Ипотекийн зээлийн хөлд үрэгдэж буй ЖДҮ

Ажиглаад байх нь ээ, энэ жилийн цагаан сар ЖДҮ-ийг олигтой дэмжсэнгүй. Баярын наана олон нийтийн сүлжээнд олон иргэд үндэсний үйлдвэрлэлээ дэмжих санаачилга гаргаж, бүгд дэмжсэн ч баярын зардлын ихэнхийг эзэлдэг бэлэг сэлтийн тал дээр лав хэрэгжсэнгүй, ихэвчлэн мөнгөн тэмдэгт солилцов. Дээр нь, оны эхнээс төлж эхэлсэн ипотекийн зээлийн эргэн төлөлт ЖДҮ эрхлэгчдийг эргээд боомилж эхэлнэ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд гарсан эерэг өөрчлөлт аажмаар үгүй болох замдаа гарчихаад байна.
Өдгөө 100 шахам мянган өрх айл сар бүр 500-2 000 000 төгрөгийг ипотекийн зээлийнхээ эргэн төлөлтөд зарцуулж байна гэсэн үг юм. Иргэд орлогынхоо 45 хүртэлх хувийг зээлийн эргэн төлөлтөд тушааж байна.
Тэдгээр айл өрх бараг бүгд хэрэглээнээсээ хасахаас өөр аргагүй байдалд орсон хүмүүс байгаа юм. Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн төлөөлөл н.Гантөмөр, н.Бат-Энх, Д.Оюунгэрэл нараас “Эргэн төлөлтөө хэрхэн зохицуулж байгааг асуухад бүгд “Илүү зардлаа хассан” гэж хариулсан юм. Идэж уух, өмсөх зүүхээ хямгадаж, гадуур хооллохоо больсон гэх нь ч байв. Эндээс харахад иргэд жижиг дунд үйлдвэрлэгчдийг тэтгэдэг байсан мөнгөө ипотекийн зээлээ төлөхөд зарцуулж байгаа нь тодорхой байгаа юм.
Тиймээс ЖДҮ-д санаа зовох, басхүү бодлогоор дэмжих зайлшгүй шалтгаанууд байгаа юм.
Иргэдийн орлого, инфляци
Жижиг дунд үйлдвэрүүд үйл ажиллагаа иргэдийн орлогоос шууд хамааралтай. Гэтэл инфляцийн түвшин энэ оны эхний сарын байдлаар 12.3 хувьтай гарсан байна /ҮСХ-ны мэдээлллээр/. Иргэдийн халаасан байсан 100 төгрөг 87.7 төгрөг болсон гэсэн үг. Энэ мөнгө нарийндаа мөн л жижиг дунд үйлдвэрлэгчдэд очих ёстой байсан мөнгө.
Иргэдийн халаасыг сэгсрэх зорилготой хууль тогтоомжууд
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Нийслэлийн татварын тухай хууль, нийтийн тээврийг шинэчлэх төсөл гээд төрийн оролцоотой хийгдэж байгаа ажлуудын дотор торгууль шийтгэлийг нэмэгдүүлсэн, иргэдийн халаасыг “сэгсрэх” зорилготой журам дүүрэн байна.
Төр засгийн зүгээс иргэд рүүгээ чиглэсэн “хорон” дайралтуудыг олон нийтийн эрх ашгаар түрий барин хийж байгаа юм. Үүний үр дүнд цугласан мөнгө улсын төсөвт ордог, гэтэл төсвийг УИХ, Засгийн газрын гишүүд мөн л олон нийтийн эрх ашгаар түрий барьсан "үнэгүй" гэх тодотголтой олон арга хэмжээнд хуваарилахаар хүлээж байна.
Энэ мэтчилэнгээр иргэдийн халааснаас гарч байгаа илүү зардал болгон жижиг дунд үйлдвэрлэгчдэд тодорхой хэмжээгээр нөлөөлж байна гэж үзэх үндэстэй.
ЖДҮ-ээ хэрхэн аврахын тулд яах ёстой вэ
Улс орны эдийн засгийг хүнтэй зүйрлэвэл банк зүрх нь юм. Харин мөнгийг цустай, жижиг дунд үйлдвэрийг хялгасан судастай зүйрлэж болно. Мөнгө бол хий дэмий хадгалагдах ёсгүй, байнга эргэлдэж, ашиг олж байх ёстой гэдэг хуулийг бүгд мэддэг. Тэгвэл тэр мөнгийг хамгийн хурхдан эргэлдүүлж, хамгийн эцсийн хэрэглэгчдэд хүргэдэг салбар нь жижиг дунд үйлдвэрлэл юм. Хүний хялгасан судас битүүрч, тасарвал захын эрхтнүүд үхжилд орно. Тиймээс Жижиг дунд үйлдвэрлэлийн салбарыг дэмжих шаардлагатай. Харин яаж вэ гэдэг дээр боломжтой хэд, хэдэн хувилбар бий.

Эдгээрээс дотооддоо үйлдвэрлэж буй зарим нэр төрлийн бүтээгдэхүүний импортын татварыг нэмэх нь нэг гарц байж болно.
Зарим улс дотоодын үйлдвэрлэгчид, зах зээлээ хамгаалахын тулд өөрсдөө үйлдвэрлэж чадаж байгаа бүтээгдэхүүнээ гаднаас авахыг хориглох, квот тогтоох зэрэг арга хэмжээг авдаг. Гэвч үүнийг анзаарсан экспорт голлосон эдийн засаг бүхий өндөр хөгжилтэй улсууд Дэлхийн худалдааны байгууллагыг байгуулснаар ийм боломжийг үгүй болгосон юм.
Гэхдээ манай улсын импортын татвар энэ хэмжээнээсээ үргэлж доогуур, 5-10 орчим хувьтай байж ирсэн. Тиймээс импортын татварыг байж болох хэмжээнд нь тултал нэмэгдүүлэх нь жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих нэг гарц байж болно.
Иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, ажлын байрыг хадгалж үлдэх
Засгийн газар Нийгмийн зөвшилцлийн гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, цалин тэтгэврийг нэмэх шаардлагатай. Иргэдийн орлого нэмэгдэж байж үйлдвэрлэлийн салбараа тэтгэнэ. Нийгмийн зөвшилцлийн гурван талт гэрээнд өмнө нь нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 192 200 төгрөгөөр тооцож төлөх замаар иргэдийн гар дээр очиж байгаа орлогыг нэмэгдүүлэх заалт тусгагддаг байсан. Гэсэн ч банкны лизинг, зээлд хамрагдахад нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг гол үзүүлэлт болгодог болохоор зээл авахаар төлөвлөж байгаа иргэд төдийлөн хүчилдэггүй байв.
Тэгвэл энэ жилээс ажилтанд олгосон цалингийн төгрөг бүрийг тооцож, шимтгэл авахыг шинэ хуулиараа баталгаажуулсан нь иргэдийн гар дээр ирэх орлого нэмэгдэхгүйн дээр, ЖДҮ эрхолэгч, ажил олгогчид дарамт нэмчихсэн.
Эдийн засаг нь уналтад орсон улс орнууд үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих замаар хямралыг гэтэлсэн байдаг. Экспортын гол бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэ унаж, ойрын үед сэргэхгүй нь тодорхой болж байна. “Ядаргаа ясандаа тулна” гэдэг шиг “Хойд хормогоороо урд хормойгоо нөхөж” яваа ААН-үүд хаалгаа барих дээрээ тулжээ. Тиймээс Засгийн газар “Сүх далайтал үхэр амар” гэгчийн үлгэрийг үзүүлж, ард түмнээ үхэртэй зүйрлэлгүйгээр хямралын бодлогодоо яаралтай орох хэрэгтэй байна.
-Тариаланчдад жил бүр үзүүлдэг хөнгөлөлтөө нэг удаа жижиг дунд үйлдвэрлэгчдэд үзүүлье л дээ-
Монгол Улс газар тариалангийн салбараа стратегийн хэмээн тодотгож, жил бүр элдэв төрлийн хөнгөлөлт, зээл, урамшуулал үзүүлдэг. Банкнаас авсан зээлийнх нь хүү алдангийг төлж байсан ч удаа бий. Тэгвэл уналтын ирмэг дээр ирчихээд байгаа жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт нэг удаа энэ тусламжийг үзүүлж яагаад болохгүй гэж. Эдийн засаг зогсонги байдалд орсон гээд зээл, бусад өр төлбөрийн хүү зогсохгүй нь ойлгомжтой шүү дээ. Ипотек гэхчлэн төрөөс явуулж байгаа бодлогууд дам утгаараа жижиг дунд үйлдвэрлэгчдийг хүндрүүлж ирсэн.
“Ипотекийг зээл цаашид үргэлжлүүлнэ” гэж ярьж байгаа нь “Жижиг дунд үйлдвэрлэлийг цаашид устгана” гэж ярьж байгаатай ялгаагүй сонсогдох болж. Тиймээс тусгай бодлого гаргаж, жижиг дунд үйлдвэрлэлийн салбараа авч үлдэх нь зүйтэй болов уу.
Хямралыг давах хамгийн зөв гарц нь тухайн аж ахуйн нэгж хэвийн үйл ажиллагаагаа явуулах байдаг. Эдийн засаг хямарсан ч үйлдвэрлэлээ бууруулахгүй. Ингэснээр тухайн үйлдвэрийн ажилчид ажлын байраа хадгална, олдог орлогоо олно, орлого хэвийн учраас хэрэглээгээ ч хэвээр хадгална.
Ийм байдлаар эдийн засгийн хүндрэлийг давсан орноор Германыг нэрлэж болж байна. Тэд хямралын үед автомашины үйлдвэрүүддээ маш их хэмжээний хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж олгож, татварын хөнгөлөлт үзүүлэн бүх талаар дэмжсэнээр эдийн засгаа авч үлдсэн.
ОХУ ЖДҮ эрхлэгчдэд тулгарч буй хамгийн том хүндрэл нь түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг нь юм байна гэж дүгнээд ЖДҮ эрхлэгчдэд өөрийн гэсэн үйлдвэрийн байртай болоход нь зориулж ипотекийн зээл маягийн хөнгөлөлттэй зээл гаргаад явж байна.
Тэгвэл манайд том, том үйлдвэр, цогцолборууд цөөн. Хамгийн бага зардлаар хамгийн олон ажлын байр үүсгэдэг салбар нь жижиг дунд үйлдвэрлэгчид л байна. Тиймээс энэ салбарт анхаарлаа хандуулж, туслах асуудалд төр засгаас анхаарлаа хандуулах цаг нь ирээд байна. Эс тэгвээс жижиг дунд үйлдвэрийн салбар дампуурч, улс орон цаасан дээрх хэдэн том төсөлтэйгөө л үлдэж магадгүй болжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.