
Япон улсын нийслэл Токио хотноо 2020 онд болох Олимп, Параолимпын наадамд оролцох Монголын баг тамирчид, дасгалжуулагчийн ёслолын болон спортын хувцасны загвар гаргах уралдаан зарлалаа.
Энэ хүрээнд БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр болон яамны Биеийн тамир, спортын бодлогын газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар болон Соёл, урлагийн бодлогын газраас монголын загвар зохион бүтээгч, хувцас урлал, сургалтын байгууллагын багш, оюутан зэрэг хувцас загвар, дизайны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг уран бүтээлчдийг хүлээн авч, загвар сонгон шалгаруулалттай холбоотой санал солилцсон юм.
Уулзалтад Монголын дизайнеруудын холбоо, Монголын дизайн урлагийн академи, Оёдлын салбарын нэгдсэн холбоо, Шилмэл загвар ХХК, СУИС, ШУТИС, Урлах Эрдэм Дээд сургууль зэрэг мэргэжлийн сургууль, холбоод, төрийн болон төрийн бус байгууллага, хувцас урлал, зохион бүтээгч, үндэсний үйлдвэрлэгч, хувь уран бүтээлч, судлаач багш оюутнууд оролцож санал бодлоо хуваалцав.
Уулзалтад оролцогчдын санал зөвлөмжийг тусган БСШУСЯ-наас энэ сарын 5-наас эхлэн Монголын баг тамирчид, дасгалжуулагчийн ёслолын болон спортын хувцасны загвар сонгон шалгаруулах уралдааныг албан ёсоор зарлаж, уралдааны удирдамжийг яам, агентлагийн албан ёсны вэб хуудсанд байршуулаад байна.
Д.НАРАН









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.