Сурвалжилга, Нийтлэл

Сэтгүүлчийн тэмдэглэл: Нялхас баярлаж, өтгөс налайх хөдөөгийн цагаан сар

Төрсөн гэр, төрүүлж өсгөсөн ижий аавдаа золгохоор нутгаа зорив. Хайртай бүхэн минь тэнд хүлээж буй гэж бодохоор дотроос яарах сэтгэл учиргүй түрнэ. 1000 км-ийн алсад дүнхийх буурал Булнайн нуруу, түүнээс эх аван урсах эх оронч Тэсийн гол, дуунд мөнхөрсөн Бүстийн цэнхэр нуур бол Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сум.

Би өглөөний 08 цагт нутаг явах унаандаа суулаа. Машины хөгжим их чанга юм. Жолооч ах түүнийгээ давж ярих учир хотын зах хүртэл хэсэг тухгүйтэв. Хотоос гараад 20-иод километр  явах хугацаанд хэд хэдэн дуу солигдов. Түүний дотор Хүн уул нэртэй нэгэн дуу ихэд сонсголонтой аж. Анх удаа сонсоход чихэнд ингэж наалдах дуу ховор. Тэрхүү дуунд,

“Алсын алсаас аяны зам зурайж

Амин хайртай нутаг минь, хүүгээ тосно оо

Аавын минь үнэрт салхи сэтгэлд ханхийгээд

Аньсгандаа нулимстай таньдаа л яарна аа

Сайхан буурал аавыгаа зүрхэндээ тээгээд

Саруул талаараа салхи татуулан явна аа

Хан-Уул шиг нөмрийг тань хүү нь үгүйлнэ ээ

Хамгийн дулаан сэтгэлт хүн уул юм аа та” хэмээн дуулна. Энэ бүтээл яах аргагүй хэн бүхний сэтгэлд аавыг нь урин дуудаж, дурсан дуулж өгөх нэг тийм амьтай гэмээр.

Замын турш урд хойноо орон давхилдах олон хүн нэг л зорилготой яарна. Тэд хайртай бүхэн рүүгээ, хагацан үдсэн ч тэднийгээ оршоосон төрсөн нутаг руугаа ийн хурдална. Ингээд бодохоор цагаан сар гэдэг мөнх бусын өмнө уулзуулж, мөр бүтэн явахын сайхныг мэдрүүлдэг баяр аж. Ийн бодолхийлсээр явтал нэг л мэдэхэд 1000-аад км давхижээ. Завхан аймгийн Тосонцэнгэл сумыг өнгөрч төрсөн нутгийн зах Согоотын даваа руу өнгийв.

Манай нутагт өвөлдөө 30-120 см-ийн зузаан цас тогтож, 30-47 градус хүрч хүйтэрдэг эрс тэс уур амьсгалтай. Малчид жил бүр өвлийг зүтгүүхэн давж, отор нүүдлээр явах нь элбэг. Харин энэ өвөл өмнө жилүүдийг бодвол өнтэй. Долоон ес эхэлчихээд байхад цавчир онгойж байвал их юм гэж ярьцгаадаг нутгийн хөх өвгөчүүл ам сайтай. Учир нь хаврын урь эрт орж, цас ч хайлаад эхэлжээ. Тиймээс нялх ногоо цухуйж, төлийн дуу цангинах энүүхэнд.

Ийм л хавраар гэрийнхээ гадна буулаа. Тосгоны хөл хөдөлгөөн нэмэгджээ. Улаанбаатар дугаартай машинууд давхилдаж, ойр хавийн айлууд цагаан сарын бэлтгэлээ базаагаад тун завгүй.

Шинийн 1-ний өглөө, нар харах ёсон

XVII жарны Үзэсгэлэн болгогч хэмээх усан туулай жил. Цагаан сарын шинийн 01-ний өглөөн наран 08 цаг 30 минутад мандлаа. Эртлэн боссон хүмүүс, хүүхдүүд нар харахаар уул, овоондоо гарах агаад нар мандахаас өмнө арц, хүж уугиулж, цай сүүнийхээ дээжийг өргөн, овоогоо нар зөв гурвантаа тойров.

Удалгүй уулсын зулайгаар сар шинийн анхны наран өнгийж, цугласан олон өндөр дуугаар хурайлах нь сүрдэм. Энэ наранд хүслээ шивнэж, тухайн жилийнхээ ажил үйлсийг, гэр бүлээ хамтатган даатгах нь ихэд сайн хэмээн бэлгэшээдэг. Мөн шинийн нэгний өглөөн нарыг харах нь эр хүний аз хийморийг дууддаг хэмээн бэлгэддэг тухай учир мэдэх нутгийн хүмүүс хэлж байв.  

Эдгээр хүмүүсээс аавыгаа, ахыгаа дагаж нар харахаар ирсэн морьтой багачууд сэтгэгдэл төрүүлнэ. Тэд алсдаа энэ сайхан монгол уламжлал, өв соёлоо улам бүр ойлгож, суралцана гээд бодохоор хайрлам. Хөдөөд өсөж буй энэ л багачууд ахуй соёлоо дээдлэх, ондоошилдоо эзэн байх гээд олон үүргийг хүлээдэг гэмээр. Тухайлбал нар харах ёс, дээлээ хэрхэн өмсөх, морио зөв эмээллэх мөн хөөрөглөх ёсны тухайд ч тэд сайн мэддэг болжээ.

Малчны хотонд цагаан сар

Малчдын хувьд өвлийг өнтэй давсан ч хаврыг хорогдолгүй давах хүнд даваа үлдээд байгаа тухай хэлж байлаа. Учир нь цас эрт хайлж, мал төллөх үеэр амны ундгүй болох эрсдэлтэй, мөн зуны улиралд өвс сайн ургаагүй тул малын бэлчээр хомс. Тиймээс хавар уртсаж, мал хуй зутруухан зунтайгаа золгох болов уу хэмээн хашир малчид ярьж байв. Тэд баярын өдрүүдэд ч ийн хэдэн малынхаа төлөө л гэж суудаг нь гайхмаар. Угтаа бол үр хүүхдийнхээ л төлөө жилийн дөрвөн улирлын турш зүтгэж буй хэрэг. Тэдний амь амьдралаа залгуулж буй гол зүйл мал учраас л тэр.

Эднийд морьтой залуус золгож ирсэн нь ихэд содон санагдав. Учир нь сүүлийн арваад жил хөдөөд морь унах хүмүүсийн тоо багасаж мотоциклоор хонь малаа хариулах нь хэвийн үзэгдэл болсон. Тэгвэл энэ байдалд шинэ, залуу үеийн малчид шүүмжлэлтэй хандаж, морио унахыг илүүд үзэх болжээ. Тэд цагаан сар, баяр наадмын өдрүүдэд зөвхөн мориороо гангардаг биш бүхий л үед морио унахыг чухалчлах хэрэгтэй болсон цаг үе гэдгийг хэлж байв.

Тэдний төлөөлөл болгож залуу малчин О.Адъяанямтай ярилцсан юм.

-Яагаад малчин болохоор шийдсэн бэ?

-Би есдүгээр ангиа төгсөөд сургуулиас гарсан. Мал маллаад долоон жил болж байна. Хүн бүр дээд боловсрол эзэмших албагүй. Гэхдээ хэрэггүй гэж хэлж байгаа хэрэг биш шүү. Дуртай зүйлээ олж хийх л хүний амьдралын хамгийн зөв зам гэж боддог. Ингэж чадвал ямар ч хүн сайхан амьдрах бүрэн боломжтой санагддаг. Тиймээс л би малчин болохоор шийдсэн.

-Чиний үеийн залуус хөдөөд олон байна уу?

-Би одоо 22 настай. Миний үеийн залуус хөдөөд олон биш ээ, гэхдээ бий бий. Нийгэм цаг үе өөрчлөгдөж залуус өндөр боловсрол эзэмшихээр нийслэлийг зорих нь элбэг болсон. Аав ээжүүд нь ч хүүхдээ дээд боловсролтой болгохын төлөө энд их хичээдэг. Манай нутаг хүйтэн, эрс тэс уур амьсгалтай. Сүүлийн хэдэн жил өвөл зүтгүү, хүндхэн болдог болсон. Үүнийг дагаад хорогдол гардаг. Мал хорогдоно гэдэг малчин хүний хувьд хүнд даваа, эрсдэл. Тиймээс мал маллаж өсгөнө гэдэг улам л хэцүү болж байна гэдгийг хэрсүү малчид ойлгож хүүхдүүдээ дээд боловсрол эзэмшүүлэх тал дээр түлхүү анхаардаг болсон тал ажиглагдаад байгаа юм.

-Залуус амьдралд шантраад эсвэл болж бүтэхгүй зүйлтэй тулаад, няцаад ирэхээрээ малчин л болъё гэж хэлж байгаа сонсогддог. Энэ тухайд юу гэж боддог вэ?

-Таагүй гэх юм уу ойлгомжгүй санагддаг. Мал маллах амаргүй. Малчдын хөдөлмөр хамгийн хэцүү, цаг наргүй. Хүн бүр малчин болж чадахгүй шүү дээ. Тиймээс ингэж хэлдэг хүмүүс малчдын амьдралыг мэдэхгүй, ойлгоогүйдээ л амар юм шигээр ярьдаг байх.

-Энэ өвлийг хэрхэн давав. Зүтгүү жил байв уу?

-Сайхан жил гарлаа. Цас их унаагүй, хүйтний хувьд ч боломжийн гэж хэлж болно. Эд хүйтний үеэр л ялимгүй зүтгэсэн. Өмнө жилүүдэд манай нутагт ийм өвөл тоотой л болж байсан. Жил бүр цас их унадаг, хүйтэн. Намрын цагт өвс муу ургасан, хадлан тэжээл бага бэлтгэсэн бол мал ихээр хорогдох эрсдэлтэй. Одоо ч ингээд хавар хаяанд ирлээ дээ.

-Урь орж удахгүй дулаарах нь. Хавар бол малчин хүнд жаргал мэдрүүлдэг хамгийн сайхан улирал гэж хэлж болох байх?

-Удахгүй мал төллөж эхэлнэ. Нялх төлөө хүлээж авах гэдэг малчин хүний хувьд сайхан мэдрэмжүүдийн нэг. Сүрэг олон болж өөрөөр хэлбэл бүл нэмж байна гэсэн үг. Энэ бол өвлийг өнтэй давсны баяр юм уу даа. Би тэгж л ойлгодог, сайхан ч байдаг.

-Би сүүлийн таван жил хөдөөд айлуудаар морьтой золгуут хийж яваа чиний үеийн залуусыг хараагүй юм байна. Сайхан санагдлаа?

-Жил бүрийн цагаан сараар морьтой айлчин хийдэг. Тухтай байдаг. Морьтой хүн хаа ч хүрэх боломжтой. Тиймээс хамгийн сайхан унаа. Харин сүүлийн арваад жил манай нутгийнхан мотоцикл түлхүү унах болсон. Мотоциклоор малаа хариулж, адуундаа явах гээд хөл дүүжлэх гол унаагаа болгосон гэж хэлж болно. Нэг талаараа мотоцикл давуу талтай хэдий ч монгол ахуйтай нийцдэггүй. Гэвч хүмүүсийн хэрэглээг буруутгах аргагүй. Тиймээс л бидний үе хичээх ёстой юм шиг санагддаг. Ядаж л дүү нартаа үлгэр болно шүү дээ.

-Өнөөдөр хэдэн айлд золгов. Уйдах завгүй л өдөр өнгөрч байна уу?

-Малаа хариулангаа дөрвөн айлаар буулаа. Ирж байгаа цаг гэж сайхан дулаарч байна. Мал маллаж байгаа хүнд ямар ч үед уйдах зав олддоггүй. Өчигдөр хийсэн ажлаа өнөөдөр ахиад л эхнээс нь хийдэг. Хийх ажил мундахгүй их шүү дээ. Жилийн дөрвөн улиралд л ийм байдаг.

-Хөдөө эзгүйрлээ гээд л их ярих болжээ. Жишээ нь чи энэ нутагтаа эзэн нь биз дээ?

-Энэ ойлголт өрөөсгөл санагддаг. Бид уламжлалаа орхиогүй цагт хөдөө нутаг эзэнтэй хэвээр л гэж бодож явдаг. Бидний бусад үндэстнээс ялгардаг онцлог бол нүүдэлчин соёл, уламжлал. Энэ уламжлалаа хадгалах нь бидний үүрэг юм. Нөгөө талаар эх нутагтаа эзэн байх гэдэг ойлголт хол ч гэсэн сэтгэлдээ багтааж, тээж явдаг, холоос зориод ирдэг хүмүүсийн сэтгэл гэж боддог. Энэ бүхэн нийлээд л хөдөөд эзэн болдог байх. Бид бол бусдын л адил амьдралаа дагаад малаа өсгөж, хайрлаж яваа малчин хүмүүс. Энэ заяандаа баярлаж явдаг. Хүн бүрт олдохгүй жаргал байх. Хөдөө шиг сайхан газар үгүй. Эзгүй айл шиг орхиж болохгүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
хүннү
хүннү
2023-02-27 14:27

Мундаг ухаантай з�##�уу билээ. Гэтэл 2-3 дипломтой нөхдүүд үүн шиг сэтгэн бодож чадахгүй л байгаа юм даа. Хаана юугаа сурдаг байнаа? Сургууль, багш нарын муугийх байх даа.

Зочин
Зочин
2023-02-27 22:33

Цагаан сар гэж цаанаа ихээ утга учиртай сайхан баярдаа

Зочин
Зочин
2023-02-28 10:50

Ер нь бол эм хүнд бол ядаргаатай баяр. Ажил �##�ба мэт өөрийн дураар амарч болдоггүй зарцын ажил хийж амрах өдрүүдээ өнгөрүүлэх сайхйн биш. Эрэгтэй хүмүүс юу ч хийхгүй зүгээр л сууж байдаг. Үүн дээр нэмээд хөгшин өвчтэй бол ядраад дуусна

Зочин
Зочин
2023-02-28 10:56

Баяр амр�##�т гэдэг бол ямар ч хүн өөрийн дураар байж амарсан болох байх. Энэ бол хуучнаар уул овоотахих баяр ингэж нэгнийдээ цугладаггүй ууланд идээгээ авч гараад дуусахаар нь ноё хатан хоёр буцаагаад хишиг хүртээж хуваарилдаг байсан байх. Манжийн дарл�##�д орохоор хамаагүй тэгж болохоо больсон тул гэр гэртээ ард иргэд нь аргацаадаг болсон байх

Зочин
Зочин
2023-02-28 11:02

Би лав золголтын мөнгө аваагүй. Ямар хүн хүнтэй мөнгө авч мэндэлдэг ? Тэнэг хэрэг. Хар ухаанаар боддоо. Харин зарим хүмүүс архи биш сүү авчирсанд дотроо т�##�архсан. Бид архи уудаггүй тул хийх газар олдохгүй хаядаг. Гэтэл хүмүүс тэр архиа хөлсөө дуслуулж хөдөлмөрлөсөн мөнгөөрөө авдаг байх. Мөнгөө хаяулах уу өөртөө үлдээх үү өөрөө л мэднэ.

Холбоотой мэдээ

Back to top button