Рэвью: “Сайн хүн”-ийг эрсэн хүн
УДЭТ-ын уран бүтээлчид өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас Б.Брехтийн “Сычуаны сайн хүн” гротеск драмын жүжгийг үзэгчдэд хүргэсэн. Тус уран бүтээлийг өнөөдөр тоглоод, хөшгөө хаана.
-“Сычуаны сайн хүн”-ий “эзэн”-
“Сычуаны сайн хүн” жүжгийг Э.Ёндоншарав найруулсан. Тэрбээр өмнө нь УДЭТ-ын тайзнаа Ардын жүжигчин А.Очирбатын “Буруугуй буруутан”, Грекийн Афинд Еврипидийн “Электра”, ОХУ-ын Москва хотод М.А.Булгаковын “Морфий”, Украйнд М.Камолеттийн “Бойнг Бойнг”, Завхан аймагт “Жангар” жүжгийн ерөнхий найруулагч, Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжигт ассистент найруулагчаар ажиллаж байв. Харин “Сычуаны сайн хүн” жүжиг түүний ОХУ-ын ГИТИС буюу Театрын урлагийн академийг дүүргэснээсээ хойш найруулж, үзэгчдэд хүргэсэн эхний уран бүтээл.
-Хов хоосон, хав хар тайз-
Жүжгийн ерөнхий зураачаар Анна Гребенникова ажилласан байна. Тэрбээр тус жүжгийн ерөнхий найруулагч Э.Ёндоншаравын хамт ОХУ-ын ГИТИС-ийг дүүргэжээ. Түүний урласан тайз хов хоосон хийгээд хав хар. Гэсэн атлаа тэнд бүх зүйл харагдана. Бас жирийн л хог, новш мэт харагдах зүйлсийг тэрбээр энд тайз болгоод "хувиргачихсан". Тийм л сонирхолтой, содон шийдлийг үзүүлжээ. “Театрт уран санаа илэрхийлэх ёстой болохоос биш гоёчилж харуулах шаардлагагүй” гэдгийг “Сычуны сайн хүн”-ээс харж болохоор байв.
-Эсрэг, тэсрэг дүрүүд-
Эл жүжгийн үйл явдал Сычуан мужийн нэгэн хотод өрнөнө. Энэ хотод ард иргэдийн гомдол цөхрөл, мөлжлөг тасраагүй бөгөөд хүн төрөлхтөн хүнлэг ёс, нинжин сэтгэлээ аль эрт алджээ. Эндэхийн ядуусын хороололд Шэн Ти гэх бүсгүй аж төрнө. Харин түүнийг хайрт залуу Ян Сунаа орхин, Шуй Та гэгчийн дүрд тоглон, зүсээ хувиргасныг хэн ч мэдэхгүй.
Найруулагч гол дүр Шэн Тидээ жүжигчин Т.Хуланг сонгосон. Харин түүний сэтгэлт хархүү Ян Сунд жүжигчин Н.Ялалт, Ян Суны ээж хатагтай Янд Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Н.Сувд тоглов. Бусад дүрд Ж.Пүрэвдорж, Б.Эрдэнэцэцэг, О.Гэрэлсүх, Г.Отгонцэцэг, М.Тогтохжаргал, Д.Мөнх-Од, О.Долгор, Д.Хосбаяр, Г.Алтангэрэл, Г.Номуун, Б.Шинэбаяр, Г.Ганбат, И.Дашнамжил нарын туршлагатай уран бүтээлчид болон залуу жүжигчид хамтран тогложээ. Гэхдээ зарим туслах дүрийн сүүдэрт гол дүр бүдгэрэх нь жаахан харамсалтай л харагдаж байлаа.
-Б.Брехтийг “барьсан” шалтгаан-
Найруулагч Э.Ёндоншарав “Б.Брехтийн жүжиг үнэнээс чухам үнэнийг шигшин үзүүлдэг, уран бүтээлчдийг хамтран үнэний эрэлд мордох сэдэл өгч урин, дууддаг. Тийм учраас тайзны уран бүтээл нь гүн ухаан, цаг хугацаа орон зайн нэгдэлд үзэгчийг аваачин аялуулдаг онцлогтой” хэмээсэн.
Б.Брехт нь туульсын гэж нэрлэдэг эпос театрын тухай ойлголтыг үндэслэгч. Шүлэг, яруу найргаар уран бүтээлийн замналаа эхэлж улмаар зохиолч, тэр дундаа жүжгийн зохиолч, яваандаа найруулагч, цаашлаад театрын шинэ арга зүй боловсруулагч болсон түүний туульсын театрын арга барилаар бүтээсэн хамгийн алдартай жүжиг нь “The good person of Szechwan” буюу “Сычуаны сайн хүн” юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.