ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

Эрх баригчдын "Алсын хараа"-д багтсан "Үйлдвэржилт" Демпингийн хуульгүйгээр бүтэхгүй

Монгол Улс түүхий эд экспортлогч орноос үйлдвэрлэгч орон болох зорилт тавиад буй билээ. Тэгвэл энэ чухал зорилт аль ч улс оронд Демпингийн хуульгүйгээр бүтдэггүй аж. Дотоодын үйлдвэрэлээ хамгаалах дархлаа болдог учиртай энэ хуулийг манай улс 2015 онд батлахаар завдаж, УИХ-аар хэлэлцсэн ч тодорхойгүй шалтгааны улмаас батлалгүй хаясан байдаг. Гаднын нөлөө орсон болов уу гэсэн хардлага бий. Тиймээс улс орноо үйлдвэржүүлэх, дотоодын ААН-үүдээ гаднын том тоглогчдоос хамгаалах сонирхол эрх баригчдад үнэхээр байгаа эсэхийг шалгах шалгуур нь энэ хууль ч байж мэдэх юм. Хэрвээ байгаа бол нэгэнтээ боловсруулаад бэлдчихсэн хуулийг УИХ-аар оруулж ирэн батлуулах нь төвөггүй билээ.

Батлахгүй, эс үйлдэл гаргах нь харин үйлдвэрлэлийг хөгжүүлэх, үйлдвэрлэгчдээ хамгаалах сонирхол байхгүйг илтгэнэ. Яагаад гэвэл,"Алсын хараа 2050" хөтөлбөрийн чухал зорилт болох үйлдвэржилт, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодын хэрэгцээгээ хангах, улмаар экспортлогч улс болох зорилт энэ хуульгүйгээр "Үлгэрийн далай" болох юм.

Eguur.mn уншигч та бүхэндээ "Демпинг" гэж юу болох, Демпингийн хууль Монголд яагаад хэрэгтэй талаар мэдээлэл бэлгэн хүргэж байна.

Демпинг бол өрсөлдөгч улсынхаа аж үйлдвэрийг унагаж, өөрсдийн зах зээлээ болгоход ашигладаг арга

Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг өөрийн өртгөөс нь хямд худалдан борлуулахыг “демпинг” гэж нэрлэдэг. Үүнийг “Чөлөөт өрсөлдөөнт эдийн засгийн салшгүй нэг хэсэг” гэж үздэг нэг хэсэг байхад “Шударга өрсөлдөөнийг хязгаарладаг, монополь үүсгэх эрсдэлтэй” гэж үзэн хориглодог нь ч байна. Товчхондоо сайн муу, хоёр талтай бөгөөд демпингийг аж ахуйн нэгж, улс орнууд хэд, хэдэн зорилгоор ашигладаг аж.

Нэгдүгээрт, ШИНЭ ЗАХ ЗЭЭЛ ОЛЖ АВАХ. Чанартай сайн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн улс орнууд тэрхүү бүтээгдэхүүнээ өөр улсад экспортлохын тулд эхлээд тодорхой хэмжээний хэрэглэгчтэй болж, барааныхаа чанарыг мэдрүүлэхийг эрмэлздэг. Тиймээс энэ зорилгодоо хүрэхийн тулд бараа бүтээгдэхүүнээ дотоодын зах зээлээс хямд үнээр нийлүүлдэг байна.

Ингэхдээ компаниудын хүлээж буй алдагдлыг төрөөс татаас өгөх замаар барагдуулдаг учир үйлдвэрлэлээ дэмжсэн алхам болдог. Харин демпингтэй бүтээгдэхүүн худалдаж авч байгаад улсад тухайн бүтээгдэхүүний үнэ унаж, ижил төрлийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид хаалгаа барих хүртэл хүндрэл үүсгэж болно.

Хоёрдугаарт, ӨРСӨЛДӨГЧӨӨ ЗАМААСАА ЗАЙЛУУЛАХ. Тухайн аж ахуйн нэгж ашиггүй, бусад аж ахуйн нэгж алдагдалтай ажиллах нөхцөл үүссэн тохиолдолд энэ аргыг хэрэглэдэг.

Тодруулбал, санхүүгийн хувьд чадамжтай том улс нь ижил төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ч дотоодын зах зээлээ бүрэн хангаж чаддаггүй улсуудад тодорхой хугацаанд үнээ өөрийн өртгөөс нь хямд борлуулж, тухайн улсын зах зээлийг эзлэн, үйлдвэрлэгч компаниудын  өрсөлдөх чадвар нь суларсны дараа үнээ огцом өсгөн ашгаа нэмэгдүүлэх зорилгоос үүсдэг байна.

Дотоодын зах зээлд энэ арга нь монополийг үүсгэх эрсэдэлтэй байдаг бол улс орнуудын төвшинд очихоороо ядуу, буурай эдийн засагтай, аж үйлдвэр хөгжөөгүй талд нь илүү хүнд тусдаг.

Гуравдугаарт, УЛС ТӨРИЙН БОДЛОГО ЯВУУЛАХ. Төрийн бодлогод демпингийг ашигласан хамгийн тод жишээ нь ипотек. Өөрөөр хэлбэл, төр ипотекийн зээлийн корпораци байгуулаад, санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Үр дүнд нь зээлийн хүү буурна. Арилжааны банкууд энэ чиг хандлагыг дагахаас өөр аргагүйд хүрдэг байна.

Банкууд төрийн дэмжлэгтэйгээр зах зээлийн бус хүү тогтоох ч демпингэд ордог. МАХН (одоогийн МАН) төрийн эрх барьж байх үедээ гаргасан “Зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл, АН-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээл, одоо хэрэгжиж буй зургаан хувийн хүүтэй ипотекийн зээл, нэгэн үе Төрийн банкаар дамжуулан малчдад олгож байсан жилийн 10 хувийн хүүтэй зээл ч демпинг аж.

Үйлдвэрлэл хөгжүүлэх сонирхолтой бүх улс Демпингийн хуультай байдаг

Ерөнхийдөө демпингийн зорилгыг хууль бус гэж үздэг. Олон улсын төвшинд демпингийн эсрэг Дэлхийн худалдааны байгууллага сөрөн зогсдог бол улс орнууд дотоодын зах зээлд шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газар, Монополийн эсрэг алба зэрэг бүтцээр дамжуулан тэмцдэг аж.   

Европын холбооны хувьд, БНХАУ-аас худалдаж авсан нарны зай нь Европын бусад оронд үйлдвэрлэсэн ижил төрлийн бүтээгдэхүүнээс хэт хямд, өөрөөр хэлбэл, демпингтэй байгааг тогтоосон байдаг. 

Дотоодын үйлдвэрлэгчдийг сулруулж, өрсөлдөх чадварыг багасгадаг учир дэлхийн улс орнууд импортолж /Гаднаас худалдаж авч буй/ байгаа бараа бүтээгдэхүүнээ демпингтэй эсэхийг нарийн чанд шалгадаг. Сүүлийн үеийн жишээ гэвэл АНУ, Европын холбооны улсууд БНХАУ-ын эсрэг явуулсан мөрдөх ажиллагаанууд байна.

АНУ-ын ган үйлдвэрлэгч “Insteel Wire Products Company”, “Davis Wire Corporation” гэдэг хоёр компани БНХАУ, Мексик, Тайландын нийлүүлэгчдээс болж дампуурлын ирмэгт тулж очсон байдаг. Ингээд Худалдааны яамандаа зарга мэдүүлж, яамнаас тэр дагуу шалгалт хийхэд

  • Хятадын үйлдэрлэгчид дотоодынхоосоо 67,43 хувь,
  • Мексик 159,44 хувь,
  • Тайландынх 53,72 хувиар хямд нийлүүлж байсан нь тогтоогдож байжээ.

Гаднаас демпингтэй бүтээгдэхүүн орж ирсэн нь тогтоогдсон тохиолдолд тухайн улс орон демпингийн эсрэг татвар ногдуулах замаар дотоодын үйлдвэрлэгч, зах зээлээ хамгаалдаг практик тогтжээ.   

Монголд ямар ашигтай вэ

Монгол Улс 1997 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр Дэлхийн худалдааны байгууллагад /ДХБ/ албан ёсоор элссэн байдаг. Гэвч элссэнийхээ хэргийг өнөөдрийг хүртэл гаргаж чадалгүй явж ирлээ.

ДХБ-ын гишүүн орнууд бие, биедээ нэн тааламжтай үндэстний нөхцлийг харилцан олгодог бөгөөд гишүүн орон тус бүр импортын татвараа бууруулах, цаашид өсгөхгүй байх дээд хязгаарыг тогтоосон үүрэг амлалт авдаг онцлогтой. Мөн дотоодод үйлдвэрлэдэг ижил төрлийн үйлдвэрлэлийг дэмжихдээ зөвхөн тарифын зарчмыг баримтлах үүрэг хүлээдэг.

Өөрөөр хэлбэл, Монголд хөгжих гэж ядаж байгаа хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг дэмжихдээ гадаадын ижил төрлийн бүтээгдэхүүний импортод квот тогтоох, шууд хориглох гэх мэт тарифын бус арга хэрэглэж болохгүй.

Импортын татварыг нэмэгдүүлэх аргаар л тэмцэнэ гэсэн үг. Гэхдээ тариф нь хэмжээтэй. Монгол Улсын хувьд, нийт барааны импортын тарифын дээд хязгаар- 20%. ДХБ-ын гишүүн орнуудаас импортолж буй бараа бүтээгдэхүүнтэй ижил төрлийн бүтээгдэхүүнийг үндэсний үйлдвэрлэгчид хийгээд эхэллээ гэхэд импортын татварыг 20 хүртэл нэмэхээс өөр хамгаалалт хийх боломжгүй.

Монголд 100 хувь импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэчихлээ гэхэд ижил төрлийн бүтээгдэхүүний импортыг хориглох хаах эрх байхгүй. Татвараа л 20 хувьд хүртэл нэмнэ. Тухайн импортын бүтээгдэхүүн хямд өртгөөр хийгддэг бол энэ 20 хувийн босгыг төвөггүйхэн даваад дотоодын үйлдвэрлэгчидтэй өрсөлдөж чадна.

Импортын татвараас гадна өөр бусад татвар дээр ч манайх ДХБ-ын өмнө үүрэг хүлээдэг.

“Импортын бараанд ногдуулах дотоодын аливаа татвар (НӨАТ, онцгой татвар г.м.) нь дотоодын үйлдвэрийн ижил төрлийн бараанд ногдуулж буй татвараас илүүгүй байх, татвар ногдуулах аргачлал адил байх” гэсэн ДХБ-ын дүрмийг манайх ёсчлон сахин биелүүлдэг учраас дотооддоо ч үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих боломж хомс.

Тиймээс Демпингийн хууль батлаад, гадны улс орнуудаас демпингтэй орж ирж байгаа бүтээгдэхүүнд Демпингийн эсрэг татвар ногдуулах хууль эрх зүйн орчин бүрдвэл дотоодын үйлдвэрлэгчдээ хамгаалах нэг нэмэлт зэвсэгтэй болж байгаагаас өөрцгүй. 

Манай улсад одоогоор олигтой үйлдвэрлэхгүй байгаа бүх төрлийн бүтээгдэхүүнүүд БНХАУ-ын зүгээс демпингэд өртдөг байх магадлал өндөр. Тухайлбал, гутлын зах зээл дээр демпинг хийж байна гэсэн гомдлыг үйлдвэрлэгчдээс нь албан ёсоор тавьж байсан байдаг.

Мөн Монголд элбэг байдаг түүхий эд чухал шаардлагатай байгаа улсыг олж, өөрсдөдөө хэрэгтэй бүтээгдэхүүнээр нь харилцан демпинг хийх нөхцлийг бүрдүүлбэл ашигтай байх боломж бий.

Демпингийн төрлүүд:

-Үнийн демпинг. Бараа, үйлчилгээг экспортлохдоо дотоодын зах зээлийн үнээс хямдаар нийлүүлэх.

-Өртгийн демпинг. Бараа, бүтээгдэхүүнийг экспортлохдоо тухайн бүтээгдэхүүний өөрийн өртгөөс доогуур үнээр нийлүүлэх. 

Үүнээс худалдааны практикт хамгийн их ашиглагддаг нь:

Байнгын бус демпинг- Тухайн бараа бүтээгдэхүүнээр дотоодын зах зээлээ бүрэн хангаад, илүү гарсан бараа бүтээгдэхүүн нь устгагдах, үнэ нь унах эрсдэлд орсон үед энэ аргыг хэрэглэдэг. Жишээ нь, ОХУ-аас манайд улаанбуудай хямд орж ирдэг гэдэг. Энэ нь оросын төр улаан буудайн үнэ дотоодын зах зээл дээр унаж, газар тариалан эрхлэгч компаниуд эрсдэлд орохоос зайлсхийж буй хэрэг юм.

Эсрэг демпинг- Тухайн бараа бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлийн ханшаас дээгүүр үнээр экспортлохыг хэлдэг.

-Харилцан демпинг. Нэг улсад элбэг түүхий эд, бүтээгдэхүүн нөгөө улсад ховор, бүр байхгүй байж болно. Энэ тохиолдолд тухайн улс чухал хэрэгцээтэй бүтээгдэхүүн нь элбэг байдаг улсад бүтээгдэхүүнээ санал болгон харилцан демпинг хийдэг. Жишээ нь, Монголд шатахууны үйлдвэр байхгүй, ОХУ-д мах хомсдолтой байлаа гэхэд энэ хоёр бүтээгдэхүүн дээрээ харилцан тохиролцож демпинг хийнэ гэсэн үг юм. Үр дүнд нь аль, аль бараа бүтээгдэхүүний үнэ буурдаг сайн талтай.   

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Үг үйлдэл нь зөрөөд л...
Үг үйлдэл нь зөрөөд л...
2023-03-07 08:51

Хуучин үйлдвэрээ сэргээж шинэчлэх, мэргэжлийн б/хүчнүүдээ ашиглах нь л зөв болов уу даа. Хөгжлийн гараа үүнээс л эхлэх байх. Алийн болгон уул уурхай, м�##� сүргээ хямдхан гаргах вэ дээ??? Иргэн бүр нь ажилтай орлоготой байв�##� монголын з�##�уучууд гадагшаа явж боолын хөдөлмөр эрхлэхгүй, элэг бүтэн амьдр�##� эндээ л цогцлоох болно шүү дээ. Харин хөдөлмөрийн хөлс, тэтгэврээ дэлхийн хэмжээний л болгочих. Авилгаа арилгаад, бүтээсэн бүхэн нь дэлхийн хэмжээнд стандартад тохирч, хөл нийлүүлж байгаа бол байгаа зөв оноод зоригтой урагшлах нь зөв. Хөгжил биднээс л ш�##�тга�##�на. Хэн ч ирж биднийг хөгжүүлэхгүй нь мэдээж.

Зочин
Зочин
2023-03-07 23:31

Сайн суд�##�гаатай нийтлэл болсон байна. Баяр хүргэе. Одоо үргэлжүүлээд хамга�##��##�тын арга хэмжээний т�##�аар нэг нийтлэл бичвэл сайн байна.

Холбоотой мэдээ

Back to top button