Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачин

Сонирхолтой харьцуулалт: Эмэгтэйчүүдийн эрх хамгаалал, улс төрийн оролцоо-Дэлхий vs Монгол

Эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө тэмцэж эхлээд хоёр зууныг ардаа орхижээ. Ердөө л зуу гаруйхан жилийн өмнө тэд эмэгтэй хүн болж төрснийхөө төлөө эрчүүдэдэд бараа мэт худалдагдаж, дарлагдан зовсон ч энэ тухайгаа илэрхийлэх ч эрхгүй байв. Харин зориг гарган дуу хоолойгоо илэрхийлж эхэлснээр бага, багаар амжилт олсоор өнөөдрийг хүрчээ. Эрчүүдтэй хийсэн энэ урт удаан хугацааны тэмцэлд хадан дээрээс түлхүүлэх, үй олноороо торны цаана суух, тэр ч бүү хэл амьдаараа шатаалгах зэргээр зовсон ч эрх мэдлээ тодорхой хэмжээгээр ахиулж чадсан байна. 

Дэлхийн хүрсэн амжилт

Бүсгүйчүүд 100 жилийн өмнө сонгуульд ч оролцох байтугай санал өгөх ч эрхгүй /Бие даасан улсуудаас Шинэ Зеланд 1893 онд анхлан эмэгтэйчүүдийг Парламентын сонгуульд санал өгүүлж, 1919 онд нэр дэвшүүлэн оролцуулжээ/ байсан бол өдгөө зарим нэг оронд Парламентын дийлэнхийг эзлэн суух болжээ. Дэлхий дээр тусгаар тогтносон 200 гаруй улсаас эмэгтэй парламентчгүй улс гуравхан (Вануату, Микронези, Папуа Шинэ Гвиней) үлджээ.

Өдгөө дэлхий дахинд Парламентын танхимын нийт суудлын 25.5, Засгийн газрын танхимын 21.9 хувийг хувийг эмэгтэйчүүд эзлэн сууж байгаа бөгөөд Парламентын түвшинд Скандинавын улс орнуудад энэ хувь 44.5 хувьд хүрч, бүс нутгаа тэргүүлж буй.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Европын комиссоос нэгэн сонирхолтой судалгааг гаргасныг тоймлон сонирхуулья.

Эдийн засаг бизнесийн салбарт норвеги бүсгүйчүүд тэмцэлд оройлон оролцсон гэдэг нь судалгааны үр дүнгээс харагдсан байна. Энэ хүчин зүтгэлийн үр дүнд тус улсын тэргүүлэх компаниудын 40 орчим хувийг эмэгтэйчүүд атгаж байдаг аж. Европ тивийг бүхэлд нь авч үзвэл томоохон 10 компани тутмын нэг нь эмэгтэй захиралтай байна гэсэн судалгаа гарчээ. Гэхдээ энэ тоо цаашид өсөх бүрэн боломжтой. Учир нь энэ чиглэлээр их дээд сургуульд суралцагч, 2020-2021 онд элсэн суралцагчдын тоо эрчүүдээс хамаагүй их буюу 60:40 харьцаатай байна.

Энэ үзүүлэлт манай өмнөд хөршид хамгийн их буюу бүх элсэгч, суралцагчдын 63 хувьд хүсэн бол эрчимтэй хөгжлийн гараанд дээр ирээд буй зүүн Европын Румын, ОХУ, Украин зэрэг оронд тавиас дээш хувьтай гарчээ.

Харин Парламентын төвшинд аваад үзвэл:

  • Руанда (Парламентын 80 гишүүний 49 нь эмэгтэй, хувь нь 61.3),
  • Куба (313/586, 53.4),
  • Арабын нэгдсэн Эмират (20/40, 50.0%)
  • Никарагуа (44/91, 48,4%)
  • Шинэ Зеланд (58/120, 48.3%)
  • Мексик (241/500 48.2%)
  • Швед (164/349, 47.0%)-ийн шингэн дуутнууд илүү амжилтад хүрчээ.

Гэхдээ эдийн засгийн салбараас ялгаатай нь, зарим улсад “бөндгөрийнхөө” хүчээр биш, квот тогтоосны хүчээр энэ амжилтыг гаргасан.

Судалгаанд хамрагдсан 190 улсаас гурван улсын Парламентад эмэгтэйчүүд 50-иас дээш хувийн суудалтай байгаа бол,

  • 40.0-49.9 хувьтай 20,
  • 35.0-39.9 хувтай 13,
  • 30.0-34.9 хувьтай 15,
  • 25.0-29.9 хувьтай 34,
  • 20.0-24.9 хувьтай 33,
  • 15.0-19.9 хувтай 26 /Манай улс энэд багтаж буй/
  • 10.14.9 хувьтай 21,
  • 5.0-9.9 хувьтай 16,
  • 0.1-4.9 хувьтай зургаан /Ливан, Мальдив, Нигери, Оман, Кувейт, Йемен/ улс байна.

Руанда улсын одоогийн Парламентын гишүүдийн  61 хувь нь эмэгтэй. Ингэснээр энэ салбарт эрчүүдийг ялсан анхны улс Руанда болсон юм. Шоглож хэлбэл, эмэгтэйчүүдийн зорилго зөвхөн “Хүйсийн тэгш эрх, 50:50” биш, хэдэн мянган жилийн тэртээд ноёрхож асан “Эхийн эрхт ёс”-ыг сэргээх ч юм шиг. Гэхдээ ард нь эмэгтэйчүүдийн дуу хоолой Парламентад нь огт байхгүй улсууд ч байгаа гэдгийг дээр хальт дурдсан.

НҮБ 2015 онд “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ыг батлахдаа тавдугаарт нь “Хүйсийн тэгш байдалд хүрэх, бүх эмэгтэйчүүд охидод эрх олгох” хэмээн зарлан тунхагласан билээ. Парламент, Засгийн газрын төвшинд эмэгтэйчүүдийн оролцоо багатай улсуудын хувьд дээр нэр дурьдагдсан улсууд үлгэр жишээ, цаашид хийх ажлынх нь түүчээ болж явах учиртай. 

Дэлхий нийтийн төвшинд аваад үзвэл, ажил хөдөлмөрийн салбарт хүүхнүүд харин эрчүүдийг хол хаясан байна. Өмнө нь өрх гэрийн “нэргүй ажил” хийсээр хөдөлмөрөө үнэлүүлж чаддаггүй байсан бол одоо хөдөлмөрөө зохих ёсоор үнэлүүлж хөдөлмөрчин ангийн дийлэнхийг бүрдүүлэх болжээ. Өдгөө өндөр хөгжилтэй орнуудын ажиллах хүчний 60-аас дээш хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байгаа юм.

Монгол Улсын хүрсэн амжилт

Манай улсын хувьд, Парламентдаа 13 эмэгтэй төлөөлөгчтэй, нийт гишүүдийн 17.1 хувийг нь эмэгтэйчүүд эзэлдэг гэдэг үзүүлэлтээр сүүл хавьцаа /129 дүгээрт/ бичигдэж байна. Турк, БНАСАУ, Мадагаскар, Казахстан зэрэг улсууд бидэнтэй айлсжээ.

Парламент, Засгийн газарт эмэгтэй гишүүдийн эзлэх хувь харьцангуй бага ч гэсэн Монгол Улс хүйсийн тэгш эрхийн асуудалд онцгой анхаарал хандуулдаг.

Жендерийн асуудлаар дагнан ажилладаг бүхэл бүтэн агентлагийг Засгийн газрынхаа дэргэд байгуулан ажиллаж байгаа нь үүний илэрхийлэл юм. "Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай" НҮБ-ын Конвенцийн хэрэгжилтийн талаарх МУ-ын үндэсний 8, 9 дүгээр нэгтгэсэн илтгэл хэлэлцүүлэх 63 дугаар хуралдаан 2016 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр Швейцарийн Женев хотноо болж өнгөрсөн. Тэрхүү хуралдаанд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нарангэрэлийн тавьсан илтгэлд, конвенцийн хэрэгжилт Монгол Улсад 75 хувьтай байгаа гэж дурджээ.  Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай тусгай хууль баталснаас гадна, Хөдөлмөрийн тухай, төрийн албаны тухай гэх мэт бусад бүх хуульд хүсийн тэгш эрхийг хангах талаар заалт оруулан мөрдөж, олон тооны төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа нь энэхүү дүгнэлтийг хийхэд нөлөөлсөн нь дамжиггүй.

Боловсролын салбарт бол эмэгтэйчүүд бүх төвшинд (цэцэрлэг, сургууль, их дээд сргуулийн оюутан суралцагчид, багш сурган хүмүүжүүлэгчид) давамгайлж, нэгэнт ноёрхлоо тогтоож чадсан.

Өрх гэрийн төвшинд ч энэ байдал хадгалагддаг. Элэг бүтэн гэр бүлүүдийн дунд эмэгтэй “жанжин”-тай нь олон бий.

Харин, улс орны эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор сүүлийн жилүүдэд эрс өсөж буй гэр бүл салалт эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөхөд их хувь нэмэр оруулж байгаа /Өрх толгойлсон эцэг, эх аль, аль нь байгаа ч эмэгтэйчүүд дийлэнхдээ үр хүүхдээ авч хоцордог гэдэг утгаар/ байдал харагдана.

Монголын нийт гэр бүлийн тодорхой хувийг эзлэх болсон өрх толгойлсон эмэгтэйчүүдийн цаана нийгмийн олон асуудал нуугдаж байгаа нь маргашгүй үнэн.

Эдгээр баримтуудаас харахад, эмэгтэйчүүдийн эрх ядуу гэр бүлд илүү ихээр зөрчигдөж байгаа юм.

Тиймээс, үнэхээр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалъя л гэж байгаа бол юун түрүүнд “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ын хамгийн эхэнд бичигдсэн “Орон бүрт ядуурлын бүх төрлийг арилгах” зорилтыг хэрэгжүүлэхэд онцгой анхаарал хандуулах ёстой нь харагдаж байна.

Хэдийгээр дэлхий нийт эмэгтэйчүүдийн эрхийг дээдэлж, дуу хоолойг нь сонсдог болсон ч эмэгтэйчүүд гэмт хэрэг, хүчирхийллийн золиос болдог, хүн худалдаалах гэмт хэргийн гол бай хэвээр байна. Тиймээс хүйсийн тэгш эрхийн төлөөх тэмцэл цаашид ч олон жил үргэлжлэх нь дамжиггүй.   

Анхдагчид буюу түүхийг эхлүүлэгсэд...

Эмэгтэйчүүд улс орны жолоог атгаж байсан хамгийн эртний баримт МЭӨ 3000 онтой холбогддог. Анхны тэр эмэгтэйн нэрийг Шумерийн хатан хаан Ку баба гэх бөгөөд Месопотамийн хөндийд орших Ур хэмээх хот улсыг захирч байжээ. Үүнээс хойш харин шингэн дуутнуудын нөлөө мэдэгдэхүйц буурсан юм. Ардчилсан, бүгд найрамдах улсууд бүрэлдэж эхэлсэн ч дэлхийн нэгдүгээр дайнаас өмнө нэг улс эмэгтэй хүнийг сайдын төвшинд хүртэл үнэлж байгаагүй аж.

Түүнээс хойш л Украин, ОХУ, Унгар, Ирланд зэрэг орнууд засгийн газартаа оруулах болжээ. Уншигч танд эмэгтэйчүүд удирдах төвшинд ажиллах шанг анхлан татсан түүхэн хувь заяатай эмэгтэйчүүдийг танилцуулж байна. 

Анхны сайд

Данийн улстөрч Нина Банг парламентаасаа ардчилсан зарчмаар сонгогдсон анхны сайд гэж тооцогддог. Тэрээр 1924-1926 оны хооронд улсынхаа Боловсролын сайдаар ажилласан юм. Их Британийн Маргарет Бондсфильд 1929-1931 онд Хөдөлмөрийн яамыг тэргүүлж, түүний араас залгасан юм.

Нина Банг

Энэхүү мэдээллийг авсан эх сурвалжид Д.Пунцаг гэгч эмэгтэй 1930 онд Монгол Улсын Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан хэмээн тэмдэглэсэн байх бөгөөд хаалтад “1920-иод оны үед Монгол Улсад хоёр ч эмэгтэй дэд сайдаар ажиллаж байсан байх магадлалтай” хэмээн тэмдэглэжээ.

Хэрвээ энэ мэдээллийг нотолбол, дэлхийн хамгийн анхны эмэгтэй сайд Монголоос төрсөн хэмээн түүхэнд тэмдэглүүлэх боломж байна.

Үүнээс хойш удирдах төвшинд эмэгтэйчүүдийн эзлэх хувь тогтмол өсч ирсэн ч маш удаан байв. Ялангуяа 1960 оноос өмнө эмэгтэй хүнийг Засгийн газрын гишүүнээр томилох явдал “өдрийн од” мэт ховор байжээ.

Ерөнхий сайд

Ширивамо Бандаранайке 1960 онд Шри Ланкагийн Ерөнхий сайдаар сонгогдож, Засгийн газрыг тэргүүлсэн анхны эмэгтэй хэмээн түүхэнд бичигджээ. Түүнээс зургаан жилийн дараа Энэтхэгт Индира Ганди, 1969 онд Израильд Голда Мейр нар Ерөнхий сайдаар томилогдсон байдаг. 

Ширивамо Бандаранайке

Дээр нэр дурьдагдсан Ш.Бандаранайке 1970 онд дахин Ерөнхий сайд болж, нийтдээ 12 жил Засгийн газрыг тэргүүлжээ. Тэрээр энэ үзүүлэлтээрээ эмэгтэйчүүд дотроо гуравдугаарт жагсдаг.

Германы Ангела Меркель 16 жил, Доминиканы Ерөнхий сайдын албыг 14 жил хашсан Дэйм Южиниа Чарльз нар нэг, хоёрдугаарт бичигддэг бол Их Британийн “Төмөр хатагтай” хэмэн алдаршсан Маргарет Тэтчер, Энэтхэгийн Индира Ганди нар 11 жил гэсэн үзүүлэлтээр удаалдаг байна.

Ерөнхийлөгч 

Аргентиний “поп” ерөнхийлөгч Хуан Пероны гурав дахь эхнэр Изабель Перон 1974 онд Ерөнхийлөгчөөр сонгогдон, төрийн тэргүүн болсон анхны эмэгтэй болжээ.

Изабель Перон

Түүнээс өмнө Тувагийн Анчмаа Тока 1940 онд, Монголын “Сүхбаатарын” буюу Цэндийн Янжмаа 1953 онд Парламентын даргын албан тушаалд томилогдсон хэмээн түүхэнд үлджээ.

Баруун гар талынх нь Монголын нөлөө бүхий анхны эмэгтэй улстөрчдийн нэг, "Сүхбаатарын" Янжмаа хэмээн алдаршсан Цэндийн Янжмаа

Хамгийн хамгийн...

1999 оны сонгуулиар байгуулагдсан Шведийн Сайд нарын танхимд 11 эмэгтэй, есөн эрэгтэй сайд багтсан. Ингэснээр Засгийн газрын сайд нарынхаа талаас илүүг эмэгтэйчүүдээр бүрдүүлсэн анхдагч улс болжээ. Түүний дараа 2007 онд Скандинавын бас нэгэн улс Финланд Засгийн газрын гишүүдийнхээ 60 хувийг эмэгтэйчүүдээр бүрдүүлж байв. 

Төр тэргүүлж буй шингэн дуутнууд

Нийгэмд эзлэх эмэгтэйчүүдийн байр суурь эдүгээ урьд өмнө байгаагүй өндөр хэмжээнд ирснийг харуулах статистик мэдээллийг хүргэе. 20121 оны байдлаар, 193 эмэгтэй НҮБ-д улсаа төлөөлөн сууж байгаа бөгөөд Дани улс хатан хаантай, Эстон, Эфиоп, Молдав, Тайвань зэрэг 9 улс эмэгтэй төрийн тэргүүн, Бангладеш, Барбадос, Дани зэрэг 13 улс эмэгтэй ерөнхий сайдтай байна.

58 улс эмэгтэй Парламентын спикертэй /Манайхан дарга гэж хэлж заншсан/ 165 улс Парламентын дэд даргатай /С.Одонтуяа дэд даргатай Монгол Улс энэ тоонд багтаж буй/ байгаа юм (НҮБ-аас хмагийн сүүлд гаргасан “Womens in politics 2021” судалгаа).    

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button