Нийгэм мэдээ

Аргалж сурсан төр: Нэг хүүхдийн шүдэнд ₮4000-өөр фтор түрхэж, шүдний өвчлөлийг "устгана"

Засгийн газар авлигатай тэмцэх таван “Ш” ажиллагаа хэрэгжүүлэхээ зарласан. Тэгвэл зургаа дахь “Ш” гарч ирсэн нь авлигатай холбоогүй, харин эрүүл мэндийн салбарт хамаатай. Тодруулбал “Шүд” хөтөлбөрийг улс даяар хэрэгжүүлнэ гэдгээ Эрүүл мэндийн сайд С.Чинзориг мэдэгдээд буй.

Цагаан сарын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МҮОНТ-д ярилцлага өгөхдөө анхлан энэ талаар дурдсан байдаг. Тэрбээр “Эрт илрүүлгийн шинжилгээний үр дүнг харахад шүдний өвчлөл монголчуудын өмнө тулгарсан нэг дугаарын асуудал болсон. Иймд удахгүй “Шүд” хөтөлбөр хэрэгжүүлнэ” хэмээсэн юм. Хүлээлт үүссэнээс ямар зохион байгуулалт, ямар ажил хийх нь тодорхойгүй хэвээр үлдсэн.

Тэгвэл энэ долоо хоногт Эрүүл мэндийн сайд С.Чинзориг мэдээлэл хийхдээ “0-17 насны бүх хүүхдэд фторт түрхлэг түрхэнэ” гэж ярилаа.

Тодруулах юм бол, хүүхдүүдийн дунд шүдний өвчлөл, цооролт өндөр байгаа учраас сум болон өрхийн эмнэлгүүдийг түшиглэж, 2023 онд багтаан 0-17 насны бүх хүүхдийн шүдэнд фтор түрхэнэ гэлээ. Үнэ төлбөргүй. Санхүүжилт нь ЭМДС-гаас гарах аж.

Монголчуудын дунд амны хөндийн эрүүл мэнд тулгамдсан асуудал болсон нь үнэн, статистик ч харуулдаг. Гэхдээ үүнтэй тэмцэхийн тулд ямар үе шаттай, үр дүнтэй бодлого баримтлах нь сонин. Шүдний өвчлөлийн суурь шалтгааныг оношлох, түүнтэй тэмцэхээс эхлээд нэгэнт эхэлсэн өвчлөлийг анагаахын тулд үе шаттай эмчилгээ шаардлагатай байдаг. Харин нэг удаа фтор түрхээд өнгөрнө гэвэл хэд хэдэн өнцгөөс учир дутагдалтай юм.

Тухайлбал,

  • Фтор түрхэх нь яг хамгаалалт болж чаддаг эсэх нь эмч нарын дунд маргаантай байдаг. Түүнчлэн фтор өөрөө хүний биед сөрөг нөлөөтэй ч гэдэг.
  • Жигд үр дүн үзүүлэх эсэх нь маргаантай. Нэг удаа хүүхдүүд шүдэндээ фтор түрхүүлээд л улсын хэмжээнд тулгамдаад буй шүдний өвчлөлийн асуудал үлэмж буурчихна гэдэг эргэлзээтэй. Өөрөөр хэлбэл юм хийсэн нэртэй, ЭМДС-гийн мөнгийг үлэмж ихээр үрсэн ажил болох магадлалтай.
  • Дагаад тэр хэмжээний фторыг болон ажиллах хүчний асуудлыг хэрхэн шийдэх нь анхаарал татна. Мөнгө угаасан ажил болоод өнгөрөх юм биш биз гэсэн болгоомжлол иргэдийн дунд төрөх нь гарцаагүй. Нийт өртөг нь 5 тэрбум төгрөг хэмээж буй.

Хамгийн сүүлийн буюу 2021 оны статистикээр 0-17 насны нийт 1,229,620 хүүхэд байна. Нийт хүн амны бараг гуравны нэг нь. Хоёр жилийн дотор энэ тоо өссөн байж таарна. Гэхдээ хар тооцоолол хийх үүднээс 5 тэрбум төгрөгийг эл тоонд хувааж үзвэл, нэг хүүхдийн шүдэнд 4 мянган төгрөгөөр фтор түрхэхээр байна.

Нөгөө талаар, эцэг эхчүүдх үүхдүүдийнхээ амны хөндийн эрүүл мэндэд анхаарах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх нь өөрсдийн хариуцлагын асуудал. Эрүүл мэнд, боловсрол хоёр нийгмийн чиг баримжаанд суурилах нь зөв ч бас л бодох асуудал. Иймд “Шүд” хөтөлбөрийн үр дүн үхэрт ээмэг зүүнэ гэдэг шиг дүр зурагтай ажил болоод өнгөрөх вий. Мэргэжлийн хүмүүс ч дуугараасай.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
УССӨ
УССӨ
2023-03-09 13:46

НЭГ ХЭСЭГ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛИЙН ДАРГА НАР ӨЛСӨӨ ЮМ БАЙЛГҮЙ. МӨНГӨ ИДЭХ ИЙМ Л АРГА ОЛСОН БАЙНА. ХАВДАРГҮЙ МОНГОЛ ГЭЖ ТӨСӨЛ ЯВСАН. НИЙТЭЭРЭЭ ШАХУУ ХАВДАРТАЙ БАЙНА. СҮРЬЕЭГҮЙ МОНГОЛ ГЭСЭН ДИЙЛЭНХ НЬ СҮРЬЕЭТЭЙ БАЙНА.

Эрдэнэ
Эрдэнэ
2023-03-10 06:57

Цаддаггүй хулгайч нар

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button