөгсөд ээлжилж гарч ирээд, pdf танилцуулга хийцгээв. Тэнд нь, Ажнай Д.Бат-Эрдэнийнхэн ЭТТ-гоос үндсэндээ нүүрс “туусан” гэдгээ хүлээн зөвшөөрч, 69 мян.тонн нүүрс буулгаж өгсөн. Нийт 340 мян.тонн төлөлт хийгдэнэ гэсэн Б.Жавхлан сайдын мэдээлэл л шинэ өнцөг байлаа. Өөрөөр, хэвлэлүүд базаад агуулгаар нь гаргачихсан. Жиргээгээр нэг хөвчихсөн тоон дүнгүүд байв. Хууль, хяналтын томчууд нь Х.Баттулгаас өөр ямар ч субьектив улс төрч нэрлэсэнгүй. Нэг иймэрхүү л байдлаар тэд олон нийтдээ хандаж, аргалж ирсэн жишгээ давтлаа.
Парламент: Хэдэн бөөрөнхий,сул гишүүд суулгаж, дүр эсгэв
Парламентаа түшиглэж, нээлттэй сонсголоо явуулж мөртөө хуруу дарж тоглоод, хожигдсон хэд нь ирж байгаа гэлтэй. Хэдэн сулхан гишүүд ирцгээв. Таван хүн тутамд нэг УИХ-ын гишүүн үг хэлэхээр тооцсон ч Х.Өнөрболор тэргүүтнүүд тэмдэглэлийн дэвтэр харж байгаад, романтизм хөвүүлэв. Яг асуудалд прагматик хандсан гишүүн байсангүй. Шалгагдах нэрсэд зарлагдаж, шар нь баахан гозойсон Ш.Раднаасэд харин хэдэн “хорлогчин”-гийн асуулт шидээд, хариултаа авч чадалгүй өнгөрөв.
Мэргэжлийнхэн: Тэтгэвэртээ гарсан ахмадууд, хуульч, эдийн засагчид ЗГ-ыг шүүмжилсэн нь арай “дөнгүүр”
Үдээс хойшдоо тэтгэвэртээ гарсан татварын байцаагч, уул уурхайн мэргэжилтнүүд ярихдаа одоогийн явуулж буй ЗГ-ын операциудыг шүүмжилсэн нь эрүүл шинжтэй байв. Гэхдээ тэдний ярианы нийлэмж нь, орон нутгийн Тавантолгойд ЗГ-аас БЭТ томилсныг буруутгасан нэг зааг дээр нийлээд байсан нь хардлага төрүүлэв. Хуульчид, эдийн засагчдыг харьцангуй эрүүл дууграх болов уу гэсэн хүлээлт байсан авч Х.Батсууриас бусад нь массив поп дүнгүүдээр бүүлэх гэж оролдоцгоов. Ерөөс мэргэшсэн улсуудынх нь нийлэг дүр төрх гэлтэй, энэ нь.
ҮЭ, Иргэний нийгмийн байгууллагууд: Тэднээс юу ч хүлээлтгүй болсон мэт
Нийгмийн нийтлэг эрх ашиг зөрчигдөхөд уг нь тэдний төлөөллүүд хамгийн чухал орон зайг эзэлмээр. Гэвчиг иргэний нийгмийн байгууллагад төлөөлөгчид микрофон дээр баахан агсам тавьчхаад л буугаад байв. 2000-аад оноос хойших эл байгууллагын төлөөллүүд эхэндээ улс төр, хуулийн хүрээний айлгалттай нүүр тулдаг байсан бол одоо шударгаар ханьсан нэгдэж, шантаажилж, харилцан тохиродог хэлбэр лүү нэгэнт оржээ. Тэд яг масс шигээ “Дүүжлэн хороо” гэсэн муйхар технологиор л асуудалд хандаж байгаа харагдав.
Сэхээтнүүд хаачив: Уур амьсгалыг чиглүүлэгсэд алга байв
Заалнаас босоод яг энэ нийгмийнхээ эвдрэлийг маш системтэйгээр, логиктойгоор тайлбарлачих. Түүнийг “Тийм дээ” гээд хүлээн зөвшөөрчихөөр тархитай хүн байсангүй. Жишээ нь, олон жил энэ гажуудлыг ярьж яваа Т.Баярхүү, судлаач Ганаа, С.Молор-Эрдэнэ, нийтлэлчдээс хэдэн дөнгүүр нь хүрч ирээд, үг хэлэх 50 хүнд бүртгүүлчхээгүй байв. Тиймээс сонсгол хийж буй гэх заал ямар ч шийдэлгүй. Харааж загнасан, анархист орчин ноёлсоор, сонсголоо өндөрлүүлэв. Гэхдээ анхаарч сонсвол хэдэн залуус сайхан үг хэлсэн шүү.
Гэхдээ нийтээрээ юуг хүлээн зөвшөөрөв
Одоо энэ асуулт дээр төвлөрье. Хэдий заалаараа нэг хуйрнан шуугьж, байсхийгээд л өдөөн хатгасан дэггүй хүмүүс бужигнуулчих гээд байсан ч нийтээрээ “болохоо байчихсан”-аа бол хүлээн зөвшөөрсөн уур амьсгалтай байв. Үүнд, хэд хэдэн агуулга багтаж байна.
- Нэг. Улс төр бүхэлдээ хулгайч хүмүүстээ нэгэнт живсэн. Гэхдээ энэ удаагийн акциар айхавтар өөрчлөлт гарахгүй. Бүгд бөөрөнхийлж, хэсэг сүржигнээд зогсчих нигуртай. Хуулийнханд ихээхэн эргэлзэж байна.
- Хоёр. Бид ерөөс явсаар 1990 оны Ардчилсан хувьсгалаасаа ч ухарчихсан гэмээр системийн ялзралд орчихсон. Тогтолцоогоо өөрчилж, бүхлээрээ солигдохоос нааш энэ засрахгүй.
- Гурав. Эрх баригчид, улс төрчдөд итгэх иргэдийн, олон нийтийн итгэх итгэл хэсэгтээ сэргэхээргүй, нам унажээ. Одоо эрс өөрчлөлт эс хийвээс жагсаал, эсэргүүцлийн салхи тасрахгүй юм байна.
- Дөрөв. Нийтээрээ энэ өрнөж буй тэмцлийг анхааралтай ажиглаж, оролцох чин хүсэл төрийн албан хаагчдад ч өндөр байсаар байна. 1990 оны Ардчилсан хувьсгал лугаа үр дүн хүсэгчид асар олон байна.
- Тав. Яг органик, сэтгэл зүрхээрээ тэмцье, жагсая гэх нийтийн урсгалыг медиа дээр хэт хөөсрүүлж, араар нь үүнийг сарниах, дэвэргэх, тодорхой субьектүүд рүү чиглүүлэх арга технологиуд явсаар байгааг оролцогчид хүлээн зөвшөөрсөн аястай байв.
Сэтгүүлчийн тэмдэглэл: Өглөөний бужигналтаас эхлээд л сонсголоос тодорхой үр дүн хүлээлтгүй дүр зураг бүрдсэн. Америкийн парламентад янз бүрийн сэдвээр байнга өрнөж байдаг, тогтчихсон сонсголыг манайх энд хийх гэж хөгөө хөлдөө чирч байгаа юм. Гэхдээ л жагсаалын хэлбэршлийг ухаалаг алхам руу оруулах гэж үзснийг яавч буруутгаж болохгүй мэт санагдана.
Эерэгжүүлж харахад, сонсголыг хийчихсэн нь сайн хэрэг. МҮОНРТ орон даяар шууд дамжуулан цацаж, муу нэртэй хэвлэлүүд нь маш сайн дамжуулж, сэтгүүлчид нүүр хуудас, жиргээгээр мэдээлэл хүргэсээр өнжлөө. Олон нийтээрээ үүнийг анхаарч сонслоо. Энэ өдөр сайтар бүгж нуугдсан Төрийн гурван өндөрлөг нь ч тэр, уур амьсгалаас тус бүрдээ дүгнэлт хийгээ биз ээ.
Бид “Яана даа” гэмээр хуйрнан шуугилдсаар яваа нь үнэн хэдий ч нөгөө талдаа хусран цэвэрлэгдэх ёстойгоо хүлээн зөвшөөрч чадсан байна. Ингэж дүгнэж болохоор нийгмийн уур амьсгал бүрдэтлээ, хүлээн зөвшөөртлөө, тэсэртлээ 30 жил жонхуурлын замаар давхицгаан билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.