НИЙГЭМНийгэм ярилцлага

С.Амарзаяа: Хүүхэд үг хэлж хэлд ордог бол би дохиогоор хэлд орсон

Монгол Улсын Боловсролын Их Сур­гуулийн Сэтгэл судлалын ангийн оюутан С.Амарзаяаг урин ярилцлаа. Тэрбээр Увс аймгийн цор ганц дохионы хэлмэрч юм. Түүнтэй дохионы хэл болон сонсголын бэрхшээлтэй хүмүүст тулгардаг асуудлын талаар ярилцлаа.

-Анх хэрхэн дохионы хэл сурч байсан бэ. Энэ талаар ярилцаж яриагаа эхлүүлье?

-Анх хэзээ сурсан бэ гээд бодоод үзэхээр яг сурсан цаг хугацаа гэх зүйл байхгүй. Учир нь би ухаан орсон цагаасаа л дохионы хэл сурсан байлаа. Ямар нэгэн ид шид, онцгой чадвар бол биш шүү дээ. Би амьдралын шаардлагаар дохионы хэл сурсан. Гэр бүлийнхэнтэйгээ харьцахын тулд дохионы хэлийг бие маань балчир байхаас л сурсан гэж хэлэхэд илүүдэхгүй. Одоогоор 21 жилийн турш дохионы хэл ашиглаж байна. Хүүхэд багадаа чулуу гэх үгийг хэлж хэлд ордог бол би дохионы хэлээр хэлд орсон.

-Гэр бүлийнхэнтэйгээ дохионы хэлээр харьцдаг гэхээр сонсголын бэрхшээлтэй хүмүүс гэсэн үг үү?

-Тийм ээ. Аавын хувьд төрөлхийн сонсголын бэрхшээлтэй гэж сонсож байсан. Харин ээжийн хувьд Пенициллин Ж гэх тарианы буруу хэрэглээнээс үүдэж хоёр ойтой байх үедээ сонсголын бэрхшээлтэй болсон гэдэг юм билээ.

-Одоо аав, ээж тань аймагтаа танигүйгээр төрийн үйлчилгээ авах нийгмийн амьдралд хэрхэн оролцож байгаа вэ?

-Би доороо хоёр дүүтэй. Дүү нар маань эв эрүүл хүүхдүүд бий. Тэд надаас дутахааргүй дохионы хэлээр сайн ярьдаг болсон. Одоо аав, ээжтэй хамт байгаа. Хоёр дүү маань арав болон есөн настай. Одоо дүү нар аав, ээжийн хэлмэрч хийгээд, хүмүүст тусалж байгаа.

-Увсад одоогийн байд­лаар хэчнээн сонсголын бэрхшээлтэй хүмүүс байдаг вэ. Тэр бүх хүнтэй харьцаж байсан уу?

-Нийт 280 орчим байдаг гэсэн. Миний мэдэхээр аймгийн төвд 30 орчим бий. Одоо нэмэгдсэн эсэхийг сайн хэлж мэдэхгүй байна. Тэдгээр 30 орчим хүнтэй бол бүгдтэй нь харилцдаг. Аймгийн төвийн сонсголын бэрхшээлтэй иргэдээс бусад хөдөө, сумын хүмүүсийг бол сайн танихгүй. Гэхдээ тэдгээр суманд амьдардаг сонсголын бэрхшээлтэй хүмүүс ажлаар, эмнэлэгт үзүүлэхээр, сонгуулиар аймгийн төв рүү ирэх үед тусалж, дэмжиж, хэлмэрчийг нь хийж өгдөг.

-Сонсголын бэрхшээлтэй хүмүүс нийгмийн амьдралд хэрхэн оролцдог вэ. Тэдэнтэй хамгийн ойр байдаг хүний хувьд энэ талаар ярихгүй юу?

-Тэдгээр хүмүүс ямар нэгэн байдлаар нийгмийн амьдралд оролцоход хүндрэлтэй зүйлс бий. Эсрэгээрээ асуудалгүй зүйлс ч байгаа.

Жишээлбэл, төрийн үйлчилгээ авахад хамгийн хүндрэлтэй. Сонсголын бэрхшээлтэй хүмүүс төрийн үйлчилгээ авах шаардлагатай байна шүү дээ. Тэднийг төрийн үйлчилгээ авах үед байгууллагуудад ядаж нэг хэлмэрч хэрэг болдог. Гэтэл хэлмэрч байдаггүй. Тусгай хэрэгцээт хүмүүс ялгаагүй хүн шүү дээ. Тэдэнд зориулсан ганцхан ч болтугай хэлмэрч байлгаасай хэмээн хүсдэг.

Хэлмэрч байхгүй учраас ямар нэгэн үйлчилгээ авч чаддаггүй хүмүүст тусалж би хэлмэрчийг нь хийж өгдөг юм. Гэвч  гурав байсан ч ялгаагүй, гуч байсан ч ялгаагүй шүү дээ. Би бүгдэд нь байнгын хэлмэрч хийж өгөөд байх боломжгүй.

Тиймээс тэдгээр хүмүүсийн эргэн тойрны ах дүү, хамаатан садангууд нь хагас дутуу ч хамаагүй хэлмэрч хийж өгдөг. Энэ бол тэдний нийгмийн амьдралд оролцох оролцооны нэгээхэн хэсэг юм.

-Увс аймагт байдаг цорын ганц дохионы хэлмэрч юм билээ. Өмнө нь ямар нэгэн байдлаар мэргэжлийн хэлмэрч байгаагүй юу?

-Одоогоор бол надаас өөр байхгүй. Өмнө нь бол дохионы хэлмэрч байсан юм билээ. 2015-2018 оны хооронд хэлмэрчтэй байсан. Гэвч тэр хүн нь сүмд хамааралтай, сүмийн хэлмэрч байсан юм. 2018 оноос хойш хотод байгаа гэж сонссон. Гэхдээ мэргэжлийн хэлмэрч хүн нэг ч байхгүй. Би өөрөө ч мэргэжлийн хэлмэрч хүн биш шүү дээ. Зүгээр л олон жил дохионы хэл ашигласан хүн. Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар эсвэл Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар зэрэг аль ч байгууллагад дохионы хэлмэрч байхгүй.

-Сонсголын бэрхшээлтэй хүмүүст зориулан нэн тэргүүнд хийх шаардлагатай зүйлийг ямар ажил байгаасай хэмээн бодож байгаа вэ?

-Хамгийн их шаардлагатай зүйл бол хэлмэрчдийг бэлтгэх явдал юм. Бүхий л албан байгууллагад хэлмэрч хэрэгтэй шүү дээ.

Нэгдүгээрт, хувийн байгууллага биш юм аа гэхэд ядаж мэдээ мэдээллийн суваг бүр хэлмэрчтэй болоосой хэмээн хүсдэг. Тэдгээр хүмүүс мэдээ мэдээллийг авах шаардлагатай. Мэдээлэл хүлээн авах олон төрлийн суваг байна шүү дээ. Зөвхөн тэдгээр хүмүүс мэдээлэл хүлээн авахдаа хязгаарлагдмал байж болохгүй.

Хоёрдугаарт, эмнэлэг, цагдаа, банк болон хуулийн салбарын байгууллагууд зайлшгүй хэлмэрчтэй болох хэрэгтэй. Өвдөөд эмнэлэгт очиход хэлмэрчгүй бол яах вэ. Амиа ч алдаж мэднэ шүү дээ. Асуудалд ороод цагдаагийн газарт очиход хэлмэрч байхгүй учраас яаж ойлголцохоо ч мэдэхгүй.

Тиймээс л байгууллагууд шат дараатайгаар хэлмэрчтэй болвол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нийгмийн оролцоог бага багаар хангаад явж буйн илрэл болно.

-Чамтай холбогдоод дохионы хэл суръя гэх хүмүүс бий юу?

-Олон хүн холбогддог л доо. Гэхдээ одоогоор сургууль болон ажлаасаа болоод тэдэнд зааж өгч чадахгүй байна. Халдварын улмаас хөл хорионд орохоос урьтаж “Хөгжлийн тулгуур” гэх бүлгэм байгуулсан. Тэр бүлгэмдээ хичээлээ хангаттай сайн орж чадаагүй. Хагас хугас л сургалт орсон. Анхан шатны мэдээллийг л орсон доо. Мөн хүмүүст сургалт оръё гэхээр танхим байхгүй нь хамгийн том асуудал юм. Тиймээс хүмүүстэй тулж ажиллах боломжгүй.

Увс аймагт байх үед ч ялгаагүй анги танхим байдаггүй байсан. Анги танхим гаргаж өгөхөөр бол нэгээс хоёр сарын хугацаатай л байдаг байлаа. Гэхдээ дохионы хэл заадаг их сургууль байдаг юм билээ. МУБИС-д тусгай хэрэгцээт анги гэж бий. Тэр ангид дохионы хэл заадаг. Энэ ангийг төгсөхөөр тусгай хэрэгцээт хүүхдүүдийн сургууль руу ажиллахаар явуулдаг гэсэн.

-Сонсголын бэрхшээлтэй хүмүүс танаар дамжуулж нийгмийн ямар зүйлийг өөрчлөөсэй хэмээн боддогоо хэлж байв уу?

-Тэдний хувьд олны анхааралд өртөх дургүй. Олон нийт тэднийг харахаараа харь гарагийн хүн аятай гайхаж, гөлөрдөг. Сонсголын бэрхшээлтэй хоёр хүн хоорондоо ярьж буйг ажаад гөлрөөд байдаг хүмүүс эвгүй сэтгэгдэл төрүүлдэг юм. Харсан байлаа ч хараагүй мэт байх хэрэгтэй.

Учир нь тэдгээр хүмүүс зүгээр л хоорондоо харилцаж байна шүү дээ. Олон нийтийн гайхаж, гөлөрч хардаг нь тэдгээр хүмүүсийг доромжилсон, ялгаварлан гадуурхсан, өрөвдсөн мэдрэмжийг төрүүлдэг. Энэ нь их тухгүй байдлыг үүсгэдэг юм.

-Дохионы хэл сурахын тулд хаанаас эхлэх хэрэгтэй вэ?

-Дохионы хэлийг бүрэн гүйцэд сурдаггүй юм аа гэхэд цахим орчноос сайн хайгаад үзвэл олон төрлийн мэдээлэл бий. Хамгийн түгээмэл байдаг нь цагаан толгойн үсгийг гараараа үзүүлсэн зургууд юм. Үсгүүдийг нь сураад гараараа илэрхийлэн үзүүлэх боломжтой. Үсгийг дохиогоор сурахад л тэдгээр хүмүүстэй харилцахад хялбар болно. Анхан шатны 200 орчим үг байхад л харилцахад төвөггүй байдаг. “Танд юугаар туслах вэ”, “Хэрэгтэй зүйл байна уу” хэмээн лавлаж чадахад хангалттай сурсан хэмээн дүгнэж болно. Эхлэхийн тулд үсгийг нь сурсан байхад л болдог.

-Нэг үгийг хэлэхийн тулд үсэг нэг бүрчлэн дүрслэнэ гэсэн үг үү. Мөн түвшнээр ангилаад, анхан шатны 200 үг байдаг хэмээн үздэг хэрэг үү. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?

-Үсэг нэг бүрчлэн дүрслэн харуулж болно. Анх сурж буй хүмүүсийн хувьд үсэг нэг бүрчлэн дүрслэхэд ямар ч асуудалгүй. Гэхдээ нэг дохио зангаа бол үгийн утга агуулж байдаг. Жишээлбэл, болно гэдэг үг байлаа гэж бодъё. Урдаа буй үгийн утгаас хамааран өгүүлбэрт орохдоо болно, болохгүй, болсон, болжээ зэрэг бүхий л утгаа илэрхийлдэг. Нөхцөл хувирах ямар ч хамаагүй гэсэн үг. Үгнийхээ үндсэн утгаар л явдаг. Анхан шатны үг 200 байдаг гэсэн үг биш ээ. Миний хувьд хүмүүст заахдаа л 200 үг байхад анхан шатанд хангалттай юм байна хэмээн бодсон. Тиймээс ч анхан шатны мэдлэгтэй болохыг хүссэн хүмүүст тэр 200 үгийг сайн зааж өгөхөд харилцаанд ороход асуудалгүй байсан.

Харин мэргэжлийн дохионы хэлмэрчид хэрхэн заадгийг хэлж мэдэхгүй байна. Мөн царайны хувиралгүйгээр дохионы хэлийг төсөөлөх боломжгүй. Хүний царайны хувирал, гарын дохио хоёр хосолсон цагт дохионы хэл үүснэ. Царайны хувиралтай байдаг болоод ч тэр юм уу дохионы хэл хамгийн хөгжилтэй хэл юм шиг санагддаг.

-Цаашдаа хэлмэрчтэйгээ холбоотойгоор хийе гэсэн ажил бий юү. Хэлмэрч гэдэг бол таны амьдралын нэг хэсэг болсон зүйл байна шүү дээ?

-Надад нэг том мөрөөдөл бий. Ялгаварлан гадуурхалтыг арилгахыг хүсдэг. Би одоо сэтгэл судлаач мэргэжлээр сурдаг л даа. Сэтгэл судлаач мэргэжлээ тусгай хэрэгцээт хүмүүс рүү чиглүүлэн суралцахыг илүүд үзэж байгаа. Сайн сэтгэл зүйч болоод, том төвтэй болно гэж боддог. Тэр газартаа зөвхөн тусгай хэрэгцээт хүмүүст үйлчилдэг байвал зүгээр байх. Тухайн үед яаж өөрчлөгдөхийг мэдэхгүй ч одоогоор бол ингэж л төлөвлөсөн. Сонсголын бэрхшээлтэй хүмүүсийн сэтгэл зүйг эхэлж засах хэрэгтэй. Эдгээр хүмүүс сэтгэл санаагаар хамгийн их унадаг, хохирдог, шаналдаг юм.

Тиймээс сэтгэлийг нь зассаны дараа шат дараатайгаар тэдэнд зориулсан ажлыг хийнэ гэж боддог. Хүн болгоныг дохионы хэлтэй болгож чадахгүй. Бүгдийг нь дохионы хэл сур гээд сургаж чадахгүй. Тиймээс л тэдэнд зориулсан төвтэй болчихвол илүү хялбар гэсэн үг. Өөр нэгэн бодол бий.

Эмч нар зайлшгүй дохионы хэлтэй байх хэрэгтэй гэж боддог. Сонсголын бэрхшээлтэй хүмүүсийн дийлэнх нь бичиг үсэг мэддэггүй. Мэддэг хүмүүс бий л дээ. Гэхдээ аав, ээжийн үеийнхэн дунд бичиг үсэгтэй хүн ховор байдаг. Тиймээс л хэлмэрч шаардлагатай. Эмч болох гээд сурч байх үед нь сонгох хичээл дунд дохионы хэл гээд оруулчихад болно шүү дээ.

Англи хэл, орос хэл зэрэг хэлүүдтэй адил сонгоод үзэхээр оруулж болно. Эмч нар ирээдүйд зайлшгүй тэдгээр хүмүүстэй харьцах шаардлага тулгарна.

Тэдгээр хүмүүс байнгын хэлмэрчтэй явах бус эмнэлгийн байгууллага нь өөрөө хэлмэрчтэй байвал зохимжтой. Гэхдээ энэ бол жишээ болгож хэлсэн зүйл. Ийм боломж байгаа шүү гэдгийг л хувийн зүгээсээ хэлж байгаа юм. Эдгээр санаанууд минь бүтэх эсэх, хэр алдаа оноотой байгааг судалж, судалгааны ажил хийнэ дээ.

-Сонсголын бэрхшээлтэй хүмүүс дунд бичгийн хэл мэддэг нь тоотой хэд бий хэмээн хэллээ. Тэдний хувьд бичгийн хэл сурах асуудал их байдаг юм болов уу?

-Тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулсан сургууль үйл ажиллагаагаа явуулаад удсан юм билээ. Тусгай хэрэгцээт хүн бүр тэнд сурдаг. 1970-аад оны үед сонсголын бэхшээлтэй хүмүүст зориулсан сургууль байсан гэж сонссон. Яагаад ч юм сурах боломж байдаггүй байсан гэдэг. Түүнээс улбаалан бичиг үсэг сураагүй хүмүүс их. Гэхдээ миний хувьд өөрийн мэдсэн, туулсан жишээнээс хуваалцаж байгаа шүү дээ. Ихэвчлэн ахимаг насны, аав ээжийн үеийнхэнд хэлмэрч хийдэг байсан.

Тэдгээр хүмүүс дунд бичиг үсэгтэй нь ховорхон байсан юм. Ихэнх нь бага боловсролтой гэж явдаг. Магадгүй тэр үед хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг жинхэнэ харь гарагийн хүн шиг хүлээж авдаг байсан байх даа хэмээн төсөөлдөг. Тэр үед сурах боломж хомс байсан гэсэн үг. Одоо бол арай өөр цаг үе. Сурах боломж асар их болсон.

-Одоо үед сурах боломжтой гэж байгаа ч орон нутагт тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулсан сургууль байхгүй шүү дээ. Тийм хүүхдүүд боловсролоос хоцордог болов уу. Танай нутагт энэ тал дээр хэрхэн ажилладаг вэ?

-Тусгай хэрэгцээт хүүхдүүд байгаа. Тэдэнд зориулсан анги Увс аймгийн Ерөнхий боловсролын V сургуульд байдаг гэж сонсож байсан. Очиж бол үзээгүй л дээ. Ням-Очир гээд багш байдаг гэж сонсож л байсан юм. Тэр багш сонсголын аппарат зүүдэг. Гэхдээ ярьж чаддаг. Одоо бол тэр анги байдаг эсэхийг хэлж мэдэхгүй. Мөн Лхагва гээд сонсголын бэрхшээлтэй эгч байдаг. Өөртэй нь ижил төсөөтэй хүүхдүүдэд хичээл ордог байсан.

Бичгийн хэлний хичээл ордог байсан гэсэн үг. Харамсалтай нь аймгаас анги танхим гаргаж өгч, дэмжиж ажиллаагүй. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас нэг анги гаргаж өгч байсан. Гэхдээ удалгүй хаагдсан. Удаа дараагийн иймэрхүү оролдлогууд байгаа хэдий ч тэдгээр хүүхдүүдэд үнэхээр сурах орчин байхгүй байна. Орон нутагт байлаа гээд боловсрол эзэмшихгүй байж болохгүй. Тэдэнд сурах орчин хэрэгтэй байгаа юм.

-Эдгээр хүмүүсийг харах өнцгөө өөрчлөхөд тус болохуйц ямар зөвлөгөө өгөх вэ?

-Сонсголын бэрхшээлтэй хүмүүс хоорондоо харилцах үед нь гайхаж харах нь бүдүүлэг зүйл гэдгийг ахин дурдмаар байна. Жоохон хүүхдүүд харахад зүгээр л дээ. Гэхдээ цэцэрлэгийн наснаас нь хүүхдэд ийм хүмүүс бидэнтэй зэрэгцээд оршдог гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Аль ч төрлийн хүмүүсийг буруутгах боломжгүй. Энэ бол манай нийгмийн өөрийн алдаа. Анхнаасаа нэг ангид хамт суралцах боломжийг бүрдүүлээд өгчихсөн бол магадгүй өнөөдөр ялгаварлан гадуурхах зүйл байхгүй байсан биз ээ.

Аав, ээжтэйгээ хамт гадуур алхахад зах эсвэл гудамжинд байгаа хүмүүс сонин хардаг байсан. Аав, ээж нь ярьж чадахгүй болохоор хүүхэд нь ч ялгаагүй ярьж чаддаггүй гэж боддог юм билээ. Тийм өрөвдсөн, хоорондоо шивэр авир хийн ярих нь таатай зүйл биш. Дохионы хэлээр л хоорондоо ярьж байна шүү дээ.

Англиар, солонгосоор, хятдаар хоорондоо ярьж байгаатай адил. Дохионы хэл бол тэдний харилцааны гүүр. Нөгөө талаас дохионы хэл мэддэггүй болохоор сонирхолтой санагдсандаа тэгж хардаг байж ч болох юм. Мөн манай улсын сургалтын систем их сонин. Бүх сургуульд сэтгэл зүйч байх хэрэгтэй хэмээн үзээд сэтгэл зүйчтэй болголоо. Тэгвэл яагаад бүх сургуульд хэлмэрч байж болохгүй гэж. Тэгэх боломжтой болвол сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд өөрсдийн үеийнхэнтэйгээ зэрэгцэн сурах боломжтой болно гэсэн үг. Заавал тусгай сургууль гэх шаардлагагүйгээр шүү дээ. Тусгай сургууль гэдэг нь өөрөө ч нэг төрлийн ялгаварлан гадуурхалт шиг санагддаг.

Тухайлбал, манай ангид сонсголын бэрхшээлтэй гурван оюутан бий. Бидэнтэй зэрэгцээд суралцаад явж байгаа нь их гоё байдаг. Гэхдээ лекц, семинарын цаг дээр тухайн хичээлийг хийдэггүй. Хараад л өнгөрдөг. Тэднийг буруутгах боломжгүй. Багш лекц, семинараа яриад явж байна гэдэг тэдгээр хүүхдийн сурах бололцоог бүрэн гүйцэд бодолцоогүй байна шүү дээ. Тэдний сурах эрмэлзлийг дэвсэлж болохгүй. Оюутан бүрийн сурах арга барил өөр байдагтай адил зөвхөн сонсголын бэрхшээл гэлтгүй тусгай хэрэгцээт хүмүүсийн сурах арга барил л ондоо байгаа зүйл юм.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button