Т.Сэргэлэн: Ярианы сэдэв болох, бусдын төсөөлөлд нийцэх гэж зүдэх нь миний хүсдэг зүйл биш
Урлагийн нэрт зүтгэлтэн Э.Оюуны “Би эндээс явахгүй” жүжгийн Дорлигт тоглож, түүнээс хойш “Тэнгэрийн хүү”-гийн Арваадай, “Ромео, Жульетта”-гийн ноён Капулеттаар тайзнаа амьдарснаар нь УДЭТ-ын жүжигчин Т.Сэргэлэнг театрын урлагт шимтэгсэд андахгүй.
Түүнчлэн Ц.Балдоржийн “Хайрын виз”-ийн Жаргалыг тайзнаа дахин “амилуулж”, түүнээс хойш “Опал”-ын Брэтфорд Винтер, “Анна Каренина”-гийн Алексей Вронский ч “болсон”. Харин удахгүй “Ромео, Жульетта”-гийн Тибальтаар үзэгчидтэй “уулзах” нь. Түүнтэй ярилцлаа.
-“Мэлхий гүнж” хүүхдийн жүжгийн сургуулилттай байхад нь хүрээд ирлээ. Эл уран бүтээлийн тухай асуултаар ярилцлагаа эхлэх үү?
-“Dream day” хүүхдийн театрын уран бүтээл л дээ. Энэ сарын 18,19-нд тоглоно. Жүжгийг М.Лхагва найруулж байна. Дэлхийн нэрт хүүхдийн киноны найруулагч, продюсер Жон Эдвард Маскерын шилдэг бүтээлүүдийн нэг, сургамжит, хөгжилтэй, хөнгөн өгүүлэмж, этгээд өвөрмөц баатруудаараа хүүхдийн зүрх сэтгэлийг татаж чадсан хүүхэлдэйн кино, эх зохиолоос нь сэдэвлэсэн уран бүтээл.
-Хүүхдийн жүжигт тоглох нь бусад төрлийн уран бүтээлд ажиллахаас “амттай” юу, адармаатай юу?
-Мэдээж амттай. Гол нь юу хүүхдийн сэтгэлд хүрэх бол, юу хүүхдэд гэгээн гоё дурсамж үлдээж чадах бол гэж туурвих нь адармаатай. Яагаад гэхээр бид өөрсдөө сэтгэл доторх гэгээн чанараа хэр хадгалж байгаа билээ. Тэр гэгээн зүйлийг гаргаж илэрхийлэх, хүүхдэд хүртэл зураглаж чадах, эсэхэд л байгаа болов уу.
-Тэр гэгээн чанараа хадгалж чаддаг хүн хэр олон бол?
-Би бүх хүнд л тэр зүйл бий гэдэгт итгэдэг.
-Тэгвэл хүмүүс түүнийгээ дарчихсан, эсвэл дарагдчихсан байдаг юм болов уу?
-Үгүй байх аа. Бусдад зориулах боломж нь таардаггүй ч юм бил үү.
-М.Лхагва найруулагчтай хоёр дахь удаагаа хамтарч буй нь энэ бил үү?
-Тийм, өмнө нь “Үзэсгэлэнт гүнж ба жонон” жүжигт нь тоглосон. Энэ найруулагчид их хайртай. Найруулагч нар бүгд л өөрийн гэсэн тогтсон арга барилтай, хүнийг үнэлэх үнэлэмжтэй, аливааг олж харах өнцөгтэй, ертөнцийг үзэх үзэлтэй, түүгээрээ тунгаан шүүж уран бүтээлээ хийдэг. Гэхдээ яагаад ч юм бэ, Лхагваагийн уран бүтээлүүд уран бүтээлчийн сэтгэлд илүү нандин “зүйл” үлдээдэг, сэтгэлд олон жил тод хадгалагдах дурсамж болж үлддэг.
-Танд жүжгүүдийнхээ ханхүү, жонон гээд л эерэг дүрээ оноодог болохоор нь дуртай байдаг юм биш үү?
-Тийм ч юм уу (инээв). Хүүхдийн сэтгэлд хүрэх “зам”-ыг мэдэрч уран бүтээлээ хийдэгт нь дуртай. Хүүхдийг хүүхэд гэж бодолгүй тэдэнд зориулж, хандаж, хүрч чаддагт нь дуртай.
-Энэ жил та огт амарсангүй юу?
-Сүүлийн хоёр жил амарсангүй ээ.
-Жон Патрикийн “Опал”, Лев Толстойн “Анна Каренина” жүжгийн гол дүрд тоглолоо. Удахгүй сая дурдсан “Мэлхий гүнж” болон У.Шекспирийн “Ромео, Жульетта”-гаар үзэгчидтэй “уулзах”-аар хэдийнэ бэлтгэлээ базаагаад дуусжээ. Хамгийн гоё дүр аль нь байв?
-“Мэлхий гүнж”-ийн жонон.
-“Опал”-ын Брэд, эсвэл “Анна Каренина”-гийн Вронскийг нэрлэнэ гэж бодож байлаа.
-Тал талаас цугласан уран бүтээлчид хамтарсан болохоор “Опал” жүжигт ажиллахад сонирхолтой байсан. Жанр сэлгээд ажиллаж буй нэгэн байхад уран бүтээлээ хэсэг хугацаанд завсарлачхаад тайзнаа эргэн ирсэн уран бүтээлч, зөвхөн дэлгэцийн уран бүтээлээр үзэгчдэд эчнээ танил болсон хүн гэх мэтчилэн ёстой л өөр өөр арга барилтай хүмүүс нэгдсэн. Гэхдээ бүгд мэргэжлийн жүжигчин учраас ажиллахад амар. Хүмүүс Брэдийн дүрийг өөр өөрсдийнхөөрөө л харсан байх. Харин би маш шударга дүр гэж хэлнэ. Заримдаа шударга байдал тэнэгтэй ойрхон мэт санагддаг. Шударга хэдий ч түүнийгээ илэрхийлэхгүй байгаа нь харин ёс зүйтэй хамаатай байх. Би дүрээ тэгж л харж, тоглосон. Надад уран бүтээлийн санал тавихдаа олонх найруулагч ихэвчлэн эсрэг дүрд харчихсан, оноочихсон байдаг. Амьтны хараал идсэн гэдэг шиг. Харин надад Брэдийн дүрийг оноосонд нь М.Батболд найруулагчид баярладаг юм.
-Брэдфорд Винтерийг эерэг дүр гэж байгаа юм уу?
-Хэдий хулгайч ч гэлээ хайр татам дүр шүү дээ.
-Өглөө нь Алексей Вронский гүнд “хувирах” сургуулилт хийгээд, орой нь луйварчин Брэдфорд Винтер “болж” тоглох амаргүй байсан уу?
-Мэдрэмжүүд холилдохгүй л дээ. Тэгэхээр хэцүү байсан гэхгүй. Оньсон тоглоом эвээ олдогтой л адил. УДЭТ-таа “Анна Каренина”-гийн сургуулилт хийчхээд “Опал”-даа тоглохоор “Хүн” театрт очиход огт өөр орчин, хүмүүс угтана. Тэгэхээр тэр орчинд бэлдсэнийхээ дагуу тайзан дээр гарна. Мэдээж өөр өөр мэдрэмж.
-Аливаа уран бүтээл хамтынх. Та өөрөөс шалтгаалах бүхнийг сайн хийсэн ч өөр бусдаас шалтгаалаад бүтэлгүйтэх нь бий. Юу гэж асуух гээд байна вэ гэхээр уран бүтээл тэр чигтээ сайн болох, эсвэл уран бүтээл доторх зөвхөн таны дүр сайн байхын ялгаа уран бүтээлчид хэрхэн мэдрэгддэг бол?
-Мэдээж уран бүтээл амжилттай болоосой л гэж хүснэ. Түүний дараа миний мэдэрч, хичээж тоглосон дүрийг үзэгч ойлгосон байгаасай гэж бодно. Таны хэлснээр жүжиг бол хамтын уран бүтээл. Тэгэхдээ найруулагч “зангидна”, хэлэх санаа, агуулга, юутай хийтэй нь. Тэр дунд миний зорьж яваа зүйл хавчуулагдаад хүмүүст хүрсэн болов уу гэсэн горьдлого уран бүтээлч болгонд бий.
-“Улаан байшин”-гийн босго даваад хэр удчихав?
-Оюутан байхдаа хичээлдээ явахаас илүүтэй театрт ирдэг байлаа, “Жүжгийн аль нэг хэсэгт нь орчих юм сан” гэсэн горьдлого тээгээд. Түүнээс хойш гээд бодохоор 10-аад жил болсон байна. Сургууль төгссөнөөсөө хойш өнөөдрийг хүртэл Н.Наранбаатар (Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, УДЭТ-ын ерөнхий найруулагч), Ч.Түвшин (Урлагийн гавьяат зүтгэлтэн, УДЭТ-ын найруулагч), М.Батболд (УДЭТ болон “Орфей” театрын найруулагч) тэргүүтэй театрын хамгийн шилдэг, урдаа барьж байгаа сайн найруулагч нартай ажиллаж үзлээ, азтай. Энэ бол миний насны уран бүтээлчийн хувьд маш ховор тохиол.
-Гэхдээ Э.Оюуны “Би эндээс явахгүй” жүжгийн Дорлигт тоглосноос тань хойш үзэгчид таныг мэддэг болсон мэт санагддаг.
-Хэн нэгэн “Театрт нэг ийм хүн байна” гэж анзаарах нь надад тийм ч чухал биш. Эсвэл “Би ийм, тийм уран бүтээлд тоглож байна” гэж сошиал орчинд “цацах” нь ч чухал биш. Уран бүтээлч хүн болсон л бол уран бүтээлд оролцоод л явж байгаа минь надад чухал. Бусдад таалагдах, танигдах, үгүйлэгдэх гэдэг бол цаг зуурын л үзэгдэл. Тэгээд ч хэн нэгний хэл амны бай, ярианы сэдэв болох, тэдний төсөөлөл, шаардлагад нь нийцэх гэж зүдэх нь миний хүсдэг зүйл биш.
-Гоё биш гэж үү, “Анна Каренина”-г үзсэн үү, Вронский нь тийм, ийм байсан” гэх зэргээр яриулах, магтуулах, шүүмжлүүлэх?
-Үгүй ээ, зүгээр л яриа шүү дээ. Зүгээр л яриа. Хий хоосон, хэнд ч хэрэггүй зүйл. Юу ч биш. Түүгээр юу ч бүтээхгүй.
-Тэгвэл хэрэгтэй нь юу юм бэ?
-Уран бүтээлч хүний талаар хэн нэгэн юу ч юм ярих нь чухал биш. Харин уран бүтээлээс тэр хүний өөртөө тунгааж, авч үлдсэн зүйл нь л чухал. Намайг ярих нь чухал биш.
-Танд юу чухал юм?
-Надад ажилтай байх нь л чухал шүү дээ. Ажлаа хийгээд л, хайрлаж хүндэлж явдаг найруулагч нар боломж олговол тэр боломжийг итгэлийг нь алдахгүйгээр ашиглаад явах нь л надад чухал.
Тайзан дээр нэг нөхөр янз янзын дүрийн авир араншинг үзүүлж байгаа ч гэлээ тэр бүх зан чанар, харилцааны онцлог, дуу авиа, бусдад хандах хандлага болгон нэг л хүнээр дамжин гарч байгаа. Түүнийг “Энэ дүр нь тэрэнтэйгээ ижилхэн болж. Тэр нь сайн, энэ нь муу” гэдэг бол шагнал гардуулах дуртай, эсвэл түүгээр ашиг хонжоо олж байгаа хүмүүсийн хийрхлээс үүдэлтэй элдэв яриа л гэж боддог, шулуухан хэлэхэд. Тайзан дээр “Ийм, тийм нөхцөл байдалд хүнээс ийм, тийм авир араншин гарна. Тийм, ийм байдал тиймэрхүү, иймэрхүү амьдрал туулсан хүнээс болж үүсэх нь дээ” гэдгийг харуулж буйг бодож тунгааж чаддаг хүмүүс л үздэг, бас ойлгодог. Түүнээс биш...” гэх мэтээр яривал аягүй их юм ярих болдог. Тиймээс чимээгүй байх нь илүү амар.
-Амраа харах нь амиа бодсон үйлдэл юм биш үү?
-Ойлгуулах албагүй. Уран бүтээлч хүн өөрийгөө ойлгуулах гээд л, илэрхийлэх гээд л, эсвэл нотлох гээд л байх шаардлагагүй шүү дээ. Яах гэж жүжигчин болсон юм бэ. Олны танил болох гэж, алдар нэр хөөж юм уу. Үгүй шүү дээ.
-Таны энэ ойлгуулах гээд байдаггүй чинь хүмүүсийг улам татдаг юм байна аа.
-Магадгүй. Хүн хүрч чадахгүй зүйлээ илүү сонирхох байлгүй. Гэхдээ бүгд биш байх.
-Театрт орсноосоо хойш хүссэн дүрдээ тоглож чадсан уу. Дүрийн нэр оноо гэсэнгүй. Харин характерын хувьд.
-“Үзэсгэлэнт гүнж ба жонон” жүжигт тоглохоор болохдоо найруулагч надаас жаахан ч болов гэгээн зүйл олж харсанд баярласан. Надад гэгээн зүйлээ дарах, хар муухайгаар хучих гэж оролдоход хэцүү санагддаг. Хэцүү ч гэсэн хийх ёстой л доо. Тийм, ийм дүр гэж шунахаас илүүтэй эрүүл саруул байгаа минь, ажлаа хийж чадаж байгаа минь л надад хангалттай. Найруулагч нар шинээр хийх гэж буй уран бүтээлдээ тоглох жүжигчдийг зарладаг даа, “Тэр дүрд тэр, энэ дүрд энэ тоглохоор боллоо” гээд л. Би тэрэнд огт догдолдоггүй.
-Яагаад?
-Оногдсоноо яаж ийгээд л хийнэ шүү дээ. Юу ч өгсөн хийнэ. Түүнээс биш, “Би тэрэнд л тоглох байсан юм, энэ л надад таалагддаг дүр” гээд байж болохгүй байх. Эсвэл хүмүүсийн мэдэрдэг, шунадаг тэр хэмжээнд би хүрээгүй байгаа байх. Тэгж дүрд шунах ур чадвар ч надад байхгүй байх.
-Дэлгэцийн уран бүтээлийн санал хэр ирж байна?
-Зөндөө.
-Тэдгээрээс тоглох, эсэхээ хэрхэн шилдэг юм бэ?
-Шилж, сонгоод байх зүйлгүй ээ. Угаасаа завгүй учраас татгалзахаас аргагүй. Нэгэн зэрэг хоёр ч жүжигтэй, эсвэл нэг жүжиг дуусаад л нөгөө жүжиг залгаж байхад хэзээ нь кинонд тоглох вэ дээ. Гэхдээ одоо үнэхээр сайн баг, чанартай уран бүтээл л биш бол тоглохгүй ээ.
-Нуруугаа авахуулчихаж дээ.
-Хаширчихсан, үнэн. Илүү нарийн ширийн юм яримааргүй байна.
-Тайзан дээрээ л байх нь илүү сайхан байгаа байх нь.
-Сайхан шүү дээ.
-Тэгвэл тайзны уран бүтээлийнх нь талаарх асуултаар ярилцлагаа дуусгая. Н.Наранбаатар найруулагчийн “Ромео, Жульетта” жүжгийг УДЭТ-ынхан удахгүй хүргэнэ. Харин та Тибальтад тоглохоор болсон гэсэн үү?
-Миний талийгч багш (Гавьяат жүжигчин Л.Дэмидбаатар агсан) энэ дүрд 10 жил тоглосон. Тэр дүрд тоглох хувь тохиосонд, найруулагч намайг сонгож, ажиллуулж байгаад их баярлаж байгаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.