УРЛАГЭнтертайнмент

Ревью: Виктор Хюгогийн үнэр, бас агаар

“...Гуинпленийг хараад хүмүүс тачигнатал хөхөрч, уруулаа хөдөлгөх төдийд нь элгээ хөштөл инээжээ. Тэр нь уй гашуу, гунигийн эсрэг туйл байв. Гансрал, шаналал нэг үзүүрт нь, Гуинплен нөгөө үзүүрт нь байлаа. Тийм учраас ч очсон яармаг, талбай бүрт нь “Санаанд оромгүй эрэмдэг амьтан гэсэн нэр алдар нь түрүүлээд хүрчихсэн байдаг аж. Гуинплен инээдээрээ бусдын инээдийг хүргэнэ. Гэхдээ тэр өөрөө инээдэггүй. Тэр юуны нь хөгжих манатай, харин царай нь инээдэг байж. Зайлж боломгүй тавилангаас ч юм уу, эсвэл онцгой урлагаар бүтээгдсэн айхавтар нүүр нь л инээнэ. Үүнд Гуинплен хамаагүй. Түүний гадаад төрх нь дотоод байдлаас нь шалтгаалахгүй...”

Виктор Хюго “Инээмтгий хүн”-ээс

-Мэдээж юуны түрүүнд агуу Виктор Хюго-

Виктор Мари Хюго нэрт яруу найрагч, цаг үеийнхээ эгзэгтэй асуудлыг тусгасан жүжгийн болон хүүрнэл зохиолуудаараа Францын уран зохиолыг шинэ дээд шатанд гаргасан алдартан байв. 2013 онд Виктор Хюгогийн гуч хүү (дөрөв дэх үеийн ач хүү) болох Пьер Хюго өвөг дээдсийнхээ талаар ном бичих тухайгаа ярьсан нь бий. Ингэхдээ “Парисын эх дагины сүм”, “Инээмтгий хүн” тэргүүтэй зохиолоороо дэлхий дахинд танигдсан Францын агуу зохиолч Виктор Хюгогийн романд гарч буй бүхий л үйл явдал яг л түүнд тохиолдсон түүх хэмээсэн байна. Түүний романууд хурц тод зөрчлөөр баялаг, өрнөл дүүрэн, сэтгэл өвтгөмөөр. “Парисын дарь эхийн сүм”-ийн бөгтөр Квазимодо, үзэсгэлэнт Эсмеральда нарын гунигт амьдрал, “Шоовдор хүмүүс”-ийн Фантенийг сана л даа. Шимширмээр, гунигламаар.

-“Инээмгий хүн”-ийг онцлох нь-

Түүний бүтээлүүдийн ноён оргил нь “Инээмтгий хүн”. Эл романы үйл явдал XVII-XVIII зууны зааг үеийн Англид өрнөнө. Энэ зохиолд лорд Линней Кленчарлийн азгүй хайр дурлал, золгүй хувь тавиланг зүрх шимширмээр өгүүлсэн. Юу ч мэдэхгүй нялхдаа адгийн хүмүүсийн гарт орж, үзэшгүй муухайгаар зэрэмдэглүүлж,  Гуинплен хэмээх нэр зүүж хэрмэл жүжигчин болно. Харин Гуинплений багадаа олж, амийг нь аварсан сохор охин Дея үзэсгэлэнтэй бүсгүй болж өснө. Эндээс үзэшгүй зэрэмдэг Гуинплен, хосгүй үзэсгэлэнтэй боловч сохор бүсгүй Дея нарын хайр сэтгэлийн түүх эхэлнэ. Ингээд гуравхан өгүүлбэрээр зохиолын зурвасхан гэрэлтэй, гэгээг зураглаад үлдээе.

-“Pro” театр, түүний бүрэлдэхүүн-

2010 онд ОХУ-ын Санкт-Петербургийн  Театр урлагийн академид хүүхэлдэйн жүжигчин мэргэжлээр Монголоос 10 оюутан суралцахаар явсан юм. “Тэд сургуульдаа элссэн цагаасаа л ирээдүйд хамтдаа театр байгуулж, Монголынхоо урлагт өөрсдийн хувь нэмрээ оруулна” гэж ярьцгаадаг байж. Гэхдээ юуны түрүүнд туршлага хуримтлуулж, юм үзэж нүд тайлахаар тус тусдаа Оросын театруудад ажиллажээ. Харин тэдний нэг Б.Даваасүрэн үргэлжлүүлэн 2014 оноос ВСГИК-д (Восточно-Сибирский государственный институт культуры) найруулагчаар суралцаж, Москвад мэргэжил дээшлүүлэн, магистрын зэргээ хамгаалаад эх орондоо ирсэн байна. Ирмэгцээ буюу өнгөрсөн онд ангийнхаа таван найзтай хамтран “Pro” театраа байгуулж, хүүхэд зориулсан хоёр ч уран бүтээлийг толилуулсан юм. Гурав дахь нь “Инээмтгий хүн” визуал драмын жүжиг.

-Визуал драм, найруулагчийн шийдэл-

“Үгээр биш, үйлдлээр илэрхийлэхийг зорьсон” учраас визуал драмыг онцолсоноо найруулагч хэлсэн. Орчин үеийн театрын шинэ жанр. Тэр дундаа визуал драм. Зураачийн ур чадварт суурилсан, тайзны дүрслэлийг чухалчилсан уран бүтээл гээд хэлчихэд нэг их зөрөхгүй болов уу. Зураачийн шийдэл, найруулагчийн тавилт нь жүжгийг цөөн үгээр үзэгчдэд хүргэх түлхүүр. Энд хүүхэлдэйн урлаг, пантамимо, дуурь, балет гээд урлагийн бусад төрлүүд ч хувьсан орох, гулсан уусах боломжтойгоороо давуу. “Инээмтгий хүн” жүжигт ч урлагийн дээрх төрлүүдээс “шингээсэн” нь харагдсан.

-Зураачийн ур-

Зураач Б.Анхбаатар “Инээмтгий хүн” жүжгийн тайзнаас Виктор Хюго өөрөө харагдаасай гэж хүссэн гэдгээ дурдсан. Тэгж хүссэнээрээ тэр харуулчих шиг санагдсан. Ийм зүйл хэлэхийг хүсэж байж, өнгө нь ийм байсан юм байна, ингэж үнэртдэг байсан байх нь, ийм агаартай байсан болов уу гэх сонин мэдрэмжүүд эрхгүй давхцаж төрсөн. Гэхдээ тэдгээр мэдрэмжийг хэрхэн зангидаж, юу гэж оноохоо “Инээмтгий хүн” жүжгийг үзэж суухдаа ойлгож, тайлбарлаж чадсангүй. Зүгээр тэр мэдрэмж. Тэгэхээр магадгүй тэр нь зохиолуудыг нь мэдэх ч намтар түүхийг нь төдийлөн таньж мэдэхгүй Виктор Хюго л байх.

-Гуинплен, Дея хийгээд бусад дүрүүд-

Уйлсан ч, уурласан ч, гунигласан ч хэзээд инээж харагдах азтай ч юм шиг, азгүй ч юм шиг хувь тавилан. Энэ тавилан ганцхан Гуинпленийх. Аль XVII зууны Английн цэвдэг хүйтэн, нийгмийн анги давхаргын ялгааг харуулахад тэр дунд ёлтойх ганц гэрэл үзэгдэх нь Деягийн хайр. Амьд хүнээр зугаа хийгч язгууртнуудын золиос болсон Гуинплен хүү амь зулбан явахдаа өлсгөлөнд нэрвэгдэж турж үхсэн залуухан эмэгтэйн цогцос болон үхлийн ирмэгт амь тэмцэн буй бяцхан охиныг олсон нь Дея. Азаар гэх үү, эзээр гэх үү, тэд Урустай учирчээ. Эл жүжгийн Гуинпленд Б.Билгүүн, Деяд Т.Энэрэл тоглосон байна. Харин Уруст Гавьяат жүжигчин Ц.Төмөрхуяг “хувирсан”. Тайзнаас хол, дэлгэцийн уран бүтээлүүдэд л тоглоод өчнөөн удсан ч тэрбээр аанай л тайзны хүн хэвээрээ ажээ. Мөн бусад дүрүүдэд З.Булган, Э.Буд-Эрдэнэ, О.Минжинсор, М.Төгөлдөр болон олны хэсэгт “Сити” их сургуулийн оюутнууд оролцсоныг дурдъя.

-Дараа нь...-

Баг ахлан ерөнхий найруулагчаар ажиллах үедээ тайзан дээр дүрээ амилуулахаар хичээж, өөртэйгөө ажиллаж байгаа хамт олноо хараад жүжигчний мэргэжлээ санагалзаж байснаа нуух юун. Ер нь найруулагчийн ажил багийн хөдөлмөрөөс ургадаг юм байна. Асуудал бэрхшээлтэй нүүр тулсан ч санаа нийлсэн сайн хамт олонтой байхад хэцүү зүйлс хэцүү гэж санагддаггүй юм билээ” гэж найруулагч Б.Даваасүрэн хэлсэн. Түүнтэй хамтран “Инээмтгий хүн”-ий ерөнхий продюсероор О.Итгэл ажиллажээ. Тэд эл жүжгээ олон улсын фестиваль сойхоос гадна дараагийн уран бүтээлээ ч төлөвлөөд амжсан байна лээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button