“Улаан байшин”-д амилуулсан гунигт хайрын түүхүүд
УДЭТ-ын уран бүтээлчид ирэх гуравдугаар сард үзэгчдийг гунигт хайрын түүхүүдээр “аялуулах” нь. Тодруулбал, У.Шекспирийн “Ромео, Жульетта”, Л.Толстойн “Анна Каренина” сонгодог жүжгүүдийг ирэх сард дахин хүргэхээр болжээ.
-Гэгэлгэн Ромео, Жульетта хоёр-
“...Верона
хотын хүндэт гэр бүлийнхэн
Удмын өс хонзонгоо цусаар будав.
Тэрслэгч овгуудын үрс хоорондоо
дурласан ч
Уй гашуудлын үр тарьж, удам угсаагаа үгүй хийв.
Чулуу дэрлэсэн хүүхдүүдийнх нь тавилан
Чуулсан гэр бүлүүдийн хонзонг эцэслэх эхлэл болсон түүхтэй...”
Дэлхийн утга зохиолын ноён оргил У.Шекспирийн “Ромео, Жульетта” зохиолоос сэдэвлэсэн балет, дуурь, жүжиг, уран сайхны кино олон. Манай улсад анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэн найруулагч Хүүхэд залуучуудын театрт эл жүжгийг тавьж, Ромеод жүжигчин У.Готов, Жульеттад Б.Энхтуяа тоглосон юм. Үүнээс 30 жилийн дараа Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Ч.Найдандорж УДЭТ-ын тайзнаа эл жүжгийг шинэчлэн дэглэж, жүжигчин О.Гэрэлсүх, Г.Алтанбагана, И.Одончимэг, Г.Урнаа нар гол дүр бүтээсэн. Түүнчлэн уг зохиолыг хөгжимт жүжиг хэлбэрээр “Сонгодог мюзик” продакшны захирал З.Лхагвадорж найруулан 2013 онд олны хүртээл болгосон бол балетмейстер Х.Гансүрэн 2001 онд ДБЭТ-ын тайзнаа неоклассик маягаар үзэгчдэд хүргэж байв. Мөн 2019 онд “Их эзэн хааны театр”-ынхан “Ромео, Жульетта” сонгодог бүжгэн жүжгийг олонд толилуулсан.
2015 онд Төрийн шагналт Н.Наранбаатар УДЭТ-ын урын санд “Ромео, Жульетта” жүжгийг орчин үеийн тавилттайгаар найруулан нэмж, залуу жүжигчин Б.Шинэбаяр, О.Дөлгөөн нарыг олонд таниулж байлаа. Тэгвэл эл жүжгийг ирэх сард дахин шинэчилж хүргэхдээ үзэгчдийг шинэ Ромео, Жульетта хоёртой “уулзуулах” гэнэ.
Верона хотод эвлэршгүй дайсагнасан Монтекки ба Капулетти гэх язгууртан хоёр овгийнхон аж төрнө. Хувь заяаны тохуурхлаар өст гэр бүлүүдийн хүүхдүүд дурлалцсанаар “Ромео, Жульетта” жүжгийн үйл явдал өрнөдөг. Гэнэн томоогүй Жульетта, эрс шийдэмгий Ромео нарын гал мэт дүрэлзсэн хайр тэднийг нөгөө ертөнц рүү авч одно. Харин дурлалт хосын үхлээр хоёр удам эвлэрэх ёстой байж.
Үнэнч шударга, эр зориг, эрх мэдэл, атаа хорсол, өс хонзон, хайр сэтгэлийг өгүүлэх эл жүжгийн гол дүр, тун удахгүй 14 нас хүрэх Жульетта бол өсвөр нас болон том хүн болох ээдрээт зааг дахь дүр. Уг дүрээс гэнэн томоогүй байдал, хүүхэд зан, цэвэр ариуны бэлгэдэл харагдана. Харин Ромео хайр сэтгэлийн талаар багагүй туршлагатай, бага зэрэг хөнгөн явдалтай нэгэн. “Тиймээс ч У.Шекспир насны нэг мөчлөгөөс нөгөө рүү алхаж буй Жульеттадаа зовлон зүдгүүр, хатуу хөтүүг үүрүүлснээр амьдралын мөн чанарыг дүрээрээ дамжуулан бэлгэдсэн” гэж театр судлаач Тим Зингер бичсэн нь бий.
-Алексейд дурласан Анна-
Л.Н.Толстойн “Анна Каренина” романыг хайр дурлалын сэдэвтэй гэдэг боловч үнэндээ зохиолч тухайн үеийн Оросын нийгмийн амьдралыг олон талаас нь дүрслэн гаргаснаараа онцлог. Хүний эрх, анги давхаргын ялгаа, боловсрол, хөдөлмөрийг үнэлэх нийгмийн хандлага зэрэг олон асуудал хөндсөнийг уншигчид мэдэж буй биз. Түүнчлэн зохиолын гол баатруудын сэтгэл зүй, зөрчил, эвлэрэл зэргийг гайхалтай урнаар дүрсэлсэн.
Дэлхийн олон орны театрын тайзнаа “амилж”, дэлгэцэд мөнхөрсөн эл зохиолыг үзэгчдэд хүргэхээр найруулагч Н.Наранбаатар 2017 онд зориглосон ч 2020 онд үзэгчдэд хүргэсэн юм.
Хоёр бүлэг, 20 үзэгдэлт эл жүжигт хэдийгээр гурван гэр бүлийн ээдрээтэй түүхийг харуулах боловч бүх дүр, тэдний сэтгэл зүйн мэдрэмж, хоорондын зөрчилдөөнийг нийгмийн сайн, муу талаас нь хөнджээ. Харин найруулагч эмэгтэй хүний эмзэг нандин чанар, хайр сэтгэлийн төлөөх тэмцэл болон гэр бүл, хосуудын харилцаа, амьдралын тухай өгүүлэх энэхүү жүжгийг гол дүрдээ Н.Баярмаа, Т.Сэргэлэн нарыг онцолж, тоглуулсан.
Анна эгээ л элбэг хангалуун айлын гэрт торонд гоёо болон байдаг тоть шиг. Ах нь эхнэртэйгээ муудалцан, салж сарнихдаа тулах үед Аннагаас тусламж хүсэхэд тэрбээр Петербургээс Москвад ирж эвлэрүүлнэ. Харин энэ үедээ үе тэнгийн Вронский хэмээх сайхан залуутай таарч, сэтгэл алдарч эхэлнэ. Улмаар уулзаж учирдаг болж, галзууртлаа дурлана. Нэр төрөө юунаас ч илүү чухалчилдаг чинээлэг, хичээл нөхөр нь Аннаг бүхнийг хүлцэж, худал хуурмагт тэлэхийг хүснэ. Харин үхэн хатан дурласан хархүү нь түүнийг дүрэлзтал асаачихаад унтрааж орхино. Эцэст нь Анна хань ч үгүй, хархүү ч үгүй үлдэнэ чинээ санасангүй. Түүнд амиа егүүтгэхээс өөр зам үлдсэнгүй.
“Анна Каренина” жүжигт УДЭТ-ын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ, дээр нь театр урлагийн сургуулийн оюутнуудаар хүч нэмсэнээр 70 гаруй жүжигчин оролцсон юм. Түүнчлэн эл уран бүтээл нь Монголын театрын түүхэнд хамгийн өндөр өртгөөр бүтсэн жүжгүүдийн тоонд ордог аж. Ташрамд дурдахад, суут зохиолч Ф.М.Достоевский 1877 онд “Анна Каренина” романы талаар “Зохиолчийн өдрийн тэмдэглэл”-дээ “Европын уран зохиолтой харьцуулшгүй бүтээл” гэж дүгнэсэн байдаг ажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Марзагнахаа болицгоо .
...