Б.Анар: Баачка ахад нэг хараалгаж аваад л “Lemons”-ыг байгуулалцаж, удалгүй хамгийн залуу удирдаач болсон

Б.Анарыг анх амьд хөгжмийн хамтлагийн даралтат хөгжимчин гэдгээр нь мэддэг болж байлаа. Гэтэл тэр Хөгжим бүжгийн коллеж, тэр ч бүү хэл Орост хөгжмийн дунд сургуулийг төгссөн мэргэжлийн төгөлдөр хуурч байсан. Тэр “Гранат мюзик” продакшн байгуулчихсан, тоглолт зохион байгуулаад гүйж явсан. Тэгээд төдөлгүй Монголын хамгийн залуу удирдаач гэгдэх болов. Энэ л элдэвтэй атлаа хөгжимд дурлачихсан залуу өдгөө хүмүүсийн эчнээ мэддэг болчихсон цуврал тоглолтуудын “гол дүр” бас “нууц ноёнтон” байсан юм. “Best of pop music” тоглолтоо дөнгөж дуусгаад “The man of legends” тоглолтоо хүргэхээр бэлтгэх зуурт нь удирдаач Б.Анартай ярилцлаа.
-Хөгжимд огт сонирхолгүй, сахилгагүй хүү байлаа-
-Та Хөгжим бүжгийн коллеж (одоогийн Монгол Улсын консерватори), ОХУ-ын Екатеринбургийн хөгжмийн дунд сургууль, Украины Киевийн Хүүхдийн урлагийн академи, СУИС, сүүлд ОХУ-ын Н.А.Римский-Корсаковын нэрэмжит консерваторид суралцсан юм билээ. Ингэж олон сургууль дамжсан нь уйдаж залхаад солиод байсан хэрэг үү, боломж, тохироо нь тэгж бүрдээд байсан юм уу?
-Залхаж солиод байсан хэрэг биш, тохироо бүрдсэн хэрэг ч биш. Хувь тавилан л юм даа. Ингээд хэлэхээр нэг мэргэжлээрээ л олон сургууль дамжиж сурсан мэт сэтгэгдэл төрнө байх. Өөр өөр мэргэжлээр суралцсан юм. Би 1999 оныг дуустал Хөгжим бүжгийн коллежид төгөлдөр хуурчаар сурсан. Алла Николаева Григорева гэж орос багшийнхаа хамгийн сүүлчийн эрэгтэй шавь байлаа. Багадаа их дэггүй, үнэхээр сахилгагүй хүүхэд байсан юм. Бүр хөгжимдөө ч сонирхолгүй. Хөлбөмбөг, сагсан бөмбөг тоглоод л гүйж байдаг. Гэтэл манай ээжийн талынхан урлагийн гэр бүл. Өвөө хөгжмийн зохиолч, эмээ дуурийн дуучин, ээж хийлч гээд л. Харин аав геологийн хүн. Аавыг АНУ руу мэргэжил дээшлүүлэхээр явсан хойгуур нь би сургуульд орох болж, ээж мэддэгээрээ Хөгжим бүжгийн коллежид оруулчихсан юм. Хүчээр орчихсон болохоор ч тэр үү, яагаад ч юм төгөлдөр хуур хөгжим тийм ч онцгой сэтгэгдэл төрүүлээгүй. Харин ч трамбон (татах бүрээ), бөмбөр зэрэг хөгжим харахаар эрэгтэй хүүхэд болохоор сонирхолтой санагддаг байв. Дөрөвдүгээр анги хүртэл ээж хичээл давтуулсаны хүчинд онц авдаг байсан ч таваас наймдугаар ангид, ид өсвөр насандаа улам л хөдөлгөөнтэй, сахилгагүй болчихсон. Дэмий тэнэнэ, зодоон цохион хийнэ. Хичээлээ таслаад л 64 дүгээр дэлгүүрийн тэндэх талбайд сагс, хөлбөмбөг тоглоно.
-Хөгжимчдөд гар хуруу хамгийн чухал биз дээ. Хайрладаггүй байсан гэж үү?
-Юун хуруу гараа хайрлах манатай. Тоох ч үгүй. Хөгжим хөөж амьдарна ч гэж боддоггүй байсан хүн чинь. Долдугаар ангидаа сургуулиасаа бараг л хөөгдөх шахсан ч багш нар ээжийн нүүрийг бодоод л авч үлдсэн дээ. Орос багшийгаа их ч зовоосон доо. Хөгжмөө давтдаггүй, даалгавар хийдэггүй, дээр нь асар сахилгагүй юм чинь аргагүй шүү дээ. Тэр үед айлын ганц хүү ч байлаа. Харин сонин нь алгебр, геометрын хичээлдээ их сайн. Сүүлдээ орос багш маань ч аргаа бараад өөр багшид шилжүүллээ, намайг. Дөрөв таван багш дамжлаа. “Энэ хүүхдийг дийлэхгүй юм байна. Уг нь “юм байна” гээд л өөр багшид шилжүүлчихнэ. Төгөлдөр хууртаа сонирхолгүй мөртлөө хамтлаг байгуулах хүсэлтэй.
Дуулж хуурдаад л, бүжиглээд л явах нь илүү жаргалтай санагдана. Байсхийгээд л багш нарын хурлаар орно. Тэгээд энгийн сургууль руу шилжүүлэх гэхээр нь “Ангийнхнаасаа холдохгүй, өөр газар сурахгүй” гээд зөрчихнө. Миний энэ асуудлаас болж аав, ээж минь хүртэл маргалддаг байсныг санадаг юм. Тэгж явсаар наймдугаар ангид намайг эрэгтэй багшид шилжүүллээ. Ц.Энхтөр багш. СУИС-д багшилдаг мөртлөө цагаар манай сургуульд хичээл заадаг байсан үе нь. Ингээд эрэгтэй багшид “дэглүүлж” эхэлсэн. Хамгийн эхний өдөр С.Рахманиновын “Юмореска” зохиолыг өгөөд, өөрөө тоглож үзүүлчихээд “Одоо давт” гэчихээд гаднаас түгжээд гараад явчихсан.
Сайн санадаг юм. Яг л зодоон хийж байгаа юм шиг зэвүүн зохиол байлаа. Сонирхолтой санагдаад тоглоод суулаа. Давтлаа. Яваандаа сурлага ч дээшилж эхэллээ. Аав ээж хоёр бөөн баяр. Одоо бодох нь ээ, сонсголоороо ямар ч дууг, зохиолыг тоглочихдог, гэсэн атлаа дийлддэггүй сахилгагүй нөхрийг юугаар сонирхлыг нь татах вэ гэдгээ багш яг л зөв олсон юм шиг санагддаг. Наймдугаар анги онц төгслөө. Харин багш ээж аавд “Хүүгээ гадагш нь явуулж сурга. Хүний нутагт ганцаараа очоод, хичээлдээ дарагдаад ирэхээр наадах чинь шал өөр хүн болно” гэж зөвлөсөн юм билээ. Ингээд намар нь Екатеринбургийн хөгжмийн дунд сургууль руу явсан.
-Хөвгүүд охид сонирхдог бол би хөгжимдөө орчихсон-
-Тэр үеэс төгөлдөр хууртаа дуртай болсон уу?
-Эндэхээс тэнгэр, газар шиг ялгаатай газарт оччихсон. Орост хар тамхичид ихтэй, хулиганууд нь цагдаа нартайгаа сүлбэлдээд мафижчихсан үе. Гадуур явах ч аюултай. Пасспортаа байнга авч явахгүй бол болохгүй. Гадаадууд ч цөөхөн байсан үе. Би л гэхэд сургуулийнхаа ганц гадаад сурагч байлаа. Очоод эхний гурван сар нэлээд анзаарлаа, хүүхдүүдийг. Мэргэжлийн хичээлдээ сайн л биш бол хэн ч найзлахгүй. Азаар байнга гоё гоё концертууд болно, мэргэжлийн сургуулийн оюутан, сурагчид үнэгүй үзнэ. Аажим аажмаар нөгөө дуртай С.Рахманиновынхоо зохиолуудын нотыг цуглуулдаг боллоо, А.Скрябинд дуртай боллоо, С.Прокофьев, Д.Шостаковичид дуртай боллоо.
Тэр үеэс дуртай болох биш, бүр дурлаж эхэлсэн. Бүр аймаар. 14, 15-тай л байсан үе шүү дээ. Энэ насны хөвгүүд охид сонирхдог бол би хөгжимдөө орчихсон. Хоёр гурванхан цаг хөгжим тоглох ядаргаатай санагддаг байсан хүн чинь нэг л мэдэхэд наймаас арван цаг төвөггүй суудаг болчихсон байсан. Яах вэ, нөгөө талаас сургуулиас гараад хийх зүйл байхгүй. Гарч эвгүй гаруудад баригдчихгүй гэсэндээ нуугдаж явснаас сургуулийнхаа гоё орчинд байж байсан нь дээр санагдаж байгаа юм чинь. Нот цуглуулдаг, хуурцаг, цомог цуглуулдаг хобби минь тэр үеэс эхлэлтэй.
-Гэхдээ эвгүй гаруудтай таарч л байсан биз дээ?
-Эвгүй гаруудтай биш, цагдаа нартай тохиолдсон хар дурсамж бий. Гэрээс илгээмж ирээд, түүнийгээ дөнгөж авчхаад явж байхдаа цагдаа нартай тааралдсан юм. Намайг шууд баривчлаад камерьт хийчихсэн. Аминдаа мөнгө салгах гээд л. Муухай дурсамж.
-Орост хөгжмийн сургалт, тэр дундаа багшийн заах арга барилын ялгаа танд яаж мэдрэгдсэн бэ?
-Үнэхээр ялгаатай байсан. Бүр аймаар.
-Яагаад тийм их ялгаатай санагдсан юм бол. Манайд ч гэсэн Орос, Болгар “школа”-тай багш нар хичээл заадаг биз дээ?
-Суурь онол гэж мундаг үндэс нь байна л даа, тэнд. 70-80 хувийн ахицтай гэхэд хилсдэхгүй. Хамгийн гоё нь, сургуулийнхаа нэг танхимд ороход л тэнд нь Д.Шостакович хөгжмөө зохиож байсан өрөө байх жишээтэй. Алдартай хөгжмийн зохиолчид тэнд багшилж байсан ч байх шиг. Бараг л музей. Нөгөөтээгүүр, дотоод, гадаадын мэргэжилтнүүдийн мастер класс ихтэй. Би Мира Исаевна гэж еврей гаралтай орос багшийн шавь байлаа.
-Тэнд төгссөн анхны Монгол хүүхэд юм уу, та?
-Үгүй ээ, тэр сургуульд сурсан хоёр дахь Монгол. Хийлийн ангид өөр нэг хүү байсан. Гэхдээ тэр Оросын иргэншилтэй байсан санагдаж байна.
-Аав минь өөд болж, гадаадад суралцах хүслээ хойш тавьсан-
-Төгсөөд хэрхэн Киев явав?
-Аравдугаар ангид орлоо. Тухайн үеийн Оросын хөгжмийн зохиолчдын холбооны дарга нь Анатолий Николаевич Нименский гэж хүн байсан юм. Манай сургуульд хичээл заадаг. Би хүүтэй нь нийлдэг байлаа. Азаар тэр багшаар хувийн хичээл заалгах боломж олдов. Багшаар хөгжмийн онол, хөгжмийн найруулга хийх, зохиох талаар түлхүү заалгадаг байлаа. Удалгүй өсвөрийн хөгжмийн зохиолчдын уралдаанд оролцлоо. Гуравдугаар байр эзэлчихсэн. Уралдааны шагналд Украины Киевийн Хүүхдийн урлагийн академид 50 хувийн хөнгөлөлттэй суралцах эрх ирсэн.
-Киевт Екатеринбургээс тэс өөр орчин угтсан биз?
-Тэгсэн. Эхлээд аавтайгаа явсан юм. Тасарчихсан газар санагдсан. Нийгэм нь ч, орчин нь ч, сургууль нь ч гоё. Тэгээд л тэндээ сурахаар шийдсэн дээ. Нэг жил тэнд сураад, аравдугаар ангиа төгссөн. Түрүүн цуглуулгатай болж эхэлсэн гэж ярьсан даа. Украйнд нот, цомог хямдхан. Цуглуулгаа арвин болгоод ирсэн дээ.
-Тэгж их таалагдсан газраа үргэлжүүлэн суралгүй Монголд яагаад ирсэн юм бол?
-Тэнд сурах талаар бодолгүй яах вэ. Гэхдээ улсын тэтгэлэг байхгүй болохоор сургалтын төлбөр нь өндөр байсан. Тэгээд л чадаагүй. Харин тэр жил Т.Цолмон (Ардын жүжигчин, төгөлдөр хуурч, СУИС-ийн профессор) багш СУИС-д багшлахаар буцаж ирж таараад, би тус сургуульд элссэн. Багшийнхаа дэмээр олон ч уралдаанд оролцож шагналт байрууд эзэлсэн. Нэгдүгээр дамжаанд байхад аав минь зуурдаар өөд болж, санхүүгийн хувьд ч манайх хүндхэн байдалд орлоо. Гадаадад суралцах хүслээ тэр үед хойш тавьсан. Хичээлийнхээ хажуугаар мөнгө олох ч арга саам хайж эхэлсэн дээ.
-Зурагтаар гараад л, од болно гэдгийг үзэж байгаа юм-
-Тэр арга нь хамтлаг байгуулах байсан хэрэг үү?
-Эхлээд ингэсэн юм. Зурагтаар “UBS music” үзээд сууж байлаа. Түүгээр “Баачка (“Никитон” хамтлагийн ахлагч, дуучин Б.Батчулуун) эх орондоо ирлээ. Уран бүтээлдээ эргэн орно” гээд л гарч байна. Тэр мэдээг үзсэнээс сар хүрэхгүй хугацааны дараа утас дуугарлаа. Автал “Чи Анар уу” гэнэ. “Тийм байна аа” л гэлээ. “Ахыгаа таньж байна уу. “Никитон”-ы Баачка байна” гэж байна. Би ч “Мэднэ ээ” л гэлээ. Хойно сурч байхдаа би амьд хөгжимд дуртай болж, аав надад “Никитон”-ы “Хос хунгийн дууль”, “Цамцаа тайл” цомгийг явуулж байсан юм. Сонссоор байгаад бүх дууг нь төгөлдөр хуураар тоглодог болчихсон. СУИС-д сурч байхдаа Монголын бусад хамтлагийн дуунуудыг бас ихэнхийг нь тоглодог болчихсон. Тэгээд яриа гардаг юм байгаа биз дээ, “Титэм”, “Никитон”, “Камертон”, “Номин талст”, “Freezone”-ийн дуунуудыг тоглодог нэг гар СУИС-т байна” гээд. “Хичээлээ давтдаг өрөө нь 247 тоот” гээд л цуурч өглөө. “Дээрээс нь сонгодог хөгжмийн баахан уралдаанд түрүүлчихсэн” гэж ирээд л. Сургууль дотроо од оо од.
-Тэр ярианаас улбаалж, хамтлагтаа тоглох санал тавьсан уу?
-Нэг өдөр Улсын филармонид хөгжмөө давтаж байтал “Никитон”-ыхон ороод ирлээ. “Чи нөгөө Анар уу” л гэж байна. “Тийм ээ” л гэлээ. “Чи манай дуунуудыг тоглодог гэл үү” гээд л тоглууллаа. Хэлсэн дуунуудыг нь тоглоод л байлаа. Харж харж байснаа “Чи манайд тоглох уу” гэж байна. “Надад өөрийн хөгжим байхгүй шүү дээ” гээд үнэнээ л хэллээ. “Бид хэд “Никитон” эргэн тайзнаа гээд тоглолт хийх гэж байгаа. Чи ороод ир. Хөгжмийг чинь аваад өгье” гэхээр нь “За” л гэчихлээ. Ингээд “Никитон”-д тоглохоор болж, тэр даруйдаа надад “Total music”-ээс хоёр даралтат хөгжим аваад өгчихсөн. 18-тай бацаанд уулга алдмаар гоё санагдаж байгаа юм чинь. Аваргуудтай нэг команд болчихлоо. Хамаг л телевизийн сувгаар хамт гараад л, од болно гэдгийг үзэж байгаа юм. “Никитон”-ыг “АПУ” ивээн тэтгэдэг байсан үе. Нэг жилийн гэрээ хийгээд тогтмол цалинтай болчихсон. Гэтэл сургууль завсардаад, мэргэжлийн хичээлээ давтах нь багасаад ирлээ.
-Энэ үеэсээ “The lemons” -той холбогдсон уу?
-Хэсэг хугацааны дараа Улсын филармонид хөгжим тоглоод сууж байтал хоёр нөхөр орж ирээд хараад л суугаад байна. “The beatles” шиг стильтэй хоёр нөхөр. Насаараа үе тэнгийн юм. Тэр нь Одноо, Тулгаа (“The lemons” хамтлагийн дуучин Ц.Одбаяр, гоцлол гитарчин А.Энхтулга) хоёр. “Чи “Coldplay”-д дуртай” гэсэн үү” л гэж байна. “Гоё хамтлаг шүү дээ” л гэлээ. Тухайн үед аймаар од болж байсан л даа. “Чи үеийнхэнтэйгээ хамтлаг байгуулахыг хүсдэг үү. Тийм бодол байна уу” л гэж байна. “Та хоёр юу тоглодог юм” гэтэл Одноо дуулаад л, Тулгаа гитараа тоглоод л сонсгож байна. Дажгүй шүү. Яг санаа оноо нийлэхээр. Ингээд гурвуулаа болчихов оо. “Чамд өөр бөмбөрчин, гитарчин найз байна уу” гэхээр нь ангийнхаа хоёр Анарыг санал болголоо. Нэг нь Д.Анар (“The lemons” хамтлагийн аргил гитарчин), нөгөө нь А.Анар (“Нисванис” хамтлагийн бөмбөрчин). Би ч “Тэр хоёртойгоо хамт тогломоор байна” гээд л нэлээд шахах гэж үзлээ. Угаасаа арван жилдээ бид гурав хамт тоглодог байсан юм чинь. Ингээд Д.Анарыг эхэлж аваад, “The lemons” хамтлаг байгуулагдаж байлаа.
-Давхар гүйх амаргүй л байсан байх даа.
-“Никитон”-ы уран бүтээл удааширчихсан байсан үе. Харин “The lemons”-ын “Хайртай”, “Шөнө дунд цас орж байна”, “Цэнхэр нүд” зэрэг дуунуудаа хийж эхэлсэн үе. 2005 онд сонгууль ч дөхлөө. Тоглолтууд ч ихэслээ. Баачка ах “Хэзээ ирэх юм бэ” гээд л залгана. Одноо “Чи ах нартай тоглож яах юм бэ. Найзуудтайгаа л тогло л доо” гэнэ. Бодож бодож найзуудтайгаа тоглохоор шийдсэн. “The lemons” одоогийнх шиг од болоо ч үгүй. Тогтсон орлого ч байхгүй. Орой нь нэг газар тоглочихоод, шөнөжингөө бэлтгэл хийгээд, алхаад харьдаг байлаа. Гэхдээ эхний цомгийг нь хамт гаргалцчихаад, би сургуулиа төгсөхөөр хамтлагаасаа гарсан.
-“Никитон”-ыхонд “Болилоо” гэж хэлэхээс айгаагүй байх нь.
-Баачка ахад нэг сайн хараалгаж аваад л өнгөрсөн. “Чи эрт хэлэхгүй яасан юм бэ. Тоглолт болох гээд байхад” гэхэд нь “Дүүгээ уучлаарай” гээд л утсаа тасалчихсан.
-Төгөлдөр хуурч байх, амьд хөгжмийн хамтлагийн даралтат хөгжимчин байх мэдээж ялгаатай. Гэхдээ аль нь танд тоглоход тухтай мэдрэмж төрүүлдэг байсан бэ?
-Мэдээж ялгаатай. Өөр арга барилаар тоглоно. Хамтлагт тоглоход сэтгэл хөдлөлөө хамаагүй “цацна”. Харин сонгодог хөгжмөөр нарийн техниктэй тоглох үед мэдээж өөрийгөө цэгнэнэ л дээ.
-Өөрөө удирдвал гоё, бас тэгэх, ингэх байсан гэж бодогдоод, гэхдээ хэлж зүрхлэхгүй-
-Тэгээд хэзээнээс Улсын филармонид ажиллаж эхэлсэн юм бэ?
-2007 онд бил үү, Нийслэлийн Улаанбаатар чуулга байгуулагдаад, надад төгөлдөр хуурчаар ажиллах санал тавьсан юм. Шинэ байгууллага, тэнд мэргэжлээрээ ажиллана, цалин ч өндөр. Тэр үеэс улсын байгууллагатай холбогдсон доо.
-Аан, “Cinema night” тоглолтоо тэнд хийсэн бил үү.
-Тэнд хоёр жил ажиллах хугацаандаа киноны хөгжим, дуунуудыг нотыг олдохыг нь цуглуулж, олдохгүй нь өөрөө нотолж эхэлсэн юм. Тэгээд 2009 онд нэг цагийн хөтөлбөртэй “Cinema night” гэж тоглолт хийлээ. Өөрөө төгөлдөр хуураа тоглоод. Хоёр өдөр тоглолоо. Үзэгч пиг. “Ийм нэгэн явдал” (“Служебный роман” 1977), “Хувь заяаны эргүүлэг” (“Ирония судьбы” 1975) зэрэг киноны хөгжмүүдийг тоглосон юм. Үзэгчдийн хүсэлтээр дахин нэг өдөр тоглолоо. хөөрөөд л. Гэтэл удаа ч үгүй Ч.Даваасүрэн (Улсын филармонийн дарга асан, Урлагийн гавьяат зүтгэлтэн) дарга “Чи манайд орчихооч, хөгжмийн найруулагчаар” гэдэг юм. “Чи төгөлдөр хуураа тоглоод л, улиралдаа нэг тоглолт тавьчихаж байхгүй юу” гэлээ. “Тэгье” л гэдэг юм байгаа биз дээ. 24, 25-тай бацаан том албан тушаалд оччихсон, цээж нь томорчихсон л явлаа. Ид хийдэг ч нас байсан л даа. Тэгээд л “Cinema night-2”-оос авахуулаад оркестртой тоглолтууд хийж эхэлсэн дээ.
-Тэндээс удирдаач болох хүсэл төрсөн байх нь.
-Лхагваа (удирдаач Б.Лхагвасүрэн) ах гадаад, дотоод руу тоглолтоор их явна. Бүтэнбаяр (Улсын филармонийн уран сайхны удирдагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Бүтэнбаяр агсан) багш удирдахаар арай л биш, миний хүссэнээр байж чадахгүй болчихоод. Настай хүн аргагүй шүү дээ. Гэтэл өөрөө удирдвал гоё, бас тэгэх, ингэх байсан гэж бодогдоод, гэхдээ хэлж зүрхлэхгүй. Гэтэл багш өөрөө “Чи хойшоо яв. Удирдаач болоод ир” гэсэн. Уухайн тас шалгалт өгтөл тэнцчихсэн. Гэхдээ тэр жилээ өнжөөд, хойтон жил нь дахин шалгуулаад Н.А.Римский-Корсаковын нэрэмжит консерватори руу явсан. 2013-2017 он хүртэл тэнд сурсан.
-Улсын байгууллагуудыг дэмжих болов уу гэтэл хялайж ч хараагүй-
-Гэхдээ та “Гранат мюзик” продакшнаа 2015 онд байгуулаад л, энд том том тоглолтууд хийж байсан биз дээ. Орос, Монголын хооронд нүүдлийн шувуу шиг л байжээ дээ?
-Яг тэгсэн. Хойно очоод эхний гурван жил маш идэвхтэй сурсан. Гол, суурь хичээлүүдээ бүгдийг нь үзээд, арга барилаа олчихож байгаа юм. Ядаандаа хичээл ч цөөрөөд, угаасаа ч дадлагууд л үлдлээ. Тэр хооронд “Эндхийн гоё гоё хөгжимчдийг Монголдоо аваачаад тоглолт хийе” гэсэн бодол төрсөн. Тэгээд л төгөлдөр хуурч Вадим Холоденко, хийлч Павел Милюков нарын уран бүтээлчдийг Монголд авчирч тоглолтыг нь хийсэн. Улсын байгууллагуудыг дэмжих болов уу гэтэл хялайж ч хараагүй. Тэгэхээр нь “Гранат мюзик” продакшн гэж байгуулаад өөрөө зохион байгуулчихсан юм. Энэ нь надад маш их туршлага болсон.
-Бараг л мастер класс.
-Яг тийм. Лагуудтай тоглохоор “Аан, ингэх ёстой юм байна. Тэгэх ёстой байж” гээд л алхам тутамдаа суралцаж байгаа юм. Түүнээс хойш дөрөв таван тоглолт хийлээ. Мөнгө олоод байна шүү.
-Их олсон уу?
-Ямартай ч алдагдалгүй. Гэхдээ тухайн үед ашиг олсондоо биш, дэлхийн хэмжээний уран бүтээлчдийг авчраад тоглолтыг нь зохион байгуулчихлаа, түүнийгээ мэргэжлийнхэндээ үзүүлсэндээ өөрөөрөө бахархсан.
-Хамаг зүйлээ л өөрөө амжуулдаг байж-
-Тэгээд сургуулиа яасан бэ?
-Энд тоглолт тоглолт гэж гүйсээр, сургуулиасаа чөлөө авчихлаа. Дараа жил нь сургуульдаа явж байтал дахиад тоглолтууд хийх боломж гарлаа. Тэгэхээр нь нууцаар Монгол руу хүрээд ирсэн. Тоглолтоо хийгээд байж байтал сургуулийн декан мэдээд бөөн уур. Тэгэхээр “Уучлаарай багш аа, дахиад энэ жил чөлөө авч болох уу” гээд том толгойлчихлоо. Ирэх намар нь яваад очтол би улсын тэтгэлгээс мултарчихаж. Тэтгэлэгт оюутанд нэг жил л чөлөө өгдөг байсныг би мэдээгүй байхгүй юу. Ингээд Монголдоо ирлээ. Улсын филармонидоо гэрээт удирдаачаараа ажиллалаа. Байгууллагаас “Чи яаралтай төгсөх хэрэгтэй” гээд шавдуулаад болдоггүй. Тэгэхээр нь сургууль руугаа очиж бичиг баримт, гэрчилгээнүүдээ аваад эндээ СУИС-д Н.Туулайхүү (ДБЭТ-ын ерөнхий удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн) багшийн удирдлагад сурч, жилээ гүйцээгээд төгссөн юм.
-Таныг Монголын хамгийн залуу удирдаач гэлцдэг байсан. Үнэхээр хамгийн залуу нь байсан юм уу?
-Анх дохихдоо би 27-той байсан юм. Удирдаач нарын хувьд хамгийн залуудаа л орно. Тоглолтынхоо төлөвлөгөөг гаргана, зохион байгуулна, төгөлдөр хуураа тоглоно, зарим хэсгийг нь өөрөө дохино гээд л хамаг зүйлээ л өөрөө амжуулдаг байж.
-Хүнд даатгахаар санаанд тань хүрдэггүй байсан гэж үү?
-Хар мянган концерт үзсэн, би. Зөвхөн Санкт-Петербургт сурч байхдаа гэхэд л 100-гаад концерт үзсэн. Тэр болгоноос ажихыгаа ажаад л, сурахыгаа сураад л явсан юм. Тэгээд өөрөө тэрийгээ хэрэгжүүлэх нь сонирхолтой байхгүй юу. Ер нь киноны хөгжим бичдэг хүмүүсийн олонх нь ийм замналаар явсан байдаг юм билээ.
-Танд ч киноны хөгжим бичих бодол бий юү?
-Мэдээж бий. Гэхдээ хүн хэмжээ хязгаараа мэднэ шүү дээ. Би Эннио Морриконе шиг сод аялгуу “төрүүлдэг” авьяастай хүн биш. Хөгжмийнхөн mucis by, composed by, original score by гэлцдэг дээ. Өөр өөр утгатай шүү дээ. Би бол сүүлчийнх нь. Алесандр Деспла гэж хөгжмийн зохиолч бий. Надад их таалагддаг юм. Яг л бодитой мэдрэмжүүд түүний хөгжмүүдээс авдаг.
-Үнэн гэсэн үг үү?
-Нэг тийм өөр.
-Шал түүхий амьтан байснаа л санадаг-
-Хамгийн анх оркестрын өмнө дохиур бариад зогсоход төрсөн мэдрэмжээ санадаг уу?
-Шал түүхий амьтан байснаа л санадаг. Сандраад, хамаг бие чангараад. “Загалмайлсан эцэг” (“The godfather” 1972) киноны хөгжмийг оркестр тоглоход анх удирдсан санагдаж байна.
-Хэзээ задарсан юм бэ, тэгвэл?
-Вадим Холоденкотай П.И.Чайковскийн концерт тоглоход яагаад ч юм бэ биеэ бариагүй, сандраагүй. “Би ингэх л ёстой байсан юм байна” гэсэн бодол тэр үед төрсөн.
-Одоо ямар мэдрэмжтэйгээр дохидог бол?
-Сонгодог зохиолыг тэр хэв маяг, шинж чанар, характерыг нь, деталь бүрийг нь дуугаргахыг хүсдэг, хичээдэг. Киноны хөгжим бол тэр чигтээ сэтгэл хөдлөл.
-Саваагүй асуулт асуучих уу?
-Тэг л дээ.
-Оркестрын тоглох хөгжмийн зохиолын нот бүрийг нэг бүрчлэн удирдаач цээжлэх ёстой юу?
-Ямарваа концерт хүргэхийн тулд ямар ямар бүтээлүүдийг багтаах вэ гэдгээ би өөрөө сонгож байгаа юм. Түүнийгээ дор хаяж сарын хугацаанд оркестртой бэлтгэхэд хүссэн хүсээгүй цээжинд орчихно. Дуртай бөгөөд дурлаж сонгосон бүтээлүүд юм чинь.
-Мэдлэг байна, суурь байна, мөн биеийн хэлэмжээрээ илэрхийлэх чадвар ч бий-
-Удирдаач бүр өөрийн онцлогтой. Харин таных?
-Хүссэн хүн болгон удирдаад байдаггүй юм билээ л дээ. Хүний биеийн онцлог ч нөлөөтэй. Миний бодлоор шүү. Сайн мэдлэгтэй байлаа ч хөдөлгөөний эвсэлгүй хүн бол удирдахад зохимжгүй. Харагдах байдлаасаа ч эвгүй. Миний хувьд мэдлэг байна, суурь байна, мөн биеийн хэлэмжээрээ илэрхийлэх чадвар ч бий гэж боддог.
-Тоглолт дохисны дараа сэтгэлзүйн хувьд илүү ядардаг уу, бие махбодийн хувьд илүү ядардаг уу?
-Ядарна гэх нь зохимжгүй. Тоглолтын ард гарах сайхан шүү дээ. Мэдээж хөгжимчидтэйгөө нэг цул болж тоглохын тулд бодно, төлөвлөнө, түүнийгээ илэрхийлнэ. Цуцах нь бий. Гэхдээ ядрах гэхгүй. Гэхдээ сүүлд “Rhapsody” тоглолтоо өөрөө хөтлөөд, төгөлдөр хуураа тоглоход бас амаргүй л байлаа.
-Дохиурын хэл гэж зүйлийн талаар хөгжмийнхөн их ярьдаг юм билээ. Энэ нь юу гэсэн үг юм бэ?
-Хүн хүн өөрөөр тайлбарлах болов уу. Миний хувьд удирдаачийн дохиур бол шидэт саваа. Эл савааны үзүүрээр зааж буй цэг хөгжимчин хүнд зүрхний цохилт мэт хүрэх ёстой. Тэгж чадвал ямар гайхамшигтай мэдрэмж төрнө гээч.
-Европоор явах төлөвлөгөөтэй-
-Өнгөрсөн хугацаанд чамгүй олон тайзан дээр гарлаа. Хамгийн сайхан нь хаана байв?
-Яагаад ч юм бэ, ДБЭТ-ын тайзан дээр гарах сайхан байсан. ДБЭТ-ын тайзан дээр тоглочихоод босоход мэргэжлийн бүх хүмүүс босоод алга ташихыг харах үгээр хэлэмгүй сайхан байсан. Хүмүүс мэдэхгүй, ойлгохгүй байж магадгүй л дээ. Гэхдээ мэргэжлийнхнийхээ тэгж хүлээж авах надад үнэхээр сайхан байсан.
-Гадаадад ажиллах бодолтой юу. Урт хугацаагаар ажиллаж, амьдрах юм уу эсвэл тоглолт хийчихээд ирэх ч юм уу?
-Байлгүй яах вэ. Мастер класс, мэргэжил дээшлүүлэх сургалтуудад суумаар байна. Гэхдээ дандаа Европоор явах төлөвлөгөөтэй. Юуны өмнө дэлхийн соёл, үндсэн суурь сонгодог боловсролыг бүр нарийн судалж, тэгж байж Монголынхыгоо хослуулж хөгжүүлэх ёстой гэж боддог. Монголынхоо хөгжмийн урлагийг улам хөгжүүлэхийн тулд 500 жилийн түүхтэй сонгодог соёл, боловсролоос улам шунаж суралцах л ёстой.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Улам их амжилт хүсье
Мундаг
БААЧКА ГЭДЭГ ЧИНЬ НӨГӨӨ ХҮҮХЭН СОГТООЖ БАЙГААД ӨМДӨНД НЬ БААЛГАДАГ ГАР МӨН ҮҮ?
Cham metin ork dagz ene hunii yrij bgag oilgoh medrehed tarhi chin daanch jijigdene
Агуу удирдаач болоорой, улам их хичээгээрэй.
Том амжилт гаргаарай хүү минь