СПОРТ

Аваргууд онцгойрч, цолгүй бөх цойлдог туулай жилийн сар шинийн барилдаан

XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх Усан туулай жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан хэдхэн мөчийн дараа эхлэх гэж буй цаг мөчид энэхүү уламжлалт барилдааны түрүү булаасан бөхчүүд, туулай жилийн барилдаанд түрүүлэгсдийн онцлогийн талаарх мэдээлэл цуглуулснаа хүргэж байна.

Монгол Улс Цагаан сарыг албан ёсоор тэмдэглэж эхэлсэн жил нь 1963 оны туулай жил байсан бөгөөд анхны тэр барилдаанд Монгол Улсын Дархан аварга Жигжидийн Мөнхбат заан цолтойдоо түрүүлж, Улсын аварга Ч.Бээжин арслан цолтойдоо үзүүрлэж байв. Түүнээс хойш туулай жилийн наадам таван удаа тохиоход

  • 1975.02.11. Дархан аварга Х.Баянмөнх/у.а Ч.Бээжин
  • 1987.01.29. Улсын начин О.Балжинням/д.а Д.Цэрэнтогтох
  • 1999.02.14. Улсын заан А.Сүхбат/д.а Б.Бат-Эрдэнэ
  • 2011.02.02. Аймгийн арслан Ш.Мөнгөнбаатар/у.ар Х.Мөнхбаатар

Эндээс харахад, туулай жилийн наадамд дархан аварга түрүүлдэг, эсвэл тодордог, нэг бол улсын цолгүй бөх түрүүлэх магадлал байдаг нь харагдана.

Цагаан сарын барилдааныг бөх сонирхогчид, бөхчүүд тухайн жилийнхээ өнгийг тодорхойлдог гэж үзэн өргөнөөр оролцож, үнэн хүчээ үзэж барилдагаараа онцлогтой. “Найраагүй” ганц барилдаан хэмээн алдаршиж байсан нь ч бий.

Цагаан сарын барилдаанд түрүүлсэн бөх тухайн жилийнхээ улсын баяр наадамд амжилттай барилдаж цол чимгээ ахиулдаг бичигдээгүй хууль тогтсон.

Туулай жилийн сар шинэд түрүүлсэн бөх наадамд

  • 1963 он. Ж.Мөнхбат түрүүлж,
  • 1975 он. Х.Баянмөнх түрүүлж,
  • 1987 он. О.Балжинням зургаа давж шөвгийн наймд үлдэж,
  • 1999 он. А.Сүхбат тав даван шөвгийн 16-д үлдэж тус, тус цол, чимгээ ахиулж байв.

2011 оны түрүү Ш.Мөнгөнбаатар л тухайн жил болсон тэгш ойн жил, 1024 бөхийн барилдаанд шөвгөрч чадаагүй байна. Гэхдээ хожим улсын харцага хэмээх сайхан цолд хүрч үзэгчдээ баясгасан билээ.

1963 оны сар шинийн барилдааны үзүүр бөх Ч.Бээжин наадамд тав давсан бол 1975 оны үзүүр Ж.Мөнхбат тэр жилийнхээ наадамд Х.Баянмөнхтэй дахин үзүүр түрүүнд үлдсэн, 1987 оны үзүүр бөх Д.Цэрэнтогтох наадамд Х.Баянмөнх аваргатай үлдэж үзүүрлэсэн амжилт гаргажээ /1987 оны наадмын түрүү барилдааны талаар олон аман яриа бий/. 1999 онд үзүүр булаасан Б.Бат-Эрдэнэ аварга наадмаар түрүүлж, шөвгийн дөрөвт үлдсэн Г.Өсөхбаяр наадмаар мөн ажилтаа давтсан байна.

2011 онд шөвгийн дөрөвт үлдсэн бөхчүүдээс улсын арслан Х.Мөнхбаатар зургаа давж шөвгөрсөн бол улсын начин А.Цацабшир зургаа давж харцага, аймгийн арслан Ж.Чулуунбат тав давж начин цол хүртсэн байдаг.

Эндээс харахад туулай жилийн сар шинийн барилдаан нь бусдынхаа нэгэн адилаар аваргууд онцгой сайн барилддаг, тодордог /1963 оны үзүүр бөх улсын арслан Чойжилын Бээжин, 1987 оны түрүү бөх улсын начин О.Балжинням нар хожим улсын аварга болцгоосон/ шинжийг хадгалахын зэрэгцээ, улсын цолгүй залуу бөх дээгүүр барилдаж их шөвөг, түрүү, үзүүрт хүрэх магадлалтай байдаг зүй тогтол ажиглагдаж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button