Who is Who?Энтертайнмент

Уран зураг амилуулагч

Зөвлөлт-Оросын найруулагчдаас Хойд Америкийн кино академийн дээд шагнал “Оскар”-ыг хүртсэн хэдхэн уран бүтээлч /Акира Куросавагийн ЗХУ-тай хамтарч бүтээсэн "Дерсу Узала"-тай нийлээд зургаан кино/ бий. Тэдний нэг болох Александр Петров хэмээх нууцлаг, эрхэм уран бүтээлчийг танилцуулахаар бэлдлээ.  Яг одоо түүний хамгийн шилдэг бүтээлүүдээс бүрдүүлсэн зургийн үзэсгэлэн Смоленск хотноо гарч буй юм.

ОХУ-ын уран бүтээлчдээс хамгийн сүүлд Америкийн кино академийн шагнал гардсан хүн нь Александр Петров юм. Тэрээр алдарт Э.Хэмингуэйн “Өвгөн тэнгис хоёр” өгүүлэгээс сэдэвлэсэн ижил нэртэй хүүхэлдэйн киногоор 2000 онд “Оскар”-ын шагнал хүртсэн билээ.

А.Петровыг уран зураач, найруулагчийн алинаар нь илүү мэргэшсэн бэ гэж оросууд одоо ч маргадаг. Тэрээр хэдийгээр “Оскар” хүртэж, эх орныхоо нэрийг далайн чанадад алдаршуулсан баатар ч Орост түүний киног олох хэцүү.

Зөвлөлт-Оросын найруулагчдаас Академийн шагнал авсан луугарууд болох Н.Михалков, В.Меньшов нар эдүгээ олны танил, шүтээний амьдралаар амьдарсан бол А.Петров Ярославль дахь хувийн студидээ зургаа зурж, гүн ухаан, шашны сэдэвтэй бүтээлүүдээ туурвин чимээгүйхэн ажилласаар л...

“Оскар” аваагүй юм шиг, өөрийг нь хэн ч таних албагүй юм шиг амьдарсаар байна. 

Тэрбээр Ярославль мужид орших Гуреево хэмээх тосгонд 1957 оны зургадугаар сарын 17-нд хорвоод мэндэлжээ. Эх Лия Александровна нь худалдагч, эцэг Константин Дмитриевич нь жолооч мэргэжилтэй улсууд байв. Сашаг төрсний дараахан гэр бүл нь Ярославльд очиж, тэндээ суурьшсан байна.

10 настайдаа “Наран үүрд мандаж байг” сэдэвт талбайн зургийн уралдаанд түрүүлж “Смена” зургийн аппаратаар шагнуулсан нь цаашид дүрслэх урлагийн чиглэлээр чармайн суралцах урам зориг өгчээ.

Дунд сургуулийн Л.Фадеева багш нь нэгэн удаа түүнд сургуулийн спорт заалыг тамирчдын зургаар будаж чимэглэх даалгавар өгсөн нь түүний бие дааж хийсэн анхны томоохон ажил нь байв. Тухайн үед тамирчдын зурагтай ил захидал нүдний гэм байсан тул тэрээр ханын чимэглэлээ маркнаас эх авч зурсан гэдэг. Ажлаа дуусгасныхаа дараа ажлаа сургуулийнхандаа үзүүлэх гэж яаран амралт дуусахыг тэсгэлгүй хүлээж, сандарч, тэр ч байтугай нэг шөнө зурсан зурагнуудыг нь дараад заалны ханыг нэлд нь ногоон өнгөөр будчихсан байна гэж зүүдэлж байжээ. Энэ ажлын дараа түүнийг сургуулийнхан нь бүгд мэддэг болж, зураг урлалтай холбоотой ажилд дайчлах болсон байна. Багш нарынх н хэлснээр Саша тэр үед үг дуу цөөтэй, дотогшоо ч, зурах маш дуртай, хичээнгүй хүүхэд байсан гэнэ.

Төгсөх ангид байхдаа тэрээр нэгэн шинэ жилийг ангийнхантайгаа хамт тэмдэглэхдээ Наташа Малачева гэдэг охинд сайн болж, улмаар гэрлэжээ. Н.Малачева өөрийнх нь хувьд эхнэрээс нь ч илүү нэгэн болсон гэж А.Петров хожим дурссан нь бий.

Энэ эмэгтэй боловсрол мэдлэгтэй, ирээдүйтэй мундаг нэгэн байсан ч нөхрийнхөө төлөө эрдмийн ажлаа орхисон гэдэг.

Найдвартай ар талтай болсон А.Петров бүх л цаг заваа уран бүтээлдээ зориулах болов. Тэрээр 1972-1992 он хүртэл Бүх холбоотын кино урлагийн дэд сургууль, дээд курсыг төгсгөж, ЗХУ задрах хүртэл Ереван, Свердловскийн киностудид ажиллажээ.

ЗХУ задарснаас хойш чөлөөт уран бүтээлч болсон А.Петров 1992 онд “Инээмтгий хүний зүүд” хэмээх анхныхаа хүүхэлдэйн киног эх барьж авчээ. Ер нь А.Петров тэр үеэс одоог хүртэл “Лусын дагина” (1996), “Өвгөн тэнгис хоёр” (1999), “Миний хайр” (2006) гурван киног л цэвэр бие дааж бүтээсэн юм. Үүнээс “Өвгөн тэнгис хоёр“ 2000 онд Хойд Америкийн кино академийн дээд шагнал “Оскар”-ыг хүртэж, 1998 онд “Лусын дагина”, 2007 онд “Миний хайр” нэр дэвшиж байв.

Ердөө дөрөвхөн уран бүтээл хийгээд л гурвыг нь “Оскар”-т өрсөлдүүлж, олон улсын фестивалиудаас 40 гаруй шагнал түүсэн чансаатай уран бүтээлч Орост байтугай дэлхийд ч цөөн буй за.

А.Петровын бүтээл шашинлаг, гүн ухаанч, итгэлийг эрж хайсан үзэл санаагаар дүүрэн байдаг онцлогтой. Киногоо шилэн дээр уран зураг зурах аргаар хийдэг нь түүний бүтээлүүдийн үнэ цэнийг өргөдөг.

“Өвгөн тэнгис хоёр” бүтээлээ гэхэд л тэрээр Монреальд 30 сар тасралтгүй ажиллаж байж хийсэн байдаг. Сонирхуулахад, уг кинон дахь өвгөний дүр төрх бол түүний хадам эцгийнх гэдэг билээ.     

А.Петровын хөдөлмөрийг ОХУ-ын төр өндрөөр үнэлж, Төрийн шагнал (1995), Улагийн гавьяат зүтгэлтэн цолоор шагнаж урамшуулсан юм.

Түүний ховорхон өгдөг ярилцлагуудын нэгийг уншигчиддаа хүргэж байна.      

 -Таныг хүүхэлдэйн киногоо хаяхаар шийдээд байх үед Троице-Сергиевой Лавры сүмийн нэг ламтан болиулсан гэдэг. Энэ үнэн үү?

-Тэр үед би Эцэг Моисейг бага мэддэг байж дээ. Уран бүтээлчийн амьдралд маань хэцүү үе тохиолдоод байсан цаг. “Лусын дагина“-ыг эхлүүлээд талдаа орчихсон, гэтэл цаашид яаж үргэжлүүлэхээ мэддэггүй. Эхэлж гарсан зохиолоороо дуусгана гэхээр арай жулдах гээд байдаг. Засч сайжруулья гэхээр санаа ер орж ирэхгүй.

Хүүхэлдэйн кино их хөдөлмөр шаарддаг. Олон сараар өдөр бүр уйгагүй ажиллаж байж хийдэг эд. Энэ хооронд уран бүтээлч хүн хийж буй бүтээл нь амжилт, уналт хоёрын алийг нь авчрахыг мэдэхгүй мухардах, сайжруулахгүй л бол болохгүй гэж эргэлзэх, хийж дуусаагүй байхдаа итгэл алдрах тохиолдол гарна л даа. Ялангуяа, хүн төрөлхтөн, шулмасуудын хоорондын харилцаа гэсэн “аюултай” сэдэв барьж авсан над шиг хүнд...

Маш их бодож, үзэгчдийн оюуны үнэт зүйлс, хэм хэмжээнд нь халдалгүйгээр санаагаа ойлгуулах нь чухал гэдгийг мэдэхийн дээдээр мэдэрч байсан юм. Тэгээд л тийм шийдэл нь олдохгүй болохоор бүрмөсөн больж хаях гэсэн хэрэг. Гэвч эцэст нь эхнэртэйгээ ярилцаж байгаад сүмд очиж тусламж гуйхаар шийдсэн юм. Тэгээд сүмд очиж Эцэг Моисейтэй хоёр цаг гаруй ярилцаж суусан. Удалгүй шийдэл ч олдсон. Гэнэтхэн л ороод ирсэн. Үнэхээр би хүүхэлдэйн киног орхих байсан шүү.

-ОХУ болон олон улсын 20 гаруй кино наадмаас шагнал хүртсэн “Миний хайр” киног “Хамгийн шашинлаг бүтээл” гэж нэрлэдэг. Тэгвэл энэ киног хийх сэдлийг танд чухам юу өгсөн бэ?

 -Юу ч гэмээр юм бэ дээ. Би өөрийгөө үнэн алдартны шашинтан гэж тооцдог... Болж өгвөл сүмд очихыг хичээдэг. Гэсэн ч шашинд гүн сүсэг бишрэлийн үүднээс ханддаг гэж хэлж чадахгүй. Энэ тал дээр би шинэхэн сурагч. Евангелийн сударт үнэн алдартны шашинтнуудын дагаж мөрдөх зарчим, хэм хэмжээний тухай бичсэн бий. Би тэр зарчмуудыг л барьж явахыг хичээдэг, тэр нь надад илүү ойр, амар гэх үү дээ. Би үнэн алдартны шашныг сурталчилсан ч юм уу, энэ талын кино хийж байгаагүй. Надад тийм эрх ч байхгүй.  

 

Гэхдээ уран бүтээлдээ огт оруулж байгаагүй гэвэл худлаа. “Лусын дагина” бол үйлдсэн нүгэлдээ шаналж яваа сүсэгтний тухай кино. 

-Хүүхэлдэйн кино бол үг хэллэг, агуулга нь хүүхдэд зориулагдсан, хэтрүүлэг хийж болдог, яг дээд төвшний сонгодог урлаг гэж тооцоход хэцүү төрөл. Та яагаад ийм мэргэжил сонгож авсан юм бэ?    

-Надад оновчтой хариулт байна аа. Аяндаа л сонгочихсон гэж. Бүгдийг нь ярина гэвэл их урт түүх болно шүү дээ. “Зурах дуртай хүүхэд байлаа” гээд л... Ер нь бол би интерьер дмизайнер болъё гэж бодож байсан юм. Гэвч эцсийн мөчид энэ бодлоо орхиж, Бүх холбоотын театр урлагийн дээд сургуульд бичиг баримтаа өгсөн юм. тэнд уран сайхны киноны сураачийн ангид суралцаж байлаа. Дараа нь хүүхэлдэйн киноны зураачийн мэргэжил  надад илүү ойр гэж бодоод ангиа сольсон.       

-Жүжигчин хүн ардаршихыг, зураач хүн уран бүтээл нь Третьяковын галерейд хадгалагдаасай гэж  хүсдэг. Гэтэл хүүхэлдэйн киногоор ийм алдар хүнд олох хэцүү шүү дээ. “Өвгөн тэнгис хоёр”-ыг гэхэд л “Оскар” авснаар нь л мэдэх болсон, одоо эргээд мартаж байна. Зураачийн хувьд тань амбийц бий юу?

-Мэдээж би бүтэээлээ бусдад хүрээсэй, нөлөө үзүүлээсэй гэж хүсдэг. Үзэгчид үзэж, шүүмжлэгч шүүмж бичээд л... Энэ нь надад дараагийн уран бүтээл рүүгээ орох шалтгаан болж өгнө. Үзэгч ч байхгүй, шүүмж байхгүй хэн ч тоохгүй бол мэдээж ичгэвтэр гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ хүн гэдэг чинь зальтай. Хүн тоохгүй байвал “Миний санаа хэтэрхий агуу учраас жирийн хүн ойлгохгүй байна” гэж ярьдаг байхгүй юу. Аз болоход надад ингэж өөрийгөө хуурах хэрэг гарч байсангүй. Киног маань үзэж, хэвлэлд миний тухай бичиж байна. Гэхдээ би энэ үгийг хүүхэлдэйн кино найруулдаг бүх уран бүтээлдийн өмнөөс хэлж байгаа юм биш шүү. Хүүхэлдэйн кино бол урлагийн маш чухал төрөл гэж нотлохыг ч оролдохгүй.

Миний бодлоор бол хүүхэлдэйн кинонд жинхэнэ дурлаж, ойлгодог үзэгч маш цөөн. Саяар ч тоологдохооргүй цөөн. Тийм ч учраас би заавал сая хүнд киногоо үзүүлэх гэж хичээдэггүй. 100 үзэгч байсан ч надад зүгээр. 100 мянга байвал бүр сайн.

-“Оскар” авснаа мэдээд яасан бэ. Оргил шүү дээ?

-Тийм ч их баярлаж хөөрөөгүй. Би мэргэжлийн хүн, тиймээс гадна, дотны ямар ч нөлөөлийг харгалзалгүй ажлаа дээд төвшинд л хийхийг хичээдэг. Гэхдээ “Оскар” амьдралыг маань сайн тал руу өөрчилсөн гэдгийг нуухгүй. Ярославль дахь студи маань энэ жижигхэн  “алтан хүн”-ий хүчээр бий болсон юм шүү дээ.         

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button